Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01754

 

 

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01754

 

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/02941 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч:Б-ад холбогдох,

Газар чөлөөлүүлэх, тус газрын хашааг гүйцээж барихад саад учруулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ундрах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А- нь Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 31 гудамж, *** тоот хаягт байрлах газрыг 2018 оноос эхлэн эзэмшиж ашигласан. Тухайн газартайБ-ын эзэмшлийн газар хөрш залгаа байдаг. Нэхэмжлэгч А- болон хариуцагчБ- нар нь төрсөн эгч, дүүгийн холбоотой. Анх 1000 м.кв талбайтай байсан газрыг А- нь тал газрыг дүүБ-ад өгч, өөрөө 504 м.кв газрыг эзэмших болсон.

А- нь эзэмшлийн газрын хилийн заагийг кадастрын зургаар зааглаж хашаа хатгахБ- нь хашааг барьж байгаа модыг буулгах, шонг унагаах, чулуудах зэргээр саад учруулдаг. А- нь эзэмшлийн газрыгБ-ын эзэмшлийн газраас зааглахын тулд хашаа барих зайлшгүй шаардлагатай байна.

А-ы эзэмшил газар байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгийн зориулалттай байшингийнБ- өмчилдөг. Иймд өөрийн эзэмшлийн газраасБ-ын өмчлөлийн түргэн үйлчилгээний цэгийн зориулалттай байшинг чөлөөлүүлэх, газраа хашаалахад саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Маргаан бүхий газарт анхБ-ын эцэг, эх амьдардаг байсан. Тухайн үед газрын гэрчилгээ байгаагүй, даатгалын бор дэвтэр байсан.Б-ын эцэг, эх нас барж,Б-ад газрын бор дэвтэр үлдсэн.Б- газрын гэрчилгээг авахаар хөөцөлдөж яваагүй.

Гэтэл А- хууль бусаар газрыг таллаж гэрчилгээ гаргуулж авсан тул бид маргалдаж, дүүргийн газрын албанд шийдвэрлүүлэх гээд хандахад та нар эгч, дүүс юм чинь газраа таллаад хуваагаад авчих гэж хэлсэн.

Хашааны голд байрлах түргэн үйлчилгээний цэгийн зориулалттай байшингБ- өмчилдөг. Гэхдээ түргэн үйлчилгээний цэгийн зориулалттай байшинг холдуулах шаардлага байхгүй.Б- нь хашаанд бүтэн засвар хийсэн, уг хашааг бүхэлд ньБ- өмчилдөг. Гэтэл А- хууль бусаар газрын гэрчилгээ гаргаж авсан тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, орбит 31 гудамж, *** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1803103059 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2201029*** дугаарт бүртгэгдсэн, 508 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай А-ы эзэмшлийн газраас түргэн үйлчилгээний цэг /түц/-ийн зориулалттай явуулын байрыг нүүлгэж, газар чөлөөлөхийг, мөн тус газарт хашаа барихад саад учруулахгүй байхыг хариуцагчБ-ад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгжүүлэхийн тулд тухайн газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч байх, тухайн газар нь бусдын хууль бус эзэмшилд байхыг шаарддаг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд газрын хууль ёсны эзэмшигч байхыг тулд эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн байх учиртай. Гэтэл, нэхэмжлэгчийн хувьд өөрийн газрын хууль ёсны эзэмшигч гэсэн баримтгүй.

Түүнчлэн, А- нь маргаан бүхий газарт 508 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч гэж маргадаг боловч өнөөдрийн байдлаар маргаан бүхий газар нь нийт 1,109 м.кв, нэхэмжлэгчээс энэ 1,109 м.кв талбай бүхий газрын яг аль хэсэг нь өөрийн эзэмшлийн 508 м.кв гэж тодорхойлж чадаагүй, хашаа барихад саад учруулж байна гэх боловч эзэмшлийн заагаа тогтоож, газрын кадастрын зураг гаргуулаагүй нь бусдын хууль бус эзэмшилд байгаа гэж үзэх үндэслэлгүй.

4.2. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ, 60.1.2-т газар эзэмших ... талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга гэж заасан байдаг.

Гэтэл шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байхад анхан шатны шүүх шууд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байна.

Учир нь, маргаан бүхий газар нь нийт 1,109 м.кв талбай бүхий хэмжээтэй бөгөөд гурван талаараа хөрш залгаа айлаар хүрээлэгдсэн, үлдсэн нэг тал нь орц, гарцын зориулалтаар ашиглагддаг. Гэтэл, нэхэмжлэгчээс энэ талаарх маргаан дүүргийн Засаг даргад гаргаж, шийдвэрлүүлэлгүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин шууд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар давхар маргаан бүхий газрыг эзэмшихтэй холбогдох орц, гарцын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэлд дурдсан 2 шаардлагатай холбоотой нотлох баримт хангалттай авагдсан. Тухайн газар нь А-ы өмчлөлийн газар байдаг бөгөөд тухайн газарт хариуцагчийн эзэмшлийн ТҮЦ газрын гол хэсэгт байрласан ба нэгж талбарын дугаартай давхардаж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

А-ы эзэмшлийн 508 м.кв талбай бүхий газрын нэгж талбарын дугаар, кадастрын зураг, холбогдох мэдээллийг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд гаргаж өгсөн. Энэ тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх шаардлагагүй. Газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудал нь нэг талаас Иргэний хуулиар зохицуулсан өмчлөгчийн шаардлага гаргахтай холбоотой асуудал. Нөгөө талаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, тухайн гаргасан захиргааны акттай холбоотой асуудлаар маргаагүй бөгөөд зөвхөн эзэмшил, ашиглалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал учир Газрын тухай хуулиар заавал газрын албанд хандах шаардлагагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагчБ-ад холбогдуулан түргэн үйлчилгээний цэгийн зориулалттай явуулын байрыг нүүлгэж газар чөлөөлүүлэх, газраа хашаалахад саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

2.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01116-а/321/2018 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч А- нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 31 гудамж, *** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1803103059 дугаартай 508 м.кв талбайтай, гэр, орон сууц, хашааны зориулалт бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх 58-62/.

 

2.2. Анхан шатны шүүх хариуцагчБ-ын түргэн үйлчилгээний цэгийн зориулалттай байшин нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт бодитоор байрлаж байгаа эсэхийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч А-ы эзэмшлийн газрын кадастрын зураг авагдаагүйгээс шалтгааланБ-ын түргэн үйлчилгээний цэгийн зориулалттай байшинг хэний эзэмшил газарт байрлаж байгаа үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх боломгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн тогтоогоогүй алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/02941 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ