Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Иргэн Ч.Э  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох,

           Гуравдагч этгээд: ИргэнТ.П

                                          Иргэн С.С

          “Увс аймгийн Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Э , хариуцагч Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

         Нэхэмжлэгч Ч.Э  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.Э  миний бие 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын 1-р багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон. Тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж 40 орчим минут хяналтын тооллого хийж дараах дүнг гаргаж баталгаажуулж хаагаад, хуралд ирсэн хурлын төлөөлөгчдөд албан ёсоор уншиж танилцуулсан. 1.Т.П  123, 2.Ч.Э  110, 3.С.С  110 хүний санал авсан гэж танилцуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа нэг тоологч байхгүй байтал тооллогын комиссоос Т.П, С.С  нар дээр санал хураахаар шийдвэрлэсэн байна. Тооллогын комиссын дарга Б.Б,  Ч.Э -ийн  саналаас 6 саналын хуудас хүчингүй байжээ гэж мэдэгдсэн. Нэгэнт 5 тоологч хэд дахин тоолж баталгаажуулж нийтэд зарлан мэдэгдсэнээс хойш хэний зөвшөөрлөөр нэг тоологч байхгүй байхад ямар үндэслэлээр хаачихсан саналын хуудсыг задлаж, хэн дахин шалгаж гаргаж ирсэн бэ гэдгийг тодруулж дээрх 3 нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулж миний сонгогдох эрхийг хангаж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч Ч.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж, нийт 400 гаруй иргэн хуралдаанд оролцсон. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан дэгийн дагуу явагдаж байсан. Би уг хуралдаанд өөрийн биеэр оролцсон. Хуралдаанаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг явуулах тооллогын комиссыг заалнаас нэр дэвшүүлэн иргэдийн саналаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэгээд багийн иргэдийн Нийтийн Хурлын  даргыг шинээр сонгож, улмаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг явуулж, эхний санал хураалтын дүнг иргэдэд танилцуулсан. Уг санал хураалтыг анх байгуулагдсан тооллогын комисс зохион байгуулж явуулсан. Багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг 1 цаг 30 минут орчим явуулж дүнг гарахад Т.Пүрэвжав 123, Ч.Э 10, С.С110, Г 78, Ц.Н 27, хүчингүй саналын хуудас 6 ширхэг гэж анх танилцуулсан. Тэгээд Т.П  Ч.Э, С.С нарын дунд дахин санал хураалт явуулахаар болсон. Тооллогын комисс санал хураалт явуулсан талаарх тэмдэглэлээ хурлын даргад хүлээлгэж өгөөд сумын Тамгын газраас томилогдсон багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах ажлын хэсэг саналын хуудсыг Т.П, С.С, Ч.Э гэсэн  гурван нэртэйгээр хэвлэж эхэлсэн. Тэр үед би заалнаас гараад явсан. Тэр үед байсан хүн гэвэл хуралдааныг зохион байгуулж байсан ажлын хэсгийн дарга С.б, цагдаагийн дэслэгч Н.Е нар байсан. Би хэсэг хугацааны дараа зааланд ороод ирэхэд хоёр хүний дунд дахин санал хураахаар саналын хуудсыг хэвлээд эхэлчихсэн байсан. Би хурлын даргаас юу болсон талаар асууж тооллогын комиссын тэмдэглэлийг асуухад мэдэхгүй гэж хариулсан. Мөн тооллогын комиссын тэмдэглэлийг тооллогын комиссын даргаас асуухад мэдэхгүй гэж хариулсан. Гэтэл тухайн хуралдаанд оролцож байсан хүмүүс намайг эхнэрээ тооллогын комисст оруулсан учраас эрх ашгийн сонирхолтой гэж хэлсэн. Заалнаас 7 хүний нэр дэвшүүлж олонхийн санал авсан 5 хүнийг тооллогын комиссын гишүүнээр баталсан. Тооллогын комиссын дарга Б.Б хоёр хүний нэр дээр санал хураалт явуулна гэж хэлсэн. Албан ёсоор тооллогын комисс нийтэд хяналтын тооллого хийх тухай зарлаагүй. Зөвхөн миний төлөө өгсөн саналыг дахин тоолж 6 саналын хуудас хүчингүй гэж гаргаж ирсэн. Бусад нэр дэвшигчдийн авсан саналын хуудсыг дахин тоолоогүй байсан. Тэгтэл шүүхээс саналын хуудсанд үзлэг хийхэд миний төлөө өгсөн санал С.С саналын хуудсанд тоологдсон байсан. Дахиад С.С авсан саналаас овгийн эхний үсгийг дугуйлсан таван санал гарч ирсэн. Тэгтэл миний саналд дахиад нэг загвараар зурсан гэмээр хүчингүй таван саналын хуудас гарч ирсэн. Хамгийн гол нь анх нийтэд зарласны дагуу хамгийн олон санал авсан 3 хүний дунд дахин санал хураалт явуулж өгнө үү гэж хүсэж байна. Хавтас хэрэгтэй танилцахад тооллогын комиссын дөрвөн гишүүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Ч.Э саналыг тооллогын комиссын гишүүн А.Х би тоолно гээд авсан” гэж мэдүүлэг өгсөн байна. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгтэл тооллогын комиссын таван гишүүн тавуулаа дэс дараалан тоолоод Ч.Э төлөө 110 хүн санал авсан байна гэж тоолсон. Анх тоолоход миний төлөө санал өгөхдөө нэрний ард зөвлөж тэмдэглэсэн нэг саналын хуудас байсныг хүчингүй гэж үзсэн. Нийт хүчингүй 6 ширхэг саналын хуудас гарсан байсан. Уг хуралдаанд манай багаас сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон сумын Засаг дарга нар хуралдаан дуустал байсан гэв.

          Хариуцагч Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит  хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлын товыг тогтоож өгсний дагуу 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 11 цагт Улаангом сумын Соёлын төвд эхэлсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх асуудлын дагуу нэгдүгээрт багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох сонгуулийг нууц санал хураалтаар зохион байгуулсан, хоёрдугаарт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг ил санал хураалтаар зохион байгуулсан, гуравдугаарт багийн Засаг даргыг сонгох сонгуулийг нууц санал хураалтаар зохион байгуулсан. Багийн засаг даргад нэр дэвшихээр МАН-аас С.С, АН-с Ч.Э, бие даагч С.Г, Ц.Н, Т.П нарын 5 хүн материалаа өгсөн. Ингээд дээрхи 5 нэр дэвшигчийн зүгээс иргэдэд хандан өөрсдийгөө танилцуулж дууссаны дараа санал хураах үйл ажиллагааг эхлүүлсэн. Санал хураалт дуусаж Б.Б даргатай, И.Ц, М.Ч. А.Х, Б.Б нарын гишүүдтэй тооллогын комисс санал хураалтын дүн нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ нэр дэвшигч Ч.Э эхнэр тоологч А.Х  "би  саналыг тоолно" гэж хэлээд өгсөн саналын хуудсыг тоолсон гэж тооллогын комиссын гишүүд хэлсэн. Тооллогын комиссын дарга Б.Б  нэр дэвшигч Т.П  өгсөн саналын хуудсыг, тоологч М.Ч нэр дэвшигч С.С өгсөн саналын хуудсыг, тоологч И.Ц нэр дэвшигч Ц.Н өгсөн саналын хуудсыг, тоологч Б.Б нэр дэвшигч С.Г өгсөн саналын хуудсыг тус тус тоолсон байна. Тооллогын комиссын дүн гарч бие даагч Т.П -123 санал, МАН-с нэр дэвшигч С.С-110 санал, АН-с нэр дэвшигч Ч.Э-110 санал, бие даагч С.Гсанал, бие даагч Ц.Н-27 санал тус тус авсан тухай Тооллогын комиссын дарга Б.Б иргэдэд уншиж танилцуулан 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигч байхгүй тул хамгийн олон санал авсан 3 хүний дунд дахин санал хураалт явуулах учраас иргэдийг явалгүй дахин саналаа өгөх ёстойг хэлсэн. Ингээд тооллогын комиссын дарга Б.Б эргэж тооллогын комиссын гишүүд дээрээ очиход АН-с нэр дэвшигч Ч.Э өгсөн саналын хуудаснаас зөрчил илэрсэн тул дахин хяналтын тооллого хийе гэж тооллогын комиссын гишүүд болох И.Ц, М.Ч, Б.Б нар санал гаргасан. Тухайн үед тооллогын комиссын гишүүн А.Хнь гадагш гараад явчихсан байсан ба бусад гишүүд зөрчил илэрсэн талаар А.Х утсаар мэдэгдэн хурдан орж ирэхийг шаардсан ч орж ирэхгүй байсан. Ингээд тооллогын комиссын дарга Б.Б гишүүд болох И.Ц М.Ч, Б.Б нар хяналтын тооллого хийж үзэхэд нэр дэвшигч Ч.Э д  өгсөн саналын хуудаснаас нэр дэвшигч Ч.Э н  нэрийн өмнөх овгийн Ч үсгийг дугуйлсан 5, нэр дэвшигчийн нэрний өмнөх нэгийн тооны урд хий дугуйлсан нэг нийт 6 хүчингүй саналын хуудас гарч ирсэн. Тооллогын комиссын дарга Б.Б гишүүд болох И.Ц М.Ч, Б.Б,нар энэ нөхцөл байдлын тухай хоорондоо ярилцаад нэр дэвшигч Ч.Э, өгсөн 110 саналаас хүчингүй 6 саналыг хассанаар Ч.Э 104 саналтай болсон. Тооллогын комиссын дарга Б.Б иргэдэд болсон бүх процессыг тайлбарлан хамгийн олон санал авсан Т.П,С.С,нарын дунд дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн тухайгаа зарласан. Энэ үед нэр дэвшигч Ч.Э тоологч А.Х нар гаднаас орж ирсэн ба тооллогын комиссын дарга гишүүд зөрчил илэрсэн тухай хэлэхэд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байсан ч дахин санал хураалтын дүнг нэгтгэн гаргах ажиллагаанд тоологч А.Х ямар нэгэн эсэргүүцэлгүй тооллогын комиссдоо орж ажилласан. Ийнхүү дахин санал хураалт явагдаж дуусаад тооллогын комиссын дүн гарч МАН-с нэр дэвшигч С.С  161 санал буюу 42.8 хувь, бие даагч Т.П 215 санал буюу 57.1 хувийн санал авсан тухай Тооллогын комиссын тогтоолын төслийг Б.Б иргэдэд уншиж танилцуулсан. Тооллогын комиссын дарга Б.Б тогтоолын төсөл уншиж танилцуулсаны дараа тоологч А.Х  багийнхаа иргэдэд баярласнаа илэрхийлж болно биз дээ гэж хэлээд надаас микрофон авч танхимд байсан иргэдэд хандаж "Ч.Э саналын хуудсан дотор нэрний урд талын Ч үсгийг дугуйлсан 5 хуудас байжээ. Миний нөхрийг дэмжиж санал өгсөн та бүхэндээ баярлалаа" гэж хэлж байсан.Үүнийг багийн ИНХ-д оролцсон иргэдээс болон тооллогын комиссоос гэрчийн мэдүүлэг авч болно. Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн багийн ИНХ-ын дарга миний бие Т.П г багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолын төслийг иргэдэд уншиж танилцуулан баталсан. Улаангом сумын нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол хуулийн дагуу гарсан шийдвэр болохыг үүгээр тайлбарлан хүргүүлж байна. Нэгэнт 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол хуулийн дагуу гарсан шийдвэр учир багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

        Хариуцагч Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Амарсанаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргын сонгох санал хураалтыг явуулж тооллогын комисс саналын хураалтын дүнг танилцуулахдаа Т.П 123, С.С 110, Ч.Э 110 хүний санал авсан учраас эдгээр нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулна гэж зарласан. Хавтас хэрэгтэй танилцахад тооллогын комиссын 4 гишүүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар тодорхой мэдүүлсэн байна. Би нэхэмжлэгч Ч.Э г хэргийн материалтай гүйцэд танилцаагүй байна гэж хэлмээр байна. Тооллогын комиссын дарга санал хураалтын дүнгээ танилцуулаад яваад очиход тооллогын комиссын гишүүд Ч.Э саналын хуудаснаас хүчингүй саналын хуудас илрүүлсэн байсан. Энэ асуудлыг тооллогын комиссын гишүүд хоорондоо ярилцаж байхад гишүүн А.Х гараад явчихсан байсан. Миний хувьд бол 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас даргаар сонгогдож хуралдааныг удирдаж байгаа хэдий ч тооллогын комисын үйл ажиллагаанд оролцох болон шийдвэрт нь нөлөөлөх ямар ч эрх байхгүй. Тооллогын комиссын шийдвэрт хэн нэгэн нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл тооллогын комисс тухайн өдрийн санал хураалтыг удирдаж, зохион байгуулж явуулах ёстой. Миний хувьд тооллогын комиссын шийдвэрт үндэслэж тогтоолыг иргэдээр батлуулан гарын үсгээ зурсан. Тэгээд Ч.Э  саналаас хүчингүй саналын хуудас гарч ирсэн гэж тооллогын комисс үзсэн учраас дахиж хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явуулсан. Тухайн өдөр явагдсан багийн Засаг даргыг сонгох санал хураалт шударга явагдсан. Тооллогын комиссын эхний тэмдэглэл гэж яриад байсан. Надад тооллогын комисс хэрэгт авагдсанаас өөр ямар нэгэн тэмдэглэл өгөөгүй. Ч. Этөлөө өгсөн саналаас илэрсэн хүчингүй саналын хуудсыг хасаж тоолох эсэх нь тооллогын комиссын бүрэн эрхийн асуудал юм гэв.

          Гуравдагч этгээд Т.П  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалт явагдсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад гурван хүн өрсөлдөж Ж.А сонгогдож хуралдааныг удирдан явуулсан. Багийн Засаг даргад нийт таван хүн нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд МАН-аас С.Сэргэлэн, АН-аас Ч.Э, Т.П,Г, Ц.Н нар бие даан нэр дэвшсэн. Уг санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссыг Б.Б, М.Ч, И.Ц, Б.Б А.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ингээд санал хураалтыг явуулж тооллогын комисс саналын хуудсыг тоолж дуусаад Т.П123, Ч.Э 110, С.С110, Г 78, Ц.Н 27 хүний санал тус тус авсан гэж танилцуулсан. Хэсэг хугацааны дараа тооллогын комиссын дарга Б.Б буцаж гарч ирээд хүчингүй саналын хуудас гарсан тул дахин хяналтын тооллого хийх шаардлагатай болохыг зарласан. Ингээд тооллогын комисс дахин хуралдаж саналын хуудсыг дахин нягталж тоолоход Ч.Э саналын хуудаснаас 6 ширхэг хүчингүй саналын хуудас илэрсэн гэж зарлаад тоологч А.Хандхүүг утсаар дуудсан боловч ирээгүй учраас хамгийн олон санал авсан Т.П С.С нарын дунд дахин санал хураахаар болсон гэж зарласан. Удалгүй нэр дэвшигч Ч.Э эхнэр тоологч А.Х орж ирээд тайзан дээрээс хүчингүй 6 ширхэг саналын хуудас нь Ч.Э овгийн эхний үсгийг дугуйлсан байсан гэж хэлээд хүлээн зөвшөөрөөд хоёр нэр дэвшигчид амжилт хүссэн. Дахин санал хураалт С.С,Т.П хоёрын дунд явагдаж миний бие ялалт байгуулсан. Тооллогын комисст миний ах дүү, хамаатан садангаас нэг ч хүн байгаагүй бөгөөд санал хураалтыг үнэн зөв шудрага явагдсан гэж үзэж байна. Миний бие цаашид шүүх хуралдаанд оролцохгүй болно гэжээ.

         Гуравдагч этгээд С.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлдаанаар багийн Засаг даргыг сонгох санал хураалт явуулахад нэрээ дэвшүүлсэн ба багийн Засаг даргад нийт таван хүн нэр дэвшсэн. Т.123, Ч.Э-110, С.С-110, С.Г-78, Ц.Н-27 хүний санал авч, Т.П, Ч.Э бид гурвын дунд дахин санал хураалт явуулахаар тооллогын комисс шийдвэр гаргаж дарга Б.Бадрал танилцуулсан. Хэсэг хугацааны дараа тооллогын комисс Ч.Э саналын хуудаснаас хүчингүй 6 ширхэг саналын хуудас гарсан тул Т.П,С.С нарын дунд дахин санал хураалтыг явуулахаар боллоо гэж танилцуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулахаар томилогдсон төлөөлөгчид болон тооллогын комиссын хариуцлагагүй үйлдэл байсан. Иймд миний бие дахин санал хураахад ялагдаж Т.П Засаг даргаар сонгогдсон тул миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

        Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Увс аймгийн Улаангом сумын Нэгдүгээр /цаашид 1-р гэх/ баг нь 531 өрхтэй, 1929 хүн амтай тус сумын багийн нэг аж.

         1-р багийн иргэдийн Нийтийн Хурал /цаашид багийн ИНХ гэх/ 2016 оны 12 сарын 03-ны өдөр товлогдсоны дагуу тус багийн сонгуулийн насны 385 иргэн хүрэлцэн ирснээр эхэлж, багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэхтэй холбоотойгоор Тооллогын комиссыг байгуулж, ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгожээ. Энэ хүртэлх бүх үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч нь ямар нэгэн маргаан гомдол гаргахгүй байна. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчид энэ талаар маргаан байхгүй байна.

        Улмаар 1-р багийн Засаг даргад өрсөлдөхөөр Ардчилсан намаас Ч.Э, Монгол Ардын намаас С.С бие дааж Т., С.Г, Ц.Н нарын таван нэр дэвшигч нэрээ дэвшүүлэн мөн нэрийг нь дэвшүүлэн өрсөлджээ.

          Нэхэмжлэгчийн зүгээс “1-р багийн ИНХ-ын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, багийн Засаг даргын санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагад нэмэгдсэн, хасагдсан, өөрчлөгдсөн зүйл ороогүй бөгөөд анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, шүүх хуралдаанд оролцсон болно. Нэхэмжлэгч нь санал хураалтанд оролцсон нийт иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч байхгүй буюу Т.П123, Ч.Э-110, С.С-110 санал авсан гэж албан ёсоор танилцуулсны дараа хаачихсан саналын хуудсанд ямар үндэслэлээр хяналтын тооллогыг явуулж, нэр дэвшигч Ч.Э саналын хуудаснаас хүчингүй зургаан саналын хуудсыг шалган гаргаж ирсэн нь ойлгомжгүй, буруу, хууль зөрчигдсөн, өөрийнх нь эрх зөрчсөн явдал болсныг тайлбарлан маргаж байна.

         Хариуцагч нь Тооллогын комиссын дарга санал хураалтын дүнгээ танилцуулсан нь үнэн, гэвч нэр дэвшигч Ч.Э саналын хуудаснаас хүчингүй саналын хуудас илэрсэн байсан. Түүнийгээ хоорондоо ярилцаж, олонхийн саналаар нэр дэвшигч Ч.Э дахин санал хураалтанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн байсан. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас би даргаар сонгогдож хуралдааныг удирдаж байгаа хэдий ч тооллогын комиссын үйл ажиллагаанд оролцох болон шийдвэрт нь нөлөөлөх ямар ч эрх байхгүй. Тооллогын комиссын шийдвэрт хэн нэгэн нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Хариуцагчийн хувьд тооллогын комиссын шийдвэрт үндэслэж тогтоол гаргасан, Хуралдааныг хууль журмын хүрээнд явагдсан гэж татгалзлаа үндэслэж байна.

          Багийн Засаг даргад өрсөлдсөн таван нэр дэвшигчдээс бие дааж өрсөлдсөн Т.П 123 иргэний санал, Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Ч.Э 110 иргэний санал, Монгол Ардын намаас нэр дэвшин өрсөлдсөн С.С110 иргэний санал авсан, түүнчлэн нэр дэвшигч нараас нийт санал өгсөн иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч байхгүй тул дээрх гурван нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэж, нийт иргэдэд танилцуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээд Т.П[1], С.С[2] нарын тайлбар, гэрч С[3], гэрч Б[4]  нарын мэдүүлгээр нотлогдож, хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.

        Гэвч уг нөхцөл байдал өөрчлөгдөж, нэр дэвшигч Ч.Э авсан саналын хуудаснаас хүчингүй саналын хуудас гарсан гэж үзэж, урьд гаргасан танилцуулгад өөрчлөлт орсныг зарлаж, дахин санал хураалтыг бие даан нэр дэвшигч Т.П, Монгол Ардын намаас нэр дэвшигч С.С нарын дунд явуулжээ. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл, гэрч Б.Б “тооллогын комиссын дарга Б.Б санал хураалтын дүнг танилцуулж, Т.П Ч.Э С.С нарын дунд дахин санал хураалт явагдана гэж зарласан. Тооллогын комиссын дарга багийн иргэдэд танилцуулан, зарлаж байхад би А.Х тоолсон нэр дэвшигч Ч.Э  саналын хуудсыг эргүүлээд сууж байхад хүчингүй саналын хуудас дотор нь байсан. Ийм санал саналын хуудас байна гэж бодоогүй санамсаргүй эргүүлээд байж байтал гараад ирсэн тэгээд дахин нягталж үзэхэд хүчингүй саналын хуудсуудыг доошоо харуулан хийсэн байсныг илрүүлсэн. Ер нь бол анх нэр дэвшигч нарын авсан саналыг тоолохдоо бидэнд үүрэг хариуцлага байгаа, зөвхөн өмнөх дугаарыг дугуйлсан саналын хуудас хүчинтэй болохыг анхааруулж, өөр ямар нэгэн байдлаар дугуйлсан бол болохгүй шүү гэж хэлж анхааруулсан байсан болохоор тооллогын комиссын гишүүд бие биедээ итгэж байсан. Гэтэл нэг хэсэг буюу 18 орчим саналын хуудас явж байгаад нэг хүчингүй хуудсыг доош нь харуулаад хийсэн байсан. Бид дахин тоолохдоо саналын хуудас бүрийг нягталж үзэхгүйгээр тооллогын комиссын гишүүн А.Хандхүүд итгээд зөвхөн хуудасны тоо, хэдэн ширхэг байна гэдэгт л анхаарал хандуулсан” гэх мэдүүлэг[5], гэрч И.Ц “тооллогын комиссын 4 гишүүн нэр дэвшигч Ч.Э авсан саналыг дахин шалгаж үзэхэд хүчингүй зургаан саналын хуудас гарсан тул энэ байдлыг танилцуулахаар тооллогын комиссын гишүүн А.Х удаа дараа утсаар дуудахад орж ирээгүй. Тэгээд тооллогын комиссын гишүүд ярилцаад хамгийн олон саналыг авсан Т.П, С.С нарын дунд дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэж, гаргасан шийдвэрээ иргэдэд танилцуулсан” гэх мэдүүлэг[6], гэрч М.Ч “нэр дэвшигч нарын авсан саналыг тооллогын комисс тавуулаа нягталж дамжуулан тоолоогүй бөгөөд харин өөр хоорондоо нэг нь нөгөөгийнхөө тоолсон саналыг зөрүүлж тоолсон. Тооллогын комиссын гишүүд нэр дэвшигчдийн авсан саналыг зөрүүлэн тоолохдоо хуудас нэг бүрийг нягтлахгүйгээр шууд санал өгсөн цаасыг нь тоолсон юм. Тооллогын комисс хамгийн олон санал авсан нэр дэвшигч байхгүй байна гэж ярилцаад Т.П, С.С, Ч.Э нарын дунд дахин санал хураалт явуулахаар зарлая гэж шийдвэрлэсэн. Ингэж шийдсэний дараа тооллогын комиссын гишүүн А.Х шууд гараад явчихсан. Тэгээд тооллогын комиссын дарга Б.Б санал хураалтын дүнг танилцуулж, Т.Пүрэвжав, Ч.Э С.С нарын дунд дахин санал хураалт явагдана гэж зарласан. Тооллогын комиссын дарга Б.Б санал хураалтын дүнг танилцуулж байхад тооллогын комиссын гишүүн Б.Болорцэцэг нэр дэвшигч Ч.Э саналд хүчингүй хуудас явж байна шүү дээ гэж хэлсэн, тэгээд бид сандралдаад юу болов, яагаад ийм юм болов гээд саналын хуудас бүрийг нэг бүрчлэн тоолсон. Гэтэл 6 хуудас хүчингүй болж гарч ирсэн, ингэхдээ Ч үсгийг дугуйлсан байсан” гэх мэдүүлэг[7], гэрч Б.Б “тооллогын комиссын 4 гишүүн Ч.Э авсан саналын хуудсыг дахин тоолж, шалгаж үзэхэд нийт зургаан ширхэг хүчингүй саналын хуудас гарч ирсэн. Энэ байдлыг танилцуулах гэж тооллогын комиссын гишүүн А.Х удаа дараа дуудахад орж ирээгүй. Тэгээд тооллогын комиссын үлдсэн дөрвөн гишүүн ярилцаад дахин Ч.Э, С.С нарын авсан саналыг нэг бүрчлэн нягталж дахин тоолоход хамгийн олон санал авсан Т.П, С.С хоёрын дунд дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн” гэх мэдүүлэгээр тус тус нотлогдож байна.

        Хэдийгээр нэхэмжлэгч нь миний нэрийг дахин өрсөлдөх нэр дэвшигчээр зарласан байхад үүнийг хэний шийдвэрээр дахин тооллого хийж, хүчингүй саналын хуудсууд гаргаж ирсэн нь ойлгомжгүй, буруу болсон гэж маргаж байгааг, түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр миний нэртэй саналын хуудас С.Сэргэлэнгийн саналын хуудаснаас гарч ирсэн, бусад нэр дэвшигч нарын авсан саналын хуудсанд минийхтэй ижил зөрчил гарсан гэж тайлбарлаж байгааг тус тус хүлээн авах боломжгүй байна. Учир нь тооллогын комисс нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан урьд гаргасан шийдвэртээ өөрчлөлт оруулан дахин танилцуулах шийдвэр гаргасан энэ нь хамтын шийдвэр байсан болохыг тооллогын комиссын гишүүд өөрсдөө гэрчилж мэдүүлсэн, хүчинтэй гэж тооцогдсон саналын хуудаснаас хүчингүйд тооцох саналын хуудас гарсан нь уг үндэслэлээр сонгуулийн дүнг өөрчлөх боломжгүй, энэ талаар шийдвэрлэсэн Тооллогын комиссын тогтоолтой маргаагүй, хүчингүй саналын хуудсыг тооцсон ч сонгуулийн дүнд өөрчлөлт орох боломжгүй байна.

         ИНХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан бөгөөд өөрт хадгалагдах онцгой бүрэн эрхүүдээ хэрэгжүүлэх гол боломж нь анхдугаар хуралдаан байна. Улаангом сумын 1-р багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар багийн ИНХ-ын даргыг сонгохтой, Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэн сонгохтой, хуралдааны дэг батлахтай болон анхдугаар хуралдааны хугацаанд ажилласан Тооллогын комиссын шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч нь ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин багийн Засаг даргад өргөн мэдүүлсэн багийн ИНХ-ын тогтоолыг хүчингүйд тооцуулж, үүний үр дагаврыг шийдвэрлүүлэх буюу багийн Засаг даргын санал хураалтыг дахин явуулахыг даалгаж өгөхийг хүссэн байдаг.

          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д: “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ... сум, дүүргийн Засаг даргад өргөн мэдүүлэх” бүрэн эрхийг зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хуралд хадгалан хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд ... аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж хуульчилжээ. Тэгэхээр 1-р баг нь аймгийн төвийн сумын баг бөгөөд нийт 531 өрхтэй үүнээс 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирвэл хүчинтэйд тооцогдох ба хуралдаанаар маргаан бүхий асуудлыг хэлэлцэхэд нийт 456 иргэн санал өгсөн нь хангалттай ирцтэйгээр багийн ИНХ-ын хуралдаан явагдсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д нийцсэн гэж үзнэ.

       Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д: “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ... багийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д: “ баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд .... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаатанд санал болгоно” гэжээ. Маргаан бүхий Улаангом сумын 1-р багийн ИНХ-ын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол нь дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Хурлын дарга гарын үсэг зурсан, тус багийн Хурлын хуралдаанаар хэлэлцэгдсэн хууль ёсны шийдвэр болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож, хуульд нийцсэн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Ч.Эрдэнэ-Очирын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

         Маргаан бүхий захиргааны акт[8] нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6, багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтын дүнгийн тухай тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн гарсан байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д багийн Засаг даргад нэр дэвшигч ямар шаардлага хангасан байхыг хуульчилсан бөгөөд Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хүлээж авсан, шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулагдсан материалаас үзэхэд дээрх хуулийн заалт шаардлагад нийцсэн материалыг багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн иргэд дор бүрнээ хангасан байсан ба нэхэмжлэгч нь уг үндэслэлээр маргахгүй байгааг тэмдэглэж байна.

        Тооллогын комиссын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор[9] 1-р багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтаар нийт санал өгсөн сонгогчдын /иргэдийн/ 57.1 хувийн санал авсан нэр дэвшигч Төмөрхүүгийн Пүрэвжавыг багийн Засаг даргад өргөн барихаар Хуралдаанд уламжилжээ. Тэгэхээр уг тогтоол нь хамтын удирдлагын зарчмаар хэн нэгнээс хараат бусаар гарсан болох нь тооллогын комиссын гишүүдийг гэрчээр асууж авсан тайлбар, уг хуралдааны зохион байгуулалтыг хариуцан ажилласан төрийн албан хаагчдын гэрчийн тайлбараар батлагдаж байна. Хариуцагчийн хуралдааныг би удирдаж байгаа хэдий ч тооллогын комиссын үйл ажиллагаанд оролцох болон шийдвэрт нь нөлөөлөх ямар ч эрх байхгүй. Тооллогын комиссын шийдвэрт хэн нэгэн нөлөөлөх ямар ч боломж байхгүй гэх тайлбарыг няцаах баримт алга байна.

         Иймд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудыг тал бүрээс үнэлж дүгнээд маргаан бүхий акт нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн тул “багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” шаардлагыг мөн хангах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр иргэн Т.П, С.С нарыг татаж, шүүгчийн захирамж гарсан байдаг ба уг гуравдагч этгээдүүд нь шүүхэд хандан бие даасан шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул тэднийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр урьд гаргасан тайлбарыг нь шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.

      Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсанаар мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

       1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2–д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ч.Э-оос Улаангом сумын Нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Улаангом сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад өргөн мэдүүлж, нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      У.БАДАМСҮРЭН