Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 223/МА2023/00032

 

 

 

 

 

 

 

 

2023          06            14                                                     223/МА2023/00032

 

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дүгээр сарын 01-ний өдрийн 151/ШШ2023/00382 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б”  цэцэрлэг УТҮГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12.278.065 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.Э, өмгөөлөгч Б.С нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Эгийн ажлаас халагдсантай холбоотой маргааныг өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Тэгэхээр тухайн үед нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулахаар шаардсан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа буюу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл гэж ялгаж салгасан. Хариуцагч тал шүүхийн шийдвэрээр уг асуудлыг шийдэгдсэн гэж тайлбарлаж байна. Одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаар өмнө шүүхэд хандаж байгаагүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр ажлаас халагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны цалин нэхэмжилсэн буюу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэнэ гэж, тогтоолынхоо хянавал хэсэгт дурдсан байдаг. Тэгэхээр энэ асуудлаар өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шүүхээс ийм маргаан шийдвэрлэгдээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгч дундаж цалин хөлс тооцох журам ярьж байна. Өмнөх журам хүчингүй болсон нь үнэн. Гэхдээ журам хүчингүй болохоор шүүхийн шийдвэр хүчингүй болно гэж байхгүй. Энэ харилцаа өөрөө тухайн үеийнхээ хуульд хамаарч байсан тул хуучин Хөдөлмөрийн тухай хуулиар шийдэгдэх ёстой” гэжээ.

 Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын “Б цэцэрлэг”-ийн хариу тайлбарт болон төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Л.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1.Д.Э өмнө ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр шүүхэд хандаж, уг маргааныг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шийдсэн. Д.Э 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан байсан. Давж заалдах шатны шүүх харин ч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх нь нээлттэй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хамт оролцсон байдаг ба хурлын тэмдэглэлд тусгасан. Мөн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр энэ маргаан Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Тэгэхээр нэгэнт шүүхийн шийдвэрлэсэн маргаанд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн.

 Д.Эг ажилд нь эгүүлэн авсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д заасан Улсын Дээд шүүхийн үндсэн бүрэн эрхэд харшилж байна. Учир нь нэгэнт хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн байхад дахин дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэр үедээ хэрэг маргаанаа нэг мөр шийдүүлэх эрх нь байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө одоо эцэслээд дууссан маргаанд хугацааг нь өөрчлөн оруулж ирж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчиж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

2. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 335 хоногийн цалин хөлс нэхэмжилж байгаа. Энэ маргаан явж байхад хуучин Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа тооцоолол нь өөрөө хуучин Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан байна. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас шинээр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хуультайгаа нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хоног хугацаагаа зөв тооцоод, шинэ хуулиа бариад цалин хөлс бодох журмаар нь бодоод явсан бол магадгүй манай талаас хүлээн зөвшөөрөөд хариуцагчийн зөвшөөрлийг баталчих асуудал байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас огт асуудал дэвшүүлээгүй, хуучин Хөдөлмөрийн хуулиар шийдүүлнэ гээд маргаад яваад байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа шүүх бодоод гаргачихна биз, аль хуулийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэх мэтчилэн тайлбар гаргаж болохгүй. Энэ маргааныг шинэ хуулийн орчинд шийдэгдэх маргаан гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв. Хөдөлмөрийн тухай хууль эргэн үйлчлэхгүй” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг /санхүү/ (РД:3867668)-ээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12.278.065 /арван хоёр сая хоёр зуун далан найман мянга жаран таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э (НБ79040804)-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, тайлагнаж, баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг /санхүү/-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344.421.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг /санхүү/-ээс 281.599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Оийн давж заалдах гомдол болон хариуцагчийн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Л.Д нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.Эгийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх маргааныг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх анх шийдсэн. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шат 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр магадлалыг хэвээр үлдээж, маргааныг эцэслэсэн юм. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр буюу өмнөх дууссан маргааны хугацааны цалин хөлсийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчлөө.

Шүүх эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах уг шийдвэрийг тайлбарлах замаар шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэснийг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийг зөрчлөө.

Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 “...Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана...” гэсэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг бүдүүлгээр зөрчлөө.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Эг 2018 онд ажлаас халсан. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Анх нэхэмжлэл гаргах өдөр хүртэл цалингаа тооцож шаардсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гарсан. Иймд одоо гаргаж байгаа асуудлыг шүүх шийдвэрлэсэн зүйл байхгүй. Ажлаас халагдсан үеэсээ ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг шаардах эрхтэй болохыг хуульд заасан. Үүнд шүүхийн процесс ажиллагааны хугацаа хамаарахгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Н.Оийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тухайн цаг хугацаанд үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар үйл баримт болон хууль хэрэглээний талаар дүгнэлт өгч залруулах боломжтой гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.Э нь 18,333,421.90 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 12.278.065 болгон багасгаж байна... Төв аймгийн Зуунмод сумын “Б цэцэрлэг”-ийн няравын ажлаас 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар халагдсан. Анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговот 7.193.057 төгрөг гаргуулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ажлаас халагдсан өдөр болох 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл буюу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож тогтоосон. Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн тул ажилдаа 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орсон.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 511 өдөр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12.278.065 төгрөг гаргуулахаар шаардахдаа өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг үндэслэн нэг өдрийг 24,313 төгрөгөөр тооцож гаргасан гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын "Б" цэцэрлэг нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Д.Эг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7.193.075 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх үүргээ биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Д.Э нь шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна гэсэн зарчмыг зөрчиж байхаас гадна хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Мөн хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийг буцаан хэрэглэх ёсгүй. Харин нэхэмжлэгч тал шинээр даган мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлсөө тооцож гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Харин хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын “Б цэцэрлэг”-ийн даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Эг няравын ажлаас халсан. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дугаар магадлалаар “...ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7.193.057 төгрөг гаргуулж...” анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/005553 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Төв аймгийн Зуунмод сумын “Б цэцэрлэг”-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Эг няравын ажилд нь эгүүлэн томилж, 7.193.057 төгрөг олгосон үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигч маргаагүй байна.

3.Ажил олгогч Төв аймгийн Зуунмод сумын "Б" цэцэрлэг нь ажилтан Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсны улмаас үүсэх үр дагавар болох ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, бичилт хийх үүргийн талаар маргасан байх тул анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн үйл баримтыг зөв тодорхойлсон гэж үзлээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа”, 120 дугаар зүйлийн 120.4.-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.Э нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 511 өдөр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,278,065 төгрөг шаардсан гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст болон шүүхэд өмнө нь гарган шийдвэрлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн байна гэж үзлээ.

Мөн хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын "Б цэцэрлэг" нь нэхэмжлэгч Д.Эг ажлаас үндэслэлгүй халсан, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 24,313 төгрөг гэж тогтоосон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байгаа тул анхан шатны шүүх уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтад нийцжээ.

5.Харин анхан шатны шүүх шийдэрийн үндэслэх хэсэгтээ “...нэхэмжлэгч Д.Эг ажлаас халсан, ажилд эгүүлэн тогтоосон үйл явдал бүгд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу 1999 оны Хөдөлмөрийн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх цаг хугацаанд болж өнгөрчээ...” гэж  зөв дүгнэсэн атлаа холбогдох хуулийг хэрэглэхдээ “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн хууль (шинэчилсэн найруулга) 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөнөөр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл зогссон бөгөөд хуулийг дагаж мөрдөх журам, хуулийн буцаан хэрэглэх талаар Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д тусгайлан заагаагүй байна...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.   

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ” гэж заасан.

Зохигчийн хооронд үүссэн үйл баримтаас үзвэл, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлахаас өмнө үүссэн, нэхэмжлэлд дурьдсан үеийн үйл баримт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл цаг хугацаанд хамаарч байна.

Иймд хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын "Б цэцэрлэг" нь нэхэмжлэгч Д.Эд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,278,065 төгрөг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлж, нөхөн бичилт хийж баталгаажуулах үүрэг 1999 онд батлагдсан Хөдөрмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар үүсэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

6.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр  хангаагүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасан журмын дагуу чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2023/00382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д...” гэснийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д” гэж,

2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д...” гэснийг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

       ШҮҮГЧИД                                           З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                         М.МӨНХДАВАА