Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 15-р хороо Чингисийн өргөн чөлөө Эм Эн Эм Ти плазагийн 405 тоотод байрлах “АССЭ” ХХК-ний /РД: 5224144, УБ 9011149074/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 135-р байрны 03 тоотод оршин суух Сартуул овогт Цэцэгжаргалын Батжаргал /РД: ЕП90021210/-д холбогдох

Орон сууц худалдан авсан үнийн үлдэгдэл 2.500.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг гаргуулах, Замын-Үүд сумын 1-р багт байрлах 135-р байрны 63 тоот орон сууцны талбайн хэмжээг 43.018 мкв-т болохыг тогтоолгох, байрны үнийг 43.018.000 төгрөг болгон бууруулан тогтоолгох, мкв-тын зөрүү 6.982.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АССЭ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “АССЭ ХХКомпаниас 2011 оны 12 дугаар сарын 09-нд Замын-Үүд сумын 1-р багт байрлах 135-р байрны 63 тоот орон сууцыг 52.850.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож уг байранд одоо хүртэл амьдарч байна. Байрны үнийг хэсэгчилж төлөхөөр тохиролцсон бөгөөд 2011 оны 12 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын хугацаанд 50.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Байрны төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Батжаргал нь үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сард төлж дуусгахаар амлаж гарын үсэг зурж хүсэл зорилгоо илэрхийлсэн байгаа. Гэтэл үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төлөхгүй байх тул алданги 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөгийг Ц.Батжаргалаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Батжаргал нь 2011 оны 12 дугаар сарын 28-нд Замын-Үүд сум дахь 135 дугаар байрны 65 тоотын мөнгийг дутуу төлсөн бөгөөд үлдэгдэл 2.500.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Ц.Батжаргалтай байрны метр квадратыг 1.000.000 төгрөгөөр тохирч 52.800.000 төгрөгөөр тохирч уг байрыг зарсан. Ц.Батжаргалтай 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж уулзах Ц.Батжаргал нь Эрээн-Замын-Үүд хооронд хүн зөөж мөнгө олдог юм. Одоо үлдэгдэл мөнгийг төлөх боломж байхгүй байна. Надад хугацаа өгөөч 2015 оны 07 дугаар сар гэхэд үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна гэсэн юм. Иймд орон сууц худалдан авсан үнийн үлдэгдэл 2.500.000 төгрөг, алданги гэрээний дагуу 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2011 оны 12 дугаар сарын 28-нд худалдан авсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байрны 63 тоот байрны үнийг төлж барагдуулсан. Тухайн байрны эзэмших эрх нь Ц.Батжаргал миний эзэмшилд 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №000152380, Ү-071400772 эзэмших эрхийн гэрчилгээгээр шилжсэн тул АССЭ ХХК-аас нэхэмжилсэн 3.750.000 төгрөгийг хариуцахгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. 2011 онд АССЭ ХХК нь барилга бариад бусдад худалдан борлуулах үйл ажиллагааг хийсэн. Тухайн үед компанийг төлөөлж Нямаа гэдэг хүнтэй Цэцэгжаргал ярилцаад 63 тоот байрыг худалдан авахаар тохиролцсон. Ц.Батжаргал нь Цэцэгжаргалын төрсөн хүүхэд нь байгаа юм. Байрыг гэр бүлдээ худалдан аваад гэрчилгээг Ц.Батжаргалын нэр дээр гаргуулахаар тохиролцсон. Тухайн үед уг байрыг 50.000.000 төгрөгөөр худалдаж авахаар ярьсан, 52.850.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоогүй, 50.000.000 төгрөгөөр тохиролцсон, худалдан борлуулагч тал гэрчилгээг гаргаж өгнө мөнгөө төл гэдэг асуудал тавьсны үүднээс 50.000.000 төгрөгийг төлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Тийм ч учраас “АССЭ” ХХК орон сууцыг Ц.Батжаргалын өмчлөлд шилжүүлсэн. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр эдний хооронд огт хийгдээгүй. Гэрчилгээ гаргаж өгчихөөд 2.500.000 төгрөг төл гэсэн асуудал 2015 онд гарч ирсэн. Байрыг худалдан борлуулж байх үед метр квадратыг 1.000.000 төгрөгөөр зарж байсан. Тиймээс гэрчилгээн дээр бичигдсэн метр квадратаар байрны үнийг нэхэмжилж байна гэсэн.  Гэтэл нэхэмжлэл гаргасан компани нь эрх зүйн чадамжгүй этгээд гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэлд хавсаргагдаж ирсэн аж ахуй нэгжийн гэрчилгээний арын нэмэлт өөрчлөлтөн дээр 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс  2014 оны  06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үйл ажиллагаагаа сунгахаар хүсэлт өгөөд үйл ажиллагаа явуулах хугацааг тодорхойлоод заасан байгаа юм. Иймд уг компани нь үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасан байдаг. Метр квадратын зөрүүнээс болоод маргаан гарахаар уг компани олддоггүй, буцаад нэхэмжлэл гаргах болохоороо тамга дарсан цаас гараад ирдэг мөн итгэмжлэл энэ хүнд олгосон байгаа юм. Бид хэлэлцэн тохиролцсноор үүргээ биелүүлчихсэн байгаа байрны шударга өмчлөгч мөн гээд анхан, давах, хяналтын шатны шүүх тогтоогоод өгчихсөн байгаа. Анх байрыг худалдан авахдаа үнийг тохирчихсон, тохирсон үнийг төлсөн учраас улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөд байрны эзэмшигч мөн гээд тогтоогдсон байгаа учраас төлбөрийг төлөхөөс татгалзаж байна” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Үүрцайх шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Батжаргал нь өөрийн ээж Цэцэгжаргалын хамтаар 2011 оны 12 сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байр 63 тоот байрыг АССЭ ХХК, түүний борлуулагчаас худалдан авсан. Төлбөр мөнгийг анх хэлэлцэн тохирсон дагуу төлж 000152380 Ү-0714001772 эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Батжаргал эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 318-р шийдвэрээр баталгаажуулж өгсөн байдаг. Өмнө нь ямар нэгэн маргаангүй байж ирсэн бөгөөд АССЭ ХХК-иас 4 жилийн хугацааны дараа гэнэт мөнгө нэхэмжилж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарч ирсэн. Миний бие тэр шатанд талбайн хэмжээнээс хамааралтайгаар маргаан үүсгэж байгаа болно. АССЭ ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байр 63 тоот 2 өрөө байрыг 52.85 м2 талбайтай хэмээн тооцож м2-ийг 1.000.000 төгрөгөөр бодон зарсан болох нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 254-р зүйлийн 254.2-д заасныг үндэслэн талуудын хооронд байгуулсан орон сууцны үнийг бууруулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг үндэслээд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хэмжилтийн эрх бүхий Вендо ХХК-ний тайланг үндэслэн АССЭ ХХК-ний борлуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байр 63 тоот 2 өрөө байрыг 52.85 м2 талбайтай байрыг 43.018 м2 талбайтай болохыг тогтоолгох, АССЭ ХХК-иас 52.85 м2-ийг 1 сая төгрөгөөр тооцон борлуулсан 52.850.000 төгрөгийн үнэ бүхий Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байр 63 тоот 2 өрөө байрны үнийг 43.018 м2 талбайн хэмжээгээр нь тооцон 43.018.000 төгрөг болгон үнийг бууруулж тогтоолгох, дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагын үндсэн дээр АССЭ ХХК-иас 6.982.000 төгрөгийг гаргуулах зэрэг нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гансүх сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрхгүй байна. Энэ талбайн хэмжээний асуудлаар хариуцагч тал сөрөг нэхэмжлэл 2015 онд гаргаж байсан энэ асуудлаар Улсын Дээд шүүх хүртэл хэрэг нь хянагдаад шийдвэрлэгдсэн асуудал. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.  

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Нэхэмжлэгч АССЭ ХХК нь хариуцагч Ц.Батжаргалд холбогдуулан орон сууц худалдан авсан үнийн үлдэгдэл 2.500.000 төгрөг, алданги 1.250000 төгрөг нийт 3.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн орон сууцыг 50.000.000 төгрөгөөр тохиролцож авсан, төлбөрийг төлсөн. Мөн компани эрх зүйн чадамжгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. Тэрээр татгалзлала анх байрыг худалдан авахдаа үнийг 50.000.000 төгрөгөөр тохиролцож, тохирсон үнийн дүнг төлсний үндсэн дээр байрны эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн, мөн тухайн компаний улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтөнд ажиллах хугацааг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс  2014 оны  06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж сунгаж бүртгэсэн байсан уг хугацаа нь дуусч компани эрх зүйн чадамжгүй этгээд болсон учраас төлбөрийг төлөх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа болно.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “АССЭ” ХХК нь хариуцагч Ц.Батжаргалд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 135 дугаар байрны 63 тоот 52,85мкв талбайтай орон сууцыг метр квадратыг 1.000.000 төгрөгөөр буюу 52.850.000 төгрөгөөр худалдахаар, Ц.Батжаргал нь үнийг цувуулж өгөхөөр тохиролцож, улмаар Ц.Батжаргал нь орон сууцны үнээс 50.000.000 төгрөгийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж орон сууцыг эзэмшил буюу өмчлөлдөө авсан, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төлөөгүй үйл баримт болсон байна. Уг үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэлт гаргасан тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-36/, Давж заалдах шатны шүүхийн 54 дугаартай магадлал /хх-7-17/, Улсын дээд шүүхийн 161 дугаартай тогтоол /хх-18-22/, хариуцагч Ц.Батжаргалын бичсэн тайлбар /хх-47, 58/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “АССЭ” ХХК хариуцагч Ц.Батжаргал нар нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Ц.Батжаргалаас орон сууц худалдаж авсан үнийн үлдэгдэл 2.500.000 төгрөгийг шаардах эрхтэй. Харин алданги 1.250.000 төгрөгийг  шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар “АССЭ” ХХК Ц.Батжаргал нар нь харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл болох худалдагч “АССЭ” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 135 дугаар байрны 63 тоот 52,85мкв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй худалдан авагч Ц.Батжаргалын өмчлөлд шилжүүлсэн, харин Ц.Батжаргал хэлэлцэн тохиролцож метр квадратыг 1.000.000 төгрөгөөр тооцож 52.850.000 төгрөг төлөхөөс 50.000.000  төгрөгийг төлж худалдан авсан хөрөнгө болох орон сууцыг хүлээн авсан тул орон сууцны үнийн үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч “АССЭ” ХХК нь “захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” гэрээний дагуу орон сууцны үнийн үлдэгдэл болон алдангийг нэхэмжилсэн. Худалдах худалдан авах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахаар хуульд хэлбэрийг шаардаагүй, харин алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу зохигчид гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульд хэлбэрийг шаардсан байна. Гэтэл дээрх гэрээнд хариуцагч Ц.Батжаргал нь гарын үсэг зураагүй тул тэдний хооронд бичгээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...52.850.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоогүй, 50.000.000 төгрөгөөр тохиролцсон уг мөнгийг төлсөн. Тийм ч учраас “АССЭ” ХХК орон сууцыг Ц.Батжаргалын өмчлөлд шилжүүлсэн. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр эдний хооронд огт хийгдээгүй” гэж мэтгэлзсэн. Зохигчид Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 135 дугаар байрны 63 тоот 52,85мкв талбайтай орон сууцыг метр квадратыг 1.000.000 төгрөгөөр тооцож 52.850.000 төгрөгөөр тохиролцсон нь хариуцагч Ц.Батжаргалын тайлбар гэсэн бичиг /хх-47/, 318 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт гаргаж байсан хариу тайлбар /хх-58/, давж заалдах гомдолд хариу тайлбар гаргахдаа болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд хариуцагчийн төлөөлөгч “1мкв 1.000.000 төгрөгөөр тооцож хэлцлийг хийсэн... байрны нийт үнэ 52.850.000 төгрөгийг тодорхойлж төлж байсан” гэсэн тайлбар болон гомдол /хх-7-22 хуудас буюу 11, 21 хуудсанд/, гэрч Б.Цэцэгжаргал, Ө.Эрдэнэтуяа нарын “метр квадратыг 1.000.000 төгрөгөөр тохирсон” гэсэн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-36/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж амаар тохиролцож, худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагч зарим төлбөрийг төлснийг огт гэрээ хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлзэхдээ “... компанийг эрх зүйн чадамжгүй этгээд гэж үзэж байгаа. Нэхэмжлэлд хавсаргагдаж ирсэн аж ахуй нэгжийн гэрчилгээний арын нэмэлт өөрчлөлтөн дээр 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс  2014 оны  06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үйл ажиллагаагаа сунгахаар хүсэлт бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацааг тодорхойлоод заасан байна. Уг хугацаа дууссан учраас үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй...” гэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 5, 118 дугаар хуудсанд авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд “АССЭ” ХХК-ний үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь барилгын засал чимэглэл, аялал жуулчлал гэсэн чиглэлээр хугацаагүй үйл ажиллагаа явуулахаар, 1 гишүүний тоотойгоор улсын бүртгэлд бүртгүүлсэн ба нэмэлт өөрчлөлтөнд “ажиллах хугацаа 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс  2014 оны  06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл” гэж бүртгүүлсэн байна. Энэ бүртгэл нь компаний үйл ажиллагаа зогсож, татан буугдах тухай асуудал биш харин Компаний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Компани тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэсний дагуу барилга байгууламж барих үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлөөр хийгддэг учраас эрх бүхий байгууллагад бүртгүүлж зөвшөөрөл авсан байна. Иймд АССЭ ХХК-ний барилга угсралтын ажил эрхлэх туслах үйл ажиллагааны эрх нь 2014 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш сунгагдаагүй, харин үндсэн үйл ажиллагааны чиглэлээр буюу барилгын засал, чимэглэл эрхлэх компаний эрх нь дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Ц.Батжаргалаас 2.500.000 төгрөгийг гаргуулж “АССЭ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Хариуцагчийн төлөөлөгч О.Үүрцайх нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг үндэслээд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд хэмжилтийн эрх бүхий Вендо ХХК-ний тайланг үндэслэн АССЭ ХХК-ний борлуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байр 63 тоот 2 өрөө байрыг 52.85 м2 талбайтай байрыг 43.018 м2 талбайтай болохыг тогтоолгох, АССЭ ХХК-иас 52.85 м2-ийг 1.000.000 төгрөгөөр тооцон борлуулсан 52.850.000 төгрөгийн үнэ бүхий Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байр 63 тоот 2 өрөө байрны үнийг 43.018 м2 талбайн хэмжээгээр нь тооцон 43.018.000 төгрөг болгон үнийг бууруулж тогтоолгох, дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагын үндсэн дээр АССЭ ХХК-иас 6.982.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, нэхэмжлэгч АССЭ ХХК-ний төлөөлөгч Г.Гансүх “...энэ асуудлыг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 202/МА2015/00054 тоот магадалал, 2016 оны 001/ХТ2016/00161 дугаартай Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн асуудал учир зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмлжэгсэн төлөөлгч О.Үүрцайх нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...одоогийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл нь байрны тайлбайн хэмжээний доголдолын асуудлаар бид нэхэмжлэл гаргаагүй харин уг байрны талбайн хэмжээг тогтоолгож үнийг бууруулж, зөрүү 6.982.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл юм” гэжээ. Хариуцагч талын шүүх хуралдаан дээр гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн агуулга нь 2015 оны 318 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт шийдвэрлэгдсэн сөрөг нэхэмжлэлийн агуулгатай утга нэг гэж үзэхээр байна. Учир нь  АССЭ ХХК-ний борлуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байр 63 тоот 2 өрөө байрны талбайн хэмжээний асуудал дахин хөндөгдөж, уг талбайн зөрүүнээс үүдэлтэй 6.982.000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 202/МА2015/00054 тоот магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Уг магадлалд хариуцагч талаас гомдол гаргаснаар 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/00161 тоот дугаартай Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой магадлалын заалтыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл АССЭ ХХК-ний борлуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9-р хэсэг 135-р байр 63 тоот 2 өрөө байрны талбайн хэмжээний асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзлээ. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулсан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 267.062 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар буцаан олгох үндэслэлтэй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хариуцагч Ц.Батжаргалаас гаргуулан “АССЭ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч О.Үүрцайхын нэхэмжлэгч АССЭ ХХК-нд холбогдох Замын-Үүд сумын 1-р багт байрлах 135-р байрны 63 тоот орон сууцны талбайн хэмжээг 43.018 мкв-т болохыг тогтоолгох, байрны үнийг 43.018.000 төгрөг болгон бууруулан тогтоолгох, мкв-тын зөрүү 6.982.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар төрийн сангаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 250 төгрөгийг гаргуулж АССЭ ХХК-нд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 267.062 төгрөгийг гаргуулж Ц.Батжаргалд тус тус буцаан олгосугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батжаргалаас 54.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “АССЭ” ХХК-нд олгосугай.

5. Хариуцагч Ц.Батжаргал нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА