Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Б.С

Шүүгдэгч П.А,

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1824000120041 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЦ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, П.А нь 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн хэрэглээг нь хориглосон эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх мансууруулах эм болох 318 ампул тарилгын уусмалыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

П.А нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн болон эрчимт эмчилгээ, сэхээн амьрдуулах тасгийн сувилагчаар ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн хэрэглээг нь хориглосон эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх мансууруулах эм болох 318 ампул тарилгын уусмалыг тус нэгдсэн эмнэлгийн эмийн сангаас захиалгын хуудсаар авч өөртөө хэрэглэж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Г.Ц  “...2017 онд эмнэлгийн сэхээн амьдруулахын сувилагчаар А.Ц, А нар ажиллаж байсан. 2017 оны 4 дүгээр сараас сувилагч А.Ц нь ахлах сувилагчийн ажилд томилогдон ажиллах болсноор П.А нь яаралтай түргэн тусламжийн болон эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын сувилагчийн ажлыг давхар хавсран гүйцэтгэж, ганцаараа ажиллаж байсан. Тухайн үед сэхээн амьдруулахын тасагт 2 ба түүнээс дээш ээлжийн сувилагч байсан бол манай эмнэлэгт ийм хэрэг гарахгүй байх боломжтой байсан. Эмийн сангаас захиалгаар авсан фентанил тарилгын хоосон шилнүүдийг эмийн сандаа эргүүлэн өгдөг байсан юм. Тиймээс А нь захиалж авсан мансууруулах сэтгэц нөлөөт эм тарианы туншил /хоосон шил/ шилнүүдээ эмийн санд эргүүлэн өгдөг болохоор нь өвчтөнүүдэд тарилгыг хэрэглэсэн гэж бодоод мөн захиалаад ирсэн, мансууруулах сэтгэц нөлөөт эм тариануудыг захиалгаар нь өгөөд явуулдаг байсан. 2017 оны 8 дугаар сард шиг санагдаж байна би нэг удаа мэдээгүйжүүлэгийн их эмч ******* танай тасаг сүүлийн үед фентанил тарилгыг ихээр хэрэглээд байгаа юм уу гэж асуухад манай тасагт сүүлийн үед хүнд өвчтэй хүмүүс хэвтэж эмчлүүлж байгаа учраас эм тарианы хэрэглээ их байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үед буюу 8 дугаар сард захилгаар авсан  мансууруулах сэтгэц нөлөөт эм тарианаас фентанил тарилга илүү ихээр хэрэглэгдээд байхаар нь сувилагч П.Агээс энэ сард хэрэглэгдээд байгаа фентанил тарилгын бүртгэлээ аваад ир гэж хэлтэл, 8 ампул фентанил тарилгыг зарлагдсан байдлаар өвчтөний түүхэнд хавсаргасан мэдээгүйжүүлгийн зарлагын хяналтын хуудас авчирч үзүүлсэн юм. Тэгээд л би нэг өвчтөнд 8 ампул фентанил тарилга хэрэглэж байгаа юм чинь тухайн тасагт фентанил тарилгын хэрэглээ их хэрэгцээтэй нь үнэн юм байна гэж ойлгосон. Ингээд би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс ээлжийн амралаа аваад ажлаа эм найруулагч ******* хүлээлгэн өгсөн. Намайг ажлаа хүлээлгэж өгөхөд эмийн санд фентанил тарилга үлдэгдэлгүй байсан. Тэгээд 100 ампул тарилгыг захиалчихсан байгаа, татаж аваарай гэж эм найруулагчдаа хэлж байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажилдаа ороод дараа долоо хоногийн нэг дэх өдрөөс нь тасгуудын мансууруулах сэтгэцэд нөлөөт эм тариануудын орлого, зарлагын бүртгэлийн журналыг хянаж үзэхэд яаралтай тусламжийн тасгийн мансууруулах эм тарианы орлого, зарлагын бүртгэлийн нэг хуудсан дээр 1 ампул фентанил тарилгыг өвчтөний нэр, онош, эмчийн гарын үсэггүй П.А өөрөө гарын үсгээ зураад зарлага гаргачихсан байсан. Би тэр үед нь П.Агээс  хэн гэгч өвчтөнд тарилгыг хэрэглэсэн юм бэ гэж асуухад нэг өвчтөнд зарлага гаргаад хэрэглэчихсэн юм гэж надад хэлж байсан. Тэгээд эмчийг ажилдаа орохоор нь түүнд өвчтөний нэр, онош, эмчийн гарын үсгийн  бичилтгүйгээр 1 ампул фентанил тарилга хэрэглэсэн байдлаар зарлага гарсан байна гэж танилцуулсан. Мөн сэхээн амьдуулах тасгийн фентанил тарилгын үлдэгдэл хэд байгаа вэ гэж А асуухад 10 ампул фентанил тарилга байгаа гэж хэлэхээр нь би одоо аваад ир гэж хэлэхэд эмч надад хэлэхдээ үлдэгдэл ампул тарилгаа би эмчдээ өгчихье гэж хэлж байсан. Маргааш нь би Н эмчээс 10 ампул фентанил тарилгыг авъя гэж хэлэхэд, эмч надад хэлэхдээ А фентанил тарилгын хоосон шилнүүд ирэхээр нь би аваагүй гэж хариулсан. Тэгэхээр нь Н эмчийн хамт Агээс чи 10 ампул фентанил тарилга байгаа гээд байсан чинь яасан бэ гэж асуутал А эмч бид хоёрт хэлэхдээ би хоёрыг нь алдаад хагалчихсан юм. Харин 8 ампулыг нь миний толгой өвдөөд байхаар нь өөрөө хэрэглэчихсэн гэж тухайн үед хэлж байсан. Тэгээд би Аг фентанил тарилгыг өөртөө хэрэглэж байсныг мэдээд байгууллагын даргадаа хэлж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-60-р хуудас/

Гэрч О  “...2017 оны 11 дүгээр сард мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн тайланг гаргахад мансууруулах эм фентанилын орлого, зарлагад зөрүү гарлаа гэм эмийн эмчилгээний хорооноос мэдэгдсэн. Үүний дагуу дотоод хяналт шалгалтын багаар нарийвчилж шалгалт үзэхэд фентанилын  орлого, зарлагад зөрүү гарч фентанил тарилгын уусмалаас 297 ампул хэрэглээ нь дутсан. Үүний шалтгааныг би П.Атэй шууд хамаатай гэж үзэж байгаа, шалгалтын дүнгээр мэдээгүйжүүлэгийн  хэсгийн мэдээ тайлангаас уг зөрүү гарч байгаа ба энэ хэсэгт уг тарилгын уусмалыг П.А хариуцан ажиллаж байсан. Зөрчил илэрч шалгалт хийж байх үед П.А нь Улаанбаатар хотод сэтгэц, мэдрэлийн эмчилгээнд явах шаардлагатай тул ажлаас чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Дотор, төрөх, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний хэсгүүдэд фентанил тарилгын уусмал хэрэглэсэн байгаа. Энэ тасгуудын тайлан мэдээнээс П.Агийн ажиллаж байсан эрчимт эмчилгээний хэсгээс ихэнх нь дутсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/

Гэрч Д.Ч “...Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлж, шалгалтыг хийх явцад фентанил тарилгын уусмалын орлого, зарлагад зөрүү гарсан нь тогтоогдсон. Уг зөрүү яаралтай тусламжийн хүлээн авах, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Агийн захиалгын хуудсаар эмийн сангаас авч эмчилгээнд хэрэглэх ёстой байсан фентанил тарилгын уусмалаас 12 ампул хэрэглээний зөрүү тогтоогдож, эмийн эмчилгээ зохицуулах хороогоор Аг оруулж уг фентанил тарилгын уусмалаас 12 ампул хэрэглээний зөрүү яагаад гарсан талаар тодруулахад А нь 2 ампулыг өвчтөнд хэрэглэсэн, 2 ампулыг унагаад хагалчихсан, 8 ампулыг нь би өөртөө хэрэглэчихсэн юм гэсэн тайлбарыг өгч байсан. Тус эмнэлгийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн 2017 оны нийт орлого, зарлагад шалгалт хийхэд фентанил тарилгын уусмалаас 297 ампул хэрэглээний зөрүү гарсан. Энэ нь яаралтай тусламжийн хүлээн авах тасаг, мэдээгүйжүүлэгийн хэсэг дээр гарсан бөгөөд энэ нь Агийн үйл ажиллагаатай шууд холбогдож байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/

Гэрч Ц.Н “...А нь яралтай тусламжийн хүлээн авах тасгийн сувилагчаар ажиллаж элжинд гардаг, энэ ажлын хамт мэдээгүйжүүлэгийн сувилагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Агээс гадна хоёр сувилагч ажиллаж байсан боловч нь ерөнхий сувилагч болоод уг ажлыг хийхгүй байсан. Нөгөө сувилагч хүүхэд асрах чөлөө авсан байсан. Энэ жил бол А ганцаараа ажилласан гэж хэлж болно. 2017 оны 11 дүгээр сард мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлагад шалгалт хийх явцад Агийн ажиллаж байсан хэсгээс орлого, зарлагын зөрүү гарлаа гэж Ц эгч надад хэлээд Аг дуудаж уулзаад одоо байгаа 12 ампул фентанилаа эмчдээ өгөөрэй гэж хэлсэн. А тэр өдөр 12 ампул фентанил тарилгын хоосон шил авчирч өгсөн. Тэгэхээр нь би яагаад хоосон шил авчирч байгааг нь Агээс асуухад эмчээ би өөрөө хэрэглэчихсэн юм. Тэгээд Ц эгчид хэлж чадахгүй байна. гэхээр нь би өөрөө Ц эгчид өг гээд гаргасан. Маргааш нь Ц эгч энэ талаар мэдээд эмийн эмчилгээний зохицуулах хуралд П.Аг оруулж энэ асуудлыг тодруулж асуухад А нь 2 ампулыг өвчтөнд хэрэглэсэн, 2 ампулыг унагаад хагалчихсан, 8 ампулыг би өөртөө хэрэглэчихсэн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/

Гэрч Ц.Д “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эм зүйч Цажилдаа орсон. Ажилдаа орсны дараа мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлагад шалгалт хийж, эмнэлгийн хэмжээний бүх бүртгэл судалгааг шалгахад фентанил тарилгын уусмалын орлого, зарлагад зөрүү гарсан байсан. Энэ нь яаралтай тусламжийн хүлээн авах тасгийн сувилагч П.Агийн орлого, зарлагын бүртгэлээс зөрүү гарч, П.А нь эмийн эмчилгээний зохицуулах хорооны хурал дээр фентанилийг өөртөө хэрэглэсэн гэдгээ хэлсэн байдаг. Би эмийн санч Цаас эмийн сангийн ажлын хүлээн авсан өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгээс манай эмнэлгийн эмийн санд 10 ампул фентанил тарилга захиалгаар ирснийг тэр өдөр нь Сэхээн амьдруулах тасагт захиалгаар олгосон. Цнь надад ажлаа хүлээлгэж өгөөд амрахдаа эмийн санд 100 ампул фентанил тарилга авахаар захиалсан байсан. Захиалсан 100 ампул тарилга нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр захиалгаар ирсэн. Мөн манай эмнэлэгт өвчлөл ихэссэний улмаас эмийн санд фентанил тарилгын нөөц багасаад байсан тул 200 ампул тарилгын захиалгыг би өөрөө өгсөн байсан. Тэгээд 10 сарын 23-ны өдөр эмийн санд 300 ампул фентанил тарилга захиалгаар ирснийг хүлээн авсан. Цийг ээлжийн амралттай байх хугацаанд захиалгаар нийт 400 ампул фентанил тарилга татан авсан. Үүнээс 161 ампул тарилгыг тасгуудад захиалгаар олгосноос 150 ампул фентанил тарилга нь Сэхээн амьдруулах тасагт захиалгаар олгосон. Эмийн санч Агээс фентанил тарилгын шил дутаад байна, хоосон шилнүүд байвал авчирч өг гэж хэлж байсан. Тэр үед А нь надад фентанил тарилгын шил байхгүй гэж хэлээд гарч удалгүй фентанил тарилгын хоосон 61 шилийг эмийн санд авчирч өгсөн байдаг. Тэгээд Цэгч шилнүүдийг хаанаас авчирсан талаар асуухад А нь нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн ажилчид хувцсаа сольдог өрөөний халаалтын паарны доод талын труба доторхыг нь ухаж байгаад гаргаж ирсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 288-289-р хуудас/

Гэрч Т.П “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний хэсгийн эмч ******* эмнэлгийн дотоод хяналт шалгалтын багт фентанилын зохисгүй хэрэглээний талаар шалгалт хийж өгнө үү гэсэн хүсэлтийн албан ёсоор гаргасан. Үүнээс 10 гаран хоногийн өмнөөс энэ асуудлын талаар эмнэлэг дээр яригдаж эхэлсэн байсан. Уг шалгалтыг хийхэд эмийн санд байх ёстой үлдэгдэл 57 ампул хэрэглээний фентанилын 2 мл/100 мкг хэмжээний уусмал захиалгын хуудсаар олгогдоогүй зарлагын баримтгүй дутсан. Уг 57 ампул фентанилын 40 ширхэг хоосон шил нь эмийн санд тушаагдсан байсан. Хэн тушаасан нь тодорхойгүй байгаа. Захиалгын хуудсаар гарсан нийт шилнээс 40 ширхэг илүү гарсан юм, шилгүй дутсан 17 ширхэг байсан. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний хэсэг нь 543 ампул хэрэглээний фентанил тарилгыг авснаас орлогын бүртгэлд 223 ампул тарилгын уусмал бүртгэгдээгүй. Эмчлүүлэгчид зохих журмын дагуу хэрэглэсэн нь 320 ампул хэрэглээ байна. Уг шалгалтаар сувилагч П.А нь фентанил тарилгын уусмалыг өөртөө завшин хэрэглэж байгаа нь мэдэгдсэн. Уг шалгалтаар гарсан тоо нь эцсийн яг баттай гарсан гэж хэлэхгүй, бага хэмжээний хэлбэлзэл байхыг үгүйсгэхгүй. Учир нь яг энэ тооллого хяналт хийх мэргэшсэн хүмүүс биш байсан. Уг тайлан дээр шалгалтын талаар тодорхой тусгасан байгаа...” /хх-ийн 71-р хуудас/,

Гэрч Р.П “...А нь намайг жижүүртэй байхад эмнэлэг дотор тааралдахдаа миний толгой өвдөөд байна. та надад фентанил тарилга тариулаад өгөөч гэж хэлэхээр нь би түүнийг юу яриад байгаа юм гэж загначхаад явчихсан. 2017 оны 10 дугаар сард шиг санагдана, намайг холын дуудлагад яваад ирэхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн бүртгэлийн зарцуулалтын тайлангийн Фенрбарбитал /нойрсуулах эм/ гэсэн хуудасны хамгийн доод хэсгийн хүснэгтэд та саяны явсан дуудлагын хүний нэр дээр зарлага гээд бичээд өгөөч би өвдөлт намдаах эм хэрэглэсэн юм, та энэ хэсэгт бичээд өгөөч гээд заагаад гуйсан болохоор нь би 2 ширхэг фенобарбиталын зарлага бичиж гарын үсэг зурсан юм. Тэгээд удаагүй манай эмнэлэгт фентанил тарилга дутсан асуудал гарч, эмнэлгийн бүртгэлийг шалгахад, миний гарын үсэг зурсан Фенобарбиталын зарлагын бүртгэлийн хамгийн доод хэсгийн хүснэгтэд П.А сувилагчаар ажиллахдаа фентанил тарилга зарлагдсан байдлаар өөрөө гарын үсгээ мөн зурсан байсан. Тухайн зарлага нь Педров гэгч хүний нэр дээр зарлагдсан байдлаар бичигдсэн байсан...” /хх-ийн 79-р хуудас/

Шинжээч Л.С тарилгыг бүртгэлд тусган, зөрүү 260 ампул тарилга бүртгэлд тусгагдалгүй дутсан. Тасгуудад олгогдсон нийт 623 фентанил тарилгуудаас яаралтай түргэн тусламжийн сувилагч сэхээн амьдруулахын мэдээгүйжүүлэгийн сувилагчаар хавсран ажиллаж байхдаа 425 ампул фентанил тарилгыг захиалгын хуудсаар П.А гардан хүлээн авсан байдаг. Ингэх явцдаа тасгийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн бүртгэлд дутуу тусгах байдлаар 206 ампул фентанил тарилгыг дутагдуулсан байдаг. Тасагт бүртгэлд тусгагдаж 351 ампул тарилга бүртгэгдэж ирсэн байсан. Үүнийг өвчтөний түүхэнд эмчийн заалтаар эмчилгээнд хэрэглэсэн нь 305 ампул үүний 58 ампул тарилгын зөрүү нь эмчилгээний явцад дутагдсан байна. Эмчилгээний явцад дутагдсан фентанил тарилга нь өвчтөнд эмчийн бичсэнээс илүү зарлагдах байдлаар тарилгыг бүртгэлд тусгасан байдаг...” гэх мэдүүлэг                         /хх-ийн 140-140-хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2945 дугаартай “...Шинжилгээнд фентанил тарилгын уусмалд мансууруулах эмийн бодисын агууламж илрэв. Фентанил нь НҮБ-ын 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн  хэрэглээг нь хориглосон эмийн жагсаалтад багтана...” гэх дүгнэлт /хх-ийн 99-р хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 260 дугаартай “...П.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Аливаа үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. П.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ фентанилын хэтрүүлэн хэрэглээ хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна. П.А нь одоо сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна. П.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. П.Ад үзлэг шинжилгээний явцад фентанилын шалтгаант хордлого болон хамаарлын шинж тэмдэг илрээгүй болно. П.Ад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна...” гэх дүгнэлт                                /хх-ийн 199-р хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн патопсохолгич Б.Т “... Шинжлүүлэгчийн хийсвэрлэн дүгнэх үйлийн түвшин, нас боловсролын түвшинтэй нь харьцуулахад бууралт үгүй ч өнгөц хөнгөн хандлага, сэтгэл тогтворгүй байдал, сэтгэл санаагаар унасан, өөрт итгэлгүй, харилцаанд хязгаарлагдмал, шинжүүд илэрнэ, анхаарлын өөрчлөлттэйгөөр холбоотойгоор ой тогтоолт буусан байх талтай, зориг эрмэлзлийн хүчээ зохицуулах чадвар сул, сульдал илэрнэ, өөрийн сэтгэцийн байдалд хандах шүүмжлэлт чанар хэвийн боловч өвчирхөх болон истерийн шинж байв...” гэх 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1/63 дугаар сэтгэл зүйн оношилгоо,

Завхан аймгийн Аудитын газрын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.С 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай “...Эм зүйч Г.Ц 2017 оны ээлжийн амралтаа эдлээд буцаж ажилдаа орох хооронд Нэгдсэн эмнэлгийн дотоод хяналт сулаас үүдэн орлогод авсан  400 ширхэг тарилгаас 54 ширхэг дутсаныг хугацаа алдаж мэдсэн. П.А нь уг тарилгыг ихээр хэрэглэдэг сэхээн амьдуулах тасгийн мэдээгүйжүүлэгийн сувилагч, яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагчаар давхар ажилладаг байхдаа эмийн сангаас 542 ширхэг тарилгыг захиалгаар хүлээв авч 492 ширхэг хэрэглэсэн шилийг буцаан өгсөн нь алдагдсан тарилгыг авч хэрэглэсэн байх магадлалтай гэж үзэх болохоор  байна. 2017 онд фентанил тарилгыг эмийн сангаас 623 ширхгийг тасгуудад олгосноос тасгуудын мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн 2017 оны бүртгэлд орлогоор 351 ширхэг бүртгэгдэж, бүртгэлд тусгагдалгүйгээр  260 ширхэг тарилга дутсан. 2017 онд фентанил тарилгыг эмийн сангаас 623 ширхэг тасгуудад олгосноос  тасгуудын мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн 2017 оны бүртгэлд орлогоор 351 ширхэг бүртгэгдэж, үүний 305 ширхэг нь өвчтөний түүхэнд эмчийн заалт, сувилагчийн өвчтөнд хэрэглэсэн эмчилгээний зарлагаар гарч 58 ширхэг зөрүү тасгуудын эмчилгээний явцад дутсан...” гэх дүгнэлт /хх-ийн 130-132-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 01 дүгээр сарын26-ны өдрийн 07/40 дугаар “ танилцуулга хүргүүлэх тухай” албан бичиг, мөн тус өдрийн хяналт шалгалтын танилцуулга, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн Мансууруулах ба сэтгэц нөлөөт эмийн орлого зарлагын бүртгэл, мансууруулах эмийн орлоо зарлагын бүртгэлүүд, хэвтэн эмчлүүлэгсдийн бүртгэл, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2983 дугаар шинжээчийн дүгнэлт, П.Агийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, хэрэглэсэн эмийн хуудас, П.Агийн хувийн байдлын талаарх баримтууд зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч П.Агийн  дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт 477.000 /дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг завшсан нь тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч П.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч П.Агийн  “...Би 2013 оноос Нэгдсэн эмнэлгийн дотор, яаралтай түргэн тусламжийн тасгуудад ээлийн сувилагчаар ажиллаж байгаад 2014 оны 9 дүгээр сараас мэдээгүйжүүлэгийн 3 сарын курст суралцаж төгсөөд, 2015 оноос Яаралтай түргэн тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар, мөн мэс засал төрөх тасгуудад мэдээгүйжүүлэгийн сувилагчаар ажил хавсран гүйцэтгэж байсан. Тэгээд 2015 оны 9 дүгээр сард хадамд дүүдээ зодуулж, биедээ гэмтэл авч нурууны сэртэнгийн  хугарал, зүүн нүдний ухархайн цөмрөл тархины цус хуралт гэмтлүүдээр Гэмтлийн эмнэлэгт тархины цус хуралтыг шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж дараа нь Улсын төв 1 дүгээр эмнэлэгт хэвтэн зүүн нүдний цөмрөлийг нөхөх хагалгаа хийлгэж эмчлүүлж байсан. 2016 оны 1 дүгээр сард ажилдаа орж, Яаралтай түргэн тусламжийн тасагт 4 сар хүртэл ээлжийн сувилагчаар дангаар ажиллаж байгаад 4 сараас эхлэн Мэс засал, Төрөх тасгуудын хагалгааны мэдээгүйжүүлэгийн сувилагчаар ажил хавсран хийж байсан. Ээлжийн амралттай ажлын 15 хоногийн амрах хугацаанд сувилагч миний хийж байсан ажлыг хавсран хийж байсан. 2017 оны 4 дүгээр сард ажлын ачааллаас болж биеийн байдал эвгүйрхэж Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэх хугацаандаа эмчийн үзлэг, заалтын дагуу толгойн өвдөлтдөө фентанил тарилгыг удаа дараа хийлгэж байсан. 2017 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Яаралтай түргэм тусламжийн тасагт үндсэн ба ээлжийн сувилагчаар, мөн Төрөх, Мэс заслын тасгуудад хагалгааны мэдээгүйжүүлэгийн сувилагчийн ажлыг хавсран хийж байсан. Энэ ажиллах хугацаанд ээлжээс буугаад эмнэлэгт хагалгаа маш ихтэй байдаг байсан болохоор хагалгааны мэдээгүйжүүлэгийн  сувилагчийн ажилд илүү цагаар ажиллаж байхад зарим хүндхэн хагалгаан дээр сэртэл нь аппарат тоног төхөөрөмжөө хянаж хэдэн хоногоор               хонож ажилладаг байсан. Энэ үед амралтын цаг бага, ажлын ачаалал ихтэй байдаг байснаас болж миний толгой маш ихээр өвддөг байсан. Толгойн өвдөлтөө намдаах гэж фентанил тарилгыг өөрөө соруулж, тухайн үед гарч байгаа ээлжийн сувилагч нараар уг тариаг өвчин намдаах тариаг гэж хэлээд хийдгэдэг байсан. Намайг                    ингэж өөртөө фентанил тарилгыг хийлгэдгийг тухайн өдөр ээлжид гарч байгаа сувилагч нар мэддэггүй, миний толгой өвдөөд байдгийг  зарим сувилагч нар мэддэг болохоор өвчин намдаах тариа гэж хэлсний дагуу  тариаг надад хийж өгдөг байсан. Би хагалгаа дээр захиалж авсан фентанил тарилгаасаа орлогын дэвтэр дээр 3-5 тарилга багасгаж орлогод авдаг байсан. Уг тарилгыг эмчийн заалтгүйгээр өөртөө хэрэглэх нь буруу гэдгийг мэдсээр байж эмч болон удирдлагуудад мэдэгдэлгүйгээр хийлгэж байсан, мэдэгдье гэж бодсон ч айж эмээдэг байсан. Хагалгаа дээр ганцаараа олон сар ажиллаж, толгойн өвдөлт маш ихээр өвддөг байсан болохоор өвчтөнүүдийн хагалгаанд хэвийн орж, алдаа дутагдал гаргачихгүйн тулд өөртөө фентанил тарилгыг хэрэглэдэг байсан нь миний буруу юм. Иймээс би гэм буруугаа бүрэн ухамсарлаж ойлгож байна. Би нэг удаа эм тарианыхаа захиалгыг авах гээд эмийн сан руу ороход эмийн санч Г.Ц нь өвчтөнүүдэд хэрэглэсэн  фентанил тарилгынхаа үлдэгдлээ бүртгэлтэйгээ аваад ирээрэй гэж хэлж байсан. Тэгээд би фентанил тарилгын үлдэгдэл 12 ампул тарилгаас 8 ампул тарилгыг өгөхөд бусад 4 ампул тарилгыг яасан юм гэж надаас эмийн санч асуухаар нь хоёрыг нь унагаад хагалчихсан гээд хагархай хоосон шилийг, хоёрыг нь өөртөө хэрэглэчихсэн гээд нийт 4 хоосон шил тушаасан. Ингээд л намайг фентанил тарилгыг хэрэглээд байгаа юм байна гэж мэдсэн бололтой эмнэлгийн удирдлагын зөвлөлөөр оруулсан...” гэж мэдүүлж байгаа нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахаар хохирогчтой харилцан тохиролцсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц “...П.А нь 318 ампул фентанилийн үнэ 477.000 төгрөгийг хүлээн төлөхөө зөвшөөрсөн, уг хохирлыг 3 сарын дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Иймд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ад холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр тохиролцсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч П.Агийн хувьд ногдох хөрөнгө 32 инчийн Sharp маркийн лед дэлгэцтэй телевизор, Rotenz маркийн цагаан өнгөтэй угаалгын машиныг битүүмжилсэн прокурорын 5/29  дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. шүүгдэгч П.А мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Агийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хэсэгчлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан П.Агийн 32 инчийн Sharp маркийн лед дэлгэцтэй телевизор, Rotenz маркийн цагаан өнгөтэй угаалгын машиныг битүүмжлэх тухай 5/29 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь П.А нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч нь хохирол болох 477.000 /дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ