Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 117/2017/0011/З |
Дугаар | 001/ХТ2018/0138 |
Огноо | 2018-03-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/0138
Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын
Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Б.Дүүрэнжаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах, томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай”
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0862 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Б.Б нар оролцож,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.6, 39 дүгээр зүйлийн 39.6-т заасныг тус тус баримтлан Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, Дэлгэрцогт сумын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Б.Б-г томилох шийдвэр гаргахыг хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Н-т даалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-д ажилд томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд 4,074,478 төгрөгийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгохыг тус сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Н-т үүрэг болгосон байна.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0862 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 17 дугаар зүйлийн 17.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилсон шийдвэр гаргахыг хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилогдоогүй хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 4 дэх заалтын дугаарыг “2”, 5 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Т би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р багийн Цагаан дэл лагерийн-3-1 тоотод оршин суугч, нэхэмжлэгч Б.Б-с Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын даргын үүрэг гүйцэтгэгч С.Н-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0862 дугаартай магадлалын зарим заалтыг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн Танхимд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
4. Магадлалын “Хянавал” хэсэгт Нэг. “Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б.Б анх 2005 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж Төрийн албаны Зөвлөлийн 2005 оны 03 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэнээр төрийн албанд томилогдож Дэлгэрцогт сумын Засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгчөөр 2012 оныг хүртэл 2012-2017 онуудад Дэлгэрцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүх ташаа үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл Б.Б нь 2004 оны 12 сараас 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дэлгэрцогт сумын Засаг даргын орлогч, Төрийн сангийн төлөөлөгчийг хавсран хийж улмаар Дэлгэрцогт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 91 тоот захирамжаар Төрийн сангийн төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд буюу улс төрийн албан тушаалд томилогдсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Б.Б-г Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндсэн агуулгаас өөр агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж байгаа мэтээр бичсэн нь ойлгомжгүй байна.
5. Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15 /Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна/-д заасан бүрэн эрхийн хүрээнд Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Б.Б-г томилуулахаар 25 дугаар тогтоолоор нэр дэвшүүлж Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ. Дэлгэрцогт сумын Засаг дарга 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1/162 дугаар албан бичгээр “Б.Б 2015 онд сахилгын шийтгэл хүлээж байсан, нягтлан бодогчийн ажил хийж байгаагүй, мэдлэг, ур чадвар, хариуцлагын хувьд тэнцэхгүй. Г.У мэргэжил ур чадварын хувьд тэнцэнэ” гэж үзэж Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтнийг томилуулах асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны дагуу Төрийн албаны салбар зөвлөл дахин хэлэлцэж урьд гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 тоот албан бичгийг хэрэгжүүлж хариуг яаралтай ирүүлэхийг сумын Засаг даргад мэдэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасныг үндэслэн гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.3-д нийцсэн байна гэж үзсэнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Б.Баатарсүрэн 2005 оны 2 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан төрийн удирдах албан тушаалтны сул орон тоон дээр буюу Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул албан тушаалд сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн болохоос төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтанд ороогүй, мөн нөөцөд ч бүртгэгдээгүй байтал шүүх үндэслэлгүй дүгнэж байна хэмээн үзэж гомдол гаргаж байгаа болно.
6. Иймд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс: “Анхан шатны шүүх, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Б.Б-г Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах тухай шаардлагыг хангасан нь үндэслэлтэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.
7. Харин Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч Б.Б-д Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн ажилд томилоогүй байгаа хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул энэ талаар маргахгүй болно гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
9. Нэхэмжлэгч Б.Б “Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах, томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
10. Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2004 оны 11 дүгээр сард удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд тэнцсэн..., 2004 оны 11 дүгээр сараас 2009 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгчөөр, ажиллаж байсан..., төрийн албаны салбар зөвлөл хэлэлцээд нөөцөөс авч ажиллуулах шийдвэр гаргасан” хэмээн тайлбарласан байна.
11. Нэхэмжлэгч Б.Б анх Дундговь аймагт 2005 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, Дэлгэрцогт сумын Засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгч тус сумын Засаг даргаар ажилласан болох нь тогтоогджээ.
12. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”, 40-д “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно” гэж заасан байна.
13. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч төрийн улс төрийн албанд томилогдсон, уг албан тушаалд томилогдсоноор төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэсний дагуу чөлөөлөгдсөн бөгөөд ийнхүү чөлөөлөгдсөнөөс хойш удирдах албан албан тушаалтны нөөцийн жагсаалтад байх 2 жилийн хугацаа өнгөрсөн байх тул маргаж буй төрийн сангийн мэргэжилтний сонгон шалгаруулалтад орохоор байна.
14. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан, нэхэмжлэгч Б.Б нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тухайн байгууллагад болон төрийн холбогдох өөр бусад байгууллагад ажилладаггүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон байна.
15. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0862 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг баримтлан “Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах, томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН