Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Хохирогч Ж.Б,

Шүүгдэгч Х.А-Ү, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Х А-Ү-д холбогдох эрүүгийн 1803006600356 дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Натурал Стоне ХХК-д зөвлөх ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, охины хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Х А-Ү-д

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.А-Ү нь Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Гэгээнтэн хотхоны баруун хойд уулзвар замд 2018 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 02 цаг 30 минутын үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /0,9 промилли/ үедээ П.Б-н эзэмшлийн Ford Ranger маркийн, 55-04 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 8.2-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9 г-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Б жолоочтой Тоёота Королла маркийн 15-49 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Ж.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.А-Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би төрөөд нэг сартай хүүхэдтэй байсан. Найзтайгаа уулзах  хэрэг гарсан тул хүүхдээ шөнө 24 цаг гэж унтуулчихаад  01 цагт найзындаа очсон. Удалгүй манай хүүхэд сэрээд уйлаад байна гэхээр нь яарч яваад энэ хэрэг гарсан” гэв.

Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумаас хотод орж ирээд Зайсангийн гэрлэн дохион дээр зогсож байгаад зүүн гар тийшээ гэрлэн дохиогоор эргэж байтал тас гээд яваад өгсөн. Тэр үед би ухаан алдаад  юу болсон талаараа санахгүй байж байтал нэг харахад онцгой байдлын машин ирж байсан. Одоо гомдол саналгүй. Хохиролд 7.500.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв

Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..2018 оны 8 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө би эзэмшлийн 15-49 УНМ улсын дугаартай Тоёота Королла Фиелдэр маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Төв аймгийн Сэргэлэн сумаас уурхайн ажлаасаа гэр рүүгээ явахад хот руу орж ирээд шөнө 02 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн Гэгээнтэнгийн гэрэл дохион дээр ертөнцийн зүгээр баруун тийш нэмэлт гэрлээр эргэх хамгийн баруун захын эгнээд зогсож байтал чигээрээ буюу зүүн гар тийш эргэх ногоон дохио ассаны дараа зүүн гар тийш эргээд л хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явтал тас гээд л явсан, болж өнгөрсөн зүйлийг харж амжаагүй, нэг л сэрэхэд эмнэлэг дээр сэргэсэн” гэжээ. / хх-18-19-р тал/

Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...А-Ү бид хоёр ойр зуур юм яриад тус бүр нэг стакан пивотой коктель уугаад дуусч байтал А-Үгийн утас нь дуугараад ээж нь залгасан. Тэгээд А-Ү за найз нь хүүхэд уйлаад байна явлаа гээд үүдэнд очоод гутлаа өмсөж байтал гаднаас бид хоёрын найз Б орж ирсэн ба А-Ү хүүхэд уйлаад гээд шууд зөрж гараад эргээд хүрээд ирье та хоёр юм яриад сууж бай гэсэн. Гэтэл А-Ү цүхнээ орхисон байхаар нь би утас руу нь залгаж хэлсэн. А-Ү за гээд утсаа тасалсан. Тэр үед шөнө 02 цаг болж байсан ба хэсэг хугацааны дараа Бийн утас нь дугараад А-Ү осолд орчихсон юм шиг байна гээд гараад явсан” гэжээ. / хх 114-115-р тал/

Иргэний хариуцагч Б.Батбилиг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намайг очиход А-Ү, Ахоёр цуг байсан ба А-Ү хүүхэд уйлаад байна аа. Ээж утасдаж байна оччихоод эргээд хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр жаахан юм яриад сууж байтал миний утас руу цагдаагийн газраас залгаад өөрийн чинь автомашинтай осол үйлдэгдсэн байна гэж хэлсэн. А-Ү, А бид гурав цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Намайг А-д ирэхэд А-Ү зөрч гарч явсан. А-Ү миний хүүхдийн эх учраас би өөрийнхөө машиныг А-Үг унаад хүүхдээ салхилуулж бай гэж хэлээд осол болохоос 3 хоногийн өмнө өгчихсөн байсан ”  гэжээ. / хх 116-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №9657 тоот дүгнэлтэд: “....Ж.Бгийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, бүсэлхий нурууны 1, 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун гуянд цус хуралт, баруун зүүн шуу, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдэнэ. Дээрх гэмтэл нь  тухайн хэрэг болсон гэх  цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх 66-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №8149 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн Х.А 25 н/эм VIII/04 0355 гэж хаягласан цусанд 0,9 промилл спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0.9 промилли нь согтолын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх 68-69-р тал/

Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №845 тоот дүгнэлт: “...Ford ranger маркийн 55-04 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.А-Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан ‘Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 8.2-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9 г-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Королла маркийн 15-49 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ж. Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт / хх 185-186-р тал/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-2-8/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...Ж. овогтой Б.г драйгер багаж ашиглан шалгахад 0 тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” /хх-14/, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний авомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-54-55/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, Ял шийтгэлийн хуудас /хх-104/, хохирол төлбөр барагдуулсан гэх баримт /хх-124/, хохирогчийн өвчний түүх /хх-74-84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.А-Ү нь Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Гэгээнтэн хотхоны баруун хойд уулзвар замд 2018 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 02 цаг 30 минутын үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /0,9 промилли/ үедээ Т.Батбилигийн эзэмшлийн Ford Ranger маркийн 55-04 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дүрмийн 8.2-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9 г-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Королла маркийн 15-49 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Ж.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №9657 тоот дүгнэлт,  Гэрч Э.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...А-Ү бид хоёр ойр зуур юм яриад тус бүр нэг стакан пивотой коктель уугаад дуусч байтал А-Үгийн утас нь дуугараад ээж нь залгасан. Гаднаас бид хоёрын найз Б орж ирсэн ба А-Ү хүүхэд уйлаад гээд шууд зөрж гараад эргээд хүрээд ирье та хоёр юм яриад сууж бай гэсэн. Тэр үед шөнө 02 цаг болж байсан ба хэсэг хугацааны дараа Б-н утас нь дугараад А-Ү осолд орчихсон юм шиг байна гээд гараад явсан” гэх мэдүүлгээр / хх 114-115-р тал/,  Иргэний хариуцагч Б.Б-г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Намайг очиход А-Ү, А хоёр цуг байсан ба А-Ү хүүхэд уйлаад байна аа. Ээж утасдаж байна оччихоод эргээд хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр жаахан юм яриад сууж байтал миний утас руу цагдаагийн газраас залгаад өөрийн чинь автомашинтай осол үйлдэгдсэн байна гэж хэлсэн. А-Ү миний хүүхдийн эх учраас би өөрийнхөө машиныг А-Үг унаад хүүхдээ салхилуулж бай гэж хэлээд осол болохоос 3 хоногийн өмнө өгчихсөн байсан” гэх мэдүүлэг, / хх 116-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Иймд шүүгдэгч Х.А-Үд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.А-Ү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-Ү нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Х.А-Ү-гийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9.210.817 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 7.500.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байх тул хохирол төлбөр  барагдуулсан гэж үзэв.

Хохирогч Ж.Б нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхив.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, №01819181 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Х.А-Үгийн №791667 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М овогт Х А-Ү-д согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.А-Үгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.А-Ү нь тэнсэн харгалзсан хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Х.А-Үгийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-Ү нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 1 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, №01819181 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Х.А-Үгийн №791667 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

7. Шүүгдэгч Х.А-Ү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ