Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 184

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019         01         25                                   184

 

                                                                                          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Батбаяр,   

Нарийн бичгийн дарга Э.Алтанзул,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Цад холбогдох эрүүгийн 1806 09785 0159 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 2-93 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, СШ62060417 регистрийн дугаартай, Боржигон овогт Ц.Ц,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 2-93 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.Энхтуяагийн зүүн гаран тус газарт галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 09758 0159 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт Багануураас нөхрийн ах Ц.Ганбаатар ирсэн. Манай нөхөр Ц.Ц, нөхрийн ах бид гурав 0.75 граммын Хараа архи хувааж уугаад унтаж амрах гээд би нөхрийнхөө араар орж хэвтэх гээд дээгүүр нь давахдаа гараараа цээжин дээр нь тулчихсан чинь манай нөхөр өөрийг нь цохьлоо гэж бодоод надруу уурлаад араас хөөгөөд зуухны хажуугаас галын төмөр авч үүдний амбаарт тэр төмрөөрөө миний зүүн бугалганы орчим нэг удаа цохьсон. Зүүн гарын бугалганы гэмтлийг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг галын дэгээ төмрөөр цохьж үүсгэсэн. Бусад гэмтлүүдийг 5 хоногийн өмнө зодож үүсгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13, 18 тал/,

 

Гэрч Ц.Өлзийжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би цагдаагийн газар иртэл манай ээж С.Энхтуяагийн баруун бугалга нь хавдчихсан байсан. Аав ээжийг галын дэгээ төмрөөр цохиж гэмтээсэн гэж ээж хэлсэн. Миний мэдэж байгаагаар өмнө нь аав ээжийг зодож цохиж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

            Шүүгдэгч Ц.Цын мөрдөн байцаалтад өгсөн:

Манай гэрт 0.75 граммын Хараа архи нэг шилийг манай эхнэр С.Энхтуяа бид хоёр хувааж ууж дуусаад хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэгээд би уурандаа эхнэр С.Энхтуяаг зүүн гарын бугалга тус газар нь галын дэгээ төмрөөр 1 удаа цохьсон. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 12717 дугаартай:

С.Энхтуяагийн биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун бугалга, шилбэ, зүүн гуя нуруу бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Энхтуяагийн зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Харин баруун бугалга, шилбэ, зүүн гуя нуруу бүсэлхийд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 тал/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5 тал/,

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 29 тал/,

Ц.Цын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Цыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Ц.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Ц.Цыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.Энхтуяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Цад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Ц нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ