Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01816

 

 2023 09 27 210/МА2023/01816

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/02731 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б, А.У нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 20,235,028.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Н.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Н.Б, А.У нар 2021 ны 07 сарын 20-ны өдөр Г ХК-тай зээлийн гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 126 хоногоор хэтрүүлсэн тул банкны санаачилгаар гэрээг цуцалж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 18,940,626.0,3 төгрөг, зээлийн хүү 1,269,000.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,402.73 төгрөг, нийт 20,235,028.87 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч Н.Б хариу тайлбартаа: Тус банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлөөд явж байсан боловч миний эрх зүйн байдал өөрчлөгдөж, хоригдсоноос болж төлж чадахгүй болсон. Г ХК-ийн зүгээс хугацаа хэтэрч, алданги төлөх болсон талаар мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Миний эрх зүйн байдал дордсон тул өгч чадаагүй байх. Би өнөөдөр шоронд явж байгаа тул төлөх боломжгүй байна. Би гараад ирсэн бол төлөх боломжтой байсан. Г ХК-ийн гаргасан тооцооллын хувьд маргахгүй. А.У өмнө нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр 2 ч удаа оролцож байсан. Миний эрх зүйн байдлыг харгалзаж үзэж, зээлийг А.У-аар төлүүлж өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч А.У хариу тайлбартаа: Тус банкнаас зээлийн мөнгөн хөрөнгийг Н.Б-ийн данс руу шилжүүлж, уг мөнгийг Н.Б захиран зарцуулсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээ сайн ойлгоогүй, хууль мэдэхгүй, гэрээг тайлбарлаж өгөөгүйгээс болж гарын үсэг зурсан. Н.Б-ийн авсан цалингийн зээл тул би хариуцахгүй. Дэлгүүрийг нь ажиллуулаад мөнгийг нь Н.Б-ийн дансанд шилжүүлсэн байхад банк данснаас нь зээл татаж аваагүй байна. Надад зээл төлөх төлбөрийн чадвар байхгүй, Н.Б өөрөө төлөх ёстой гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б, А.У нараас зээлийн гэрээний үүрэгт 20,235,028 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б, А.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 259,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч Н.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.1.  Г ХК-аас 2021 оны 07 сард цалингийн зээл авсан. Тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж байхдаа шаардлага, шалгуурыг хангаж уг зээлийг авсан. Банкнаас зээл олгоход хамтран үүрэг гүйцэтгэгч шаардлагатай болж миний хууль ёсны эхнэр А.У-д эрх, үүрэг танилцуулан, үүрэг хүлээх нөхцөлтэй гарын үсэг зуруулж зээл олгосон. Уг зээлийг би эхнэр А.У-ын ажил эрхлэх нөхцөлийг хангах үүднээс хүнсний найман нэрийн дэлгүүр түрээслэн ажиллуулсан. Удалгүй өр зээлд оруулж, бөөн асуудал үүсгэсэн учраас гэр бүлийн хэрүүл маргаан гарч тусдаа амьдрах болсон. Үүний дараа А.У нь өөрт байх эд хөрөнгө буюу автомашинаа нэхсэн боловч би тухайн үед өгөөгүй. Үүнээс болж эрүүгийн хэрэгт шалгуулсан. Миний хувьд 1 жил, 3 сар үргэлжилсэн мөрдлөг хуулийн болон бусад нөлөөллөөс болж 13 жил хаалттай ангид ял эдлэх нөхцөл шууд үүсээд байгаа. Миний хувьд уг зээлийг ажил хөдөлмөр хийж байхдаа хэвийн төлөөд явж байсан хоригдож байхдаа ч хүртэл үүргээ хүлээн төлж байсан. Харин одоо уг зээлийн төлөлтийг хийж чадахгүй нөхцөлд орсон учраас банк нэхэмжлэл гаргасан байна.

5.2.  Анхан шатны шүүхийн шийдвэр намайг давхар яллаж байгааг харуулж байна. Нэхэмжлэгч тал уг зээлийг хамтран үүрэг хүлээгч А.-аар төлүүлэх, гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан. Үүнийг харгалзахгүйгээр шууд гэр бүлийн маргааныг харж, үүнийгээ урьтал болгож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал компанийн дотоод журамтай, хуульд нийцүүлэн нэхэмжилсэн. Гэтэл шүүх хуулиас гадуур асуудлыг судалж шийдвэр гаргасан. Миний хувьд хэн нэгэн авсан зээлээ төлөх үүрэгтэй үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч одоо миний эрх зүйн байдал дордож, ял шийтгэл авсан, мөн хаалттай дэглэмтэй учраас төлж чадахгүй нөхцөлд байгаагаа хэлсэн. Гэвч шүүгч хэрэгт хамааралгүй дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулна гээд шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараа нь шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг хангаж оролцуулаагүй, цахимаар шийдсэн. Шүүх шууд ба шууд бусаар эрүүгийн хэргийн урьтал болгож шийдвэрлэсэн.

5.3.  Мөн шүүгч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйлийг тайлбарлаж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талын шаардлага шалгуурыг хэрэгжүүлж, хамтран үүрэг хүлээснээр уг зээлийг төлүүлэх шийдвэрийг дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. Эхнэр маань маш олон зүйл надаас авсан. Надаас хууль бусаар авсан эд хөрөнгө бусад зүйлсийг буцаан авахаар гомдлоо гаргасан, шалгах шатандаа явж байгаа.

Иймд миний гомдлыг хүлээн авч хуульд нийцэх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

 

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Тус банк нь Н.Б, А.У нартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан асуудалд Н.Б маргадаггүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Манай зүгээс Н.Б, А.У нарт холбогдуулж үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Н.Б, А.У нарт холбогдуулан үндсэн зээл 18,940,626 төгрөг, зээлийн хүү 1,269,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,402 төгрөг, нийт 20,235,028 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

Дээрх шаардлагыг хариуцагч Н.Б ...эрх зүйн байдал өөрчлөгдөж хоригдсоноос хойш зээлээ төлж чадаагүй, энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд хамтран зээлдэгч А.У-аар төлүүлж өгнө үү... гэсэн агуулгаар, хариуцагч А.У ...зээлийн мөнгөн хөрөнгийг Н.Б захиран зарцуулсан, иймд Н.Б төлөх ёстой... гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргажээ. /хх 30, 56-58/

 

3.   Талууд 2021 оны 07 сарын 20-ны өдөр *** тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, Г ХК нь 29,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, Н.Б, А.У нар уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 10-12/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Хэрэгт талуудын хооронд 2021 оны 07 сарын 20-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ авагдсан боловч нэхэмжлэгч нь уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

 

5.   Хэрэгт авагдсан хүү, тооцооллын хүснэгтээс үзвэл зээлдүүлэгч талаас 29,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 20-ны өдөр зээлдэгч талд шилжүүлэн өгсөн, зээлдэгч тал 2022 оны 08 сарын 05-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна. /хх 16/

Иймд нэхэмжлэгч Г ХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй.

 

6.   Зээлийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлж Н.Б, А.У нар хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээнд гарын үсэг зурсан учир тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

Иймд үүрэг гүйцэтгүүлэгч Г ХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул Н.Б, А.У нарыг хариуцагчаар тодорхойлсныг буруутгах боломжгүй.

 

7.   Хариуцагч Н.Б хорих ангид ял эдэлж байгаа гэх нөхцөл байдал, хариуцагч А.У зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй гэх нөхцөл байдал нь тэдгээрийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд энэ талаарх хариуцагч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

8.   Анхан шатны шүүх зээлдүүлэгчийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан зэрэг хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой.

Мөн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгийг нэрлэн зааж, тодотгох нь зүйтэй гэж үзлээ.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/02731 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг... гэснийг ...452.2, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...барьцаа хөрөнгөөр... гэснийг ...барьцаа хөрөнгө болох 05-40 *** улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашинаар... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н.Б-ээс давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжид 259,125 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 Д.НЯМБАЗАР