| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0035/Э |
| Дугаар | 0031 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Ө.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Г-д холбогдох эрүүгийн 1825008840013 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт удаагийн ял шийтгэлтэй, Ө.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 12 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 47-а-2 тоотод гэртээ Б.Эрдэнэбаатарын толгой тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ө.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хохирогчид хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид эмчилгээний зардалд 80 000 төгрөг төлсөн. Одоо 150 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнийгээ төлнө. Дахин ийм асуудал гаргахгүй. Тухайн үед өөрийнхөө уурыг бариагүйгээс ийм асуудал болсон. Ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 12 сарын 11-ны өдөр архи уусан байсан. Тамхи авах гээд дэлгүүр ороход дэлгүүр тамхи ширхэгээр зарахгүй гэхээр нь харалдаа гудамжинд амьдардаг танил Ө.Ганбатын гэрт орж 5 ширхэг тамхи байвал өгөөч гэж хэлсэн. Ө.Ганбат чиний тамхийг би бэлддэг юм уу? гэж хэлээд над руу түлээнийхээ хайрцагнаас хагалсан мод аваад шидсэн. Тэгээд миний тархи хагарч толгойноос цус гарсан. Ө.Ганбат минийн толгой руу цохих үед миний баруун гар жирс хийж гар маань мэдээгүй болсон. Маргааш өдөр нь орноосоо босч чадахгүй байхаар нь 15 цагийн орчим түргэн дуудсан. Түргэн ачаалал ихтэй байна гээд 21 цагийн үед ирсэн. Түргэн ирээд цагдаа дуудсан. Цагдаа намайг Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд хүргэж өгч толгойд маань оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/,
-Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 12 сарын 11-ний өдөр нөхөр хүүхдийн хамт гэртээ байсан. Хүн хашааны хаалга нүдээд байхаар нь тайлж өгөөгүй. Тэгэхэд хашаа даваад ороод ирэхээр нь хартал Б.Эрдэнэбаатар байсан. Өмнө нь хэд хэдэн удаа манайд согтуу ирдэг байсан. Тухайн үед согтуу байхаар нь би гэртээ оруулахгүй яв гэж хэлэхэд Б.Эрдэнэбаатар манай гэрт орно гээд орсон. Гэрт ороод тамхи өг гээд Ө.Ганбат тамхи өгсөн чинь амандаа зуучихаад гар өвдөөд байна асаагаад өг гэхээр нь Ө.Ганбат асааж өгсөн. Гэтэл Б.Эрдэнэбаатар халааснаасаа 8000 төгрөг гаргаж ирээд архи авч ууя архинд яваад ир гэхэд нь Ө.Ганбат уурлаад дандаа манай гэрт орж ирж дээрэлхэж байдаг гэхэд Б.Эрдэнэбаатар салаавч гаргаад орилж хашгираад байсан. Ө.Ганбат уурлаж Б.Эрдэнэбаатартай барьцалдаж аваад түлээний саванд байсан модноос авч Б.Эрдэнэбаатарын толгойг цохисон. Толгой нь хагарч цус гарсан гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/,
-Яллагдагч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хашааны хаалга нүдээд байсан. Согтуу хүн байна гээд онгойлгохгүй байсан чинь хаалга даваад ороод ирсэн. Нохой хуцаад байхаар нь эхнэр гэрийнхээ хаалгыг онгойлгоод хартал Эрдэнэбаатар согтуу осгож үхэх шахлаа гэсэн хувцас хунар нь бөөн шороо болсон орж ирсэн. ...Эрдэнэбаатар халаасаа ухаад 8000 төгрөг гаргаж ирээд архи авч ууна 1 шил стандарт ууна аваад ир гэсэн. Эхнэр уурлаж ямар архичны гэр орон байгаа биш чи өөрөө гарч уу гэхэд Эрдэнэбаатар гэрт шүлсээ хаяад ёжилж инээгээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрч чи олон удаа болж байгаа шүү битгий дээрэлхээд байгаарай гэж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс салаавч гаргасан. Би Эрдэнэбаатарыг барьж аваад гэрээсээ гаргах гэтэл гардаггүй, зууралдаж байхдаа түлээний хайрцагнаас 1 мод аваад цохих гэж айлгая гэж бодоод далайтал толгой руу нь оногдож толгойноос нь цус гарсан гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Э-н биед хуйханд зүүн зулай ясны харалдаа шарх үүсчээ.
2. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мэс заслын оёдолтой байх тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алданлтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 14 ху/,
-Ө.Г-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32-33 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 12 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 47-а-2 тоотод гэртээ Б.Эрдэнэбаатарын толгой тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн “...Хэргийн талаар маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Э-н “...Ө.Г чиний тамхийг би бэлддэг юм уу гэж хэлээд над руу түлээнийхээ хайрцагнаас хагалсан мод аваад шидсэн. Тэгээд миний тархи хагарч толгойноос цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/, мөн гэрч Х.Баасансүрэнгийн “...хашаа даваад ороод ирэхээр нь хартал Б.Эрдэнэбаатар байсан. Өмнө нь хэд хэдэн удаа манайд согтуу ирдэг байсан. Тухайн үед согтуу байхаар нь би гэртээ оруулахгүй яв гэж хэлэхэд Б.Эрдэнэбаатар манай гэрт орно гээд орсон. Гэрт ороод тамхи өг гээд Ө.Ганбат тамхи өгсөн чинь амандаа зуучихаад гар өвдөөд байна асаагаад өг гэхээр нь Ө.Ганбат асааж өгсөн. Гэтэл Б.Эрдэнэбаатар халааснаасаа 8000 төгрөг гаргаж ирээд архи авч ууя архинд яваад ир гэхэд нь Ө.Ганбат уурлаад дандаа манай гэрт орж ирж дээрэлхэж байдаг гэхэд Б.Эрдэнэбаатар салаавч гаргаад орилж хашгираад байсан. Ө.Ганбат уурлаж Б.Эрдэнэбаатартай барьцалдаж аваад түлээний саванд байсан модноос авч Б.Эрдэнэбаатарын толгойг цохисон. Толгой нь хагарч цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх 08-09 ху/, хохирогчийн биед хуйханд зүүн зулай ясны харалдаа шарх үүссэнийг тогтоосон 25 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийн шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирлын талаархи нотлох баримтыг ирүүлээгүй байна. Гэвч шүүгдэгч нь эмчилгээний зардалд 80.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж, нэмж нэхэмжилсэн 150.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн, мөн нэмж нэхэмжилсэн 150.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Г-д оногдуулсан торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ө.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ө.Г-с 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч-д
7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА