| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0025/Э |
| Дугаар | 0018 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Т.Г
Шүүгдэгч Д.О
Хохирогч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 1825000330505 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1972 оны 03 сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, Барилгын Засал чимэглэлчин мэргэжилтэй, Хаан хүнс ХХК-д туслах тогооч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Д.О
Шүүгдэгч
гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2 охинтойгоо амьдардаг. Том охинтой Бизъяа үерхэж байсан байна лээ. Энэ үедээ бага охиныг хүчиндсэн байсан. Үүнийгээ өөрөө зөвшөөрсөн. Би зодъё гэж зодоогүй. 2 охиныгоо доромжлуулсандаа гомдоод цохиж авсан. Толгойг нь үнэртэй усны шилээр цохисон. Өөр гар, хөл рүү нь цохисон байх. Би сайн санахгүй байна. Цохисон байж магадгүй. Үгүйсгэхгүй. Би санаатай цохиогүй. 2 хүүхдээ доромжлуулсандаа гомдолтой. Цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би охинтой нь танилцаад эднийд хамт амьдарч байсан. Тэгээд ээж Оюунгэрэл нь 31-ний орой найзуудтайгаа пиво уусан. Тэгээд хадам ээжийн нэг найз нь намайг хаанахын хэн бэ гэсэн. Би ч тэр хүнтэй нь хэрэлдсэн. Тэгж маргаан үүсээд намайг бага охиныг нь хүчиндсэн гээд галын модоор толгой руу цохисон. Мөн үнэртэй усны шилээр хөмсөгний дээр цохисон. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,
-Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Оюунгэрэл эгч түлээний мод аваад шидсэн толгойн тус газарт нь оносон. Тэгээд Оюунгэрэл эгч Бизъяагийн үснээс нь зулгаагаад үнэртэй усны шил байсан байх аа аваад Бизъяагийн хөмсөг хавьцаа цохисон бөгөөд Бизъяагийн хөмсөг хэсгээс цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,
-Гэрч Р.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Цэнд нь Чимгээд хандан та согтуу ирчихээд юунд манай найз залуу руу дайраад байгаа юм гэж уурлатал Чимгээд би танай аавыг нас барахад зул өргөөд явж байсан гэх мэтээр хэрүүл хийж байтал гэнэтхэн Цэрэндулам босч ирээд Чимгээ эгчээ энэ намайг хүчиндсэн гээд Баагий руу заагаад уйлсан. Тэгсэн Оюунгэрэл уурлан чи миний хоёр хүүхдийг хоёуланг нь бузарладаг хэн бэ гэж хэлэн Баагий руу чулуудтал /юу чулуудсаныг нь мэдээгүй/ Баагий гарах гээд хаалга руу явахаар нь Чимгээ бид 2 үүдэн дээр зогсоосон, гэрт байсан хүмүүс орилолдоод бөөн асуудал болсон яг юу болсныг анзаараагүй, би нилээн халамцуухан байсан, тэгээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 73 дугаартай дүгнэлтэнд:
1. М.Б-н биед духанд 1 тооны зүсэгдсэн шарх, толгойн оройд 1 тооны язарсан шарх, нүүр цээжинд 3 тооны шалбархай, хамрын нуруу, зүүн шуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.
2. Зүсэгдсэн шарх, шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн зүсэх, зүсэгдэх, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.
5. Зүсэгдсэн шарх нь гэм нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 36 ху/,
-Д.Оюунгэрэлийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51-53 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57-58 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 01 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сумын Шинэ Тосгоны 21-17 тоотод М.Бизъяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “ ... Толгойг нь үнэртэй усны шилээр цохисон. Өөр гар, хөл рүү нь цохисон байх. Би сайн санахгүй байна. Цохисон байж магадгүй. Үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Бизъяагийн “...ээж Оюунгэрэл нь 31-ний орой найзуудтайгаа пиво уусан. Тэгээд хадам ээжийн нэг найз нь намайг хаанахын хэн бэ гэсэн. Би ч тэр хүнтэй нь хэрэлдсэн. Тэгж маргаан үүсээд намайг бага охиныг нь хүчиндсэн гээд галын модоор толгой руу цохисон. Мөн үнэртэй усны шилээр хөмсөгний дээр цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Эрдэнэчимэг /хх 28 ху/, Р.Энхцэцэг /хх 29 ху/, нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед духанд 1 тооны зүсэгдсэн шарх, хохирогчийн биед толгойн оройд 1 тооны язарсан шарх, нүүр цээжинд 3 тооны шалбархай, хамрын нуруу, зүүн шуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт үүссэнийг тогтоосон 73 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуудссан үндэслэлээр Д.О холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.О-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА