Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01730

 

 

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01730

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/01795 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б банк ХХК,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны шүүгчийн захирамжаар С ББСБ ХХК-аас Б банк ХХК-д 548,318,960 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байрны *** тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 200,351,445 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

Тус үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд Нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг ба үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг, тав тухтай байдлыг тооцоогүй.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан А-ын үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хурааж, үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний Дамно ХХК-г үнэлгээчнээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 286,216,350 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч А- нь үнэлгээний мэдэгдэл, тайланг хүлээн авснаас хойш2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б банк ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөхгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд удаа дараа гомдол гаргаж хугацаа авч манай эрх ашгийг хөндөж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явж, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 35 дугаар байрны *** тоотод байршилтай, 144 м.кв талбайтай Ү-2205018177 улсын бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд орвол өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчинө.

Тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чаддаггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байр, *** тоотод байршилтай 144 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2020/00779 дугаартай захирамжаар хариуцагч С ББСБ ХХК-аас 548,318,960 төгрөгийг гаргуулж Б банк ХХК-д олгох, хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байр, *** тоотод байршилтай 144 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн /хх 79-83/,

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох А-ын өмчлөлийн, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байрны *** тоотод байршилтай, 144 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хураасан /хх 84, 90-91, 100-101/,

3.3. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/407 дугаартай тогтоолоор Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дээрх орон сууцыг 286,216,350 төгрөгөөр үнэлсэн зэрэг үйл баримтыг шүүх зөв тогтоожээ. /хх 114-144/.

 

4. Хариуцагч нь барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид тохиролцоогүй, А- үнийн санал ирүүлээгүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.1. Дамно ХХК-ийн үнэлгээчин нь А-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байр, *** тоотод байршилтай, 144 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 286,216,350 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8-9 дүгээр зүйлд заасан арга, аргачлалын дагуу үнэлгээг хийсэн, үнэлгээнд тавигдах шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/01795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ