Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00187/И |
Дугаар | 146/ШШ2016/00200 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2016/00200
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 5 дугаар баг, 5-04 тоотод оршин суух Хур овогтой Санжаа-Ёндонгийн Цогтгэрэлийн /РД:ЙЕ62080717/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Цогтгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Цогтгэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1983 оны 08 дугаар сарын 10-наас Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. 1992 онд нэгдэл хувьчлагдаж Их боригдой ХК-ийн тракторын жолоочоор үргэжлүүлэн ажилласан. Ингээд 1992-1999 он хүртэл Их боригдой ХК-ийн гурилын үйлдвэрт тракторын жолоочоор ажилласан. Гэтэл миний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ гурилын үйлдвэрийн ажилтан гэж бичсэн байна. Иймд дээрх ажилласан жилийг тогтоож өгнө үү.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Цогтгэрэл нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
С.Цогтгэрэл нь 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Их боригдой” ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 366 дугаартай архивын лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Их монгол овогтой Лувсанжанцангийн Ганхуяг нь “...Би 1979 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. С.Цогтгэрэл 1983-1992 оныг дуустал “Улаан туг” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед цалинг хийснээрээ авч байсан. Шагнал урамшуулал авч байгаагүй ..” гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар С.Цогтгэрэл нь 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Их боригдой” ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч С.Цогтгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хур овогтой Санжаа-Ёндонгийн Цогтгэрэлийг 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Их боригдой” ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Цогтгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА