Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 134/ШШ2016/00100

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.О-ийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч О.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч О.О нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлийн Дэлгэрэх зам бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд орсон гарсан тушаал олдохгүй, цалингийн тодорхойлолт байхгүй зэрэг шалтгаанаар тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд намайг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлийн Дэлгэрэх зам бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлийн Дэлгэрэх зам бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Хэргийн материалд нэхэмжлэгчийн хүсэлтийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байна.

 

Шинэ-Эхлэлт нэгдлээс 1988 онд нэхэмжлэгч О.О олгосон хөдөлмөрийн дэвтрийн “1984 онд ажилласан хоног, авсан хөлс”-ийг тэмдэглэж, баталгаажуулсан хэсэг нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт болох хэдий ч уг дэвтрийг 1988 онд анх шинээр нээгээд, 1984 оны бичилтийг ямар үндэслэлээр нөхөн бичсэн болох нь тодорхойгүй, түүнчлэн гэрч Ш.Э Л.П нар нь О.О1984-1990 оны хооронд малчнаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн хэдий ч тэдний мэдүүлгийг харьцуулан үзэх өөр бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул байх уг нотлох баримтуудыг  үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын ...архив шатсан тул архиваас бичиг баримт харах боломжгүй нь үнэн болно гэсэн, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын ...Шинэ-Эхлэлт нэгдлийн аж ахуйн складанд хулгай орж галдан шатаасан нь үнэн болно гэсэн тодорхойлолтууд, М.Өлзийтийн төрсний гэрчилгээний хуулбар, М.М М.М нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бусад нотлох баримтууд нь нэхэмжлэгч О.О ажиллаж байсан байдлыг шууд нотлох баримтууд биш байх тул тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч О.О-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 

 Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэдэг журамтай тул энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаас өөр нотлох баримт олдсон тохиолдолд нэхэмжлэгч О.О нь шүүхэд дахин хүсэлт гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О.О-ийг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлийн Дэлгэрэх зам бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.О-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.НАРАНЧИМЭГ