| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0021/Э |
| Дугаар | 0014 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Ч.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т-д холбогдох эрүүгийн 1825008550007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ч.Т-д,
Шүүгдэгч Ч.Т-д нь 2018 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Могул РС тоглоомын газарт Б.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ч.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн талаар маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 630.000 төгрөг төлсөн. Дахин ийм асуудал гаргахгүй. Эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж байя гэж бодож байгаа гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр Бат-Эрдэнэ, Золоо нарын хамт Бүрэнбүст багт байрлах РС тоглоомын газарт хажуу талын нь өрөөнд биллъярд тоглож байгаад тоглоомноосоо болж Золоотой маргалдсан. Уг тоглоомын газрын эзэн Төрболд та нар энд маргалдаж болохгүй, гадаа гар гэхээр нь Золоо бид хоёр үүдэнд шатан дээр зууралдчихсан зогсож байхад тоглоомын газрын эзэн бид хоёрыг салгах гэж намайг араас өвдөглөөд Золоог нуруу руу нь цохисон. Ингээд бид хоёр салаад эргэж орж хувцасаа авахдаа чи яагаад намайг өвдөглөж байгаа юм, чамд өвдөглүүлдэг хүүхэд биш шүү гэж хэлчихээд гараад явах гэж байтал Төрболд миний нүүр рүү мөргөсөн. Энэ үед би манараад нүүрээ дараад унасан. Улмаар хэсэг хэвтэж байгаад боосоод найзуудтайгаа 5-10 дугаар байрны урд очтол хамарнаас цус гараад байсан ба цусаа тогтоочихоод гэртээ харьсан. Маргааш нь эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамар хугарсан, зүүн нүдний ухархай чинь цуурсан байсан гэсэн мэдүүлэг /хх 6-7 ху/,
-Насанд хүрээгүй гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр найзтайгаа Бүрэн бүст багт байдаг Могул РС тоглоомын газар тоглож байтал хажуу талд биллъярд тоглож байсан манай найз Сэргэлэн Золоо нар гадаа маргалдаад барьцалдчихсан байсан ба Рс тоглоомын газрын эзэн Төрболд гарч тэр хоёрыг салгасан. Улмаар салгахдаа Сэргэлэн, Золоо хоёрыг араас нь нэг нэг удаа өвдөглөсөн. Энэ үед эргэж ороод тоглож байтал Сэргэлэн РС рүү орж ирээд биллъярдныхаа тооцоог хийчихээд Төрболд ахыг би таньд өвдөглүүлдэг хүүхэд биш шүү гэтэл Төрболд ах уурлаад Сэргэлэнг хамар луу мөргөсөн. Улмаар би Сэргэлэнг аваад гарч яваад 5-11 гадаа очсон чинь Сэргэлэнгийн хамарнаас нь цус гараад толгой өвдөөд байна гээд байрны үүдэнд сууж байгаад гэр лүүгээ явсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 11 сарын 25-ны орой биллъярд тоглож байсан хүүхдүүд хоорондоо маргалдаад гарсан. Би нөхөртэйгээ хамт хяналтын камераа хараад сууж байтал 2 хүүхэд нь манай үүдний шатан дээр барьцалдчихсан байхаар нь би наад хоёр чинь нэгнийгээ унагалаа салгаатах гэсэн чинь Төрболд гарсан. Удалгүй Төрболд тэр хоёрыг салгачихаад ороод ирсэн. Удалгүй ажил дээр салгасан хоёр хүүхдийн нэг нь орж ирээд чи яагаад намайг цохьдог юм гээд Төрболдтой маргалдаж эхэлсэн. Ингээд тэр хүүхэд Төрболдруу дөхөөд очиход Төрболд нүүр рүү нь нэг удаа мөргөсөн чинь хойшоо газар хэвтээд нүүрээ дарж байгаад ширээний теннисний ширээ өшиглөөд хаалган дээр очоод намайг харж байгаарай хүүхдүүд дагуулж ирнэ гээд явсан гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 835 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.С- биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дээд хананы цууралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
З. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дээд хананы цууралт нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2018-11-25 өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 14 ху/,
-Насанд хүрээгүй ххирогч Б.С-н өвчний түүх
-Ч.Т-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31-34 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Могул РС тоглоомын газарт Б.Сэргэлэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэргийн талаар маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.С-н “...Уг тоглоомын газрын эзэн Төрболд та нар энд маргалдаж болохгүй, гадаа гар гэхээр нь Золоо бид хоёр үүдэнд шатан дээр зууралдчихсан зогсож байхад тоглоомын газрын эзэн бид хоёрыг салгах гэж намайг араас өвдөглөөд Золоог нуруу руу нь цохисон. Ингээд бид хоёр салаад эргэж орж хувцасаа авахдаа чи яагаад намайг өвдөглөж байгаан чамд өвдөглүүлдэг хүүхэд биш шүү гэж хэлчихээд гараад явах гэж байтал Төрболд миний нүүр рүү мөргөсөн. Энэ үед би манараад нүүрээ дараад унасан” гэсэн мэдүүлэг /хх 6-7 ху/, мөн насанд хүрээгүй гэрч Ц.Цэнгүүн /хх 12 ху/, гэрч Н.Боргочин /хх 10-11 ху/ нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дээд хананы цууралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт үүссэнийг тогтоосон 835 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчтөний түүх, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид 630.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлж барагдуулсан зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Т-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.Б