Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

     2019        02          18                                   275 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баатарвван овогт Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07316 2188 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Г,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цэнгүүнийг цохьсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

             

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ганцогийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь хохирогч П.Цэнгүүнийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч П.Цэнгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өндөр шар махлаг биетэй залуу нь нуруу руу 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод машинаасаа буусан. Тэгсэн тэр хоёр хүн ч гэсэн машинаас бууж ирсэн. Тэгсэн үгийн зөрүүгүй намайг өшиглөсөн хүн нь намайг барьж аваад үснээс зулгааж, би тавиулах гэсэн чинь нүүр рүү гараа атгаж байгаад хоёр удаа цохьсон. Тэгээд баруун хөмсөг рүү гараа атгаж 3 удаа цохиод хөмсөг сэтэлсэн. Тэгээд баруун шанаа руу бас цохиод нүд хөхөрч тагларч хавдсан. Зүүн шилбэ рүү өшиглөснөөс болж хөхөрч хавдсан. Тухайн эрэгтэй ганцаараа бэртэл, гэмтэл надад учруулсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би машин дотор бага зэрэг нойрмоглоод унтчихсан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн болохоор машинд суугаад унтсан. Удалгүй таксины жолооч машинаа зогсоосон байсан. Тэгээд машинаас буугаад Б.Г таксины жолоочтой муудалцаад байх шиг байсан. Тэгээд машинаасаа буусан. Тэгээд хоорондоо хэрүүл, маргаан хийгээд байсан. П.Цэнгүүн гэх залуугийн баруун талын нүд нь шалбарсан байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56 тал/,

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10853 дугаартай:

П.Цэнгүүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1078 дугаартай:

2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10853 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүд 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэлд хамаарах утгаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. П.Цэнгүүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт /хх-ийн 50 тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1186 дугаартай:

2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10853, хавтаст хэргийн материараал хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1078 дүгнэлт үндэслэлтэй байна. П.Цэнгүүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүд 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэлд хамаарах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр буюу цохих шүргэх үед үүснэ. П.Цэнгүүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байна. Зулгарсан хэсэг тав тогтох нь гэмтсэнээс хойш 2-3 хоногт цусны шүүрэлт нь хатаж үүсдэг учир хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/,

 

 Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө натурын тэнд байдаг найзынхаа гэрээс 00 цаг өнгөрөөгөөд гарсан санагдаж байна. Цагийг нь сайн мэдэхгүй байна. Натурын зам дээр гар өргөж найз Мөнх-Эрдэнийн хамт таксинд суугаад харих гэж явсан. Таксины жолооч залуутай маргалдсан. Маргалдаж явах замд тухайн жолооч машинаа жуковын орчим зогсоосон. Таксины мөнгөн дээрээс болж маргаан үүссэн гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 4 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 тал/, шүүгдэгчийн хохирогчид хохирол төлбөр хүлээлгэн өгсөн баримт, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй гэх баримт /хх-ийн 26 тал/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Гийн иргэн П.Цэнгүүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “хохирол төлбөрт 400.000 төгрөг хүлээж авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ