Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2023/00031

 

 

 

 

 

 

2023              6              14                                                     223/МА2023/00031     

 

 

“Г” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШШ2023/00279 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 26,030,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Э” ХХК-ийн захирал Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,  хариуцагч “Э” ХХК-ийн захирал Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Г” ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Э” ХХК-тай 720,000,000 төгрөгийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээг “Э” ХХК-ийн хүсэлтээр цуцалсан. Гэрээг цуцлах үед нийт хийгдсэн барилга угсралтын ажил 48,970,000 төгрөг болсныг талууд баталгаажуулсан. “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 10 дугаар зүйлд төлбөрийг 100 хувь бартераар төлнө гэж заасны дагуу “Г” ХХК нь гэрээний төлбөрт нийт 75,000,000 төгрөгийн үнэ бүхий Rav4 маркийн машиныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн захирал Д.Бын өмчлөлд шилжүүлсэн. Ингээд төлбөр болон хийсэн ажлын зөрүү болох 26,030,000 төгрөгийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагчаас төлбөрийнхөө зөрүүд материал, тоосго зэргийг нийлүүлж дуусгах тухай албан бичиг ирүүлэх зэргээр аргацаасаар байсан. Иймд “Э” ХХК-аас гэрээний төлбөрт илүү авсан ажлын төлбөр болох 26,030,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 10 дугаар зүйлд төлбөрийг 100 хувь бартераар төлнө гэж заасны дагуу “Г” ХХК нь гэрээний төлбөрт нийт 75,000,000 төгрөгийн үнэ бүхий Рав4 маркийн машиныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн захирал Д.Бын өмчлөлд шилжүүлсэн. Ингээд төлбөр болон хийсэн ажлын зөрүү болох 26,030,000 төгрөгийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагчаас төлбөрийнхөө зөрүүнд материал, тоосго зэргийг нийлүүлж дуусгах тухай албан бичиг ирүүлэх зэргээр аргацаасаар байсан. Иймд “Э” ХХК-аас гэрээний төлбөрт илүү авсан ажлын төлбөр болох 26,030,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Э” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай “Э” ХХК-нь нэхэмжлэгч “Г” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 720,000,000 сая төгрөгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Талуудын хооронд байгуулсан гэрээг "Э” ХХК-ийн хүсэлтээр ажлын гүйцэтгэлд өгөх төлбөрт /бартерт/ хөрөнгө нь бодитой биш байсан учраас энэхүү гэрээг цуцалсан. Гэрээг цуцлаад тухайн үедээ гүйцэтгэсэн барилгын ажил, ажил гүйцэтгэхэд нийлүүлсэн барилгын материалууд зэргийг дүгнэж баталгаажуулахад манай тал 52,000 мянган ширхэг тоосго нийлүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартерт тооцож ажлын гүйцэтгэлд оруулан 75,000,000 төгрөгийн үнэтэй машин авсан нь үнэн. Гэтэл манай компаниас “Г” ХХК  нь “Хөх сувд хотхонд" барьж байсан барилгадаа зориулж, надаас 100-аад куб метр хөөс зээлж авсан. Тухайн үедээ хөөсийг хөөсөөр нь буцааж өгнө эсвэл, мөнгийг нь өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байгаа юм. Иймээс “Г” ХХК-ийн манай компаниас авсан хөөс нь 52,000 ширхэг тоосгоны үнэтэй дүйцсэн учир ажлын гүйцэтгэлээс үлдсэн төлбөр гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Д.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 9 дүгээр сард гэрээ хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд өвчин гараад зам, хөдөлгөөн зогссон. 2020 оны 11 дүгээр сараас хойш энэ асуудал яригдаж сүүлдээ шүүх, цагдаа болцгоосон. Бартерийн байр, машин гэхээр маргаан гарах юм байна гээд бартерийн байр, машинуудаа яг тодорхой бичиж гэрээндээ тусгамаар байна гэсэн саналыг тавьсан түүнээс болж гэрээ цуцлагдах шалтгаан болсон. “Г” ХХК-ийн талаас юу ч байхгүй байсан. Иймд манай талаас гэрээгээ цуцлаад үндэслэлээ бич гэхэд “Г” ХХК нь өөрсдөө алга болсон. Ийм байж над руу гүтгээд байгаа. Барилга 55,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлтэй. Гэтэл “Г” ХХК 48,000,000 төгрөг болгоод байгааг ойлгохгүй байна. Үлдэх 15,000,000 төгрөгийн оронд 52,000 ширхэг тоосго өгөх ёстой тэрийгээ болиод надаас хөөс авсан. Хөөс нь 17,000,000 төгрөг болсон. Гэрээ цуцалсан тал дээр ийм л асуудал болсон. “Г” ХХК нь өөрсдөө машин, байраа гэрээндээ тусга гэж байхад манай талд юу ч байхгүй гээд хэлж байхад гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болсон. Rav4 гэдэг машин нь өөрсдийнх нь биш, хотхоныг барьж байсан захирал залуу хэрүүл болж авч өгсөн. Гэрээн дээрээ ийм зүйлээ оруулах хэрэгтэй гэхэд “Г” ХХК-ийн зүгээс манайд юу ч байхгүй гэхээр нь гэрээгээ цуцалсан. Улаанбаатар хотын төв талбайн баруун талд байрлах оффис дээр нь “Г” ХХК-ийн захирал н.Амарбаясгалантай уулзах гэж зөндөө очиход байгаагүй, ерөнхий инженер хийдэг залуутай нь уулзсангэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус компаниудын хооронд бол ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэтэл хугацаандаа ажил үүрэг дуусаагүй, ажил дутуу хийгдсэн. Тухайн гэрээ сунгагдаагүй гэдгийг ойлгож мэдлээ. 720,000,000 төгрөгийн ажил хийх гэрээ байгуулснаас хугацаандаа 48,970,000 төгрөгийн ажил хийсэн гэдгээ баталгаажуулсан. 75,000,000 төгрөгийн машиныг ажил гүйцэтгэсэн төлбөртөө өгсөн гэж ойлгож байна. 26,000,000 төгрөгийн зөрүүг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ байдлуудаас үзэхэд “Э” ХХК-ийн буруугаас болж ажил гүйцэтгэгдээгүй, ажил нь зогссон гээд байгаа. Харин “Г” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж ажил зогссон гэж бие бие рүүгээ яриад байдаг. Өнөөдөр манай зүгээс “Г” ХХК-ийн захирал н.Амарбаясгаланг яагаад оруулах саналтай байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй байна. Миний үйлчлүүлэгч “Г” ХХК-ийн захирал н.Амарбаясгаланд хөөс өгсөн гэдгээ баталж яриад байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хүлээж аваагүй болохоор мэдэхгүй гэдэг асуудал ярьж байгаа. “Г” ХХК-ийн захирал н.Амарбаясгаланг оролцуулах гээд байгаа нь 17,000,000 төгрөгийн хөөс хүлээн авсан гэдгээ хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болох 26,000,000 төгрөг нэхэгдэхгүй үндэслэлтэй гэж үзэж хүсэлт гаргасан. Миний үйлчлүүлэгч ажил гүйцэтгэсэн 48,970,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй, 55,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдгээ өөрөө хэлж байна. Энэ байдлуудаас харахад “Э” ХХК нь машины зөрүүнд өгсөн асуудал яригдаж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Э” ХХК-аас 26,030,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ГХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас 288,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШШ2023/00279 тоот шийдвэрээр "Э" ХХК-аас 26,030,000 төгрөг гаргуулан "Г" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Үндэслэл нь манай "Э" ХХК нь 55,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэснийг 48,970,000 төгрөг гэж дутуу тооцож буруу шийдвэрлэсэн. "Г" ХХК нь манай "Э" ХХК-аас ажлын явцад 110 м.куб хөөс авснаа тооцож нэхэмжлэлээсээ хасаагүйг авч хэлэлцээгүй орхигдуулсан. Иймд хөөсний үнэ 30,800,000 төгрөгийг оруулж тооцолгүй 26,030,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгааг анхаарч хянаж өгнө үү" гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Д.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийж шийдвэрт өөрчлөлт оруулав.

1.Нэхэмжлэгч “Г” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,000,000 төгрөг төлөхөөр тохирсон. 75.000.000 төгрөгийн үнэлгээтэй Toyota Rav-4 маркийн 42-22 УАЕ улсын дугаартай автомашин тооцож өгсөн. Гэтэл хариуцагч “Э” ХХК нь 26,030,000 төгрөгийн ажил хийлгүй орхисон. Ажлаа чанарын түвшинд хийж дуусгахыг шаардсан боловч хийлгүй орхисон. Иймд гэрээг цуцалж ажлыг өөр газраар хийлгүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үнийн зөрүү 20,030,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 52,000 ширхэг тоосго нийлүүлэхээр тохиролцсон боловч “Г” ХХК-ийн зээлж авсан 100 гаруй куб метр барилгын хөөс нь тоосгоны үнэтэй дүйцэж байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн зөрүүг төлсөн” гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн байна.

Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ажлын хөлс 72.000.000 төгрөгөөр тохирсон. 75.000.000 төгрөгийн үнэтэй Toyota Rav-4 маркийн 42-22 УАЕ улсын дугаартай автомашиныг ажлын хөлсөнд тооцож шилжүүлсэн талаар маргаагүй болно.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх №(II) 20/52 дугаар гэрээг байгуулж /хх-н 51-66/, гүйцэтгэгч “Э” ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын, Д-0 Сэтгэмж Цогцолбор сургуулийн барилгын ажлыг бараа материалын хамт “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ”-нд зааснаар Стандартын шаардлага хангасан материалаар батлагдсан зураг төсөл болон технологийн картын дагуу гүйцэтгэх, захиалагч “Г” ХХК нь ажлын хөлс 720,000,000 төгрөгийг бартер хэлбэрээр төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.  

3.Нэхэмжлэгч Г” ХХК нь хариуцагч “Э” ХХК-ийг 72.000.000 төгрөгийн ажлаас 48,970,000 төгрөгний ажил гүйцэтгэсэн болохыг “Э” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай “2020 оны 10 сарын 15-наас 10% бартерийн ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж гэрээний анхны гүйцэтгэлд 48,970 сая төгрөгийн ажил хийсэн. Танай компаниас 75 төгрөгийн үнэтэй машин бартерт авч байгаа үнийн зөрүү болох 20 сая төгрөгийн материалыг ажлын 5 хоногт нийлүүлж дуусгана” гэсэн хүсэлтийн хуулбар /хх-н 7/, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Э” ХХК-ийн Сэтгэмж цогцолбор 46-р сургуулийн өргөтгөл, барилгын заслан ажлыг гүйцэтгэх ажлын график /хх-26/, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт /хх-27/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №101/ШЗ2023/00667 дугаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-н 28-29/ зэрэг баримтаар нотолсон.

Мөн хариуцагч “Э” ХХК нь гүйцэтгэсэн 48,970,000 төгрөгийн ажлын хөлсөнд Toyota rav-4 маркийн 42-22 УАЕ улсын дугаартай 75,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэн авч, зөрүү 20,030,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон нь “Э” ХХК-ийн хүсэлт /хх-н 7/, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр машин хүлээлцсэн акт /хх-н 9/, хариуцагчийн хариу тайлбар /хх-н 21/-аар нотлогдож байна.

Иймд зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” зааснаар цуцалж, хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 48,970,000 төгрөгийг нэхэмжлэгч Г” ХХК нь 75.000.0000 төгрөгийн үнэлгээтэй Toyota rav-4 маркийн 42-22 УАЕ улсын дугаартай авто машинаар төлж дуусгавар болгосон байна гэж үзлээ.

4.Харин хариуцагч “Э” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үнийн зөрүү 20,030,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 52,000 ширхэг тоосго нийлүүлэхээр тохиролцсон боловч “Г” ХХК-ийн зээлж авсан 100 гаруй куб метр барилгын хөөс нь тоосгоны үнэтэй дүйцэж байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн зөрүүг төлсөн гэж анхан шатны шүүхэд маргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймээс хариуцагч “Э” ХХК нь гэрээ цуцлагдсаны үр дагавар болох 26,030,000 /75,000,000 төгрөгөөс 48,970,000 төгрөгийг хасаж/ төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-нд буцаан төлөх үүрэг хүлээж байхад анхан шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн буруу байгаа боловч давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШШ2023/00279 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Э” ХХК-аас 26,030,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай” гэснийг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 26,030,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн захирал Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,100 /хоёр зуун наян найман мянга нэг зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.