Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 146-р байрны 18 тоотод оршин суух хаягтай, БНХАУлсын Эрээн хотын Анжу хороолол 10-р байр 1 тоотод түр оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Олхнууд овогт Загдсүрэнгийн Нарантуяа /РД: ТЗ 62111309/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 151-р байрны 28 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Дамдинжавын Чинзориг /РД: СЩ 72051610/-т холбогдох

1.000.000 төгрөг  гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Чинзоригийн 2.480.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Нарантуяа, хариуцагч Д.Чинзориг, нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч З.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 02 сард Д.Чинзоригтой амаар харилцан тохиролцож, өөрийх нь өмчлөлийн УАЗ 469 маркийн 96-42 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Автомашин худалдаж авсан 2.000.000 төгрөгөөс  2016 оны 04 сарын 20-нд 1 сая төгрөгийг миний бэр Эрдэнэзул, хүү Алтангэрэл нар нь Чинзоригийн эхнэрт бэлнээр дэлгүүр дээр нь аваачиж өгсөн. Үлдэгдэл 1 сая төгрөгийг удаахгүй өгөхөөр тохиролцсон боловч Д.Чинзориг нь З.Нарантуяа надад худалдсан УАЗ 469 маркийн 96-42 ДГО улсын дугаартай автомашинаа Гэгээн хотхоны гаднаас авч явсан. Иймд Чинзориг нь нэгэнт надад худалдсан машинаа буцааж авсан тул миний түүнд өгсөн 1 сая төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Чинзориг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: З.Нарантуяатай амаар харилцан тохиролцож 2016 оны 02 сарын 17-ны өдөр УАЗ 469 маркийн 96-42 ДГО улсын дугаартай машинаа 2.000.000 төгрөгөөр нэг сарын дотор төлбөрийг бүрэн төлөхөөр худалдсан. З.Нарантуяа нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг машин ашигласны хөлсөнд тооцож авна гэв.

Хариуцагч Д.Чинзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 02 сарын 17-ны өдөр иргэн Баярмаагийн зуучлалаар З.Нарантуяатай амаар харилцан тохиролцож өөрийн нэр дээр бүртгэлтэй УАЗ 469 маркийн 96-42 ДГО дугаартай тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр 1 сарын дотор төлбөрийг бүрэн барагдуулах, хугацаандаа төлөхгүй бол сар тутам 100.000 төгрөг нэмж  авахаар тохиролцсон. 2016 он 05 сарын 17-ны өдөр хүү Алтангэрэл нь 1.000.000 төгрөгийг манай эхнэрт өгсөн. 2016 оны 05 сарын 20-ны өдөр хүү Алтангэрэлтэй утсаар ярьж 3 хоногийн дотор үлдсэн мөнгө авч ир гэсэн боловч З.Нарантуяа нь Эрээн хотод амьдардаг гээд ирж уулзаагүй учир 2016 оны 06 сарын 12-нд Гэгээн хотхоны гаднаас Нарантуяагаас машинаа авсан. Иймд З.Нарантуяагаас 4 сар машин ашигласны төлбөр 2.480.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч З.Нарантуяа шүүхэд хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие нь Д.Чинзоригтой автомашин худалдах, худалдан авах гэрээг амаар тохиролцож хийсэн. Бидний хооронд 96-42 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр худалдаж авах аман гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөрийн нөхцөлийг 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 1 сая төгрөгийг тодорхой хугацааны дараа өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл Д.Чинзориг нь наймаагаа буцааж зарсан машинаа буцааж авсан тул түүнд машины төлбөрт өгсөн 1.000.000 төгрөгийг Д.Чинзоригоос гаргуулж өгнө үү. Бидний хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан автомашин худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзэж байна. Бидний хооронд тээврийн хэрэгсэл ашиглах ямар нэгэн аман хэлцэл болон гэрээ байгуулагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2.480.000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.Нарантуяа нь хариуцагч Д.Чинзоригоос 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч  Д.Чинзориг нь нэхэмжлэгч З.Нарантуяагаас тээврийн хэрэгсэл ашигласны төлбөр 2.480.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч Д.Чинзориг нь автомашин зарсан урьдчилгаанд авсан 1.000.000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй, тээврийн хэрэгслийг 4 сар ашигласны төлбөрт тооцсон тул буцааж өгөхгүй гэж,

Нэхэмжлэгч З.Нарантуяа нь худалдах, худалдан авах аман хэлцэл хийгдсэн автомашин түрээслэх болон ашиглах гэрээ хийгдээгүй тул 2.480.000 төгрөгийг төлөхгүй гэж зохигчид үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч З.Нарантуяа нь 2016 оны 02 сарын 17-ны өдөр Д.Чинзоригтой харилцан тохиролцож, хариуцагчийн эзэмшлийн 96-42 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, машины төлбөрт 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа өгөхөөр тохиролсон, 96-42 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгч З.Нарантуяа нь машины төлбөрийн үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч Д.Чинзориг нь тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд буцааж авсан үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч З.Нарантуяа, хариуцагч Д.Чинзориг нар нь 2016 оны 02 сарын 17-ны өдөр УАЗ 469 маркийн 96-42 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр худалдах, төлбөрөөс 1.000.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн төлбөрийг тодорхой хугацааны дараа өгөхөөр харилцан тохиролцож аман хэлцэл хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь тээврийн хэрэгслийн төлбөр 2.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг өгсөн, авсан асуудал дээр маргахгүй байгаа болно.

Зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй хэдий боловч 2016 оны 02 сарын 17-ны өдөр УАЗ 469 маркийн 96-42 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг харилцан тохиролцож аман хэлцэл хийж  2.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн гэж үзэх үндэслэтэй байна. Хариуцагч Д.Чинзориг нь аман хэлцэлээр 1 сарын дотор 2.000.000 төгрөгийг авах хугацаа хэтэрсэн тохиолдолд сар тутамд 100.000 төгрөгийг нэмж авахаар тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтаа хэрэгт хавсаргаагүй байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийхийг мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.3-т зааснаар “төлбөл зохих хүүгийн хэмжээ” гэх нөхцөлийг заавал тусгасан байхаар зохицуулсан. Хэрвээ энэ журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 196.1-д зааснаар гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч З.Нарантуягийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авахдаа өгсөн 1.000.000 төгрөгийг хүүнд тооцон авах үндэслэл байхгүй юм.

 Мөн хариуцагч Д.Чинзориг нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар тээврийн хэрэгслийг буцаан авахдаа уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, зардал гэж үзэж 1.000.000 төгрөгийг өгөхөөс татгалзаж байгаагаа нотлох баримтын хүрээнд нотлох үүргээ биелүүлээгүй болно. Иймд хариуцагч Д.Чинзориг нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар “талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч З.Нарантуяад буцаан өгөх үүрэгтэй болно.

Сөрөг нэхэмжлэлийн хувь:

Харицагч Д.Чинзориг нь нэхэмжлэгч З.Нарантуяагаас тээврийн хэрэгслийг 4 сар ашигласаны төлбөр гэж 2.480.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь зохигчдын хооронд 96-42 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийг түрээсээр ашиглах аман болон бичгийн ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байна. Амаар хийх хэлцэлд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” байхаар заасан, гэтэл талуудын хооронд амаар болон бичгээр тээврийн хэрэслийг түрээсээр ашиглах хэлцэл огт хийгдээгүй, талуудын хүсэл зориг харилцан илэрхийлэгдээгүй байх тул тэдний хооронд хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хуулийн 43.4-т зааснаар “хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол хэлцлийг хийгдээгүйд  тооцно” гэж заасан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

Иймд хариуцагч Д.Чинзоригоос үндсэн нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Нарантуяад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Чинзоригоос 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Нарантуяад олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 318 дугаар зүйийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Нарантуяагаас хариуцагч Д.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн 2.480.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг, хариуцагчийн Д.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 54.630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чинзоригоос 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Хариуцагч Д.Чинзориг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА