| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 151/2023/00015/И |
| Дугаар | 223/МА2023/00029 |
| Огноо | 2023-06-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 223/МА2023/00029
2023 6 08 223/МА2023/00029
Д.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2023/00335 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдлын 16 айлын 1 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух Сартуул овогт Давга-Осорын Д,
Нэхэмжлэгч: Баянхангай сум, 2 дугаар баг, Хөшөөт цавхангай 1 дүгээр хороолол, 1б-90 тоотод оршин суух Сартуул овогт Дгийн Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал 36 айл, 4 дүгээр байр, 01 тоотод оршин суух Эрэнхүүгийнхэн овогт Цэрэнбатын Бт холбогдох,
хохиролд 22,401,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д, Д.Б нарын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн тайлбарын агуулга: “...Би 2022 оны 6 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын нутаг Эрүү гэх газар 112 дугаар пойлинд хүү Бтэй хамтран гэр бүлийн хэрэгцээнд хүний өөрийн нийлсэн 36 га талбайд тосны ургамал тарьсан. 2022 оны 8 дугаар сард тариалангийн талбайд Төв аймгийн Баянхангай сумын малчин Ц.Бийн олон тооны мал удаа дараа орж талхалж, дөнгөж ургаж байсан тосны ургамлыг идэж маш их хохирол учруулсан. Би 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянхангай сумын Засаг даргын Тамгын газарт гомдол гаргасан. Сумын ажлын хэсгээр тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоолгоход 22,401,000 төгрөг болсон.
Нэхэмжлэлийн шаардлагын 12,401,000 төгрөгөөс татгалзаж, 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймгийн Баянхангай сумын нутаг Эрүү гэх газарт нэхэмжлэгч нар тосны ургамал тарьсан. Хариуцагч Ц.Батхуяагийн мал орж талхалж идсэн. Баянхангай сумын ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 22,401,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Энэ жилийн тариалалтаас олсон 9,000,000 төгрөгийг хасаж нэхэмжилсэн. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөг болгон багасгаж эвлэрэх санал тавьсан боловч хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ц.Баас 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Б нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн 112 пойлд 36 га газарт тосны ургамал тариалсан боловч Ц.Бийн мал удаа дараа орж идсэн. Мөн сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг учирсан хохирлыг тооцож гаргасан үнэлгээг зөвшөөрөхгүй. Д.Бийн 36 га талбайд Ц.Бийн мал 2022 оны 8 дугаар сарын 05, 22, 24, 26, 30-ны өдөр орсон гэх өргөдлийн дагуу ажлын хэсэг байгуулагдан 9 дүгээр сарын 09, 12-ны өдрүүдэд хэмжилт хийсэн байна. Харин Д.Бийн гэр тариалангийн талбайгаас 840 метр зайтай байдаг ба хонь, ямаатай. Харин тариалангийн талбай хашаагүй байх үед үхэр, адуу орсон ул мөр байсан талаар дүгнэлтэд бичсэн байсан. Мөн Д.Бийн мал орж талхалсан болохыг тогтоосон баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тариан талбайд учруулсан хохиролд 22,401,000 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч шаардлагаа хоёр ч удаа дураараа багасгасан байна.
Тариалан эрхлэхэд гарсан зардал, үрээ хэзээ цацсан, хашаажуулахад хэдэн төгрөгийн зардал гарсан, тариагаа хурааж аваад хэдэн төгрөгийн ашиг олсон зэрэг баримтаа өнөөдрийг хүртэл шүүхэд нотлох баримтаар өгөөгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй. Бид гэрчийн мэдүүлгийг сонслоо. Дүгнэлтээр тариаланд учирсан хохирлыг тооцсоноос биш Ц.Бийн мал талбайд орсон гэдгийг хэрэгт авагдсан баримтаар нотлохгүй байна. Мөн дүгнэлтээр тариалангийн талбайд голчлон үхэр, адууны мөр байсан гэж байна. Үхэр, адууны талхалсан хохирлыг хариуцагч төлөх юм уу?.
Нэхэмжлэгч тал Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.5-д заасан үүргээ биелүүлээгүй. Ц.Бийн гэр нь тариалангийн талбайгаас 840 метрийн зайд малаа хариулдаг ба шөнөдөө хашаалдаг байсан. Ямар нэг байдлаар нүү, яв гэсэн албан бичиг өгч байгаагүй. Мөн нэхэмжлэгч тариалангийн талбайгаа мал, амьтнаас хамгаалж хашаалах үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт эргэлзээтэй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Ц.Баас гэм хорын хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д, Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ц.Баас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д, Д.Б нарт олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг давж заалдах гомдол болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг, өмгөөлөгч Т.Батцэцэг нарын тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: "...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.
1.Нэхэмжлэгч нар Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалана” гэж заасан үүргээ биелүүлээгүй.
Манай хашаанд Ц.Бийн мал орж ирээд тариаг идэж сүйтгэсний улмаас 22.401.000 төгрөгийг хохирол учирсан гэдэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Харин хэрэгт Ц.Бийн мал гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй.
Хариуцагчийн хувьд тариалангийн талбайгаас 500 метрээс дотогшоо мал аж ахуй эрхлэхгүй гэсэн заалтыг зөрчөөгүй. Мөн 840 метрийн зайнд мал бэлчдэг газар байна гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон. Сум орон нутгаас үүрэгжүүлж тариалан бүхий газрыг чөлөөлөх албан бичиг өгсөн зүйл байхгүй.
2.Ажлын хэсэг дүгнэлтээ хариуцагчид танилцуулаагүй. Энэ нь хариуцагчийн мал гэж тогтоогоогүйтэй холбоотой. Үүнээс гадна Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх гэж заасан. Энэ нь нэхэмжлэгчид үүрэг хүлээлгэсэн заалт юм. Нэхэмжлэгч нар тариан талбайгаа ан, амьтнаас хамгаалах үүрэгтэй байсан. Хариуцагчаас шууд шалтгаалсан гэм буруутай гэх үйлдэл тогтоогдоогүй.
Мөн хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд 840 метрийн зайд мал аж ахуйгаа эрхлээд явж байсан бөгөөд гэм буруутай үйлдэл байгааг шүүх тогтоогоогүй.
Ажлын хэсгийн дүгнэлтэд Ц.Бийн мал орсноос 22.401.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг дүгнэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар малын фото зургийг хэрэгт өгсөн. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад Ц.Бийн мал гэдгийг яаж нотолж байгаа, тал газарт явж байгаа малын зураг авчихсан, тэр нь яг Ц.Бийн мал мөн эсэх нь тодорхойгүй байсан учир нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Мөн тооцоо хийхдээ хар данс гээд байгаа гар бичмэл баримтаар мөнгөө тооцсон гэж тайлбарладаг. Гэтэл яаж тооцоолж байгаа нь ойлгомжгүй, хичнээн төгрөгийг тариалан эрхлэхдээ хөрөнгө оруулаад, хичнээн төгрөгийн ургац хурааж авах ёстой байснаас хэдийн төгрөгийн ургацыг алдсан талаар баримт хэрэгт байхгүй байхад ямар үндэслэлээр 10.000.000 төгрөг болгон багасгаж байгаа нь ойлгомжгүй.
Шүүхээс шийдвэр гарахдаа нэхэмжлэлийн шаардлагыг 5.000.000 төгрөг болгож шийдвэрлэсэн. Ямар үндэслэлээр 5.000.000 төгрөг болгосон тодорхойгүй. Хэрэв гэм буруутай гэдэг нь тогтоогдсон бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжилсэн мөнгийг гаргуулах ёстой. Гэм буруугүй гэвэл 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн зохицуулалт байгаа. Гэтэл гэм буруугийн шалтгаант холбоог тодорхой тайлбарлахгүйгээр гэм буруутай гэж дүгнээд шүүх өөрийн дураар 5.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч өөрийнхөө малын тамга тэмдэгийг мэддэггүй. Хүнээс янз бүрийн мал худалдаж авсан гэдэг. Мөн би тухайн үед малыг нь өгөхгүй байх ёстой байсныг сүүлд мэдсэн. Манай талбайд эдний малаас өөр айлын мал орж бэлчээрлээд байдаггүй. Талбайд мал нь олон удаа орсон. Энэ талаар хариуцагч мэдэж байсан. Би олон удаа хөөж гаргасан. Сүүлд бичлэг хийж, зургийг авч шүүхэд өгсөн. Хохирлын үнэлгээний хувьд Засаг даргын томилсон хүмүүс ирж үзээд хохирол тооцож гаргасан. Харин би ашиг орлогоо тооцож үзээд эвлэрэх үүднээс нэхэмжлэлээ 10,000,000 төгрөг болгосон. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Д, Д.Б нар 2022 оны 6 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын нутаг Эрүү гэх газарт 36 га талбайд тосны ургамал тарьсан. 2022 оны 8 дугаар сард Ц.Бийн олон тооны мал орж талхалж, идсэний улмаас 22,401,000 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагчтай эвлэрэх үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөг болгон багасгаж шаардсан байна.
Хариуцагч Ц.Б нь хохирлын үнэлгээг тогтоосон баримт нь хуулийн шаардлага хангаагүй, тариалангийн талбайд орсон мал манайх биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.3.-т заасан.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байр суурьнаас буюу талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах, чиг үүрэгтэй оролцоно. Гэхдээ зарим тохиолдолд дүрмийн бус /өөрийн санаачлага/-аар оролцох эрх хэмжээг хуулиар тогтоосон.
Тухайлбал, хэргийн оролцогч нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн, шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан нэмэлт, эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзэх нөхцөл байдал үүссэн, Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах тул гэр бүлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн эрх ашигтай холбоотой хэсэгт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд хамаарч байна.
Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШТ2023/00015 дугаар шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж, өөрийн санаачилгаар “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт” гаргасан ажлын хэсгийн ахлагч Д.Хишигбаатар, гишүүн Д.Гэрэлхүү, Н.Бямбадулам, Л.Мягмардорж, Г.Тэмүүжин нарыг гэрчээр асуухаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж авсан гэрч Д.Хишигбаатарын “...тариалалтын талбайд очиж байсан. ...идсэн, талхалсан гэх газраар нь явж үзсэн... хохирол тооцох мэдлэг дутмаг байсан..., анх удаа оролцсон... мал идсэн, ургац налсан газрыг хэмжээд зохих журам томьёоны дагуу үнэлгээг гаргасан... дүгнэлтэнд гарын үсэг зурсан” гэсэн, гэрч Н.Бямбадуламын “Би 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Д.Бийн тариалангийн талбайд очсон. ...Засгийн газрын хамтарсан тогтоолоор батлагдсан журмын дагуу үнэлгээ тогтооно гэсний дагуу бид тухайн газарт хэмжилт хийн үнийн дүнг тооцож гаргасан...мал орсон талбайн хэмжээг 22.5 га гэж тооцсон. Энэ тооцоог газрын даамал гаргасан... тариан талбайн зах хэсгээрээ тааруу ургасан, жижиг малын хөлийн мөртэй...хугарсан байдалтай, талхалсан байсан, хэний мал гэдгийг мэдэхгүй, ер нь мал орсон байсан” гэсэн, гэрч Д.Гэрэлхүүгийн “Би 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Д.Бийн тариалангийн талбайруу явсан. Миний ажлын чиг үүрэг бол хохирол учирсан талбайн хэмжээг тогтоох байсан. Өөрөөр хэлбэл мал идсэн налсан хэсгийг хэмжээд нийт талбайн хэдэн хувьд хохирол учирсан болохыг хэмжсэн. JPRS-ээр хэмжиж Авто кад 2019 программаар боловсруулсан нийт тариалалт хийсэн газрын хэмжээ нь 36 га түүнээс хохирол учирсан талбайн хэмжээ 22.5 га газар байсан. Нийт талбайн 62.5 хувь талхлагдсан” гэсэн, гэрч Л.Мягмардоржийн “ ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурсан...тус үйл явдал Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт болсон үйл явдал бөгөөд тухайн үед багийн дарга амралттай байсан тул би ажлын хэсэгт орж Д.Бийн тариалангийн талбайд очсон. Ингэхдээ би тариалангийн талбайд очсон ... талбайруу ороогүй ...” гэсэн, гэрч Г.Тэмүүжингийн “... ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурсан. Би тухайн үед Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын хэсгийн төлөөлөгчөөр түр ажиллаж байсан. Би гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлгийг шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон байна.
4. Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүргийн дагуу шүүхэд цуглуулж өгсөн бичгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, хуулиар зөвшөөрөгдсөн журмын дагуу цуглуулсан байх ёстой.
Нэхэмжлэгч тал тариан талбай руу бог мал орж байгааг гар утсаараа дарсан зураг хавтас хэргийн 17-19 дахь хуудсанд авагдсан байна.
Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан журмын дагуу бүрдүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн.
Мөн нэхэмжлэгч Д.Д, Д.Б нар нэхэмжлэлээ дэмжиж өгсөн баримтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг "...Төв аймгийн Баянхангай сумын засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/147 дугаар захирамжаар мэргэжлийн бус хүмүүсийг томилогдсон. Хохирлын үнэлгээг гаргахад байгаагүй хүмүүс гарын үсэг зурсан байна...” гэж маргасан байхад шүүх энэ талаарх үйл баримтад дүгнэлт хийгээгүй байна.
Иймд анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээ төрүүлэхгүй байхаар үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх уг алдаа, зөрчлийг зөвтгөх боломжгүй гэж үзэж хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2023/00335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Бт буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2023/00335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 /ерөн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
З.ТҮВШИНТӨГС