Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Б.Ж

           Шүүгдэгч Э.Ц, Б.М, С.Б, Д.Н нарыг оролцуулан

 

Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц, Б.М, С.Б, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн Э.Ц

 

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн Б.М

 

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн С.Б

 

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн Д.Н


Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Ц, Б.М, С.Б, Д.Н нар бүлэглэн 2018 оны 10  сарын 27-28-нд шилжих шөнө 1 тооны үхрийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ц: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна,гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Д.М: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэд дурьдагдсан зүйл бүгд үнэн зөв, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч С.Б: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Д.Н: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

          Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 08 цаг 30 минутын үед гэрээсээ гарч үхрээ саах гээд хураатал 1 үхэр дутуу байсан. Тэгэхээр нь эргэн тойрноо тойрч үзтэл үхэр маань олдоогүй. Тэгээд би үхэр малаа саачихаад олдохгүй байгаа үхрээ хайсан. Манай урд талын ууланд шувуу эргэлдээд байхаар нь нөхөр Лхагварагчаагийн хамт яваад очтол манай гэрийн урд байх уулын жалганд малын сэг байсан. Очоод үзэхэд 2 шийр, сүүл, хээл, гэдэс дотор зэргийг нь гаргаад хаясан байсан. Тэгээд сайн үзтэл 2 шийр нь манай алга болсон үхэртэй таарч байсан. Манай үхэр хулгайд алдагдсан тэр даруйдаа хэн авсан нь илэрсэн. Хэсгийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ намайг дуудаад үхрийнхээ махыг авах уу танд хүлээлгэж өгөх гэсэн юм гэхээр нь би авахгүй гэхэд хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулж өгнө гэсэн. Манай үхрийн үнэлгээ 1.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Би тэр хүмүүсээс нэхэмжилсэн мөнгө болох 1.100.000 төгрөгөө бүрэн авсан. Ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

 

2018 оны 10 сарын 30-ны өдрийн 2018/э-0301  дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...сүү, махны чиглэлийн эрлийз үнээ 1.100.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 28-31-р тал/

 

           Гэрч Ц.Л “...2018 оны 10 сарын 28-ны өглөө босоход манай эхнэр  надад хандаж мухар улаан халзан үнээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид 2 мордож гэрийнхээ ойролцоо газруудаар хайсан. Мөн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эхнэр бид хоёрыг явж байхад Дулаан-Уул багийн Илжиг гэх нэртэй газрын жалганд шувуу эргээд байхаар нь яваад очсон чинь үхрийг маань алаад сэвс, хээлийг нь гаргаад хаясан байсан. Тэгээд байж байтал 14 цагийн үед хэсгийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нь эхнэр бид хоёрыг дуудаад танай үхэр мөн үү гэж үхрийн толгой, мах зэргийг үзүүлсэн. Тэгээд эхнэр бид 2 үхрийнхээ толгойг хараад шууд манай алдсан үхэр мөн гэдгийг таньсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/

 

            Гэрч С.Д “Н холбогдсон хэргийн талаар мэдэхгүй ээ, сүүлд нь мэдсэн юм. Би он, сар, өдрийг нь санахгүй байж магадгүй миний мэдэж байгаагаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай хөдөө гэрт  сумын хэсгийн төлөөлөгч очоод манай хүү Нямтөрийг аваад явсан юм. Тэгээд би хүүгээс асуухад 2018 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө нартайгаа бүлэглэн айлын үхрээс нэг үхэр бариад хүлж унагаагаад янзалсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/

 

          Эд мөрийн баримт хураан авч хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 67-74-р тал/ зэрэг байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогчдоос шинээр нотлох баримт ирүүлээгүй болно.

 

Шүүх хохирогч Б.М мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Л, С.Д нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Ц, Б.М, С.Б, Д.Н нарыг бүлэглэн 2018 оны 10 дугаар  сарын 27-28-нд шилжих шөнө бусдын 1 тооны үхрийг хулгайлж 1.100.000 төгрөгний хохирол учруулсан нь үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан, нийгэмд аюултай үйлдэл байна.

 

Шүүгдэгч Э.Ц, Б.М, С.Б, Д.Н нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “ Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э Э.Ц, Б.М, С.Б, Д.Н нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Э.Ц, Б.М, С.Б, Д.Н нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.М нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай үхрийн үнэлгээ 1.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Би тэр хүмүүсээс нэхэмжилсэн мөнгө болох 1.100.000 төгрөгөө бүрэн авсан. Ямар нэгэн гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1 ширхэг, хутга 1 ширхэг, 1 ширхэг олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.