| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2022/00343/И |
| Дугаар | 202/МА2023/00031 |
| Огноо | 2023-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 202/МА2023/00031
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2023/00402 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Шт холбогдох,
Гэрээний үүрэгт 18,915,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г/зайнаас цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж /зайнаас цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Гын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Г миний бие 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Штай сэлбэг хэрэгсэл контейнер худалдах, худалдан авах гэрээ байгуулан 40 ширхэг нэр төрлийн сэлбэг хэрэгсэл бүхий контейнерыг хариуцагчид худалдан түүний өмчлөлд шилжүүлж хариуцагч гэрээний төлбөрт нийт 21,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, ...гэрээ байгуулсан өдөр контейнерыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл гэрээний дагуу... үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 30 хоногийн дотор буюу эцсийн хугацааг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон ч ... хариуцагч нь өнөөдрийн байдлаар 13,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. ... Ийнхүү талууд сэлбэг хэрэгсэл контейнер худалдах, худалдан авах гэрээний дагуу алдангийн хэмжээг хоног тутамд 0,5 хувиар тооцоохоор тогтоосон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ш нь гэрээний дагуу төлбөр төлөх эцсийн хугацааг хэтрүүлэн 58 хоног тутам 65,000 төгрөгийн алданги тооцож нийт 5,915,000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд гэрээний төлбөр 13,000,000 төгрөг, алданги 3,770,000 төгрөг, нийт 16,770,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ш нь гэрээний дагуу төлбөр төлөх эцсийн хугацааг хэтрүүлэн 91 хоног тутам 65,000 төгрөгийн алданги тооцож нийт 5,915,000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй” гэжээ.
3. Нэхэмжлэгч Г анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: “...цаг хугацааны хувьд чиргүүлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг буюу гүйлгээний утга нь SRR гэж 05 дугаар сарын 24-ний өдөр шилжсэн байна. ... 1,500,000 төгрөгийг сэлбэг бүхий Контейнерын үнийн дүнд авсанд тооцоод ... 21,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг авсан гэж үзвэл 11,500,000 төгрөг үүний 50 хувь хэтрэхгүй алданги тооцохоор 5,750,000 төгрөгийг нэмээд нийт нэхэмжлэлийн шаардлагыг 17,250,000 төгрөг гэж үзэж байна” гэжээ.
4. Хариуцагч Шын татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “...нэхэмжлэлийг би зөвшөөрөхгүй, Г...3 сарын сүүлээр дуудаад контейнероо авчхаач чамд хэрэгтэй, хүүхдийн төлбөр нэхэгдээд гээд гуйгаад байхаар нь 7,000,000 төгрөгийнх нь урьдчилгаа гэж 5,000,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. 4 сард утасдаад 2,000,000 өгчих гээд байхаар нь удаалгүй 2,000,000 төгрөгийг өгч тооцоо дууссан, тооцоо дууссанаас хойш би контейнероо авъя гэтэл доторх зүйлсийг суллаж өгөхгүй байсаар 5 сар гарсан, 5 сард би контейнероо авах гээд очсон чинь дотор нь ийм юмнууд байгаа гээд сэлбэгүүдээ харуулаад чи эд нартай нь хамт авчих гээд гуйгаад байсан. Тэр дотор хүнд хэрэгтэй гэх юм байхгүй байхаар нь би эд нар чинь надад хэрэггүй юм байна, чи султгаад өгчих гэж хэлсэн. Тэгээд дахиад 7 хоногийн дараа очиход султгаагүй доторхтой нь аваад явчих гэхээр нь тэр чигт нь авч яваад түлхүүрийг өгсөн. Г энийгээ аваад хийх газар байхгүй байна л гээд авахгүй байлгаад байсан. Тэрнээс биш би энэ сэлбэгийг нь авъя гэж үнэ хөлс тохирч авсан зүйл огт байхгүй, Г бид хоёрыг энэ талаар ярилцаж байхад хамт байсан хүмүүс гэрчилнэ. 5 сарын эхээр Г хотод байж байгаад ирэхдээ надтай уулзаад банк бусаас зээл авах гэсэн юм хүнээс авлагатай байх юм бол зээл бүтэх гээд байна гэрээ байгуулж тус болчих гээд гуйгаад байсан, би банк бусад өгөх л гэрээ юм байна, тус болъё гэж бодоод нотариат дээр очоод тэр гэрээг нь уншиж судлаагүй гарын үсэг зурж өгсөн, ... цаанаа энэ хүний орлогоо нотлоход нь тусалж байгаа юм чинь гэж бодоод л итгээд гарын үсэг зурсан. Дараа нь ингэж мөнгө төгрөг нэхнэ гэж бодоогүй бид хоёрын хооронд 7,000,000 төгрөгөөр контейнер худалдсан л асуудал байдаг. Би мөнгөө бүрэн төлж тооцоо дууссан. Тиймээс би энэ сэлбэг хэрэгслийн үнэ, алданги гэсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Шаас 16,732,500 төгрөг гаргуулж Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 517,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,220 төгрөгөөс илүү тушаасан 39,695 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 252,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шаас 241,612.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...анхан шатны шүүх хариуцагч талаас нийт 7,000,000 төгрөгийг төлбөрөөс хасалгүй шийдсэнд гомдолтой, алдангид орж тооцогдох ёсгүй 2022 оны 05 дугаар сарын 24-нд төлсөн 1,500,000 төгрөгт алданги тооцож буруу тооцоо гаргаж шийдвэрлэсэн, төлөх үүрэг хүлээсэн 21,500,000 төгрөгөөс 15,500,000 төгрөг төлсөн, үлдэх 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч зөвхөн шүүх хуралдаан дээр “ чиргүүл” –ийн мөнгө гэж тайлбарладаг боловч ямар ч нотлох баримтгүй байхад шүүх зөвхөн тайлбараар бүтэн 7,000,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн, шүүх контейнер хэзээ авсан, гэрээ хэзээ хийснээр биш авч өгөлцөхөөр ярилцаад мөнгө өгч авалцсаныг тооцож үзэлгүй шийдвэрлэсэн, иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргав” гэв.
7. Нэхэмжлэгч Гын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...2021 оны энэ хоёр гүйлгээ тооцоонд орох үндэслэлгүй, ... цаг хугацааны хувьд контейнерын хамгийн анхны тооцоо 2022 оны 04 дүгээр сараас эхэлсэн, 2021 оны 2 гүйлгээгээ чиргүүлийн урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг. Дараа нь 3,000,000 төгрөгийг “Муна” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байдаг. Хоёрдугаарт 700,000 төгрөгийн гүйлгээ нь надаас буу худалдаж авсан байдаг юм. 2022 оны 05 дугаар сарын 24-нд 1,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-нд 1,500,000 төгрөг дээр бас гомдол гаргасан байгаа. Энэ хоёр тооцоо бол контейнерын тооцоонд орсон. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш орж ирсэн мөнгө болохоор энэ үнийн дүнг контейнерын мөнгөнд сайн дураараа оруулсан. Нийт 10,000,000 төгрөгийг контейнер болон сэлбэг бүхий үнэд тооцон авсан. Контейнерын нийт үнэ 21,500,000 төгрөг, үүнээс 10,000,000 төгрөг хасхаар 11,500,000 төгрөг үлдэж байгаа юм. Энэ 11,500,000 төгрөг дээр алданги тооцсон, ...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр чиргүүлийн урьдчилгаа гэж бичсэн байдаг. Тэгээд дараа нь үлдэгдэл мөнгөө өгч байсан. Гэрч Төмөрбаатар, Г, Ш хоёр түлштэй чиргүүл наймаа хийсэн, тагыг нээж харцгааж байсан. Тэгээд Ш түлштэй чиргүүлийг чирээд аваад явсан гэж хэлсэн байгаа юм. Дөрөвдүгээрт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нотариатаар ороод урьдчилгаа 7,000,000 төгрөг авсан үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 01 сарын дотор төлнө, хугацаандаа төлж чадахгүй бол алданги тооцно гэж гэрээнд заасан, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй” гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Жийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...2022 оны 05 дугаар сарын 24-ний 1,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1,500,000 төгрөг уг нь энэ мөнгө чиргүүлийн мөнгө юм. Гэхдээ хариуцагч тал гэрээ байгуулснаас хойш гүйлгээ хийхдээ утга дээр нь тодорхой бичээгүй учраас энэ мөнгөө хасаж тооцож байх шиг байна. Анхан шатны шүүх хасаж тооцож байгаа бол дахиад Шаас чиргүүлийн мөнгө нэхэмжлэх тухай асуудал дахиад цаана нь үлдэж байгаа юм. Хэрвээ энэ тооцоон дээр нь орох юм бол чиргүүлийн маргаан үүснэ, ... давж заалдах гомдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1 дэх хэсэгт заасан 7 үндэслэлийн аль хүрээнд анхан шатны шүүх алдаа гаргасныг дурдагдаагүй, ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэлээ.
1. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зохигчийн хооронд үүссэн маргааныг худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.
2. Нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч Г нь хариуцагч Шт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөр 13,000,000 төгрөг, алданги 3,770,000 төгрөг, нийт 16,770,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “...хариуцагч Ш нь гэрээний дагуу төлбөр төлөх эцсийн хугацааг хэтрүүлэн 91 хоног тутам 65,000 төгрөгийн алданги тооцож нийт 5,915,000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй” гэж, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “...21,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг авсан гэж үзвэл 11,500,000 төгрөг үүний 50 хувь хэтрэхгүй алданги тооцохоор 5,750,000 төгрөгийг нэмээд нийт нэхэмжлэлийн шаардлагыг 17,250,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж өөрчилжээ.
Хариуцагч Ш хариу тайлбартаа “...бид хоёрын хооронд 7,000,000 төгрөгөөр контейнер худалдсан л асуудал байдаг. Би мөнгөө бүрэн төлж, тооцоо дууссан, тиймээс энэ сэлбэг хэрэгслийн үнэ, алданги гэсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д анхан шатны шүүх хуралдаанд “...гэрээгээр хүлээсэн 21,500,000 төгрөгөөс 15,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Шаас 16,732,500 төгрөг гаргуулж Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 517,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д эс зөвшөөрч “...анхан шатны шүүх хариуцагч талаас нийт 7,000,000 төгрөгийг хасалгүй шийдвэрлэсэнд гомдолтой, ...шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.
4. Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
Тодруулбал худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
5. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г, хариуцагч Ш нар 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдөр сэлбэг, хэрэгсэлтэй контейнерыг 21,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор шилжүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцож, контейнерыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч энэ гэрээг байгуулахаас өмнө буюу 2022 оны 4 дүгээр сарын 7-нд 2,000,000 төгрөг, 13-нд 5,000,000 төгрөгийг, гэрээг байгуулсны дараа буюу мөн оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 7 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байх ба хариуцагч гэрээ байгуулахаас өмнө 7,000,000 төгрөгийг, гэрээ байгуулсны дараа 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн, эд хөрөнгийг хүлээн авсан зэрэг тодорхой үйлдлийг хийсэн байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар түүнийг эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.
Мөн хариуцагч Ш худалдаж авсан сэлбэг, хэрэгсэлтэй, контейнерын үнэ буюу үлдэх төлбөр болох 11,500,000 төгрөгийг төлөх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д тус тус нийцнэ.
6. Харин хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д “...төлөх үүрэг хүлээн 21,500,000 төгрөгөөс 15,500,000 төгрөг төлсөн, үлдэх 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс буюу 11 дүгээр сарын 26-нд 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 17-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 24-нд 1,500,000 төгрөг, 7 дугаар сарын 22-нд 1,500,000 төгрөг төлсөн, энэ 7,000,000 төгрөгийг төлбөрөөс хасаж, тооцуулна” гэж маргах боловч түүний энэхүү татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл зохигчид 2022 оны 05 дугаар сарын 24-нд 1,500,000 төгрөг, 07 дугаар сарын 22-нд 1,500,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн, хүлээн авсан талаар маргаагүй харин хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлж шилжүүлсэн гэх төлбөрийг контейнерын төлбөрт тооцох, тооцохгүй талаар маргасан.
Тухайлбал хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 11-нд 1,000,000 төгрөг 2022 оны 1 дүгээр сарын 27-нд 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5011344488, 5025259052 дугаар данс руу шилжүүлсэн /хх 109-113/, нэхэмжлэгч хүлээн авчээ.
Гэхдээ энэ нь сэлбэг, хэрэгсэлтэй контейнерын төлбөр биш болох нь хариуцагч Шын “...2021 оны 12 сард Г контейнер зарна гэсэн, би сонирхож байна, авна гэж хэлсэн, он гараад 1 сард над руу утсаар яриад мөнгө хэрэг байна, урьдчилж 7,000,000 төгрөг өгөөч гэсэн, би 5,000,000 төгрөг шилжүүлсэн, 4 сард утасдаад 2,000,000 төгрөг өгчих гээд байхаар нь өгсөн” гэсэн тайлбараар тогтоогдож байх буюу контейнерын төлбөрийг 2022 онд төлж, эхэлсэн байна.
Энэ талаар нэхэмжлэгчээс мөн адил “...2022 оны 4 сарын 07-нд 2,000,000 төгрөг, 4 сарын 13-нд 5,000,000 төгрөг, 5 сарын 24-нд 1,500,000 төгрөг, 7 сарын 22-нд 1,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг хүлээн авсан, харин 2021 онд над руу шилжүүлсэн мөнгө нь бүгд чиргүүлийн үнэ, би түүнд 2,5 тоннын түлштэй чиргүүлийг 11,000,000 төгрөгөөр худалдсан юм” гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй учир хариуцагчаас контейнерын төлбөр төлсөн үйл баримт 2022 оны 4 сарын 07-ны өдрөөс эхэлсэн болох нь хэргийн оролцогч нарын дээр дурдсан тайлбараар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул тэдгээрийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлж, төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлжээ.
Тиймээс хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 26-нд 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 11-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг сэлбэг, контейнерын төлбөрт тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэх үндэслэлгүйн зэрэгцээ хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь өөр бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.
7. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч буюу хариуцагч Ш сэлбэг, контейнерын үнийн үлдэгдэл төлбөрийг 30 хоногийн дотор төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохирчээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн шилжүүлсэн буюу 2022 оны 4 сарын 07-ны 2,000,000 төгрөг, 4 сарын 13-ны 5,000,000 төгрөг, 5 сарын 24-ны 1,500,000 төгрөг, 2022 оны 7 сарын 22-ны 1,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг тус тус хүлээн авсан гэж зөвшөөрч, үлдэх төлбөр 11,500,000 төгрөгийг алдангийн хамт төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчилсөн байх тул хариуцагчийн “...2022 оны 5, 7 сард төлсөн нийт 3,000,000, төгрөгийг төлбөрөөс хасаж, тооцсонгүй” гэсэн гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхээс хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэн 11,500,000 төгрөгийг 91 хоногийн алданги болох 5,235,500 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Нэгэнт хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу алданги шаардах эрхтэй бөгөөд худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, алданги төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэнд нийцсэн, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн хариуцагчаас алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,612 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2023/00402 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дын давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,612 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА