Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00040/И |
Дугаар | 134/ШШ2016/00102 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 134/ШШ2016/00102
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Ч-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Ч нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1978 оны 01 дүгээр сараас саальчнаар 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Талын нар бригадад 1982 оны 08 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар ажилласан боловч тухайн үеийн ажилд орсон гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс болоод ажилласан жил хүрээгүйгээс болж, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Миний ээж намайг 16 настай байхад нас барж би аав, дүүгийнхээ хамт ээжийнхээ сааж байсан нэгдлийн үхрийг сааж байгаад 1982 онд аав нас барахад дүүгээ бараадаж, Дундговь аймагт илгээлтээр ирсэн. Иймд Өвөрхангайд саальчнаар ажилласан 4 жил, Өндөршил суманд адуучнаар ажилласан 7 жил 5 сар, бүгд 11 жил 05 сарын ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ч нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Талын нар бригадад 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Ч нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаартай 1978-1981 оны хооронд авч байсан цалингийн тодорхойлолт олгосон лавлагаанууд, мөн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаартай эцэг Ш.С нэрээр цалинг шүүж, цалингийн тодорхойлолт, лавлагаа олгосон тухай тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс архивын баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Ё.Н Ё.Ц нарын мэдүүлэг зэргээр,
Мөн нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Өндөршил сумын Э нэгдлийн Талын нар бригадад 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар ажиллаж байсан болох нь Дундговь аймгийн Өндөршил сумын Э нэгдлээс түүнд 1982 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон ...эрхэлсэн ажил болон 1982-1989 онуудад авсан цалин хөлсийг тэмдэглэж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Дундговь аймгийн Өндөршил сумын “Алтан гадаст” одонт Энхтайван нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс архивын баримтанд үзлэн хийсэн тухай тэмдэглэл, гэрч С.У Х.Г нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон бусад тодорхойлох нотлох баримтуудыг /архив шатсан тухай лавлагаа, гэрчүүдийн ажиллаж байсан тухай нотлох баримт/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Ч-ийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Талын нар бригадад 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ