Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг 64 дүгээр байрны 40 тоотод оршин суух, Орвог овогт Төмөр-Ухнын Болорцэцэг РД/ЗИ88030301/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг Боссын 2-21 тоотод оршин суух, Уул овогт Ганбатын Баяржаргал  РД/ЕЮ88071414/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цэрэндулам, нэхэмжлэгч Т.Болорцэцэг, хариуцагч Г.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Болорцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Ганбатын Баяржаргалтай 2009 онд танилцаж гэр бүл болсон. Бидний хамт амьдарч байх хугацаанд 2010 оны 02 дугаар сарын 24-нд том хүү Баяржаргалын Төгөлдөр, 2014 оны 04 дүгээр сарын 08-нд бага хүү Баяржаргалын Төгсжаргал нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. 2015 оноос ааш, зан  хувирч байгаад 2015 оны 02 дугаар сард том хүү Төгөлдөр 5 настай, бага хүү Төгсжаргал 9 сартай байхад гэрээсээ яваад одоог хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд 2 удаа ирж зодож багагүй гэмтэл уяруулж, хэл амаар доромжилдог байсан. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна, 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Г.Баяржаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие нь өөрийн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай байлгаж, элэг бүтэн байлгах талаас хөөцөлдөж өнөөдрийг хүрсэн. Зодож, цохьсон асуудал байхгүй бөгөөд цаашид хамт амьдрах гэж удаа дараа гуйж ирсэн. Миний бие нь Замын-Үүд сум 2 дугаар баг Боссын 2-21 тоотод оршин суудаг, Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтэст алба хашдаг, байнгын ажлын байртай, өмнө хугацаанд өөрийн хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж ирсэн тул цаашид эвлэрэх боломжгүй байгаа нөхцөлд өөрийн хүү Б.Төгөлдөр, Б.Төгсжаргал нарын аль нэгийг асрамжиндаа авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Миний бие өөрийн эхийн хамтаар хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтойг Т.Болорцэцэг мэдэж байгаа бөгөөд тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэх шатанд тэтгэмж авахгүй болно гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Болорцэцэг нь хариуцагч Г.Баяржаргалаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Зохигчид нь 2009 онд гэр бүл болж 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Төгөлдөр, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Төгсжаргал  нарыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Зохигчид нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2015 оны 02 сараас тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар мэдүүлэг, эвлэрүүлэн зуучлал дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдын гэрлэлтийг цуцлахаар тогтов.

Хариуцагч Г.Баяржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт2 хүүхдийнхээ нэгийг нь өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байгаа талаараа мэдүүлж байгаа  боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7  дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд  түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан ба  2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Төгөлдөр, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Төгсжаргал  нар нь 7 нас хүрээгүй тул тэдний саналыг харгалзан үзэх боломжгүй  байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар эх Т.Болорцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Орвог овогт Төмөр-Ухнын Болорцэцэг, Уул овогт Ганбатын Баяржаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 02 дугаар сарын 24-нд төрсөн хүү Б.Төгөлдөр, 2014 оны 04 дүгээр сарын 08-нд төрсөн хүү Б.Төгсжаргал нарыг эх Т.Болорцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 02 дугаар сарын 24-нд төрсөн хүү Б.Төгөлдөр, 2014 оны 04 дүгээр сарын 08-нд төрсөн хүү Б.Төгсжаргал нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл хүн амын амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр эцэг Г.Баяржаргалаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.Баяржаргалаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс хамааруулж 46 496 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн маргааны нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Цэрэндуламд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ      Л.БАТЖАРГАЛ