Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2023/00030

 

 *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 31-ний өдрийн 138/ШШ2023/0*******71 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 450,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь миний өмчлөлийн байр болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ-ын *******-р байрны ******* тоот байрыг 2020 оны 4 сарын 12-ноос 6 сарын хугацаатайгаар, 1 сарын 120,000 төгрөгийн хөлстэйгөөр түрээсэлсэн. Ингэхдээ түрээсийн төлбөрөө 5 сард багтааж 3 сарын түрээсийн төлбөрийг бөөнөөр нь төлөхөөр тохиролцсон. Гэвч тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй бөгөөд элдэв зовлон тоочиж, өгнө гэж явсаар 7 сарын дунд хүргэсэн. ******* нь надад хэлэлгүйгээр байрнаас нүүгээд явсан байсан. Утсаар асуухад эгч маань мөнгийг удахгүй төлнө гэж хэлсэн боловч сүүлдээ утсаа ч авахаа больсон. Нэг удаа гадуур явж байгаад тааралдаж мөнгөө нэхэхэд удахгүй гэрт чинь аваачиж өгнө гээд мөн л алга болсон. Түүнд холбогдуулж иргэний үнэмлэхийнх нь хаягаар Налайх дүүргийн шүүхэд хандахад хариуцагчийн хаяг тодорхойгүй учраас хаягийг тодруулах шаардлагатай гэсэн. Үүний дагуу Дорнод аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, хаягийг тодруулсаны үндсэн дээр нэхэмжлэлээ гаргаж байна. Байрны түрээсийн төлбөр 360,000 төгрөг, алданги 180,000 төгрөг, нийт 540,000 төгрөг болсон ба үүнээс надад 60,000 төгрөг өгсөн байгаа. 

Иймд *******ээс түрээсийн төлбөрт 480,000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 550,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө 100,000 төгрөг төлсөн баримтаа гаргаж өгсөн учраас уг мөнгийг нь хасч 450,200 төгрөгөө нэхэмжилнэ. Хүний байранд суучихаад баригдахгүй юм шиг хаяад явсан. Араас нь хөөцөлдөж, олох гэж их явсан. Гурван жил болж байна шүү дээ. Энэ хүнтэй гэрээ байгуулаагүй бол ард нь хохироод үлдэх нь байна. Хүний цаг хугацааг үнэлдэг байх хэрэгтэй гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байрнаас нь гарахдаа мөнгийг нь өгөх боломжгүй байсан. Учир нь эгч маань надад байрны мөнгө өгсөн боловч тухайн үед манай хүүхэд нас барж, оршуулгын зардалд нь хэрэглэсэн юм. Ингээд би энэ учир байдлаа хажуу айлын өвгөнд хэлж, байрны түлхүүрийг нь өгөөд орхисон. ******* над руу нэг ч удаа ярьж байгаагүй. Миний утасны дугаар одоо хүртэл хэвээрээ байгаа. Алданги нэхнэ гэж байна. Байрны гэрээ гэсэн канондсон цаасан дээр бид хоёр гарын үсэг зурсан. Энэ гэрээ нь нотариатаар баталгаажуулж байж албан ёсны хүчин төгөлдөр болох байсан гэж би ойлгож байгаа. Гэрээн дээр алдангийн талаар тусгасан гэдгийг ч би мэдээгүй. Тиймээс алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 360,000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнээс хүүхдийн мөнгө орохоор нь 60,000 төгрөг, 100,000 төгрөгөөр өгсөн. Тиймээс үлдсэн 200,000 төгрөгийг л төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Би одоогоор ажилгүй байгаа учраас бүхэлд нь өгөх боломжгүй байна. Энэ талаараа ч *******д учирлаж хэлж байсан гэв.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт *******0,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,156 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 9,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Би Хэрлэн сумын 6-р багт байрлах Ивээл хорооллын *******-р байрны ******* тоот байрыг хариуцагч *******т 2020.4.12-ны өдрөөс 2020.10.12-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 1 сарын 120,000 төгрөгийн хөлстэйгөөр, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоногийн 0.1 хувиар бодож алданги тооцохоор харилцан тохирч гэрээ байгуулсан. Гэрээний нэмэлт нөхцөлд түрээслэгч ******* нь 2020 оны 5 сард багтааж эхний 3 сарын төлбөр болох 360,000 төгрөгийг төлөхөөр тусгасан. Гэтэл ******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 2 жилийн дараа 2022.10.06-ны өдөр 100,000 төгрөг, 2022.10.19-ний өдөр 60,000 төгрөг төлсөн. 2020 оны 6 сараас алданги тооцож эхэлбэл 2020 оны 10 сар хүртэлх алданги *******6,720 төгрөг болж байна. Гэвч алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учир би зөвхөн 180,000 төгрөгөөр алданги тооцож нэхэмжилсэн.

Зүй нь *******ийн 2022 оны 10 сард төлсөн 160,000 төгрөгийг гэрээний дагуу алдангид тооцож бодох ёстой байсан ба алдангиас төлөөгүй үлдсэн 20,000 төгрөгийг байрны төлбөр болох 360,000 төгрөг дээр нэмж 380,000 төгрөгийг надад олгуулах байсан. Гэтэл шүүгч алданги болох 160,000 төгрөгийг яагаад үндсэн төлбөр болох 360,000 төгрөгөөс хасаж тооцсон үндэслэлээ бичээгүй байна.

Иймд 160,000 төгрөгийг алдангиас хасаж тооцуулья.

2. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуулийн ямар заалтын дагуу нэхэмжлэх үндэслэлгүй гэж тогтоосон нь тодорхойгүй байна. ******* нь намайг хохироогоогүй бол энэ зардал гарахгүй байсан. Тэгэхээр хохирсон дээр нь хохирооно гэсэнтэй утга ижил болсон тул түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг эрэн сурвалжлуулсны 70,200 төгрөгийг *******ээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Хэдийгээр миний нэхэмжлэл бага үнийн дүнтэй ч цаашид сургамж болох үүднээс давж заалдах гомдол гаргаж байна. Иймд үүнийг нягтлан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 5. Хариуцагч ******* давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

3. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагатай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан байрны түрээсийн төлбөр 360,000 төгрөг, алданги 180,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 610,200 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 160,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 450,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс алданги болон улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг эс зөвшөөрч маргажээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч нь 2020 оны 5 сард багтааж 3 сарын хөлс болох 360,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч 160,000 төгрөгийг төлсөн, үлдэх 200,000 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлөөгүй, мөн гэрээнд зааснаар энэ хугацааны алданги төлөх ёстой тул 2020 оны 4-6 саруудын хөлс 200,000 төгрөг, алдангид 180,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 450,200 төгрөг нэхэмжилнэ. гэж тодорхойлсон.

6. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох орон сууцны 3 сарын буюу 2020 оны 4-6 саруудын хөлс 360,000 төгрөгөөс 160,000 төгрөгийг төлсөн тул 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс алданги болон улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг эс зөвшөөрч байна. гэж тайлбарлан мэтгэлцсэн.

7. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ ******* дугаар байрны ******* тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 16 м2 талбай бүхий орон сууцыг хариуцагч *******т 2020 оны 4 сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, нэг сарын 120,000 төгрөгийн хөлстэйгөөр хөлслүүлэхээр, мөн гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, талууд 2020 оны 5 сарын 18-ны өдөр Байр түрээслэх гэрээ-г байгуулсан үйл баримт тогтоогджээ. /хх 4х /

8. Талууд гэрээгээ байр түрээслэх гэрээ гэж нэрлэснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

9. Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-т зааснаар Орон сууц хөлслөх гэрээ гэдэгт хөлслүүлэгч нь гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн мэдэлд шилжүүлэх, харин хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон орон сууцны хөлсийг төлөх үүрэгтэй холбогдсон эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн хооронд хийгдсэн хэлцлийг ойлгоно.

10. Зохигчид орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч хөлслөгчид эд хөрөнгө шилжүүлсэн, хөлслөгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 360,000 төгрөг төлөхөөс 160,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 200,000 төгрөгийг төлөх талаар хариуцагч маргаагүй, харин гэрээнд заасны дагуу алданги 180,000 төгрөгийг болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус хариуцагч төлөх үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

11. Хариуцагч ******* нь гэрээнд зааснаар эхний 3 сарын төлбөр болох 360,000 төгрөгийг 2020 оны 5 сард төлөхөөр тохирсон боловч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх ба 2022 оны 10 сарын 06-нд 100,000 төгрөг, 2022 оны 10 сарын 19-нд 60,000 төгрөгийг тус тус төлсөн боловч 2022 оны 10 сар хүртэл хугацаанд нийт гүйцэтгээгүй үүрэг болох 360,000 төгрөгийн алданги нь *******6,720 төгрөг болсныг нэхэмжлэгч 180,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар зохицуулсан.

Хуульд зааснаар анз буюу алданги нь гэрээний аль нэг тал гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын нэг төрөл бөгөөд гэрээний талууд алданги төлөх талаар гэрээгээр тохирч, бичгээр байгуулсан байхыг шаарддаг.

Нэхэмжлэгч хариуцагч нарын дунд бичгээр байгуулагдсан гэрээний 3.4-д зааснаар хариуцагч нь хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд хоног тутамд 0,1 хувийн алданги төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байна. /хх-4х /

Анхан шатны шүүх анзыг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 200,000 төгрөг гэж үзэн, түүний 50 хувиар тооцож хариуцагчаас гаргуулсан нь буруу байх бөгөөд алдангийг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх ёстой байсан 360,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний буюу 180,000 төгрөгөөр тооцон хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

12. Нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүргийг нэхэмжлэхийн тулд түүний оршин суух хаяг тодорхойгүйн улмаас түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төсвийн орлогод төлсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогджээ. /хх-7-8х/

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслүүлэгч нь .... хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд 3 сарын турш хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ үргэлжлэх боломжгүй болсон байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас хөлс төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнийг эрэн сурвалжлахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзнэ.

Анхан шатны шүүх дээрх хохирлыг ... хуульд заасан эрх үүргээ эдлэхдээ гаргасан зардлыг хохиролд тооцохгүй. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагч *******ээс дээрх хохирлыг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

13. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,156 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2023/0*******71 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 450,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж, 2 дахь заалтын ... 56.2 ... гэснийг ... 56.1 ... гэж, ... 9,650 төгрөгийг ... гэснийг ... 14,156 төгрөгийг ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,156 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

 

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

 

Ц.ЭРДЭНЭЗУУ