Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2023/00029

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 21-ний өдрийн 138/ШШ2023/00728 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******эд холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 онд Дорнод аймгийн Засаг даргын А/290 дугаартай захирамжийн дагуу Хэрлэн сумын 4-р багийн Зангиатын ******* тоот 399 м2 талбайтай газрыг хүү *******гийн *******ын нэр дээр өмчлөх эрхтэй гаргуулсан. Тухайн үед коэрдинатыг тодорхойлуулж зохих журмын дагуу баримтаа бүрдүүлсэн ба уг газар дээр манайх 1997 оноос хойш амьдарч байгаа. Манай эгч ******* 2012 онд нөхөртэйгөө муудалцаж хөөгдөн, 2 хүүхдээ дагуулж ирэхэд миний аав байсан учир эд нарыг хаашаа яв гэхэв дээ гээд хэдэн сарын дараа хашааныхаа баруун урд талд орон сав барьж өгье гэж ярилцаад блокоор байшингийн торх босгосон. Эгч нөхөртэйгээ Улаанбаатар хотод Цайзад хашаа байшинтай байгаад салаад ирсэн нь тэр юм. Ингээд 2-3 сарын дараа нөхөр ******* нь араас нь ирээд эвлэрээд байсан учир байшин саваа гүйцээж барьсан. Улаанбаатарын байшин сав нь одоо ч байгаа. Манай хашааны мухарт байшин барьсан болохоор урд талыг таслаад 2013 онд хашаа барьж манай хаалгыг хааж, хашааны баруун талд манай эгч Эрдэнэчимэгийн хашаагаар дамжин гардаг болоод байна. Хашаа барьж байх үед нь эсэргүүцсэн боловч хэрүүл хийсээр байгаад л барьсан. Тэгээд одоо урд талын 12-р эгнээнд газар авчихаад тэндээ байгаа. Би хашаа хороогоо янзалж, шинээр бүртгэлээ хийлгэсэн. Газрын маргааны талаар ГХХБГазарт хандахад шинээр кадастр хийлгээд ир гэсэн учир захирамж, өмнөх кадастрын зургаа гаргаж өгсөн. Очир эрдэнийн тал ХХК кадастрын зураглал хийдэг байгууллагаар 2022 оны 5 сарын 30-ны үед хэмжилт хийлгэхэд манай газраас өргөөшөө 6,40 м орчим, уртаашаа 18-20 м газар Эрдэнэцэндийнх эзэмшчихээд байна.

Иймд *******ийн хууль бус эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлж, хашааг нь буулгуулах хүсэлтэй байна. Уг хашаанд эдний байшин нь байгаа, уг байшинг нь чөлөөлүүлж газраа авмаар байна. Учир нь би өөрийн хашаагаа барихаар буулгаж хаяад, зодоон цохион болж эрх чөлөөнд минь халдаад байгаа учир газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. гэжээ.

 2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* бид хоёр нэг эцэг, эхийн хүүхдүүд юм. Энэ оны 5-р сараас эхлэн ээж, аавынхаа амьдарч байсан газарт өөр өөрийн гэсэн байшин бариад амьдарч байгаа би дүүдээ хөөгдөн дарамтлуулж маш хэцүү байна. Бид хоёрын ээж, аав 1994 онд салаад дүү ******* бид 2 аавтайгаа хамт үлдсэн. Хэн хэндээ хамгийн дотно сайн байх 2 хүүхдүүд юм. ...Би 2012 онд нөхөртэйгээ муудалцаад хэцүү байхад дүү ******* минь намайг машинтайгаа очиж Улаанбаатараас авчирч байсан. Ингээд аав намайг 2 хүүхдийн хамт зуны амбаарт хэдэн сар амьдарч байхад миний 2 хүүхдүүд энэ хашаагаа хуваагаад амьдар эгч нь ядарч явна өөрийн гэсэн орон гэртэй болгох хэрэгтэй гэсний дагуу 2012 онд Хэрлэн сумын 4-р баг, 13-р эгнээний 32б тоот газарт манайх баруун урд өнцөгт 6х8 м-ийн хэмжээний өвөл зуны байшин бариад одоог хүртэл амьдарч байна. Аав маань 2017 онд нас барсан. Намайг өөрийн гэсэн орон гэртэй болохоор хашаан дотроо байшин барихад аав, дүү ******* нар бүгд дэмжсэн, зөвшөөрсөн. Бид байшингаа барихаас гадна байшингийнхаа захаар л шууд хашаа барьсан. Ингэж тусгаарлаад манайх 207 мкв газарт амьдардаг. Манай хүү *******ынх Хэрлэн сумын 7-р баг, Зангиатын ******* тоотод 399 мкв газар 2017 онд эзэмшлээр авсан юм. Гэтэл энэ газартай болсон цагаас хойш аав маань ч нас барсан тэгээд манайхыг хөөгөөд эхэлсэн. Энэ онд энэ асуудал улам дэвэрч манай хашааг нураах, манай нөхрийг зодох, өдөр тутам биднийг дарамтлах зэргээр хоорондын харилцаа хэцүү байна. ...Аргаа ядаад би дүү *******тээ байшингаа худалдсан боловч ******* мөн бидний хооронд будлиан гаргуулж дүүд худалдсан байшингийн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулсан. Би газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар 2013 оноос хөөцөлдөж бичиг баримтаа Хэрлэн сумын газрын даамал д өгсөн байсан. Тэр үед бидний хашаа байшин тус тусдаа кадастр зурагдсан байсан. Гэтэл дүү маань энэ кадастрын дагуу газар өмчлөх гэрчилгээ гаргуулаагүй байдлыг далимдуулан газрын мэдээллийн санд хүүгийнхээ нэрээр бүртгүүлсэн байна. Гэхдээ 399 мкв хэмжээгээрээ хүү *******ын нэрээр газар өмчлөх гэрчилгээ авсан. Яг одоо маргаад байгаа 207 мкв газар нь хэн нэгэн этгээдийн нэр дээр өмчлөл, эзэмшил ашиглалтад бүртгүүлээгүй. Нэг ёсондоо улсын өмчийн газар байгаа. Харин би ******* болон аавынхаа зөвшөөрлөөр уг газарт байшин барих зөвшөөрөл авсны дагуу байшингаа барьсан тул цаашид уг газрыг өөрийн нэр дээр өмчлөлөөр авах хүсэлтээ төрд илэрхийлсэн байгаа учраас *******гийн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 7 сарын 21-ний өдрийн 138/ШШ2023/00728 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн төлөөлүүлэгч Т.*******ын өмчлөлийн Дорнод аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод байрлах, нэгж талбарын дугаартай газрыг хариуцагч Д.Эрдэнэцэндийн эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэцэндээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний төрсөн дүү ******* нь 2012 оноос хойш нэг хашаанд өөр өөрийн орон гэрт амьдарч байсан газраас маань хөөж газраа чөлөөлүүлж авья гэж маргаан гаргасан. Шүүхээс энэ маргааныг хэлэлцэн шийдвэрлэхдээ бидний өмчлөх эрхэд ноцтой халдаж байна гэж үзэж байна.

1. Манай байшинг буулгаж газраа чөлөөлүүлэх талаар: Энэ байшин маань манай гэр бүлийн 6 хүний өмч юм. Газрын гэрчилгээ гараагүй болохоор 2012 онд барьсан байшиндаа бид үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж чадаагүй ч гэсэн энэ нь бидний өөрсдийн хүч хөдөлмөрөөр боссон, амьдарч байгаа орон байр минь юм. Энэ байшин зөвхөн миний өмч биш. Энэ газарт зөвхөн бид амьдраад байгаа биш. Миний нөхөр ******* 2-22 насны 4 хүүхэд болон миний өөрийн бие өмчлөгч эзэмшигч нь юм. Гэтэл зөвхөн Эрдэнэцэнд гэж хүнийг хариуцагчаар тогтоосон нь бусдын Үндсэн хуулиар заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлж буй үйлдэлд хүний эрх зөрчсөн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийг алдаатай байна гэж үзэх гол үндэслэл боллоо.

2. *******ын хууль ёсны дагуу авсан газар өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээс өмнө бид амьдран сууж, эзэмшиж байсан. Тэр цагаас хойш 10 жилийн дараа маргаан үүссэн. Тэгвэл тусгай хөөн хэлэлцэх хугацаа заасан байтал шүүхээс яагаад ерөнхий хугацааг барих болов. Ер нь ямар ч асуудал тодорхой цаг хугацаатай шүү, та энэ хугацааг хэтрүүлбэл шаардах эрхгүй шүү гэж маш тодорхой тусгаж заагаад өгтөл нэхэмжлэгчид ашигтай талыг баримтлан шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

3. Энэ газарт 2012 онд байшин барьж амьдрах эрхийг аав, дүү ******* нар өгсөн гэдгийг ******* өөрөө нотлоод нэхэмжлэлдээ дурдан шүүхийн мэтгэлцээнд хариулж байхад шүүхээс мөн намайг нотолж чадаагүй гэж буруутгасан нь шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй гэж үзэж байна. Нэг ёсондоо ******* өөрийн газар гэж маргаж байгаа газартаа байшин барих эрхийг олгож өчнөөн хөрөнгө зарцуулаад байхад 10 жил хүрэлгүй байшингаа нураах болж байгаа нь нийт өмчлөгчдийн эрхэд хохиролтой байна.

4. ******* өөрөө зөвшөөрөл өгч байшин бариулчихаад буцаан нураалгах гэж буй бол бид орон сууцны үнээ гаргуулан авах, нөхөн олговор авах эрхтэй байтал шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж гомдол гаргах эрхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ингэснээр манай ам бүлийн 6 хүн хохирогч байна.

Би амьжиргааны түвшин тогтоосон судалгаанд хамрагдсан боломж муу өрх гэсэн лавлагаа гаргуулаад байхад улсын тэмдэгтийн хураамжаас бүрэн буюу хэсэгчлэн эсвэл өөр байдлаар төлүүлэх гэж үзэхгүй шууд хэрэгсэхгүй болгоод тэр гаргасан шийдвэрээ гарсан өдрөөс нь хойш 10 дахь өдөрт нь намайг дуудаж өгөөд би өмгөөлөгчдөө ч танилцуулж чадаагүй байсан. Хүлээн аваагүй гэдгийг би ч мэдээгүй, өмгөөлөгч маань мэдээгүй байтал хугацаа дууссан өдөр нь надад гардуулаад хуульд нийцүүлсэн гэж үзэх гэж байгаа бол тун тааруу хүний эрхийг зөрчиж байна гэж хэлмээр байна.

Энэ мэтчилэн шүүхийн шийдвэр нь хуульд нийцэж чадаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ерөнхийдөө шүүх хэргийг хүлээн аваад энэ хэргийн нэхэмжлэгч хэн бэ? хариуцагч хэн бэ гэдэгт дүгнэлт хийх ёстой гэж тайлбарлах гээд байгаа юм. *******гийн хувьд нэхэмжлэгч байх үндэслэл байгаа нь үнэн. ... Тэгвэл байшин барьсан цагаас энэ байшинд ганц Эрдэнэцэнд амьдардаггүй, нөхөр ******* нь ч гэсэн энэ хэргийн хамтран хариуцагч болох ёстой мэт харагдаж байна.

... Энэ хоёр хүний хувьд анх кадастрын зураг хийлгэхдээ газрын байдлыг хэвтээ байдлаар хийлгэсэн. Газрын хэмжээг хөндлөн болгосон гэсэн үг. ... Маргааныг шийдвэрлэхэд эцсийн эцэст кадастрын зураглалыг үндсэн нотлох баримт болгож байгаа бол кадастрын зураглал гаргасан этгээдийг зайлшгүй оролцуулах ёстой байсан. Шүүх өөрөө ажиллагаа хийгээгүй учраас бид хүсэлтээсээ татгалзах ёстой болсон. Хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадахгүй байна. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хэргийг дахин харж үзэж өгөхийг хүсч байна гэв.

9. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* гэдэг хүнд энэ байшин ямар ч хамааралгүй юм. ... Шүүхээс нотлох баримтаар хавсаргасан материал бүрийг шалгаж үзсэн. Одоо ч гэсэн тухайн баримтууд бүгд хэрэгт хавсаргагдсан байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар хүү Ж.*******ийн өмчлөлд бүртгэлтэй газрыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2013 онд Дорнод аймгийн Засаг даргын А/290 дугаартай захирамжийн дагуу Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын ******* тоот 399 м2 талбайтай газрыг хүү *******гийн *******ын нэр дээр өмчлөх эрхийг авсан. ... Манай эгч ******* 2012 онд нөхөртэй муудалцаж хөөгдөн, 2 хүүхдээ дагуулж ирэхэд миний аав байсан учир хэдэн сарын дараа эд нарыг хаашаа яв гэхэв дээ, хашааныхаа баруун урд талд орон сав барьж өгье гэж ярилцаад блокоор байшингийн торх босгосон. ... Ингээд 2-3 сарын дараа нөхөр ******* нь араас нь ирээд эвлэрээд байсан учир байшин саваа гүйцээж барьсан. Тухайн үед эгч *******эд өөрийн амьдарч байсан газрын хэсэг газар дээр байшин бариад түр амьдар гэсэн болохоос доор нь байгаа газрыг эзэмших, өмчлөх эрхийг олгоогүй. Мөн түүний нөхөр гээд байгаа *******т ийм эрх өгөөгүй болохоор түүнд энэ асуудал хамаагүй бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс учраас хариуцагчаас чөлөөлүүлсэн. ... ******* нь 2019 оноос эхлэн энэ байшиндаа амьдрахаа больж, хүү Ойдовжавын нэр дээр авсан Зангиатын 12-35 тоот хашаанд амьдардаг тул газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. ... кадастрын зураглал хийдэг байгууллагаар 2022 оны 5 сарын 30-ны үед хэмжилт хийлгэхэд манай газраас өргөөшөө 6,40 м орчим, уртаашаа 18-20 м газрыг Эрдэнэцэндийнх эзэмшчихээд байгаа тул түүний хууль бус эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. гэж тайлбарласан.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ...Би 2012 онд нөхөртэйгээ муудалцаад гэртээ ирээд 2 хүүхдийн хамт зуны амбаарт хэдэн сар амьдарч байхад аав маань миний хүүхдүүд энэ хашаагаа хуваагаад амьдар, эгч нь ядарч явна өөрийн гэсэн орон гэртэй болгох хэрэгтэй гэсний дагуу 2012 онд Хэрлэн сумын 4-р баг 13-р эгнээний 32б тоот газарт манайх баруун урд өнцөгт 6х8 м-ийн хэмжээний өвөл зуны байшин бариад одоог хүртэл амьдарч байна. Аав маань 2017 онд нас барсан. Намайг өөрийн гэсэн орон гэртэй болохоор хашаан дотроо байшин барихад аав, дүү ******* нар бүгд дэмжсэн, зөвшөөрсөн. ... Би газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар 2013 оноос хөөцөлдөж бичиг баримтаа Хэрлэн сумын газрын даамал д өгсөн байсан. Тэр үед бидний хашаа байшин тус тусдаа кадастр зурагдсан байсан. Гэтэл дүү маань энэ кадастрын дагуу газар өмчлөх гэрчилгээ гаргуулаагүй байдлыг далимдуулан газрын мэдээллийн санд хүүгийнхээ нэрээр бүртгүүлсэн байсан. Гэхдээ 399 м2 хэмжээгээрээ хүү *******ын нэрээр газар өмчлөх гэрчилгээ авсан. Яг одоо маргаад байгаа 207 м2 газар нь хэн нэгэн этгээдийн нэр дээр өмчлөл, эзэмшил ашиглалтад бүртгүүлээгүй. Нэг ёсондоо улсын өмчийн газар байгаа... гэж тайлбар гарган маргадаг.

5. Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч *******гийн хүү Ж.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоот 399 м2 талбай бүхий газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2013 оны 12 сарын 18-ны өдөр бүртгэгдсэнээр тэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч болсон, мөн хариуцагч ******* нь 2012 оноос эхлэн дээрх газрын баруун урд хэсэгт 6х8 метрийн хэмжээтэй байшин барьж, байшингийн ойр орчмын хэсэг газрыг эзэмшин гэр бүлийн хамт амьдарч байсан үйл баримтууд тус тус тогтоогджээ./хх 5-10, 21, 29/

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 7. Хариуцагч нь ... Газрын гэрчилгээ авч чадаагүй болохоор байшиндаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж чадаагүй ч гэсэн энэ байшин нь бидний хөрөнгө. Дан ганц миний өмч биш манай гэр бүлийн 6 хүний дундын өмч юм. Байшинг буулгаж, газрын чөлөөлүүлэх шийдвэр гаргасан нь бусад өмчлөгч нарын эрхийг зөрчиж байна.

... энэ хэрэгт тусгай хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх байтал шүүхээс ерөнхий хугацааг барьж, ... нэхэмжлэгчид ашигтай талыг баримтлан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

... ******* өөрөө зөвшөөрөл өгч байшин бариулчихаад буцаан нураалгах гэж буй бол бид байшингийн үнээ гаргуулан авах, нөхөн олговор авах эрхтэй байтал шүүх миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргасанд гомдолтой байна ... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд хариуцагч ******* нь Хэрлэн сумын 4 дүгээр баг, 13 дугаар гудамжны 32б тоотод байрлах 399 м2 газрын баруун урд хэсэгт 6х8 хэмжээтэй байшинг *******гийн зөвшөөрлөөр барьж 2012 оноос хойш амьдрахдаа тухайн байшингийн ойр орчмын газрыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авалгүй хууль ёсоор эзэмших, өмчлөх эрхгүйгээр амьдарч байсан нь тогтоогдож байх ба уг үйл баримтыг талуудын хэн алин нь үгүйсгээгүй.

Түүнчлэн хариуцагч *******ийн байшин барьж амьдарч буй маргаан бүхий газар нь Ж.*******ын өмчлөлийн 399 м2 газрын 110 м2 газартай, байшин нь 17м2 газартай тус тус давхцсан, мөн уг газар нь эрх бүхий Засаг даргын захирамжаар *******эд олгогдоогүй болох нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. /хх 41-44/

Хариуцагч ******* нь 2012 онд нэхэмжлэгч *******гийн зөвшөөрлөөр түүний амьдарч байсан газрын нэг хэсэгт байшин барьж амьдарч байсан боловч нэхэмжлэгч газраа 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүү Ж.*******ын нэр дээр бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болсноос эхлэн хариуцагчийн дээрх газрыг эзэмших эрх дуусгавар болсон төдийгүй түүний эзэмшил хууль бус байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс хэдийд ч шаардах эрхтэй ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэгч *******гийн насанд хүрээгүй хүү Ж.*******ын өмчлөлийн газраас хариуцагч *******ийн хууль бусаар эзэмшиж байгаа газрыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан ба *******ийн амьдарч буй байшингийн өмчлөх эрхтэй холбоотой шаардлагыг гаргаагүй тул хариуцагчийн болон түүний гэр бүлийн гишүүдийн байшингийн өмчлөх эрхийн талаар шүүх дүгнэх шаардлагагүй юм.

9. Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэдэг.

Иргэний хуульд хөөн хэлэлцэх ерөнхий ба тусгай хугацааг тухайн харилцааны онцлогт тохируулан тогтоосон бөгөөд хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг ба тусгай хугацаа тогтоогдоогүй хөөн хэлэлцэх хугацаа хамаарах бүх харилцаанд үйлчилдэг бол 75 дугаар зүйлийн 75.2-т заасан тусгай хугацаа нь гэрээний үүргийн харилцааны төрлөөс шалтгаалан үүргийн тусгай төрлүүдийн шаардах эрхийн хугацааг тусгайлан зохицуулсан байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаан нь өмчлөх эрхтэй холбоотой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарах, мөн нэхэмжлэгч нь уг хугацааг хэтрүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

10. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 7 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 12 164 569 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх 2023 оны 7 сарын 07-ны өдрийн 138/ШЗ2023/2103 дугаар захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүй, тухайлсан тодорхой эд хөрөнгөгүй буюу огт орлогогүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, түүний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. /хх 114-117/

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг гарсан өдөр нь танилцсан /хх 118/ байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар тухайн захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй.

Хариуцагч нь шүүгчийн захирамж гарснаас хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган улсын тэмдэгтийн хураамжаа төлсний эцэст шүүхэд дахин сөрөг нэхэмжлэлээ гаргах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

11. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан ... шүүхийн шийдвэр нь хуульд нийцэж чадаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

12. Хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 21-ний өдрийн 138/ШШ2023/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Г.УРТНАСАН