Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2023/00027

 

 

 

 

 

 

2023            6              08                                                    223/МА2023/00027

 

 

“ТС” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2023/00274 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18, 62 тоотод байрлах “ТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод, Төр захиргааны 2 дугаар байранд байрлах “ТАБЗОСК” онөаатүг,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг Төр захиргааны байранд байрлах Төв аймгийн Засаг дарга нарт холбогдох,

604,956,747 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагч Таздг итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан нарын шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: “... Гүйцэтгэсэн ажилд 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр дэмжсэн.

ТС ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Манзушир өргөө Төв аймгийн Зуунмод хотын мянган айлын орон сууцны хороолол барихаар Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн барилга захиалагч орон сууцны корпорацтай тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Гэрээний хувьд ТС компани нь гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд 90-н айлын барилгын орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Тодруулбал, гэрээний талуудын нэг тал нь газраа ашиглуулаад нөгөө тал нь тус газарт нь барилга барихаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээг харахаар хамтран ажиллах гэрээ гэх нэртэй боловч Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээг тайлбарлахдаа шууд үгийн утгыг анхаардаг. Аль нэг утга, үндэслэл ойлгомжгүй бол түүний агуулгыг харьцуулж байж гэрээг тайлбарладаг. Барилга байшин барьж дууссаны дараа үр дүнгээс чинь би тодорхой хувийг нь авна гэсэн агуулга харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээгээр шаардсан.

 Гэрээ үргэлжилсэн, үр дүнгээ хүлээн авсан зэрэг маргаан нөгөө талаас ярьж байна. Гэтэл нэхэмжлэгч компани санхүүгийн асуудалд ороод цаашдаа төсөл хэрэгжих боломжгүй байдал үүссэн тул гэрээг цуцлах саналаа тавьсан.

Хариуцагч тал манай ажлыг албан ёсоор хүлээж аваад гэрээгээ дүгнээд, дараагийн компанитай гэрээгээ байгуулаад ажлаа үргэлжлүүлсэн.

 Гэтэл “...танайх ажлаа гүйцэтгэж чадахгүй байна, танайх мөнгөө гаргаж чадахгүй байна, санхүүгийн чадваргүй байна, туслан гүйцэтгэгчтэйгээ маргаантай байгаа юм байна...” гэх байдлаар хандаж дараагийн компанид энэ ажлыг дуусга гээд гэрээ хийсэн. Манай тал өөр компанитай гэрээ хийсэн талаар маргахгүй.

Харин ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш 604,956,747 төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгө санхүүгээр хийж гүйцэтгэсэн байхад Төрийн байгууллага, албан тушаалтан дур мэдэн шийдвэр гаргаснаас болж хийсэн ажил маань үнэлэгдэхгүй, хэн хийсэн нь мэдэгдэхгүй ажил болж хувирсан.

Үндсэндээ бидний хийж гүйцэтгэсэн ажил дээр дараагийн компанитай гэрээ хийж үргэлжлүүлэн барилга барьчихсан.

Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

Мөн хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувь хэрэгт өгсөн талаар хэлж байна. Шүүх шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар нотлох баримтыг гаргуулж болох байх. Гэхдээ тухайн баримтыг Төрийн орон сууцны корпорацаас гаргаж өгсөн баримтыг шүүхэд өгсөн тул манайд эх хувь байхгүй, хуурамчаар бүрдүүлээгй.

Үүнээс гадна гэрээ цуцлах болсон талаар захиалагч талаас тодруулахад тодорхой хариу өгөөгүй. Мөн тус гэрээний дагуу өөрсдийн төсөв санхүүгээрээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл өгөхгүй компанийн эрх, ашгийг зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1., 353 дугаар зүйлийн 352.5.1.-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, гэж заасны дагуу 604,956,747 төгрөгийг захиалагч талаас гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. "ТС" ХХК нь Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорацийн захиалгаар Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 100 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөхөөр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 08/2019 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр "ТС" ХХК нь Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр багт байрлах орон сууцны зориулалтай 4110062278 нэгж талбарын дугаартай 19187 м.кв газраас 2250 м.кв газарт 90 айлын орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд барьж ашиглалтад оруулж, тус орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4.3.2.1 зааснаар нийт талбайн 2 хувийг буюу 30 м.кв талбайтай 3 орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтад оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний дагуу ажил хийгдэж байгаад 2019 оны 06 сард “ТС” компани нь захиалагч хоёр талд хэлэлгүй өөр компанитай нэмж гэрээ байгуулсан байдаг. Гэрээний 4.2-т талуудын эрх үүрэг, хариуцлага хэсэгт “...Захиалагч болон гүйцэтгэгч нар нь гэрээнд холбогдох асуудлаар харилцан албан бичгээр харилцах ба шинээр үүсгэсэн нөхцөл байдалд тохируулан 2 тал харилцан тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна...” гээд заасан байгаа. Энэ дээр туслан гүйцэтгэгч буюу гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан гэж хариуцагч талд хэлээгүй. "ТС" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэхгүй барилгын ажил удаашрах зэрэг нөхцөл байдал үүссэн. 2019 оны 6 сард “ТС” компани нь захиалагч хоёр талд хэлэлгүй өөр компанитай нэмж гэрээ байгуулсан байсан. Гэрээний 4.2-т талуудын эрх үүрэг, хариуцлага хэсэгт “...Захиалагч болон гүйцэтгэгч нар нь гэрээнд холбогдох асуудлаар харилцан албан бичгээр харилцах ба шинээр үүсгэсэн нөхцөл байдалд тохируулан 2 тал харилцан тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна...” гэж заасан байгаа. Энэ дээр туслан гүйцэтгэгч буюу гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан гэж хариуцагч талд хэлээгүй. Тухайн үед барилгын ажил үргэлжлээд явж байсан, цар тахал гараад 2020 он гарсан. Барилгын ажил үргэлжлээд явах явцын дунд ажлын хэсэг гараад шалгаад явах явцын дунд энэ асуудал үүсэж захиалагч тал мэдсэн. Нэхэмжлэгч талыг ажлын хэсгийн хуралд удаа дараа дуудсан ба барилгын нөхцөл байдал, гүйцэтгэлээс хамааран гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон юм байна гээд нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрөөд манайхаас ажлын хэсэг гараад 3-4 удаа дуудсан. Мөн барилга захиалагчийн талаас гэрээг цуцлах мэдэгдэл, барилгын гүйцэтгэлийн талаар материалаа ирүүлэх тухай 16 тоот албан бичиг, гэрээ цуцлах тухай 219 тоот албан бичиг зэргийг удаа дараа явуулсан. Үүний хүрээнд “ТС” компаниас ямар хариу ирдэг вэ? гэхээр “...бид нар туслан гүйцэтгэгч компанитайгаа зөрчилтэй байна энэ асуудлыг шийдвэрлэчихвэл барилгын ажлыг цааш нь үргэлжлүүлье барилгын хугацааг сунгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тавьдаг байсан. Барилга угсралтын ажлыг эхний ээлжинд гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгэнэ гэж заасан. Нойл түвшинтэй байсан. Мөн “ТС” ХХК нь 604,956,747 төгрөг нэхэмжилж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой төсвийн баримт нь хуулбар  байна. Ямар нотлох баримт үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь тодорхойгүй. Төв аймгийн Засаг даргын зүгээс удаашралтай байгаа орон сууцны барилгуудыг идэвхжүүлэх, гэрээг дүгнэх ажлын хэсгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар захирамжаар байгуулан ажилласан. Тус ажлын хэсгийн хуралдаануудаар "ТС" ХХК-ийн ажлын гүйцэтгэл, цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримт зэргийг ажлын хэсэгт ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус баримтуудыг ажлын хэсэгт ирүүлээгүй. Мөн  ажлын гүйцэтгэл, санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй тохиолдол хамтран ажиллах гэрээг цуцалж, өөр хуулийн этгээдэд шилжүүлэх талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци болон "ТС" ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр Төв аймгийн Засаг дарга нь "ТС" ХХК-д төлбөр төлөх үүргийг хүлээгээгүй. Иймд "ТС" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч “Төв аймгийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чинзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. “ТС” ХХК нь Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорацийн захиалгаар Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөх хамтран ажиллах гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 08/2019 дугаар гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “ТС” ХХК нь Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорацийн эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр багт байрлах орон сууцны зориулалтай 4110062278 нэгж талбарын дугаартай 19.187 м.кв газраас 2.250 м.кв газарт 90 айлын орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд барьж ашиглалтад оруулж, тус орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4.3.2.1-д зааснаар нийт талбайн 2 хувийг буюу 30 м.кв талбайтай 3 орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтад оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч “ТС” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн.

Төв аймгийн Засаг даргын зүгээс удаашралтай байгаа орон сууцны барилгуудыг идэвхжүүлэх, гэрээг дүгнэх ажлыг хэсгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/143 дугаар захирамжаар байгуулан ажилласан. Тус ажлын хэсгийн хуралдаануудаар “ТС” ХХК-ийн ажлын гүйцэтгэл, цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар санхүүгийн баримт зэргийг ажлын хэсэгт ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй. Мөн ажлын гүйцэтгэл, санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй тохиолдол хамтран ажиллах гэрээг цуцалж, өөр хуулийн этгээдэд шилжүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж ажилласан.

Мөн Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци болон “ТС” ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ТАБЗОСК онөаатүг, Төв аймгийн Засаг дарга нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,189,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдангийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд оролцсон Б, өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын тайлбарын агуулга: "...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-22-д шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд сунгах талаар харилцан тохироогүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талууд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш гэрээг цуцлах талаар харилцан санал солилцоогүй, гэрээний нөхцлийн дагуу тохирсон ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. Хавтаст хэргийн 88-р хуудаст авагдсан 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаартай албан бичгийн дагуу хариуцагч талаас анх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ирүүлж байсан.

Гэрээгээр тохирсон ажил үүргийг гүйцэтгэх хугацаанд Ковид-19 цар тахал болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл ихээр гарч хугацаа сунгах асуудлаар талууд харилцан удаа дараа уулзалт зохион байгуулж байсныг хариуцагч талын төлөөлөгч нар шүүх хуралдааны үеэр тайлбарлан зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацааны талаар аль нэг тал маргаагүй.

Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн өдрөөс буюу 2020 оны 3-р сарын 12-ний өдрөөс тооцох байсан.

2. Шүүх “ТС" ХХК-ийн гүйцэтгэсэн 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв, төсөвт өртөгийн нэмэгдсэн товчоо зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангаагүй хуулбар гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй.

 Хариуцагч ТАБЗОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас манайд өгсөн  баримт нь анх хуулбар байсан тул эх хувийг өгөх боломжгүй. Иймд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас уг баримтыг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу хүсэлт гаргасан боловч хүсэлтийн шат өнгөрсөн гээд хүлээж аваагүй мөртлөө нэхэмжлэлийн үндэслэл болж буй гол нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үнэлсэнд гомдолтой байна.

3.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08/2019 дугаартай гэрээг гэрээний эхэнд байгаа хамтран ажиллах гэрээ гэсэн үгийн шууд утгаар шүүх тайлбарласан нь Иргэний хуулийн "...198.2.Гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно..". ..198.5.Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна..." гэж заасныг зөрчсөн.

Энэ гэрээ нь хамтран ажиллах гэрээ гэдэг нэртэй боловч хариуцагч нарыг захиалагч гэж тодорхой заан тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэн бий болсон үр дүн буюу барилгаас орон сууц авахаар заасан ажил гүйцэтгэх гэрээ байсан.

Гэтэл Төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтнуудын ойлгомжгүй байдал, оновчгүй шийдвэр зэргээс болж "ТС" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг хэн төлөх нь мэдэгдэхгүй цаг хугацаа өнгөрөх хэрээр эдийн засгаараа хохирч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “..."ТС" ХХК  нь Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорацийн захиалгаар Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохирч хамтран ажиллах гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан.

Төв аймгийн Засаг дарга нь тус орон сууцнаас Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4.3.2.1-д зааснаар нийт талбайн 2 хувийг буюу 30 м.кв талбайтай 3 орон сууцыг үнэ төлбөргүй орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, барилга ашиглалтад оруулсны дараа газрыг буцаан нийтийн эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.

Барилга хүлээлгэж өгөх гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусаж ажлын явцыг шалгахад 0 давхраас өөр давхар баригдаагүй байсан. Иймд ажлын хэсэг байгуулж шалгалт явуулахад туслан гүйцэтгэгч оруулсныг мэдсэн. Харин туслан гүйцэтгэгч “Цэгц болд” ХХК нь барилга барих эрхгүй байсан тул “ТС" ХХК-ийн хүмүүсийг удаа дараа дуудсан боловч ирээгүй. Иймээс гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Мөн гүйцэтгэсэн ажлын талаар ярилцах боломжгүй болсон. Гэхдээ барилгын 0 давхарт хөрөнгө оруулсан компани нь “Цэгц болд” ХХК байсан тул тэдний санал болгосон компанитай гэрээ байгуулсан.

НэхэмжлэгчТС" ХХК барилгын ажилд 150.000.000 төгрөг оруулсан гээд Хан-уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлсэн байсан.

Харин төсөвт өртгийг дүнг гаргасан нотлох баримтын хувьд “Цэгц болд” ХХК-тай тооцоо нийлсэн байсан. Үүнд засаг дарга гарын үсэг зураагүй байсан. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй, зохигчдын маргаж мэтгэлцээгүй үйл баримтын талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч “ТС” ХХК өөрийн хөрнгөөр барьсан 0 давхарын төсөвт өртөгт 604,956,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “ТАБЗОСК” ОНӨААТҮГазар, Төв аймгийн Засаг дарга нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

3.Хавтаст хэргийн 12-13 хуудсанд авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “ТС” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор цуглуулж өгсөн бичгийн баримт болох Төв аймгийн Зуунмод сумын Манзушир 1000 айлын орон сууцны хороололд “ТС”ХХК-ийн гүйцэтгэсэн 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв нь энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.   

Нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа Төв аймгийн Зуунмод сумын Манзушир 1000 айлын орон сууцны хороололд “ТС”ХХК-ийн гүйцэтгэсэн 90 айлын орон сууцны суурийн ажлын төсөв өртгийн дүнг тооцож гаргасан бичгийн баримтын эх хувийг хариуцагч ТАБЗОСК” ОНӨААТҮГазраас гаргуулах хүсэлт /хх-131, 134/-ийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд гаргасан байхад шүүх шийдвэрлэлгүй орхисон байна.

 4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Гэтэл шүүх зохигчдын маргаж мэтгэлцээгүй үйл баримтын талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 22.2, 22.3, 22.4-т “...Нэхэмжлэгч “ТС” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.

Гэвч нэхэмжлэгч “ТС” ХХК нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ТАБЗОСК онөаатүг, Төв аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гэрээний үүрэгт 604,956,747 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хугацаа дууссан байна...” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул  давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч “ТС” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,222,507 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2023/00274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “ТС” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,222,507 /гурван сая хоёр зуун хорин хоёр мянга таван зуун долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС