Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00195

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 5 дугаар баг, “Онгон” гэх газар оршин суух Боржигон овогтой Батхишигийн Баатарын /РД:ЙЕ56042411 / хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Баатар миний бие нь1974-1977 он хүртэл цэргийн алба, 1978-1992 онуудад Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн агнги, 1992-1999 онуудад “Батхаан” хоршоонд манаач, 1999-2012 онд Соёлын төвд машинистаар тус тус ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт нь нөхөн бичилттэй тул доорхи материалыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баатар нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б.Баатар нь 1978 оны 02 дугаар сарын 23-ны  өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай тодорхойлолт, 1985 онд авсан баярын бичгийн хуулбар, 1990 онд авсан аваргын дипломийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Амгаа овогтой Амгаабазарын Болдбаатар нь “...Би 1987 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажиллаж байсан. Б.Баатар 1978-1992 он хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. Тухайн үед 180 төгрөгийн цалин авдаг байсан. Сайн ажиллаж хүн байсан. Баярын бичиг авч байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Б.Баатар нь 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Б.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                     

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Батхишигийн Баатарыг 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                                                   ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА