| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2021/03708/И |
| Дугаар | 210/МА2023/01743 |
| Огноо | 2023-09-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2023/01743
| 2023 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 210/МА2023/01743 |
А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02171 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б-д холбогдох,
Гэм хорын хохиролд 176,486,349 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б- нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр болгоомжгүйгээр А-гийн биед хүнд гэмтэл учруулснаар түүний зүүн нүд хараагүй болсон.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоол гарсан. Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах эмчилгээний зардал болон бодит хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийг өгөөгүй байна.
1.2. А- нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /цаашид ХБНГУ гэх/-д нүдний болор солиулах хагалгаанд 3 удаа орсон. Үүнээс эхний хагалгааны төлбөр 20,000 еврог Б- төлсөн, хоёр удаагийн хагалгааны зардалд 16,000 евро буюу 52,428,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлсөн.
Мөн Монгол улсад авсан эмнэлгийн үйлчилгээний хөлс 165,000 төгрөг, ХБНГУ-ын Санкт-Гетрауден эмнэлэгт үзүүлсэн төлбөр, хот хооронд явсан галт тэрэг, такси үйлчилгээний төлбөр, зочид буудал, нүдний дусаалга, эм, хоолны мөнгө зэрэг эмчилгээтэй холбоотой зардал 12,058,366 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөд төлсөн 10,000,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гадаад хэл дээрх нотлох баримтыг монгол хэл рүү орчуулах орчуулгын зардал 1,285,000 төгрөг, гадаад улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад мэргэжлийн орчуулагч, хэлмэрчид 2021 оны 5-8 сарын төлбөрт төлсөн 2,975 евро буюу 9,747,587 төгрөгийн зардал тус тус гаргасан. Мөн эрүүл мэндийн улмаас сэтгэл санаанд хохирол учирсныг 10,000,000 төгрөгөөр үнэлнэ.
Зүүн нүд удаа дараагийн мэс заслын улмаас олон оёдол тавьж урагдалт ихтэй байгаа тул өмнөх байдал руу сэргээн засах хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд Синдрелла эмнэлэгт нэг удаагийн сэргээн засах хагалгаа 4,560,000 төгрөг бөгөөд 3 удаа ороход 13,680,000 төгрөг болно.
1.3. А- нь 2012 оноос хойш осол болох 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл “ХХ” ХХК-д Баяжуулах үйлдвэрийн Засвар үйлчилгээний хэлтсийн ахлах инженерээр ажиллаж байсан. Осол гарснаас хойш 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд А- ажил үүргээ гүйцэтгээгүй буюу 4-7 дугаар сард өвчтэй байсан учраас тодорхой хэмжээгээр цалин бодогдсон, харин 8-9 сард цалингүй чөлөө авсан тул нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож байгууллага төлсөн.
А- нь 2021 оны 12 дугаар сард ажилдаа эргэн орохдоо эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаал өөрчлөгдөж, Гүний уурхайн босоо амны төлөвлөлтийн инженер буюу оффисын ажилд шилжин орсонтой холбоотойгоор хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл хасагдсан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нэмэгдэл авах боломжтой байсан.
Нийтдээ хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас ажлын байр өөрчлөгдсөн, ажлаагүй зэрэг шалтгааны улмаас 67,122,396 төгрөгийн цалин хөлс, нэмэгдэл дутуу авсан байна.
1.4. Иймд Монгол улсад авсан эмнэлгийн үйлчилгээний хөлс 165,000 төгрөг, ХБНГУ-д хийлгэсэн 2 удаагийн хагалгааны төлбөр 52,428,000 төгрөг, ХБНГУ-д гаргасан эмчилгээ, замын зардал 12,058,366 төгрөг, сэргээн засах эмчилгээний зардал 13,680,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас дутуу авсан цалин хөлс, нэмэгдэл 67,122,396 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, орчуулгын зардал 1,285,000 төгрөг, эрүүл мэндийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, хэлмэрчийн зардал 9,747,587 төгрөг, нийт 176,486,349 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Гэм буруугийн асуудал дээр болон эмчилгээнд гарсан бодит зардал төлөх үүрэгтэй талаар маргахгүй. Хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А-д 77,000,000 төгрөг буюу 20,000 евро төлсөн, дараа нь Монгол Улсад зохих эмчилгээ хийлгэхэд нь 5,000,000 төгрөгийг өгсөн.
Нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сард ХБНГУ-д амьдардаг эгч дээрээ очиж аялсан. Тэгэхдээ эмчилгээгээ хийлгэнэ, эгчээрээ эмчилгээ хийлгэх газраа судлуулна гэж хэлж байсан. Боннын их сургуулийн эмнэлэгтэй гэрээ хийж эмчилгээ хийлгэхээр болж урьдчилсан байдлаар 17,000 евро гарах тооцоолол гарсан. Уг мөнгийг өгвөл гомдолгүй болно гэхэд нь 20,000 еврог төлсөн. Гэхдээ эмнэлгийн зардалд нэхэмжлэгч 20,000 евро төлсөн гэх баримт байхгүй. Бид эмчилгээнд хүрэлцэхүйц хэмжээний төлбөрийг өгсөн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй.
2.2. Цалингийн зөрүү шаардсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан талаар баримтгүй. Гэмтэл авснаас хойш түүний цалинд өөрчлөлт ороогүй. Харин тэрээр 2020 оны 8-9 сард цалингүй чөлөө авсан боловч ямар үндэслэлээр чөлөө авсан талаар баримтгүй.
2.3. Бусад зардлыг мөн зөвшөөрөхгүй. Тухайлбал, гадаад улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад орчуулагч оролцсон гэх баримтгүй, нэхэмжлэгч өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний эрхийн асуудал, сэтгэл санаанд ямар хохирол учирсан гэдгийг нотлох баримтгүй. Мөн нэхэмжлэгч ХБНГУ руу хэзээ явсан, ирсэн нь бас хэрэгт баримтаар тогтоогдоогүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Б-аас гэм хорын хохиролд 38,807,453,6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 137,678,895,4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамж 351,987 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөд 67,122,396 төгрөгийг нэхэмжилсэн ба “ХХ” ХХК-аас ирүүлсэн албан бичгээр дээрх шаардлага нь нотлогдсон байхад шүүх 38,807,453,6 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
4.2. Мөн анхан шатны шүүх эмчилгээнд гарсан бодит зардлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч А- нь ХБНГУ-д 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 06 дугаар сарын 24-ний өдөр, 07 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэс ажилбарт нийт 3 удаа орсон ба 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мэс ажилбарын төлбөр болох 20,000 еврог хариуцагч Б- нь төлсөн, бусад хагалгааны төлбөр болох 16,000 еврог төлөөгүй.
Хариуцагч нь эхний хагалгааны төлбөр 20,000 еврог “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн хоёр удаагийн гүйлгээгээр 2021 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдөр төлсөн. Тус гүйлгээний баримтыг шүүх үнэлээгүй.
Мөн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мэс ажилбарын төлбөр болох 9,500 евро буюу 32,252,500 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн мэс ажилбарын төлбөр болох 6,500 евро буюу 20,067,500 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн төрсөн эгч В-аас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлж, улмаар В- нь ХБНГУ-ын Бонны их сургуулийн эмнэлгийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 6,500 еврог, 07 дугаар сарын 20-ны өдөр 9,500 еврог тус тус өвчтөн А-гийн /ГО4338422/ дугаараар хагалгааны төлбөрийг төлсөн. Тус гүйлгээний баримт нь тамга тэмдэгтэй, нотлох баримтын шаардлага хангасан. Гэтэл шүүхээс хэрэгт ач холбогдолтой, шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд эмчилгээний бусад зардалд гарсан баримтыг өмнөх зардал руу шингээж тооцож байгаа нь үндэслэлгүй.
4.3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад эмчилгээний зайлшгүй зардал болох 13,680,000 төгрөгийг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд болох хариуцагчаас нэхэмжилсэн боловч уг мөнгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүхээс үзэж байгаад гомдолтой байна.
А-гийн зүүн нүд нь олон удаагийн мэс ажилбарт орсон, олон оёдол тавиулж урагдалт ихтэй байгаа тул өмнөх байдал руу оруулах, сэргээн засах хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай байгааг шүүх анхаарч үзээгүй. “Синдерелла клиник” ХХК-ийн эмнэлэг нь шүүхийн дурдсанчлан арьс, гоо сайхны эмнэлэг биш харин арьс, гоо заслын эмнэлэг юм.
Мөн дан ганц “Синдерелла клиник” арьс гоо заслын эмнэлэгт үзүүлээгүй, нүдний нарийн мэргэшсэн эмнэлэг болох “Сондра” нүдний эмнэлэгт үзүүлж нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж зохих эмчилгээг хийлгэж байсан талаарх амбулаторын дэвтэр зэргийг шүүх анхаарч үзээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн мөнгөн дүнг 82,000,000 төгрөг гэж зөв дүгнэж тогтоосон. Тиймээс дээрх 20,000 евро болон 5,000,000 төгрөгөөс зарим төлбөрийг өгсөнд тооцож суутган тооцох учиртай юм.
5.1. Анхан шатны шүүх 11,149,411 төгрөгийг хариуцагч Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ХБНГУ-ын Боннын их сургуулийн эмнэлэгт 2 удаагийн хагалгааны зардалд 6,500 болон 9,500 евро нийт 16,000 еврог А-д өгсөн 20,000 еврогоос төлсөн гэж үзвэл цаана нь 4,000 евро үлдэж байгаа. Энэ нь 13,106,100 төгрөг /ханш 3,276.5 төгрөг/ бөгөөд үүнээс шүүхийн гаргуулахаар шийдвэрлэсэн 11,149,411 төгрөгийг төлсөнд тооцож суутгавал 1,956,588 төгрөг үлдэж байна. Үүн дээр сүүлд өгсөн 5,000,000 төгрөгийг нэмж тооцох учиртай ба нийт 6,956,588 төгрөгийг өгсөн байх тул нэмж төлөх төлбөргүй байна.
5.2. “ХХ” ХХК-аас ирүүлсэн тодорхойлолтоор хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 30,944,435 төгрөг авах боломжтой байсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар А-г 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд уурхайгаас Улаанбаатарт байрлах оффист шилжүүлэн Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Засвар үйлчилгээний супервайзорын ажил үүргийг өөрчилж тус хэлтсийн төлөвлөгчөөр түр шилжин ажиллуулсан ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл олгохыг 4 сарын хугацаанд хасахаар шийдвэрлэсэн.
Гэтэл гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/3166 тоот тушаалаар түүнийг буцаагаад босоо амны төлөвлөлтийн инженерээр 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл “ХХ” уурхайд шилжүүлж дээрх 2 төрлийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дараагийн тушаал гарсан 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тооцвол 2 сар 16 хоног л 2 төрлийн нэмэгдлээ хасуулсан. Энэ 2 нэмэгдэл нь сард тус бүр хэдэн төгрөг болох нийт сард хэдэн төгрөг болох тухай ямар нэгэн тооцоо байхгүй, нотлогдож тогтоогдсон зүйл хэрэгт байхгүй.
Анхан шатны шүүх “ХХ” ХХК-аас ирүүлсэн буруу тодорхойлолтыг үндэслэж 2 жил хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл зэргийг нэхэмжлэгч хасуулж хохирсон мэтээр алдаатай дүгнэж, 30,944,435 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу.
5.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн дутуу авсан 7,863,018 төгрөгийг төлсөнд тооцож суутгаад нэмэгдэлд авах ёстой байсан гэж буруу тооцсон 30,944,435 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч гэм хор учруулсан гэм буруугийн талаар маргаагүй. Нэмж гарсан зардал нотлогдвол бид төлнө гэж хариуцагч тайлбарладаг. Бодит байдалд бид нартай эвлэрье, мөнгө өгье гэж уулздаг. Гэхдээ гэм хорыг арилгах арга хэмжээ авдаггүй. Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, нэхэмжлэгчийн гомдолд тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдгээрийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын улмаас гарсан эмчилгээний зардал 64,651,366 төгрөг, сэргээн засах хагалгааны зардал 13,680,000 төгрөг, хэлмэрчийн зардал 9,747,587 төгрөг, дутуу авсан цалин хөлс 67,122,396 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, шүүхэд нотлох баримт гаргахтай холбоотой орчуулгын зардал 1,285,000 төгрөг, нийт 176,486,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоож чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.
4. Б- нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А-гийн зүүн нүдийг нь гэмтээж түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан үйл баримт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.
Иймд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол хариуцагчийн болгоомжгүй гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар түүний хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А- нь ХБНГУ-ын Бонны их сургуулийн эмнэлэгт 2021 оны 05 дугаар сарын 19, 06 дугаар сарын 24, 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд нийт 3 удаа нүдний торлог бүрхүүлийн хагалгаанд орсон /1хх 176-180, 183-184, 189-190, 2хх 119/,
хариуцагч Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,000 евро буюу 77,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 82,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдож байна /1хх 3-5, 123, 146-149/.
6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б-аас төлсөн 20,000 еврог нэхэмжлэгч А- нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн хагалгааны төлбөрт “өвчтний код 4338422” гэх утгаар Бонны их сургуулийн эмнэлгийн дансанд 2021 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эхнэр н.Алтанцоожийн данснаас шилжүүлж төлсөн байна /1хх 139-140, 2х 35-36/.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 20,000 евро нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн хагалгааны төлбөрт зарцуулагджээ.
Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24, 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд мөн эмнэлэгт хийгдсэн хагалгааны төлбөрийг төлөхдөө өөрийн эгч В-ын данснаас “өвчтний код 4338422” гэх утгаар 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 6,500 евро, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 9,500 евро, нийт 16,000 еврог шилжүүлжээ. Энэхүү 16,000 еврогийн хагалгааны төлбөр нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн хагалгааны төлбөртэй хамааралгүй болох нь Бонны их сургуулийн эмнэлгийн 2021 оны 06 дугаар сарын 26, 2021 оны 07 дугаар сарын 23, 2022 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдийн албан бичиг, банкны мөнгөн гүйлгээний баримтаар тус тус тогтоогдож байна /1хх 176-179, 2хх 81-86/.
Ийнхүү нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24, 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд хийгдсэн хагалгааны төлбөрт 16,000 евро буюу Монголбанкны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зарласан ханш 3,276,75 төгрөгөөр тооцвол 52,428,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын улмаас учирсан хохиролд шаардах эрхтэй.
6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаад ХБНГУ-д Санкт-Гетрауден эмнэлэгт үзүүлсэн төлбөр, хот хооронд явсан галт тэрэг, такси үйлчилгээний төлбөр, зочид буудалд байрласан төлбөр, нүдний дусаалга, эм авах зэрэг эмчилгээнд төлсөн 562 евро буюу 1,841,533 /562 евро*3,276,75/ төгрөг,
мөн Монгол улсад “Синдрелла эмнэлэг”-т 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үзүүлж үйлчилгээ авсны хөлс 50,000 төгрөг, “Фамили оптикал” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үзүүлж үйлчилгээний хөлс 115,000 төгрөгийг тус тус төлсөн тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж дүгнэж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар зохигч гомдол гаргаагүй байна.
6.3. Хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн талаар маргаагүй тул нэхэмжлэлээс хасч тооцно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм хорын хохиролд 49,434,533 /52,428,000+1,841,533 + 50,000+115,000-5,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, холбогдох шаардлагаас 15,216,833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.
7. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас сэргээн засах эмчилгээний 13,680,000 төгрөгийн зардал бодитоор гараагүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Учир нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар сэргээн засах эмчилгээний зардлыг хариуцагчаар зайлшгүй урьдчилан төлүүлэх нөхцөл байдал бий болсон гэдгийг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс сэргээн засах эмчилгээний зардал 13,680,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдолыг хангах үндэслэлгүй байна.
8. Дутуу авсан цалин хөлс, авч чадаагүй нэмэгдэлд нийт 67,122,396 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 30,944,435 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу дүгнэснийг залруулах боломжтой.
8.1. “ХХ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн leg/803, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн leg/1356 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбарт А- нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн улмаас 90 хоног цалинтай чөлөө, 2021 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 90 хоног цалингүй чөлөө авсан байна. Цалингүй чөлөө авсан үндэслэл нь эрүүл мэндэд гэм хор учирснаас өмнө нь цалинтай чөлөө авч байсантай шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 7,863,018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнийг буруу гэж дүгнэхээргүй байх бөгөөд зохигчийн хэн аль нь энэ талаар гомдол гаргаагүй.
8.2. А- нь 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс “ХХ” ХХК-ийн Баяжуулалтын хэлтэст Тосолгооны инженерээр, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Засвар үйлчилгээний супервайзор албан тушаалд ажиллаж байсан нь ХХ” ХХК-ийн захирлын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тушаал, мөн өдрийн ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /2хх 93-104/
“ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б4900 дугаар тушаалаар А-г 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд засвар үйлчилгээний супервайзорын албан тушаалаас төлөвлөгчөөр түр шилжүүлэн ажиллуулах, түүнд хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл олгохыг дээрх хугацаанд зогсоож, ажлын газрын байршлыг “ХХ” уурхайгаас Улаанбаатар оффис болгон өөрчилжээ /2хх 105/.
Мөн “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б3166 дугаар тушаалаар А-г Гүний уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Босоо амны төлөвлөлтийн инженерээр тус өдрөөс түр шилжүүлэн ажиллуулах, уг хугацаанд ажлын байрны байршлыг Улаанбаатар оффисоос “ХХ” уурхайн талбар болгохоор шийдвэрлэсэн ба одоо уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байна /2хх 106, 108/.
Дээрхээс дүгнэхэд А- нь “ХХ” ХХК-ийн Засвар үйлчилгээний супервайзор албан тушаалд ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр осол гарсны улмаас тэрээр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авсан ба 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд А- нь “ХХ” уурхайд ажиллаагүй тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл аваагүй үйл баримт тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл болон зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдлийг ямар хувь хэмжээгээр авч байсан, одоо ямар хувь хэмжээгээр тооцох ёстой талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
8.3. Иймд дутуу авсан цалин хөлс, авч чадаагүй нэмэгдэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас дутуу авсан цалин хөлсөд 7,863,018 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг нэхэмжлэлийн шаардлагаас 59,259,378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.
9. Мөн орчуулгын зардалд 1,285,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдааг залруулах боломжтой.
10. Харин анхан шатны шүүх хэлмэрчийн 9,757,587 төгрөгийн зардалын баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийн зардал нь зайлшгүй гарах зардалд тооцогдохгүй гэж тус тус дүгнэж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийн зардал гарсан нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг төсөөтэй хэрэглэж тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар зохигч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.
11. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 58,582,551 /49,434,533 + 7,863,018+1,285,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 117,903,798 /15,216,833+13,680,000+59,259,378+9,747,587+10,000,000+10,000,000/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн хэн алины гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулав.
12. Анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлийн дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02171 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “38,807,453.6 төгрөгийг” гэснийг “58,582,551 төгрөгийг” гэж, “137,678,895.4 төгрөгийг” гэснийг “117,903,798 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,
2 дахь заалтын “351,987 /гурван зуун тавин нэгэн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг” гэснийг “450,863 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,672 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ