Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

 

     2019        02          15                                 267

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Үүрийнтуяа, 

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сээхэр овогт Б.Эд холбогдох эрүүгийн 2016 2501 2232 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэн О.Амартүвшин, Б.Баяраа нарыг Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн иргэн Л.Энхтуяагаас 1.530.000 төгрөг, О.Амартүвшингээс 1.600.000 төгрөгийг тус тус авч залилсан, мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гантөмөрөөс 7.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-н өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Сумъяабатаас 3.500 000 төгрөг тус тус залилан авсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                      /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2016 2501 2232 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Б.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Л.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Б.Э нь би Солонгос явуулдаг болсон Солонгос гаргаж өгье гэж хэлээд эхлээд 180.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 10-ны үед авсан. ... Баяраа Б.Э хоёр ирээд 100.000 төгрөг авсан. 04 дүгээр сарын 21-ний өдөр визний мөнгө байршуулчихаад буцаагаад 1.250.000 төгрөгийг авсан. Би Б.Баяраагаас тусдаа Б.Эд 1.530.000 төгрөгийг цувуулаад өгсөн. Тэр мөнгөнөөс буцаагаад 200.000 төгрөгийг авсан учир 1.330.000 төгрөг гаргуулан авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-104/,

 

Хохирогч О.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Солонгос, Япон руу хүн гаргадаг гээд Б.Этай Баяраагаар дамжуулж танилцсан. Надаас бэлнээр 650.000 төгрөг 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Б.Э авсан. 2-3 хоногийн дараа 200.000 төгрөг дахиад хэрэгтэй боллоо гээд авсан. ...нийт 850.000 төгрөгийн хохирол учраад байна ... Би Б.Эд залилуулсан 850.000 төгрөгөө авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 106-107/,

 

Хохирогч Б.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Б.Э нь би гадаад гарах гэж байгаа. Бас хүн гаргана, надтай цуг гарчихгүй юу гэж хэлсэн. Япон руу 7 хоногийн дотор гаргахаар болж манай ээж Энхтуяагаас миний бичиг баримтыг хөөцөлдөнө гээд 180.000 төгрөг авсан. Сүүлдээ Солонгос болоод эмнэлэгийн бичиг баримт бүрдүүлэх юм байна гээд 100.000 төгрөгийг ээж Энхтуяагаас авсан. Тэгээд 04 сарын 21-ний өдөр ээжээс 1.250.000 төгрөг авсан. Бичиг баримт чинь болчихлоо мөнгө байршуулна гээд миний 3057 УНР улсын дугаартай санта фи маркийн машиныг ломбарданд 700.000 төгрөгний барьцаанд тавиулж, 500.000 төгрөгийг визинд байршуулна гээд мөн 100.000 төгрөгийг зээлж авсан. Машины зээлийг Б.Э би төлөөд авч өгнө гээд бичиг баримтыг аваад явсан юм. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 111-114/,

 

Хохирогч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Э гэж хүнд виз гаргуулахаар тохиролцоод, нийгмийн даатгалын ажилтан гэдгээр гаргана гэж яриад хүний 3.500.000 төгрөг болно гээд би 2 хүний 7.000.000 төгрөг бэлнээр Б.Э гэгчид өгсөн. Виз гарах хугацаа дуусхаар нь юу болсоныг асуухад дахиад 3.500.000 төгрөг нэмж өгөх шаардлагатай байна гэсээр байгаад 3 сарын сүүлээр 3.000.000 төгрөгөө эргүүлж авсан. Одоо 4.500.000 төгрөгийн авлагатай байгаа гэх мэдүүлэг /1 хх-ийн 116-117/,

 

Хохирогч Ц.Сумъяабатын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр солонгосын виз гаргуулна гэж 3.500.000 төгрөг өгсөн. Тэгээд 10-20 хоногийн дараа визийг чинь гаргаж өгнөө гэснээс хойш одоог хүртэл виз ч гаргаж өгөөгүй, мөнгө ч буцааж өгөөгүй байнаа. Би виз гаргуулна гэж өгсөн 3.500.000 төгрөгөө олж авмаар байна. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг бэлнээр хүлээж авсан. Одоо Б.Эд ямар нэгэн гомдолгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 120, 124/,

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 92/,

-хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1 хх-ийн 85-96/,

-хохирогч Б.Гантөмөртэй хийсэн зээлийн гэрээ /1 хх-ийн 94/,

-Б.Эы 7.000.000 төгрөг авсан үнэн гэх гараар бичсэн баталгаа /1 хх-ийн 95/,

-Б.Эы Ц.Сумъяабатаас мөнгө авсан үнэн гэх гараар бичсэн баталгаа /1 хх-ийн 97/,

-хохирогч Л.Энхтуяагийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1  хх-ийн 176/,

-эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 171/,

-хохирогч Л.Энхтуяагийн хохиролд 1.330.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. 600.000 төгрөгөнд ай фонь 6 маркийн гар утас авлаа. Одоо гомдол, санал байхгүй гэх тайлбар /1 хх-ийн 172/

-хохирогч О.Амартүвшингийн 2016 оны 5 сард Б.Эд 800.000 төгрөг өгөөд одоог хүртэл авч чадаагүй нь үнэн. Хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэх хүсэлт /1 хх-ийн 243/,

-хохирогч Ц.Сумъяабатын хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй гэх баримт /1 хх-ийн 215/

 

Шүүгдэгч Б.Эы мөрдөн байцаалтанд өгсөн:

 Би иргэн Л.Энхтуяагаас авсан 1.530.000 төгрөгнөөс урд нь 200.000 төгрөгийг нь буцаан өгсөн байсан бөгөөд өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.Энхтуяа эгчийн данс руу нь 1.330.000 төгрөгийг бэлнээр хийсэн, мөн Л.Энхтуяагийн хүү Б.Баяраа бид хоёр түүний машиныг нь барьцаанд тавьж мөнгөөр нь хамт шоудсон учир би өөрийн барьж байсан 600.000 төгрөгний үнэ бүхий ай фоне 6 маркийн гар утсыг машиныхан барьцааны мөнгөнд бодож Л.Энхтуяа эгчид өгч хохирлыг 100 хувь төлж барагдуулаад байна. Харин Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаад харъяаллаар ирсэн хэргийн тухайд гэвэл хамгийн анх 2016 онд би Сумъяабат ахын хамаатан болох Билгүүн гэх залууд Солонгосын виз гаргаж өгч байсан ба тухайн үед Сумъяабат ах надад 500.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сард би Сумъяабат ахаас авах ёстой 500.000 төгрөгөө авах гээд түүний утас руу залгаж ярихад өө ах нь 500.000 төгрөгийг чинь өгнө ахиад 2 хүний виз гаргаад өг гэж хэлсэн юм. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын сүүлээр Сумъяабат ахын найз Гантөмөр гэх ах над руу холбоо барьж надаар виз гаргуулъя гэсэн юм. Тэгээд би энэ хүний визийг гаргаж өгөхөөр болж Гантөмөр гэх хүнтэй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт уулзаж бэлэн 7.000.000 төгрөгийг 2 хүний бичиг баримттай хамт авч байсан юм. Үүний дараа Сумъяабат ах над руу утсаар ярьж байгаад дахин нэг хүний виз гаргуулъя гээд бэлэн 3.500.000 төгрөг өгч байсан юм. Ингээд энэ хоёр хүнээс нийт 10.500.000 төгрөг авсан ба дээрх хүмүүсийг визийг нь гаргах гэж хөөцөлдөж үзэхэд Солонгосын илчин сайдын яамнаас тавьж байгаа шаардлага өндөр байсан учир визийг нь гаргаж огч чадалгүй явж байгаад мөнгийг нь өөр хүнд өгөөд алдчихсан юм. Тэгээд Сумъяабат, Гантөмөр хоёр надад өгсөн мөнгөө буцаан нэхэж эхэлсэн бөгөөд Сумъяабат ах надад өгөх ёстой 500.000 төгрөгөө хасаад 3.000.000 төгрөг нэхсэн, харин Гантөмөр нь надад өгсөн 7.000.000 төгрөгөө нэххээр нь би Гантөмөрт 3.000.000 төгрөгийг нь эргүүлэн өгч байсан юм. Би дээрх иргэдээс мөнгө авсан нь үнэн л юм чинь би өөрөө хохирлыг нь төлж барагдуулах гээд хохирогч Ц.Суъяабатын 3.000.000 төгрөгийг нь бэлнээр өгч гомдолгүй болгосон. Харин Гантөмөр гэх хүн одоогоор Монголд байхгүй учир хохирлыг нь өгөөгүй байна. Энэ хүн Монголд ирхээр нь би өөрөө уулзаж хохирлын мөнгийг нь төлж барагдуулах болно. Анх мөнгө авахдаа өөр хэн нэгэн хүнтэй бүлэглэж үгсэн тохиролцсон асуудал байхгүй. Би Гантөмөр, Сумъяабат нартай ганцаараа уулзаж ганцаараа л мөнгө авсан. Тэгээд виз гаргах гэж оролдоод бүтэхгүй байхаар нь би өөр хүнээр виз гаргуулах гээд мөнгийг өгөөд би өөрөө залилуулчихсан юм. Тэгэхээр дээрх иргэдээс авсан мөнгөө би өөрөө төлж барагдуулаад хуулийн хариуцлага хүлээнэ гэх мэдүүлэг /1 хх-ийн 198-199/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Эы иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 132/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 135, 136/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч нарыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Э нь иргэн О.Амартүвшин, Б.Баяраа, Л.Энхтуяа, Б.Гантөмөр, Ц.Сумъяабат нарын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Э нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Эыг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Эд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоон хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Энхтуяа, Б.Баяраа, Ц.Сумъяабат, Б.Гантөмөр нарт учирсан хохиролыг төлж барагдуулсан. Дээрх хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

Хохирогч О.Амартүвшинд учруулсан хохиролыг нөхөн төлөөгүй, хохирогч нь БНСУ-д амьдарч байгаа тул түүний эх Ч.Нарантуяа гэх хүнтэй “...320.000 төгрөг хүлээн авлаа. Бид харилцан тохиролцосны үндсэн дээр хохиролгүй болсныг мэдэгдэж байна. Б.Э биднээс уучлалт гуйснаар бид эвлэрч цаашид гомдолгүй” гэсэн хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан байна.  

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Эаас 530.000 төгрөг гаргуулж хохирогч О.Амартүвшинд олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сээхэр овогт Б.Эыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы цагдан хоригдсон гучин нэг хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт хоёр зуун дөчин найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх ялыг тавин хоёр цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 530.000 төгрөг гаргуулж хохирогч О.Амартүвшинд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ