Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 008

 

Д.Атымтай, А.Мауленай нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух Бахат овогт Данышпаны Атымтай, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Бахат овогт Арыстаны Мауленай нарын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай Нар-Маржан ХХК-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Д.Атымтайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данышпан, нэхэмжлэгч А.Мауленай, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 5510000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Д.Атымтай би Нар маржан ХХК-ийн захирал Я.Даваадуламтай амаар тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн камаз машинаар өрмийн мотор ачиж 1 сарын 1.0 сая төгрөгийн цалинтай ажилласан. Би Нар маржан ХХК-иас нийт 6300000 төгрөг авах ёстой. Үүнээс 3930000 төгрөгийг авч чадаагүй байна. Компанийн эзэн Я.Даваадулам үлдсэн мөнгийг санхүүжилт орж ирэхээр өгнө гэж баримт үйлдэж нотариатаар батлуулж өгсөн. Иймд миний хөдөлмөрийн хөлс болох 3930000 төгрөгийг гаргуулж өгнө үү. А.Мауленай би Нар маржан ХХК-ийн захирал Я.Даваадуламтай амаар тохиролцож, өрмийн мастерын туслахаар ажилласан. Я.Даваадулам миний цалингийн үлдэгдэл 1580000 төгрөгийг санхүүжилт орж ирэхээр өгнө гэж баримт үйлдэж өгсөн. Компанид хэзээ санхүүжилт орж ирэх нь тодорхой бус байгаа учраас миний цалингийн үлдэгдэл 1580000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би Д.Атымтай, А.Мауленай нартай тохиролцож ажил хийлгээгүй. М.Азимхан гэдэг хүн тэдгээр хүмүүстэй тохиролцон ажиллаж, ажлын хөлсийг нь өгч дуусгасан. А.Мауленай Нар маржан ХХК-нд 2014 оны 10 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд ажиллаж, хөдөлмөрийн хөлсөө бүрэн авсан. Нар маржан ХХК-ийн захирал М.Азимхан нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. 2004 онд дутуу хийсэн ажлаа хийхээр өрмийн тоног төхөөрөмжөө камаз машинд ачиж, машиныг Д.Атымтайгаар жолоодуулж ажилд гаргасан. Гэтэл Д.Атымтай, А.Мауленай нар 100.0 сая төгрөгийн үнэтэй өрмийн тоног төхөөрөмж ачсан машиныг хашаандаа оруулж авчихаад баримт бичиж өгөхгүй бол машиныг гаргахгүй гэж дарамталсан учраас би баримт бичиж өгч машинаа авсан. Камаз машин Баян-Өлгий аймгаас гараад 5 км яваад мотор цохисон. Шалгаж үзэхэд машины агаар шүүгч рүү 2 ширхэг цамц чихсэн байсан. Өрмийн тоног төхөөрөмжийг өөр машинаар ачих, эвдэрсэн машин засахад 3500000 төгрөгийн зардал гарсан. Тухайн үед Нар маржан ХХК-ийн захирал М.Азимхан ажилтнуудаа хэдэн төгрөгөөр цалинжуулахаар тохиролцож байсныг би мэдэхгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Нар-Маржан ХХК-иас 3930000 төгрөг гаргуулан Д.Атымтайд, 1580000 төгрөг гаргуулан А.Мауленайд тус тус олгосугай; 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Атымтай, А.Мауленай нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Нар-Маржан ХХК-ийн санхүүгээс 103109 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Атымтай, А.Мауленай нарт олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Ажлын хөлс өгөх тухай бичгийг Д.Атымтай, А.Мауленай нар өрмийн тоног төхөөрөмж ачсан машиныг барьцаалсан учраас өгсөн. Д.Атымтай, А.Мауленай нар машины агаар шүүгч рүү цамц чихэж машины мотор цохиулсан. Өрмийн тоног төхөөрөмжийг өөр машинаар тээвэрлүүлсэн талаар баримт шүүхэд гаргасан байхад шүүх уг баримтыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаар шийдвэртээ бичээгүй. Машин засаж асаасан О.Шамелхан, С.Аянбек, Т.Аманбек нар тодорхойлолт хийж өгсөн байхад шүүх уг тодорхойлолтыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаар шийдвэртээ бичээгүй. А.Мауленай манай байгууллагад 2 сарын хугацаанд ажилласан. 1200000 төгрөгийн цалингаа авсан. Өнөөдөр туслах ажилтнууд 1 сарын 500000-600000 төгрөгийн цалинтай байхад бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нарын ажиллаж байх хугацаанд Нар маржан ХХК-ийн захирлаар М.Азимхан гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед ажилтнуудын ажлыг хөлсийг хэдэн төгрөгөөр тохирсон гэдгийг би мэдэхгүй байна. Я.Даваадулам би 2014 онд Нар маржан ХХК-ийг удирдаж байгаагүй, компанийн гишүүн бус байсан байхад шүүх намайг хариуцагчаар татаж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Ажлын хөлс өгөх тухай бичгийг надад хүч хэрэглэж байж бичүүлсэн. Шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүнд өвчний улмаас шүүх хуралдаанд оролцож чадалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 107 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй учраас хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Бид Нар маржан ХХК-нд тодорхой хугацаанд ажилласан ажлын хөлсөө нэхэмжилсэн. Я.Даваадулам нь бидний үлдсэн цалинг санхүүжилт орж ирэхээр өгнө гэж баримт үйлдэж, нотариатаар батлуулж өгч байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Нэхэмжлэгч нар хариуцагч Нар Маржан ХХК-д холбогдуулан Д.Атымтайд 3930000 төгрөг, А.Мауленайд 1580000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1. Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад, нэхэмжлэгч Д.Атымтай, А.Мауленай болон хариуцагч Нар Маржан ХХК-ийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч нар Нар Маржан ХХК-д ямар хугацаанд, ажлын хөлсөө хэрхэн тохиролцож, ажил гүйцэтгэсэн эсэх, ажлын хөлснөөс хэдэн төгрөгийг авсан эсэх талаар шүүхээс тодруулаагүй, нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийгээгүй атлаа иргэн Я.Даваадуламын үйлдсэн гэх 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нотариатчийн хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн 2 баримтыг үндэслэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

2. Хэргийн 5-6 дугаар талд авагдсан баримтыг хэн үйлдсэн талаар Я.Даваадулам маргахгүй байгаа хэдий ч тус баримтууд нь Д.Атымтай, А.Мауленай болон хариуцагч Нар Маржан ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтооход хангалтгүй байна.

Учир нь Я.Даваадулам нь шүүхэд гаргасан тайлбартаа Нар Маржан ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэх талаар хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байгаа тохиолдолд хэргийн 29 дүгээр талд авагдсан Нар Маржан ХХК-ийн дүрмийг үндэслэн Я.Даваадулам нь хариуцагчийг хуульд зааснаар төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж тодорхойлоход эргэлзээтэй. Нар Маржан ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Азимхан нь 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан бөгөөд хэрэгт авагдсан тус компанийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг үндэслэн тухайн компанийг Я.Даваадулам нь бүрэн төлөөлөх эсэх нь эргэлзээтэй байхад хариуцагчийн төлөөлөх бүрэн эрхийг анхан шатны шүүх шалгалгүйгээр маргааныг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Хариуцагч Нар Маржан ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Азимхан нь нас барсны дараа тус компани Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу хуульд зааснаар, эсхүл гэрээслэлээр өвлөгдсөн эсэх, улмаар Нар Маржан ХХК-ийн удирдлага зохих журмын дагуу солигдож, бүртгэгдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй бөгөөд Я.Даваадулам нь хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх тохиолдолд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд гаргаж өгөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т зохицуулжээ. Харин анхан шатны шүүх хуулийн уг заалтыг үндэслэн, Я.Даваадуламын хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхийг нь нягтлаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж, хуулийн уг заалтыг баримталж маргааныг шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Я.Даваадуламын үйлдсэн гэх баримтыг үнэлсэн атлаа компанийн эд хөрөнгийг барьцаалж, шаардсан учраас тухайн баримтыг бичиж өгсөн гэх хариуцагчийн тайлбарын үндэс болсон Т.Аманбек, О.Шамелхан, Х.Абай, С.Аянбек нарын үйлдсэн бичмэл баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг хэрэгт хамааралтай талаас нь дүгнэхгүйгээр, хариуцагчийн үгүйсгэлийг ...нотлох баримт байхгүй байна. гэж дүгнэсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн, хэргийн 45 дугаар талд авагдсан баримтыг анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан үнэлээгүй, тухай баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг талуудын тайлбартай харьцуулан, дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ. Тус баримтын Даваадуламаас 1129000 ... гэж эхэлсэн 2 дахь өгүүлбэр Монгол хэлэнд орчуулагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Маргааны үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй, шүүх хариуцагчийн төлөөлөх бүрэн эрхийг нягталж шалгаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж, дүгнээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Я.Даваадуламд буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Я.Даваадуламд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

С.ӨМИРБЕК