Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0186

 

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, үйлдвэрийн районд байрлах Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангид холбогдох холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.607.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даарийжав, хариуцагч Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагч Д.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аврах гал унтраах 61 дүгээр анги нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч нийт 18 ажилтан албан хаагч хамруулан 6.234.000 төгрөгний гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авч төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Аврах гал унтраах 61 дүгээр анги нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.600.400 төгрөгийг төлөөгүй байна. Аврах гал унтраах 61 дүгээр ангид төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч одоо болтол төлөөгүй байна. Аврах гал унтраах 61 дүгээр ангиас гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.600.400 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 1.607.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагч Д.Баттулга шүүх урьд  гаргасан хариу тайлбартаа:”Скайтел”ХХК-иас гаргасан манай байгууллагатай холбоотой нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь тооцоо нийлэх үед харилцан тохиролцсон ёсоор тус ангид салааны захирагчаар ажиллаж байгаад Хууль сахиулахын их сургуульд багшаар томилогдсон Ц.Алтансүхийн тооцооноос бусад төлбөриг 2016 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.

    Хариуцагч Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гал унтраах аврах 61 дүгээр ангитай холбоотой Скайтел ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1.607.400 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөгөөр тус тус төлж барагдуулах саналтай байна гэв.

    Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Аврах гал унтраах 61 дүгээр ангийн тайлбартай танилцлаа. 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 03 сар хүртэлх хугацаанд сарын 178600 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.607.400 төгрөг шаардсан байна.

   Уг 1.607.400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги хүлээн зөвшөөрч 1.607.400 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч байгууллагын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

   Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.668 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 40.668 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 1.607.400  /нэг сая зургаан долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 178.600 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40.668 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 40.668 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

           3. Хариуцагч байгууллага нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР