Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00821

 

Т.Даулетханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэр,        

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2017/00033 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Даулетханы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох,

Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Алмагүлийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орсон юм. 2014 онд манаачийн орон тоо цомхотгогдож, үүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл галчаар ажиллаж байсан юм. Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн юм. Тухайлбал уг тушаалд үндэслэл болгосон хуулийн заалтын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг үндэслэсэн байна.

Өөрөөр хэлбэл ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн мэтээр уг тушаалын хуулийн үндэслэлийг бичжээ. Гэвч миний бие өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Мөн тушаалынхаа гарчигт ажлаас чөлөөлөх тухай хэмээн бичсэн атлаа сахилгын шийтгэл ногдуулсан мэтээр хуулийн заалтыг давхар оруулсан байна. Ажлаас чөлөөлөгдөх үндэслэл хэдхэн байх боловч сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нөгөө талаар миний бие ажлын бус цагаар, бүх нийтээр амрах өдөр буюу орон нутгийн сонгуулийн үед цайллагад байх хугацаанд дарга М.Алмагүл нь намайг ажилдаа хүчээр дуудаж ирүүлээд, улмаар хэрүүл үүсгээд цагдаа дуудаж, намайг эрүүлжүүлэгт хийгээд, торгуулийн арга хэмжээ авахуулсан юм. Үүнийг далимдуулан надад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэгэнт би цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авахуулж, сахилгын шийтгэл ногдуулж байсан ба байгууллагын даргын зүгээс намайг архи уусан хэмээн үзэж дахин сахилгын арга хэмжээ авсан юм. Нэг зөрчилд хоёр удаа шийтгэгдэж байгаа явдал маань шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Нэгэнт ажлын бус цагаар намайг архи ууж, хэрүүл хийсэн хэмээн цагдаагийн байгууллагаас торгуулийн шийтгэл ногдуулж байсан тул ажлын байранд архидан согтуурсан хэмээн дахин шийтгэл ногдуулах нь буруу хэмээн үзэж байна.

Иймд урьд эрхэлж байсан галчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Т.Даулетхан нь тус эмнэлэгт галч гэсэн тушаалаар хоёр ээлжээр ажилладаг нөгөө ээлжид М.Маратбек гэдэг залуу ажилладаг ба тэд нэг хоног амраад ээлжтэй өдөр нь өглөө, өдөр орой 3 удаа ирж байгууллага доторх жижиг оврын зууханд гал түлэх үүрэг хүлээсэн байдаг. Т.Даулетхан нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр галчийн ээлжтэй байхдаа архидан согтуурч улмаар байгууллагын зууханд гал түлэлгүй, галчийн үүргээ биелүүлэлгүй, халаалтын тоног төхөөрөмж, шугамыг эвдэж гэмтээснээс байгууллагын дарга хариуцдаг ажилтнууд цугларч нөгөө ээлжийн галч М.Маратбекийг ажиллуулахад галч Т.Даулетхан нь ойр хавийн хүмүүст агсарч, хэл амаар дайрч доромжлон танхайрсан.

Бид арга ядаад цагдаа дуудсан. Ирсэн цагдаад Т.Даулетхан нь хэл амаар дайрч, халдахаар зүтгэж эсэргүүцсэн энэ үед цагдаа нар Т.Даулетханыг аваачаад эрүүлжүүлсэн юм. Гэвч байгууллагын ажилтан гэж өрөвдөж бид эрүүлжүүлэхэд хонуулахгүй гэсэн боловч цагдаагийн офицертой үг зөрж эрүүлжүүлэхэд хоносон. Энэ эсэргүүцэл нь цагдаад халдах гэсэн үйлдэлд нь цагдаагийн байгууллага торгосон байна. Бид цагдаагийн торгосон байдлыг мэдэхгүй. Харин Т.Даулетханы Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох хууль, заалтыг ноцтой зөрчсөнд нь хариуцлага болгон ажлаас чөлөөлсөн юм. Тушаалыг өөрчлөх, Т.Даулетханыг дахин ажиллуулах боломжгүй гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЮ66050317 Жадик овогт Тумарбайн Даулетханыг Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Даулетхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2017/00033 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Тус “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төвийн галч ажилтай Т.Даулетханыг тус өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл би 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай тушаалаараа ажлаас чөлөөлсөн юм. Уг тушаалд Т.Даулетханы гаргасан зөрчлийг тодорхой бичсэн байгаа.

Энэ эмнэлэгт 2 ээлж галч ажилладаг галч нар манаач, сахиул биш боловч өглөө эрт, өдөр, орой-шөнөдөө ирж байгууллагын дотор гал түлж энэ үедээ эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг үзэж хамгаалдаг юм. Харин гол үүрэг нь 2016 он 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн хамтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.13 дахь заалтын дагуу “Эмнэлгийн халаалтыг стандарт /хэвийн/ хэмжээнд нь барьж хуваарийн дагуу 22°-аас 25° градусаас доошгүй байлгах ёстой юм. Ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй буюу үүргээ зөрчсөн тохиолдолд ажиллуулагч гэрээг цуцлах эрхтэй гэж энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8-д тодорхой тусгаж өгсөн байгаа. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8-д заасан зүйлийг буюу “Ажлын үед ажлын газарт согтуугаар ажилласан” бол гэсэн заалтыг Т.Даулетханыг ажлаас чөлөөлөхдөө тус тус зөрчсөн гэж үндэслэлсэн юм.

...Т.Даулетхан М.Маратбек нарын гал түлж байсан, ажлын цаг ашиглалтын бүртгэлийг хүргүүлсэн байгаа. Энэ цагийн бүртгэлд М.Маратбек, Т.Даулетхан нарын ажлын цагийг, гарсан ажилласан өдрийг тодорхой бичсэн бөгөөд бүртгэлийг байгууллагын цаг ашиглалтыг хариуцсан дүн бүртгэгч Х.Замира нотолж бүргэлийн тухай шүүхэд нотлох баримтаар өгсөн юм. Т.Даулетхан ажилдаа согтуу байж, албаны үүрэгтээ хариуцлагагүйгээр хандаж халаалтын шугам эвдэрч, их хэмжээний ус алдагдсан. Тухайн өдөр Т.Даулетханы галлах ээлжийн өдөр байсныг байгууллагын дүн бүртгэлийн ажилтан Х.Замира болон нэг ээлжийн галч М.Маратбекийн нотариатаар гэрчилсэн нотлох баримт авагдсан бөгөөд энэ нь хэрэгт байгаа. Тэд юу болсныг нүдээрээ үзэж, үнэн зөвөөр бичсэн юм. Халаалтын шугмын гэмтэлд засвар хийсэн ба учирсан хохирлын талаар Өлгий сумын ЗДТГазрын дарга Х.Бердений тодорхойлолтыг хариуцагч нар хэрэгт нотлох баримтаар хавсаргасан ба энэ нь мөн Т.Даулетханы үйлдсэн гэм бурууг нотлож байгаа баримт юм. Цагдаагийн газрын мэдэгдлээр Т.Даулетхан нь “Шипагер” өрхийн эмнэлэг дотор согтуу байхдаа цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсэнээр ЗХТХ-н 30 дугаар зүйлээр хариуцлага хүлээснийг гэрчилсэн баримт юм. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтанд галч буюу ажилтан ямар үед ажлаас чөлөөлөгдөх ёстой болохыг тодорхой дурдсан бөгөөд гэрээ болон журамд Т.Даулетхан өөрөө гарын үсгээ зурсан бөгөөд зурснаа шүүх хуралд хүлээн зөвшөөрсөн байгаа. Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа байгууллага аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн гэрээнд “архидан согтуурлын” тухай бичиж ажлаас чөлөөлнө гэж тусгагдсан байдгийг хэн ч мэдэх билээ.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь ...нэг талыг барьж зөрчил гаргагч этгээдэд ашигтайгаар шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Учир нь шүүх үндэслэх хэсэгтээ “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсохоор ноцтой зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна” гэжээ. Мөн “Хөдөлмөрийн гэрээний он cap эргэлзээтэй” гэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т заасан “Хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бол сунгагдсанд тооцно” гэсэн заалтыг хайхарч үзээгүй, баримтлаагүй юм. Тэгсэн мөртлөө Т.Даулетхан нь хөдөлмөрийн гэрээнд байгаа гарын үсгийг зөвшөөрч байсан” гэж залруулжээ. “Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгөөгүй, өгсөн нь нотлогдоогүй”-гээс ажилтан ажлаас буруу чөлөөлөгдсөн мэтээр бичиж нэг талыг барьж хуулийг буруугаар тайлбарлажээ. Түүнээс гадна хөдөлмөрийн гэрээнд “Халаалтаа 22°-оос 25° хэмийн халуун байлгана” гэж бичсэнийг илтэд буруу болгон тэр өдөр халаалт стандарт хэмжээнд байсан эсэх, ямар хувиараар галлах эсэх нь тодорхойгүй гэж өдөрт 3 удаа өглөө, өдөр, орой /шөнийн шилжих үед/ галладаг юм гэж нэхэмжлэгч, хариуцагч нар нотлоод хэлж байхад тодорхойгүй” мэтээр бичиж тэр өдөр Т.Даулетхан нь галлах ёстой биш байсан мэтээр түүнд дэндүү тал татсан байдлаар илтэд зөрчил гаргасан хүнийг “олон жил ажилласан олон хүүхэдтэй банканд зээлтэй байхад ялимгүй зүйлээр халагдсан” гэсэн байдлаар үзэж нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн нь тодорхой байна.

Ажилтныг өрөвдөж болно зөрчилтэй нь эвлэрч хэрхэвч болохгүй юм. Үнэнч шударгаар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж ажилласан бол Т.Даулетханыг хэн ч мууг нь үзэхээр оролдохгүй. Харин ч олон жил түүний зөрчил дутагдлыг өмгөөлсөн, эвлэрч хамгаалж ирсэн. Тэрээр сүүлийн үед архи уун согтуурч хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн нь олширсон бөгөөд хайр, хүндэтгэлийг даагаагүй юм. Хэдийгээр шүүхээс гадна бид ч гэсэн түүнийг өрөвдөж байгаа боловч би шийдвэрээ өөрчилж чадахгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төв нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмын холбогдох заалт, Цагдаагийн газрын мэдэгдэх хуудас зэргийг үндэслэж, нэхэмжлэгч Т.Даулетханыг ажлын байранд согтуурсан, албан үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж, гал түлээгүйн улмаас дулааны шугам хоолойг гэмтээж, ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.

Нэхэмжлэгч Т.Даулетхан нь ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хариуцагч уг шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан шинжилж, ажилтан зөрчил гаргасан эсэх, гаргасан бол зөрчлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болгох ноцтой гэж үзэх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх зүйн үүднээс тайлбарласан байна.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Хуулийн энэ зохицуулалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд ажилтан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, уг зөрчил нь ноцтойд тооцогдох талаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байх учиртай байна.

Хоёр шатны шүүх “Шипагер” эмнэлэг нь хоёр галчтай ба 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Т.Даулетханы ээлж байсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзсэнээс гадна хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчлийн талаар талууд хөдөлмөрийн гэрээгээр тухайлан тохиролцоогүй болохыг шийдвэр, магадлалын үндэслэл болгосон байна.

Маргааны үйл баримтын талаар нотлох баримтад тулгуурлан бүрэн эрхийн хэмжээнд гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлийг заасан байх ба хариуцагчийн гомдлын агуулга эдгээр үндэслэлд хамаарахгүй байна. Хариуцагч гомдолдоо шүүх ямар хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой ямар хуулийг хэрэглээгүй болохыг заагаагүйгээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн зөрчсөн талаар тусгаагүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах асуудлыг зохицуулсан зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2017/00033 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.          

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН