Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2023/00010

 

 

 

 

 

 

2023           3             09                                                    223/МА2023/00010

 

 

    Ц.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШШ2023/00089 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн тасган 6 дугаар гудамж, 67 тоотод оршин суух Ц.Бийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарын агуулга: Ц.Б нь Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Төв аймгийн Хэвлэх үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл линотипчинээр ажилласан.

Гэтэл анх ажилд томилсон тушаал нь архиваас олдохгүй байна. Учир нь Хэвлэх үйлдвэрийн баримтуудыг төрийн архивт шилжүүлээгүйн улмаас Ц.Б хохирч өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байна.

Нэхэмжлэлээ нотлох зорилгоор Техник мэргэжлийн сургууль төгссөн дипломын хуулбар болон тухайн үеийн Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн бат илэрхийлэхийн татвар төлж байсан баримтууд, 1992 онд ажлаас чөлөөлөх тухай тушаалд 1988 онд Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд ажиллаж байсан талаар дурдсан үндэслэл, нөхөн даатгалд 1990 оноос хамрагдсан талаарх баримтуудыг хавсаргаж өгсөн. Харин хөдөлмөрийн дэвтэр нь тухайн үед үрэгдсэн.

Иймд Ц.Бийг Төв аймгийн Хэвлэх үйлдвэрт линотипчинээр 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Цэрэндаваагийн Б /РД:НЮ69122867/-ийг Төв аймгийн Хэвлэх үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл линотипчинээр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3.Нэхэмжлэгч Ц.Бийн давж заалдах гомдол болон тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Үүнд: Би Төв аймгийн Хэвлэх үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөгдсөн тушаал хэрэгт авагдсан байтал уг баримтыг нотлох баримтаар үнэлэлгүй нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн хамт ажиллаж байсан хүмүүстэй авахуулсан фото зураг, хууль сануулж мэдүүлэг авсан гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй байх бөгөөд ямар үндэслэлээр нотлох баримтад тооцож үнэлээгүй талаараа шийдвэрт тусгаагүй нь нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсаны үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”  гэснийг зөрчиж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ч хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байгаа тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт дараах дүгнэлтийг хийж залруулах боломжтой гэж үзлээ

 

2.Нэхэмжлэгч Ц.Б  нь Төв аймгийн Хэвлэх үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч Ц.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Төрийн архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 996 дугаар албан бичиг, Төв аймгийн Хэвлэх үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай Үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, Төв аймгийн Хэвлэх үйлдвэрийн даргын 1992 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Монголын Хувьсгалт залуучуудын гишүүний 462555 дугаар Бат илэрхийллийн хуулбар, гэрэл зураг, баярын бичиг, иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудас, Т.Бямбадолгорын төрсний гэрчилгээний хуулбар, Техник мэргэжил сургуулийн 88259 дугаар үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг цуглуулж шүүхэд өгчээ.

 

4.Нэхэмжлэгч Ц.Б нь Техник мэргэжлийн сургуулийн хэвлэх мэргэжлийн ангид нэг жилийн хугацаатай суралцаж, дунд дүнтэйгээр 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төгссөн үнэмлэх, Хэвлэх үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Анхдугаар 5 жилийн баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулж байсан баримттай харьцуулж үзвэл, цаг хугацаа болон үйл баримт нь хэргийн бодит байдалд нийцхээргүй байна.

 

5.Нэхэмжлэгч Ц.Б Хэвлэх үйлдвэрийн баримтуудыг төрийн архивт шилжүүлээгүйн улмаас ажилласан жилтэй холбоотой баримт олдохгүй байгаа талаар шүүхэд мэдүүлсэн, Төв аймгийн төрийн архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 996 тоот албан бичигт “Тус аймгийн Цэрэндаваагийн Б нь хэвлэх үйлдвэрийн даргын 1988-1989 онд линотипчинээр ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх, захилга ирүүлснээс дараах 1987 оноос хойших тушаал, цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй” гэсэн байхад архивын болон байгууллагын хуулбар үнэн дарагдаагүй Төв аймгийн хэвлэх үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаар тушаал, 1992 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар тушаалуудын эх хувийг хаанаас гаргуулан авч нотариатаар гэрчлүүлсэн эсэх эх сурвалж нь тодорхойгүй байна.

 

6.Нэхэмжлэгч Ц.Б 1988 онд Хэвлэх үйлдвэрт ажиллаж байснаа нотлох зорилгоор өгсөн өөрийн ажлын хувцастай болон Н.Отгонсүрэн, н.Баасансүрэн, ажлын хамт олонтой тус тус авахуулсан гэрэлт зураг нь ажилд орсон он, сар, өдрийг заасан шууд баримт болж чадахгүй байна.

 

7.Гэрч Б.Отгонтөгсийн өгсөн "...1988 оны 6 дугаар сард хэвлэх үйлдвэрт миний дагалдан линотипчээр ажилд орсон 1992 оны 5 дугаар сард хүнтэй суугаад явсан байхаа сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг, гэрч Н.Отгонсүрэнгийн өгсөн  "...1988 оны 6 дугаар сард хэвлэх үйлдвэрт Отгонтөгсийн дагалдан линотипчээр ажилд орсон. 1992 оны 7 дугаар сард ажлаасаа гарсан сайн санахгүй байна түүнээс хойш огт уулзаагүй хаана ажиллаж байсныг сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлгүүд нь тухайн үйл баримтыг тодорхой мэдэж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байхаас гадна өөр бусад бичгийн баримтаар нотлогдохгүй байгаа тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлээс Төв аймгийн Хэвлэх үйлдвэрт линотипчнээр 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхээр байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Бийн гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2023/00089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                      ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                   З.ТҮВШИНТӨГС