Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00202

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум,  2 дугаар баг, “Их боригдой” гэх газар оршин суух Давга овогтой Гунгаагийн Цэцэгсүрэнгийн /РД:ЙЕ66111501/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Цэцэгсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Цэцэгсүрэн миний бие нь 1985 оны 01 дүгээр сараас Бүрд сумын “Улаан туг”   нэгдэлд 1990 оныг дуустал  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Цэцэгсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Г.Цэцэгсүрэн нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаартай архивын лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Аргай овогтой Раднаагийн Хоролсүрэн нь “...Би 1983 оноос “Улаан туг” нэгдэлд зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж  байсан. Г.Цэцэгсүрэн нь1985  оноос “Улаан туг” нэгдэлд илгээлтээр малчнаар ажиллаж байсан. 1992 оныг хүртэл  малчнаар ажиллаж байсан. Тухайн үед 250 төгрөгийн цалин авч байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Г.Цэцэгсүрэн нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд  сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Г.Цэцэгсүрэнгийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Давга овогтой Гунгаагийн Цэцэгсүрэнг  1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд  сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Цэцэгсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                                                        ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА