Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 17

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Иргэн Хошууд овгийн Норовын Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох,

           Гуравдагч этгээд: Иргэн Шавгууд овгийн Түмэн-Өлзийгийн Болдбаатар,

        “Увс аймгийн Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дахин явуулахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, гуравдагч этгээд Т.Болдбатаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

       Нэхэмжлэгч Н.Оюунбилэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2012-2016 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Улаангом сумын Гуравдугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 03-нд болсон багийн Засаг даргыг сонгох сонгуульд өрсөлдсөн. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу явагдаагүй.

       Сонгогчид саналаа өгөхөөр оочерлон зогсож байхад шууд цаг боллоо гээд саналын хайрцгийг задалсан. Хуралдаан даргалагч нь хурлын тэмдэглэл үйлдсэн хэдий боловч хурлын дэгдээ санал хураалт эхлэх, хаах цагийг нарийн зааж, батлуулан мөрдсөн бол өөр хэрэг юм. Тэгэхгүйгээр 17:00 цаг болсон гээд хаасан явдал нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн заалтыг ноцтой зөрчсөн. Нэг хүнийг санал өгүүлэхгүй гэсэн эрх энэ хүнд байхгүй. Баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын зохион байгуулалтыг зөрчсөн. 7.1.2-д мөн багийн Засаг даргад нэр дэвшсэн Н.Оюунбилэг миний иргэдээс авсан саналыг дахин хяналтын тооллого хийлгээгүйд гомдолтой байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд өргөдөл гаргасан боловч энэ асуудлыг шийдвэрлэхгүй байна. Мөн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжавд хүсэлт гаргасан боловч шийдэж өгөөгүй тул иргэдээс авсан саналаа скочдож 10 гаруй хүний гарын үсэг зурж баталгаажуулан Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Очирбатад хүлээлгэж өгсөн гэжээ.

        Нэхэмжлэгч Н.Оюунбилэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан. Уг хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгохоос эхлээд хуралдааны дэг баталж мөрдсөн зүйл байхгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь хуралдааны тэмдэглэл хөтөлж, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хэдэн цагт эхлүүлж, хэдэн цагт дуусгах талаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар батлуулж ажиллаагүй. Улаангом сумын 12 баг байдаг ба үүнээс Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу явагдаагүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох санал хуралт нь цаг хугацааны хувьд богино болсон. Энэ нь иргэдийн саналаа өгөх эрхийг зөрчсөн. Ингэснээр миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж шүүхэд холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлээд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хийсэн үзлэгээр багийн Засаг даргыг сонгох санал хураалтын саналын хуудсанд нэр дэвшигч Т.Болбаатарын төлөө өгсөн саналын хуудсыг ороож хийсэн цаас задарсан байсан, саналын хуудсанд гар хүрч болохгүй юм байх гэж бодоод сайн нягталж үзээгүй, би тухайн үед анхааралтай сайн хараагүйдээ их харамсаж байна. Саналын хуудас тоолох үед гар хүрч үзэж болохгүй байх гэж бодсон учраас сайн ажиглаагүй. Тэгтэл Т.Болдбаатарын битүүмжилсэн саналын хуудасны нэг өнцөг нь задарсан байсан. Хамгийн гол нь тухайн өдрийн санал хураалтыг богино хугацаанд явуулсан учраас сонгогчдын сонгох эрх зөрчигдсөн гэдгийг хэлмээр байна гэв.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг болон багийн Засаг даргыг сонгохдоо санал хураалтыг хэдэн цагт эхэлж, хэдэн цагт дуусгах талаар хуралдаанаар баталж нийтэд танилцуулаагүй. Саналаа өгөх гэсэн иргэд дуусаагүй байхад санал авах байрны хаалгыг хүчээр барьж иргэдийн сонгох эрхийг зөрчсөн. Үүний улмаас нэхэмжлэгчийн сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа гэв.

         Хариуцагч Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 25 минутанд багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Ц.Нямсамбуу нээж, хуралдааны дэгийн дагуу хуралдааны ирц болон хуралдаанаар хэлэлцэх асуудлаа танилцуулан Хурлын дотоод журмын төслийг хэлэлцүүлэн батлуулсан. Энэ үед заал дүүрэн буюу 300 орчим хүн ирсэн байсан. Хуралдааны зохион байгуулагчаар Ц.Пагмаа, Б.Отгон, С.Уранчимэг, Ч.Болд-Эрдэнэ нар ажилласан. Хуралдаан даргалагч Ц.Нямсамбуу багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэхтэй холбогдуулан тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах санал гаргасан. Хуралдаанд оролцогч иргэд дундаас М.Энхболд, Д.Дашдаваа. П.Дэлгэрмөрөн, Б.Соёлмаа, Т.Цэнгэлмаа нарын нэрийг дэвшүүлэн олонхоор хэлэлцүүлж гар өргүүлэн батлуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Ц.Нямсамбуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 тоот тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дагуу нэгдүгээрт, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын санал хураалтад МАН-аас Д.Наранцэцэг, АН-аас Б.Дагвасүрэн нар өрсөлдөж, нууц санал хураалтын дүнгээр Д.Наранцэцэг 179 санал буюу олонхийн санал авсаныг тооллогын комиссын дарга М.Энхболд уншиж танилцуулснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 02 тоот тогтоол гарч Д.Наранцэцэгийг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгож батлуулсан. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг таван хүнтэй байхаар санал оруулж дэгийн дагуу батлуулан заалнаас нэр дэвшүүлж, илээр санал хурааж батлуулав. Хурлын хуралдааны тэмдэглэлийг Тэргүүлэгч Ц.Лхамхүүгээр хөтлүүлсэн. Багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшүүлэхээр улс төрийн хоёр намаас нэр дэвшигчийн материал ирсэн бөгөөд заалнаас нэр дэвшигч гараагүй тул дэгийн дагуу 2 хүн дээр тогтож батлуулав. Хоёр нэр дэвшигч өөрсдийнхөө товч танилцуулгыг хийж, нэр дэвшигчдээс иргэд асуулт байгаагүй тул саналын хуудсанд дээрх 2 хүний нэрийг үлдээхээр шийдвэрлэн батлуулсан. Ингээд багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөхөөр МАН-аас Т.Болдбаатар, АН-аас Н.Оюунбилэг  нарын нэрийг дэвшүүлж нууц санал хураалтыг 15 цаг 20 минутанд эхэлүүлсэн бөгөөд зааланд байсан бүх хүмүүс саналаа өгч дуусахад 16 цаг 50 минут болж байсан. Энэ өдөр хуралдаан болж буй заалны хаалга байнгын нээлттэй байсан. Энэ үед зааланд сууж байсан иргэд одоо санал өгөх хүн байхгүй байна. Бид өглөөнөөс хойш сууж байна, саналын хайрцгаа задалж дүнгээ хурдан гаргахыг шаардаж эхэлсэн. Үүнд тооллогын комиссын дарга М.Энхболд бид та бүхнийг ойлгож байна. Одоо 20 минутын дараа саналын хайрцгаа задалья гэхэд иргэд олонхоороо зөвшөөрсөн. Энэ үед санал өгөхөөр орж ирсэн хүн байгаагүй тул 17 цаг 10 минутанд санал хураалтыг албан ёсоор зогсоож, саналын хайрцгийн лацыг нээж, санал тоолох ажил эхлүүлээд саналын хуудсыг тоолж байх үед нэр дэвшигч Н.Оюунбилэгийн нөхөр Л.Довчин 3-4 хүний хамт гаднаас орж ирж санал өгмөөр байна гэх асуудлыг тавьсан. Хурал даргалагч, зохион байгуулагчдын зүгээс нэгэнт саналын хайрцаг нээгдэж тооллогын комисс дүн гаргаж байгаа үед нэмж санал авах боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Удалгүй тооллогын комиссын дүнгээ гаргаж МАН-аас нэр дэвшигч Т.Болдбаатарт 266 санал буюу 53.7%, АН-аас нэр дэвшигч Н.Оюунбилэгт 229 санал буюу 46.3% гэсэн тогтоол уншиж танилцуулав. Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Наранцэцэг миний бие Т.Болдбаатарыг багийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай тогтоолын төслийг уншиж батлуулсан. Ингээд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 17 цаг 55 минутанд хаасан. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын агуулгын 1-д сонгогч саналаа өгөхөөр оочерлож байхад шууд цаг боллоо гээд саналыг өгүүлэхгүй саналын хайрцгийг задалсан гэх асуудал нь дээрхи тайлбараар няцаагдаж байна. Үүнийг багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс гэрчийн мэдүүлэг авч баталгаажуулж болно. Мөн тооллогын комисс, Хурал зохион байгуулагчдаас гэрчийн мэдүүлэг авч болно. Нэр дэвшигч Н.Оюунбилэг нь тооллогын комиссын дүнг эс зөвшөөрч санал хураалтын хуудсыг дахин тоолуулах хүсэлт гаргасан. Тооллогын комиссын бүрэлдэхүүний зүгээс энэ асуудлыг хэлэлцээд саналын хуудсыг тоолж албажуулаад тогтоолыг гаргасан. Нэгэнт битүүмжилсэн тул дахин тоолох хууль эрх зүй бидэнд байхгүй. Энэ асуудлыг дээд шатны байгууллага болох сумын ИТХ-ын ажлын албанд очиж шийдүүлэх нь зүйтэй гэж тайлбарласан. Сумын ИТХ-ын ажлын албанд нэр дэвшигч Н.Оюунбилэг, түүний нөхөр Л.Довчин, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Наранцэцэг, Тэргүүлэгч С.Дээшинбаяр, Д.Ариунжаргал, тооллогын комиссын дарга М.Энхболд, гишүүн Д.Дашдаваа, Хурал зохион байгуулагч Ц.Пагма, Б.Отгон, С.Уранчимэг, сумын ИТХ-ын нарийн бичиг Ж.Очирбат, сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, сумын Засаг даргын Тамгын газрын хууль зүй дотоод хэргийн ажилтан Д.Нямбаяр нар нэр дэвшигч Н.Оюунбилэгийн саналын хуудас дахин тоолох хүсэлтийг хэлэлцсэн. Багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг зөвхөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулдаг тул дахин саналын хуудсыг тоолох нарийвчилсан зүйл заалт байхгүй бөгөөд лацдаж битүүмжилсэн саналын хуудсыг задалж хяналтын тооллого хийх эрхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын агуулгын 2-д заасан асуудал нь дээрхи тайлбараар няцаагдаж байгаа болно. Улаангом сумын 3-р багийн ИНХ нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж, хуралдааны дотоод журам, дэгийг баримталж явагдсан тул Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12-р сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол хуулийн дагуу гарсан үзэж байна гэжээ.

        Хариуцагч Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Наранцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн  Нийтийн Хурал нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан. Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолыг  хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа. Тухайн хуралдаан нь Цогцолбор 2-р сургуулийн зааланд өглөө 10:00 цагт эхэлсэн. Уг хуралдааныг бүрэн эрх нь дуусаж байгаа багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Ц.Нямсамбуу нээж, хуралдааны дараалал, дотоод журам, дэг, болон хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, иргэдээр батлуулаад үргэлжлээд явагдсан. Энэ нь хурлын тэмдэглэл болон гэрч Ц.Нямсамбуугийн мэдүүлэг дээр тодорхой тусгаж өгсөн байгаа гэв.

      Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн байр суурийг илэрхийлж тайлбараа гаргана. Нэхэмжлэгч шүүхэд Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай шаардлагыг гурван үндэслэлээр тайлбарлаж гаргасан байсан. Нэгдүгээрт, сонгогчид санал өгөхөөр орж ирээд оочерлож зогсож байхад цаг боллоо гээд саналыг нь  өгүүлэхгүйгээр шууд саналын хайрцгийг задалсан гэсэн. Хавтас хэрэгт авагдсан тухайн үеийн тооллогын комиссоор ажилласан, хурлыг зохион байгуулсан гэрчийн мэдүүлэг, хурлын тэмдэглэлээс харахад тухайн хурал нь эхний хүн 09:40 цагт ирсэн. Энэ хугацаанаас хойш 17:00 цагийн орчим гэхэд санал өгөх хүн нэмэгдэж ирэхгүй байгаа учраас багийн Засаг даргыг сонгох санал хураалтаа зогсоохыг зааланд байсан иргэдийн олонхи нь гаргасан. Иймд 17:00 цагаас 17:20 цаг хүртэл саналыг үргэлжлүүлэн аваад санал хураалтыг дуусгахыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхи нь дэмжсэн учраас санал хураалтыг дуусгасан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Ингээд санал хураах цаг дуусаж саналын хайрцгийг задлан санал тоолох үйл ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн нөхөр хажуудаа 4-5 хүний хамт саналаа өгөхөөр гаднаас орж исрэн. Нэгэнт саналын хайрцаг задарсан байгаа учраас тухайн хүмүүсийн саналыг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хоёр дахь үндэслэл нь санал хураалт эхлэх, санал хураалт дуусах цагийг хуралдааны дэгээр тогтоож өгөөгүй гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлдасан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан эхлэхдээ тодорхой цаг тусгаж өгөөгүй. Өдөртөө багтаагаад асуудлаа хэлэлцэхийг иргэдийн олонхи нь батлаад шийдвэрлэсэн. Гурав дахь үндэслэл нь хяналтын тооллого хийлгээгүйд гомдолтой байгаа гэж байна. Энэ талаар хүсэлт гаргасан боловч хяналтын тооллого хийлгээгүй гэх зүйл дурдсан. Тэгэхээр хяналтын тооллого яагаад хийгдээгүй талаар тухайн үед байсан гэрчүүдийн мэдүүлэгт тусгасан байгаа. Санал хураалт явагдсан байранд нэр дэвшигч нарын нүдэн дээр илээр тоолсон учраас дахин тоолох шаардлагагүй гэх шийдвэр гарсан байдаг. Нэхэмжлэгч шүүхэд саналын хуудсанд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан. Хүсэлтдээ хэргийн оролцогч нарыг байлцуулж саналын хуудсыг нэг бүрчлэн тоолсон нь үзлэгийн тэмдэглэлээс харагддаг. Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 189 дугаар тогтоолоор баталсан. Ингэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан байдаг. Энэ нь Монгол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн үйлдэл байхгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Уг хуралдаанд Гуравдугаар багийн нийт өрхийн 50-иас дээш хувийн төлөөлөл оролцсон. Монгол Ардын намаас нэр дэвшигч Т.Болдбаатаарын хувьд 53.7 хувийн санал буюу олонхийн санал авсан. Хууль ёсны дагуу түүнийг Улаангом сумын Гуравдугаар багийн Засаг даргаар томилуулахаар дээд шатны Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

      Гуравдагч этгээд Т.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг Цогцолбор 2 дугаар сургуулийн зааланд зохион байгуулсан ба иргэд ирж хуралдааны ирц бүрдэх хүртэл 10:40 цаг болсон ба хуралдааныг хуучин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Ц.Нямсамбуу, Б.Ганболд нар нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад МАН-аас Д.Наранцэцэг, АН-аас Б.Дагвасүрэн нар өрсөлдөж Д.Наранцэцэг олонхийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Дараа нь багийн Засаг даргыг сонгох санал хураалт явагдсан. Би багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцохоор нэр дэвшигчийн холбогдох бүх материалуудыг бүрдүүлж очсон. Санал хураалтанд хүмүүс цагаан толгойн үсгийн дарааллын дагуу оочерлон зогсож саналаа өгсөн ба иргэд саналаа өгөөд дуусаж байх үед буюу орой 16:50 минутын үед санал өгөх иргэд дууссан байсан. Зааланд байсан иргэд одоо санал хураалтаа дуусгая гэх санал гаргасны дагуу зохион байгуулагч нар хүмүүсийг 30 минут хүлээгээд санал хураалт дуусгая гэж хэлсэн, иргэд бүгдээрээ зөвшөөрсөн. Тухайн үед цаг дуусахад 20 минут үлдлээ, 10 минут үлдлээ гэж зарлаж байсан. Тэгээд 17:20 цагт санал хураалтыг албан ёсоор хааж саналын хуудсыг тоолох талаар иргэдэд танилцуулахад зааланд цугласан иргэд бүгд зөвшөөрсөн. Иргэдийн зүгээс одоо саналаа өгөхөөр хүн ирэхгүй байхад санал хураалтыг зогсоохгүй байна гэх мэтээр бухимдаж эхэлсэн. Ерөнхийдөө 17:10 цагаас хойш санал өгөх иргэд орж ирэхгүй тасарсан. Тэгээд санал хураалтыг 17:20 цагт дуусгаж, тооллогын комисс санал авсан хайрцгийг нээж тооллого эхлээд явж байтал нэр дэвшигч Н.Оюунбилэгийн нөхөр Довчин 4-5 хүн дагуулж ирээд одоо саналаа өгнө гэсэн. Тэр үед хуралдаан зохион байгуулагчдын зүгээс саналын хайрцгийг задлаад саналын хуудас тоолж эхэлсэн тул саналыг авах боломжгүй гэж тайлбарлаж байсан. Саналыг хуудсыг тоолж дуусахад Т.Болдбаатар миний бие 266 санал харин нэр дэвшигч Н.Оюунбилэг 229 хүний санал тус тус авсан тухай тооллогын комисс зарлаж, тогтоол уншиж танилцуулсан. Санал хураалтыг хуралдааныг зохион байгуулагчид болон тооллогын комисс хэвийн явуулж дуусгасан. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

        Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Иргэн Н.Оюунбилэг “Улаангом сумын Гуравдугаар /цаашид 3-р гэх/ багийн иргэдийн Нийтийн Хурлын /цаашид ИНХ гэх/ 2016 оны 12 сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг ба шүүх хуралдаанд мөн шаардлагаа дэмжиж оролцсон, өөр бусад байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлээгүй болно. Маргааны зүйл нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэртэй холбоотой тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулахгүйгээр шууд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн, хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж шүүхээс үзсэн болно.

         Нэхэмжлэгч нь “сонгогчид саналаа өгөхөөр зогсож байхад саналыг нь цаг боллоо гээд өгүүлэхгүйгээр хаалга барьсан, сонгогчдын санал өгөх эрхийг зөрчсөн, хуралдааны дэгдээ эхлэх, хаах цагийг нарийн зааж батлуулаагүй, хяналтын тооллогыг дахин хийлгэх хүсэлтийг хүлээж аваагүй, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж маргааны зүйлээ тодорхойлж байна.

     Хариуцагч захиргааны байгууллага нь “багийн ИНХ-ын хуралдаан болсон Цогцолбор хоёрдугаар сургуулийн спортын заалны хаалга байнга нээлттэй байсан, Хуралдаанд оролцсон иргэд өдөржингөө суусан гэдэг шаардлага тавьж, санал өгөх хүн байхгүй байх тул санал хураалтыг зогсоож, дүнг танилцуулахыг шаардсаны дагуу шийдвэр гаргасан, иргэдийн нүдэн дээр саналын хуудсыг тоолж дүнг гаргасан, саналын хуудсыг тоолж албажуулаад тогтоол гарч битүүмжилсэн тул дахин хяналтын тооллого хийх шаардлагагүй гэдгийг тайлбарлаж байсан болохыг дурдан маргаж байна.

        Увс аймгийн Улаангом сумын 3-р баг нь 1133 өрхтэй, 4054 хүн амтай, тус сумын томоохон багийн нэг байна. Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас аймгийн төвийн сум болох Улаангом сумын нийт 12 багийн ИНХ-ын хуралдааныг явуулах талаар зохион байгуулалтын шинжтэй хэмжээ авч хэрэгжүүлжээ.

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн ИНХ-ын хуралдааныг хэрхэн, яаж зохион байгуулах, хуралдуулах талаар нарийвчлан зохицуулагдаагүй авч мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д: “баг нь сумын засаг захиргааны нэгж мөн”, 7 дугаар зүйлийн 7.1.2-д: “багийн ИНХурал нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцооны бүтцэд хамаарна” гэх заалтыг болон уг хуулийн зорилгыг авч үзвэл, түүнчлэн дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д: “аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид нь сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ” гэх заалтыг төсөөтэй /аналоги/ хэрэглэж үзвэл, Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас багуудын ИНХ-ыг зохион байгуулахын тулд тус аймаг дахь Цагдаагийн газарт хүсэлт хүргүүлэх, тус аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намуудын дарга нарт чиглэл хүргүүлэх, бүрэн эрх нь дуусгавар болж буй багуудын ИНХ-ын дарга нарт мэдээлэл өгөх, зөвлөмж хүргүүлэх зэргээр ажиллаж, Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол[1], мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол[2] гаргах замаар багуудын иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэр дундаа 3-р багийн ИНХ-ын хуралдааны бэлтгэлийг хангасан нь хуулийн зорилгод нийцэж, мөн хуулийн хүрээнд байна.

        Увс аймгийн Улаангом сумын Гурравдугаар багийн ИНХ-ын хуралдаан Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн зааланд хуралдахаар товлон зарлагдсанаар 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, маргаан бүхий захиргааны акт[3] 05 дугаар тогтоолыг батлан гаргасан ба уг тогтоолоор Түмэн-Өлзий овогтой Болдбаатарыг 3-р багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргад өргөн мэдүүлжээ.

        ИНХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан бөгөөд өөрт хадгалагдах онцгой бүрэн эрхүүдээ хэрэгжүүлэх гол боломж нь анхдугаар хуралдаан байна. Улаангом сумын Гуравдугаар багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар багийн ИНХ-ын даргыг сонгохтой, Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэн сонгохтой, анхдугаар хуралдааны хугацаанд ажилласан Тооллогын комиссын шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч нь ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин багийн Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлсэн багийн ИНХ-ын тогтоолыг хүчингүй болгож, үүний үр дагаврыг шийдвэрлүүлэх буюу багийн Засаг даргын санал хураалтыг дахин явуулахыг даалгаж өгөхийг хүссэн байдаг.

       Улаангом сумын Гуравдугаар багийн ИНХ-ын хуралдаанд тус багийн Засаг даргад өрсөлдөхөөр нэхэмжлэгч Н.Оюунбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Болдбаатар нар өрсөлдсөн ба Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан заалт шаардлагыг нэр дэвшигч нарын хэн аль нь хангасан болох нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хүлээж авсан материалаар нотлогдож, нэхэмжлэгч нь уг үндэслэлээр маргахгүй байгааг тэмдэглэж байна.

        Сонгогчдын саналыг өгүүлээгүй, санал хураалтыг шууд зогсоож хаалга барьсан, сонгогчдын эрхийг зөрчсөн гэх үйл баримтын талаар:

       Санал хураалтанд нийт 497 иргэн оролцсон бөгөөд үүнээс хоёр ширхэг саналын хуудас тооллогын комиссын шийдвэрээр хүчингүйд тооцогдож, үлдсэн 495 саналын хуудаснаас нэр дэвшигч Т.Болдбаатарын төлөө 266 иргэн саналаа өгсөн бол нэр дэвшигч Н.Оюунбилэгийн төлөө 229 иргэн санал өгчээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саналын хуудсанд үзлэг[4] хийсэн ба үзлэгээр Н.Оюунбилэгийн төлөө өгсөн нийт санал 229, үүнээс нэр дэвшигчийн эхний үсгийг дугуйлсан хоёр, нэр дэвшигчийн өмнөх дугаарласан тоог харлуулж тэмдэглэсэн хоёр, нэр дэвшигчийн овгийн эхний үсэг болон дугаарласан тооны дунд тэмдэглэсэн нэг саналын хуудас тус тус байсан бол нэр дэвшигч Т.Болдбаатарын төлөө өгсөн нийт санал 266, үүнээс нэр дэвшигчийн эхний үсгийг дугуйлсан нэг, нэр дэвшигчийн өмнөх дугаарласан тоог харлуулж тэмдэглэсэн гурван саналын хуудас тус тус байж, хүчингүй гэх саналын хуудас хоёр нийт 497 саналын хуудас байсан нь тогтоогдож, Тооллогын комиссын 02 дугаар тогтоолтой[5] таарч байна. Нэхэмжлэгчийн “саналын хуудсанд нэр дэвшигч Т.Болбаатарын төлөө өгсөн саналын хуудсыг ороож хийсэн цаас задарсан” гэх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн өмгөөлөгчийн хамт шүүхээс бичиг баримтанд явуулсан үзлэгийн ажиллагаанд оролцсон, гадна талаас харагдах байдал нь гарын үсэг зурж, цавуутай цаасаар ороож битүүмжилсэн саналын хуудсуудыг үзлэгийн ажиллагаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгчид үзүүлсэн /нэхэмжлэгчийн нөхөр гарын үсэг зурж баталгаажуулсан/ мөн хөндлөнгийн гэрчүүдээр гэрчлүүлж, хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг цуглуулж тэмдэглэл үйлдсэн байна.

      Нэхэмжлэгч нь Гуравдугаар багийн ИНХ-д санал өгөхөөр ирэхэд хаалга барьсан гээд санал өгүүлээгүй, саналын хайрцаг задарсан, саналын хуудас устгасан гэх шалтгаануудыг дурдан өөрсдийн гараар бичсэн нэр бүхий 12 иргэний гомдол бүхий баримтыг[6] шүүхэд ирүүлсэн байдаг. Шүүхээс эдгээр баримтыг нотлох баримтын ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй гэж үзлээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцох” эрхтэй болохыг хуульчилсан байна. Тэгвэл нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтанд Улаангом сумын 6-р багт харъяалагдах, иргэн С.Сарантуяа, 7-р багт харъяалагдах, иргэн М.Алтангэрэл, 9-р багт харъяалагдах иргэн Г.Алтанцэцэг, 11-р багт харъяалагдах иргэн Л.Магсаржав, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд харъяалагдах иргэн Д.Мягмаржав, мөн дүүргийн 28-р хороонд харъяалагдах иргэн В.Ягаанцэцэг нарын зургаан иргэн нь ийнхүү дээр дурдсанаар иргэний үнэмлэхний хаягаар Улаангом сумын Гуравдугаар багт харъяалагдахгүй байгаа нь дээрх хуулийн заалт шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн хавтаст хэргийн 45-46, 51-52-р хуудсанд авагдсан баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчсөнтэй уялдахгүй буюу тухайн иргэдийн санал өгөх эрхийг зөрчсөн гэсэн баримт тогтоогдохгүй байна. Эдгээр 12 иргэний нэг нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн ба тэрээр “би хуралдаан нээхэд нь байсан ..., санал хураалт дуусах болоогүй гээд гэртээ харьсан байсан ..., над уруу 20 минутын дараа санал хураалтыг хаахаар боллоо ирж саналаа өг гэж утсаар ярьсан” гэх зэргээр мэдүүлж байгаа нь уг иргэнээс бусад иргэний нэгэн адил саналаа өгөх эрх нь нээлттэй байсныг баталж байна. Багийн ИНХ-ын хуралдаанд оролцож саналаа өгөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь хариуцагч захиргааны байгууллагыг буруутгаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

       Нөгөө талаар дээрх нэр бүхий иргэд саналаа өгч чадаагүй гэх агуулгаар гомдол /тодорхойлолт/ бичихдээ өөрсдийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар тусад нь гэрчлүүлсэн байгаа нь шүүхэд эргэлзээ төрүүлж, тэдгээр иргэдийн өөрийн гараар бичсэн “гомдол” бүхий тодорхойлолтыг тухайн иргэдийн өөрсдийнх нь хүсэл зориг байсан гэдгийг нотариат гэрчилсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Эдгээр иргэдийн саналыг авсан бол сонгуулийн дүнд өөрчлөлт орох боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, сонгуулийн хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзэхгүй болно.

          Хуралдааны дэгдээ эхлэх, хаах цагийг нарийн заагаагүй гэх үйл баримтын талаар:

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоохоор заасан. Хуралдааны эхэнд 3-р багийн ИНХ-ыг өдөртөө багтааж дуусгана гэж тогтоожээ. Гэвч багийн Засаг даргын сонгох санал хураалт дуусах үйл явцтай зэрэгцэн иргэдийн зүгээс хуралдаанаа яаравчлах, санал хураалтын дүнг нэгтгэн гаргахыг шаарджээ. Энэхүү үүссэн нөхцөл байдлыг багийн ИНХ-ын хуралдаанд оролцсон иргэдээр хэлэлцүүлж, тодорхой хугацаанд хуралдааны цагийг сунган тогтоож шийдвэрлүүлсэн нь Хурлын бүрэн эрхийн хүрээнд байна. Нөгөө талаар хуралдаанд оролцож байгаа багийн иргэдээс эсэргүүцэж үл зөвшөөрсөн асуудал гараагүй байх ба энэ үед нэр дэвшигч нар нь мөн зөвшөөрч, мэдээлэлтэй байсан байна. Энэ байдал нь хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, Улаангом сумын 3-р багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга сонгох үйл ажиллагааг зохион байгуулсан тухай тэмдэглэл[7] гэрч Б.Отгон[8], гэрч Ц.Пагма[9], гэрч М.Энхболд[10] нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

       Түүнчлэн нэхэмжлэгчийн “хуулийн дагуу явагдаагүй”, “хуралдааны дэг, дараалал батлуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй энэ нь гэрч Ц.Нямсамбуугийн мэдүүлэг[11], гэрч Ц.Лхамхүүгийн мэдүүлэг[12], гэрч Ж.Очирбатын мэдүүлэг[13], хариуцагчийн хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн бичгийн баримтаар няцаагдаж байна.

          Хяналтын тооллого хийлгэх тухай хүсэлтийг хүлээж аваагүй гэх үйл баримтын талаар:

       Хяналтын тооллого хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүх үзэхгүй байна. Нэгэнт багийн ИНХ-ын хуралдаанд хүрэлцэн ирсэн иргэдийн хяналтан дор нэр дэвшигч нарыг байлцуулан Тооллогын комисс ажиллаж шийдвэр гаргасан болох нь гэрч М.Энхболдын мэдүүлэг[14], гэрч Ц.Пагмаагийн мэдүүлэг[15], хуралдааны тэмдэглэлээр[16] нотлогдож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын ажлын албанаас дахин тооллого хийх шаардлагагүй тухай хариу өгснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр маргаж байгаа нь учир дутагдалтай байна. Зүй нь нэхэмжлэгч нь тооллогын комисс саналын хуудсыг зөв буруу тоолсон тухай, саналыг хуудсыг үрэгдүүлсэн, дутагдуулсан гэхчлэн санал хураалт түүний үр дүнг баталгаажуулсан Тооллогын комиссын шийдвэр үйл ажиллагаатай гомдол гаргаагүй, харин нэгэнт хамтын удирдлагын зарчмаар Тооллогын комисс нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргаж, түүнийг нь багийн ИНХ-ын хуралдаанд оролцсон иргэдээр хэлэлцүүлэн батлуулж тогтоол гарчихсан байхад уг тогтоолыг дахин хянаж үзээгүй нь өөрийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

          Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл:

         Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д: “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ... сум, дүүргийн Засаг даргад өргөн мэдүүлэх” бүрэн эрхийг зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хуралд хадгалан хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд ... аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж хуульчилжээ. Тэгэхээр 3-р баг нь аймгийн төвийн сумын баг бөгөөд нийт  1133 өрхтэй үүнээс 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирвэл хүчинтэйд тооцогдох ба хуралдаанаар маргаан бүхий асуудлыг хэлэлцэхэд нийт 497 иргэн санал өгсөн нь хангалттай ирцтэйгээр багийн ИНХ-ын хуралдаан явагдсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д нийцсэн гэж үзнэ.

        Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д: “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ... багийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д: “ баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд .... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаатанд санал болгоно” гэжээ. Маргаан бүхий Улаангом сумын 3-р багийн ИНХ-ын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол нь дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Хурлын дарга гарын үсэг зурсан, тус багийн Хурлын хуралдаанаар хэлэлцэгдсэн хууль ёсны шийдвэр болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож, хуульд нийцсэн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Иймд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийн оролцогчдын өмгөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудыг тал бүрээс үнэлж дүгнэхийн хамт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтууд нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байгааг тэмдэглээд маргаан бүхий акт нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүхээс үзсэн тул “багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” шаардлагыг мөн хангах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

       Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсанаар мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

          1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2–д заасныг баримтлан иргэн Н.Оюунбилэгээс Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Улаангом сумын Гуравдугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Оюунбилэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             У.БАДАМСҮРЭН