| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/00211/И |
| Дугаар | 210/МА2023/01815 |
| Огноо | 2023-09-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2023/01815
Дугаар 210/МА2023/01815
М.Д-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01823 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т төвд холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие анх 2010 оны 07 сарын 05-ны өдөр Т төвийн даргын *** тоот тушаалаар Хүний их эмч албан тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, тасралтгүй 12 дэх жилдээ ажиллаж байгаад 2021 оны 06 сарын 15-ны өдөр ажлаасаа халагдаад эргээд ажил олгогчтойгоо харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулан ажилдаа орсон байдаг. Хамт олноороо цалин хөлсөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл бичиж, гарын үсгүүдээ зурж, 2022 оны 11 сарын 18-ны өдөр дарга Б.О-д өгсөн. Гэтэл 2022 оны 11 сарын 18-ны өдөр 17:30 цаг өнгөрч байхад дарга Б.О нь өрөөндөө дуудаж би тантай хамтарч ажиллаж чадахгүй та надад таалагдахгүй байна гээд нэгдэх өдөр ажил хүлээлцэнэ гэсэн. Ингээд би өрөөнөөс нь гараад явсан ба үүнээс хойш хэвийн ажлаа хийж байсан. Гэтэл 2022 оны 11 сарын 21-ний өдөр *** тоот ажлаас халагдах тушаалыг өгсөн нь канондсон хувь байсан учир би эх хувийг авна гэж хэлсэн. Миний бие тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир энэ тухайгаа удирдлагын багийн гишүүддээ хэлэхэд та тушаалаа боль гэсний дагуу дарга уучлаарай гээд өгсөн тушаалаа буцаагаад авсан. Ингээд ажлаа хэвийн гүйцэтгэж байтал ахиад уг асуудал үүссэн. Учир нь, 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 17:30 цаг өнгөрч байхад мөн өрөөндөө дуудаж чи ер нь яах гээд байгаа би чамтай хамтарч ажиллаж чадахгүй Эрүүл мэндийн үйлдвэрчний хороонд өргөдөл гаргасан байна та намайг шалгуулна гэсэн байна гээд уурлаад эхэлсэн. Та ажлын цагаар ажлын өдөр наад асуудлаа яриарай одоо ажлын цаг дуусаж байна иргэн хүн ажилтан хүн яагаад гомдол саналаа чөлөөтэй илэрхийлж болохгүй байгаа би цалин аваагүйгээс болж маш их өрөнд орж алданги тооцуулж байна, одоо би хувь хүмүүст 5,000,000 төгрөгийн өртэй бас аппликейшнуудад маш их өртэй болж байна, ганц би гэхгүй ажилчид бүгд ийм асуудалд орж байна гэж хэлээд гарсан. Ингээд 2022 оны 11 сарын 27-ны өдөр 15:00 цаг өнгөрч байхад миний өрөөг лацадсан байсан. Дарга Б.О ирсэн хаалгаар орж ирэхээр нь асуухад та энд байх шаардлагагүй та яв гээд нэг өндөр эрэгтэй хүнийг энэ эмчийг эмнэлгээс гарга битгий эмнэлэгт оруулаарай гэхээр нь өрөө рүү нь дагаж ороод тушаалаа авая гэсэн чинь нөгөө хүчингүй болгосон тушаал буюу 2022 оны 11 сарын 18-ны өдрийн *** тоот тушаалаа өгсөн. Ингээд намайг нарийн бичиг 2022 оны 12 сарын 01-ний өдөр 16:00 цаг өнгөрч байхад дуудсан 2022 оны 11 сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалыг эмнэлгийн үүдэнд бичиг хэрэг сувилагчийн постны ширээн дээр тавьсан байсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал, мэргэжлийн алдаа дутагдал гаргаагүйг хамт олон болон Хан-Уул дүүргийн *** хорооны иргэд мэднэ. Гэтэл намайг өнөөдөр 2 тушаалаар 2 удаа ажлаас халаад байна. Өмнөх тушаалаа хүчингүй болгоод сануулсан гэх боловч надад сануулан ямар нэгэн үйлдэл хийгээд танилцуулаагүй болно. Тушаал дээр гарч заагаад байгаа 3 хүн нь маш их ёс зүйгүй, харьцаа хандлагын доголдолтой хамтарч ажиллахад маш их төвөгтэй мөн даргын хамаатан садан байсан. Д.О үйлчлэгч би шал угаах дургүй гээд энд тэнд ороод суучихна ажлын цагаар ажлаа хийхгүй бусад үйлчлэгч нартаа хүндрэл учруулна ажлын цагаар ажлаа хийхгүй байж орон 20, 21 цаг хүртэл цэвэрлэгээ хийсэн гэж худлаа хэлж илүү цаг авна. Мөн цэвэрлэгээ хийхдээ халдвар хамгааллаа барихгүй юуны алчуураар эмч нарын ширээ эд хогшил арчаад байгаа нь мэдэгдэхгүй өрөө тасалгааг өчигдөр цэвэрлэсэн гээд 2-3 хоног угааж арчихгүй өөрийнхөө ажил үүргээ мэдэхгүй мөн иргэдэд эмч нарыг муулаад иргэдээс эмчилгээ асуугаад зогсож байсныг 2-3 удаа би өөрөө биеэрээ 2 чихээрээ сонсоод өмнөх даргад хэлж байсан. Мөн эмч сувилагч бусад ажилчидтай ёс бусаар харьцана ажлаа хий гээд шаардлага тавихаар миний ажил хийх хийхгүй хамаагүй шүү гэж хэлнэ. Ажлын 5 өдрийн 2 өдөр нь тасална мөн ажлын цаг 08:30 болж байхад 09:30 цагт ирнэ өөрөө дур мэдэн ажил хаяж явна, хайчсан юм бүү мэд хэл үггүй хаяад явна, бусад хүнтэй нийлж хов ярина хүн муулна. Хичээлд явж байгаа гэсэн боловч хичээлийн хуваарь байхгүй танилцуул гэсэн хуваарьгүй байсан. Ийм л хүнийг миний эсрэг ашиглаж байна энэ хүний үйлдлийг миний хамт олон мэднэ хэлээд өгнө. Ж.А уул нь нийгмийн ажилтан албан тушаал дээр ажиллаад нийгмийн анагаах ухааны сургуулийг төгсөөгүй байж эмчийн цалин буюу 932,240 төгрөгийн цалин авч байж өөрийн ажлаа хийдэггүй байсан. Мөн архивын ажлыг хавсран хийнэ гээд мөн нэмэгдэл авч байсан байж хийсэн ажилгүй магадлангийн шалгалтад тэнцээгүй муу дүн авсан. Мөн маш их замбараагүй өрөө байрны түлхүүр байнга хаяна, хаяж ирчихээд өрөө байрны цоож хэн дуртай хүнээр эвдүүлнэ дураараа ажил тасална ажлын 5 өдрийн ихэнх өдөр хожигдож ирнэ. Ирчихээд 3 цаг байгаад 2 цагт яваад өгнө. Энэ хугацаанд ажлын шаардлагаар юм авах гэхээр явчихсан байдаг. Тэгсэн хэрнээ урдаас доромжилно ёс бусаар хэлнэ ёс зүйгүй харьцаа хандлага муу, ажилдаа эзэн болж чадахгүй байгууллагын үйл ажиллагааг хойш татсан хүн юм. Ажлаа хий гэж шаардлага тавихаар дарамталсан болгож бичиж өгсөн байна. Б.Д нь Б.О даргын нөхрийн төрсөн дүү байсан. Энэ хүн манайд нярав хүний нөөцөөр орж ирсэн, орж ирэхдээ удирдлагын багаар оруулахгүй ямар нэг бичиг баримт үзүүлээгүй ямар мэргэжилтэй ямар сургууль төгссөн гээд танилцуулаагүй. Ажилд ороод надтай болон бусад ажилчидтай маш ёс зүйгүй харилцаж танай байгууллага дампуу хүмүүс нь их муухай гэж хэлж байсан. Байгууллагын хурал дээр бүх ажилчдын дунд над руу болон хэд хэдэн хүнтэй маргалдсан. Ажлын шаардлага тавихаар урдаас маш их тайлбар тавина. Эмч сувилагч үйлчлэгч нартай ёс бусаар харицана, та нар даргатай уулзахыг хүсвэл надаас зөвшөөрөл ав гэж хэлдэг. Та нарыг бүгдийг нь халж чадна шүү гэж дарамталдаг. Дарга Б.О-тэй нийлж дарамталсан бичлэг яриа нь байгаа.
Иймд Т төвд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Д.Д нь Т төвд эмчээр 12 жил ажиллаж байгаад 2021 оны 6 сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогчтой эвлэрлийн гэрээ байгуулан ажилдаа эгүүлэн томилогдон ажиллаж байсан. Т төвийн даргын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн *** дугаар тушаалаар М.Д-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч удирдлагын баг хуралдан 1 удаа боломж олгоё гэж шийдвэрлэж ажиллуулсан боловч хамт олноо хэл амаар доромжлох, дарамтлах зөрчлүүд дахин давтагдсан тул 2022 оны 11 сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. М.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн дөрвөн заалт, хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.8, 4.2.10-т заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Т төв нь сул ажлын байранд 8 ажилтан авснаас 7 ажилтан ажлаас чөлөөлөгдөж, үүнээс М.Д нь хэл амаар доромжилж дарамталсаар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхөд хүргэж тушаалд дурдсан гурван ажилтан ажлаас чөлөөлөгдсөн. Тус Эрүүл мэндийн төв одоо 23 ажилтантай бөгөөд М.Д-тай хамт олон нь ажиллаж чадахгүй, ажлын байрны дарамт шахалт, хэл амаар доромжлох, эмнэлгийн нэр хүндийг гутаан доромжлох зэрэг үйлдлүүд давтагдах болно гэдгээ үргэлж илэрхийлдэг бөгөөд зан харьцааны хувьд доголдолтой, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний зөрчилтэй ажилтан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д-г Хан-Уул дүүргийн Т төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 14,135,409 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Т төвд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч М.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас 228,627 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тухайлан тооцохоор заасан зохицуулалт байхгүй мэтээр нотлох баримтыг үнэлсэн буюу үндэслэх хэсэгтээ ...Харин Хан-уул дүүргийн Т даргын 2022 оны 11 сарын 28 өдрийн 47 тоот тушаалд хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийн заалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2.4, 2.8, 2.10 гэх заалт байхгүй... гэж үзсэн. Түүнчлэн, шүүгч дээрх үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтээ дахин үгүйсгэж ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөдөлмөрийн гэрээнд 2.4, 2.8, 2.10 дахь заалтыг баримтласан гэх тайлбар гаргаж байх боловч тухайн заалтууд нь 4 дүгээр хэсгийн заалтууд байх бөгөөд 4.2.4, 4.2.8, 4.2.10 гэж дугаарлавал зохино.... гэж үндэслэх хэсэгтээ өөрөө дур мэдэн дугаарлаж таамагласан. Ингээд тухайн таамаглалдаа үндэслэж тухайн зохицуулалтыг байхгүй мэтээр бүхэлд нь үгүйсгэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4.2. Шүүх М.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2022 оны 11 сарын 28 өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгохгүйгээр ажилд эгүүлэн тогтоосон нь хуульд нийцэхгүй бөгөөд тушаалын хууль зүйн үр дагаврыг хэрхэн арилгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрхэн тасалбар болгон тооцсон нь тодорхойгүй байхад үндэслэлгүйгээр 14,135,409 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. М.Д нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хориглосон үйлдлийг бусад ажилтанд байнга үзүүлж ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Ажил олгогч нь 7.4-д заасан орчныг хуулиар бүрдүүлэх үүрэгтэй тул энэхүү үүргийнхээ хүрээнд арга хэмжээ авсныг шүүх огтхон ч анхааран үзээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
4.3. Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг тухайлан заасан байхад ...Мөн М.Д-г ажлаас чөлөөлсөн тушаалд Т төвийн дотоод журмын 8 дугаар зүйлийг баримтласан. Харин тус дотоод журмын 8 дугаар зүйлд ажилтны эрх, үүргийг тодорхойлсон 25 заалт байх бөгөөд түүнээс М.Д нь аль заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй байна... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг хзрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын 1 болон 2 дахь хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөдөлмөрийн гэрээнд 2.4, 2.8, 2.10 дахь заалтыг баримталсан гэх боловч тухайн заалтууд нь 4 дүгээр хэсгийн заалтууд байх бөгөөд 4.2.4, 4.2.8, 4.2.10 гэж дугаарлавал зохино гэж үндэслэх хэсэгтээ өөрөө дур мэдэн дугаарлаж таамагласан. Ингээд тухайн таамаглалдаа үндэслэж тухайн зохицуулалтыг байхгүй мэтээр бүхэлд нь үгүйсгэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэжээ. Гэвч Т төвийн даргын 2022 оны 11 сарын 28-ны өдрийн М.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 47 дугаартай тушаалын үндэслэл болсон заалт буюу хөдөлмөрийн гэрээний 2.4, 2.8, 2.10 гэсэн заалтууд нь М.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд байхгүй заалтууд бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарууддаа М.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.8, 4.2.10 гэсэн заалтуудыг тус тус хэрэглэж байсан тул шүүгчийн үндэслэх хэсэгтээ дурдсан дүгнэлт нь хуулийн шаардлагад нийцэж байна.
5.2. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-г Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8.6, 8.7, 8.8, 8.9, 8.11, 9.3-д заасныг тус тус зөрчсөн нь хэргийн материалд авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна гэх боловч тушаалд дурдсан заалтуудыг зөрчсөн эсэх талаар зохих ёс зүйн хэсгийн хороо, багт хандан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол гаргасан болон шийдвэрлэгдсэн зүйлгүй буюу баримтаар тогтоогдохгүй байх тул М.Д-г Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
5.3. Мөн М.Д-гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх цалин хөлс олговрыг тооцохдоо хэргийн материалд авагдсан М.Д-гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт дахь сүүлийн 3 сарын цалин, хөлснөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмыг ашиглан Т төвийн даргын 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 47 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар тооцон гаргасан дүн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Т төвд холбогдуулан урьд эрхэлж байсан Их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-4, 39/
3. Нэхэмжлэгч М.Д нь анх 2010 оны 07 сарын 05-ны өдөр Т төвийн даргын *** тоот тушаалаар Хүний их эмч албан тушаалд томилогдож, улмаар хариуцагч байгууллагатай 2022 оны 09 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүй байгуулж, Амбулаторын Их эмчээр ажиллах, үндсэн цалин 932,240 төгрөг байх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх 13, 18-23/
4. Т төвийн даргын 2022 оны 11 сарын 28-ны өдрийн *** тоот тушаалаар М.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байх ба уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.4, 2.8, 2.10, Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйл, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8.6, 8.7, 8.8, 8.9, 8.11, 9.3-т заасныг тус тус удирдлага болгосон байна. /хх 25/
Ажилтан М.Д дээрх тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ.
5. Өмнө дурдсан 2022 оны 09 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 2.1 2.13 дахь заалтуудад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заажээ. /1хх 20-21/
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн гэрээ-нд заасан дээрх заалтуудыг тушаалд дурдагдсан үндэслэлтэй харьцуулан үзэлгүйгээр ...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2.4, 2.8, 2.10 гэх заалт байхгүй... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь:
а/. Т төвийн даргын 2022 оны 11 сарын 28-ны өдрийн *** тоот тушаалын 1 дэх заалтад ...М.Д нь хамт ажиллагсад болох НЭМА Ж.А, мөн хүний нөөц албан тушаалтай Б.Д, үйлчлэгч Д.О нарыг хэл амаар доромжилж ажлын байрны дарамт үзүүлэн сүрдүүлж, удаа дараа бүдүүлэг харьцсан, түүнээс үүдэн тэдгээр ажилчдыг ажлаас гарахад хүргэсэн, эмнэлгийн болон ажилчдын нэр хүнд, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйлдлийг удаа дараа гарган ажилтан албан хаагчдын дунд хагарал үүсгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан... гэж үндэслэлийг тодорхой дурдсан;
б/. Тушаалд дурдсан дээрх үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 2.4-т тусгагдсан Ажилтан нь үйлчлэгч, харилцагч болон хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг харьцсан... гэсэн агуулгатай нийцэж байна.
в/. Талуудын хооронд 2022 оны 09 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-нд 2.4, 2.8, 2.10 гэсэн дугаарлалттай өөр заалт байхгүй байна.
6. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалд дурдагдсан аль нэг үндэслэл нотлогдсон тохиолдолд уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Хэрэгт үйлчлэгч Д.О, нярав, хүний нөөц Б.Д, НЭМА Ж.А нараас тус тус байгууллагын удирдлагад хандаж гаргасан өргөдөл авагдсан. /хх 54, 55-57, 58-59/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.О, Б.Д, Ж.А нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч, өмнө байгууллагын удирдлагад гаргасан өргөдлийн агуулгыг дэмжсэн байна.
Тухайлбал, гэрч Д.О нь ...Туслах сувилагчаар сурахаар бүртгүүлээд хичээлтэй гэхээр чи ажлаа хийсэнгүй, туслах сувилагчаар сураад яадаг юм, манай эмнэлэгт орон тоо байхгүй гэдэг байсан. Хурал дээр Д.О-ийн асуудлыг авч хэлэлцэхгүй бол болохгүй байна гээд хурал болгон дээр хэлдэг. ...Надад хэцүү, дарамттай байсан. ...Өргөдлөө өөрөө бичсэн. ...Зураг аваад эмнэлгийн групп дээр тавьсан... гэж, гэрч Б.Д нь ...М.Д эмчийн дарамт байсан. ...Ажилд ороод 7 хоног болж байхад тийм дарамт бий болсон. ...Бүх нийтийн хурал дээр орилж хэлдэг байсан. Чамайг халах асуудалгүй, манайд чам шиг хүн байх хэрэггүй гэдэг байсан, бүх ажилчдын хурал дээр хэлсэн. ...Миний мэдэхээр Д.О-ийг дарамталдаг байсан, бүх л ажилчдын ажилд оролцдог, тэр нь ажилдаа сэтгэлтэй байгаад байгаа юм шиг боловч, ажилчдын уур амьсгалыг эвддэг, дарамталдаг байсан, тэгээд ажлаас гарахаар болсон... гэж, гэрч Ж.А нь ...М.Д гэдэг эмч байдаг байсан. Дарамтаас нь болоод ажлаасаа гарсан. ...Чи яахаараа адилхан цалин авдаг юм, ажлаасаа гар гэж удаа дараа өрөөнд ирж хэрүүл хийдэг байсан. ...Намайг хэл амаар доромжилдог байсан. ...Надад хэцүү байсан тэгээд би ажлаасаа гарсан, ганцхан намайг биш олон ажилчдыг удаа дараа тэгсэн. ...Өргөдлөө өөрөө бичээд даргад өгсөн. Ажлаас гарах шалтгаан нь хэлсэн үг яриа. Тайван ажил хийлгүүлэхгүй дарамт нь хэцүү байсан. Ажилчидтай хов баздаг байсан, хооронд нь алалцуулдаг. ...Сэтгэл санаагаар дарамталдаг байсан... гэж тус тус гэрчийн мэдүүлэг өгсөн байна. /хх 150-151, 152-153, 155-156/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.
...Анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгийг огт үнэлээгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
7. Т төвийн даргын 2022 оны 11 сарын 28-ны өдрийн *** тоот тушаалд дурдагдсан үндэслэл, Д.О, Б.Д, Ж.А нараас тус тус байгууллагын удирдлагад хандан гаргасан өргөдөл, Д.О, Б.Д, Ж.А нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзвэл нэхэмжлэгч М.Д нь 2022 оны 09 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 2.4-т тухайлан заасан Ажилтан нь үйлчлэгч, харилцагч болон хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг харьцсан... ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж дүгнэхээр байна.
Иймд Т төвийн даргын 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 47 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх бөгөөд улмаар нэхэмжлэгч М.Д-гийн хариуцагч Т төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч Т төвд холбогдох, урьд эрхэлж байсан Их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.НЯМБАЗАР