Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2022/03813/И |
Дугаар | 210/МА2023/01017 |
Огноо | 2023-05-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/01017
2023 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/01017 |
Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00958 дугаар шийдвэртэй,
Аын нэхэмжлэлтэй,
Бд холбогдох,
Эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 76,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч А нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Бтэй 0146 дугаар “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 54 айлын Өргөө ресиденс хотхоны 1 дүгээр ээлжийн Б блокны 1 дүгээр орц, -, С тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө байрны “И” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрхийг Бээс А руу бүрэн шилжүүлэн авч Бд гэрээний төлбөрт 76,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.
Гэвч орон сууц захиалгын гэрээний гүйцэтгэгч болох “И” ХХК нь дээрх 2 өрөө орон сууцыг давхардуулж өөр хүнд худалдсан байсан. Энэ талаар мэдсэн даруйдаа давхардуулж зарсан хүнтэй болон “И” ХХК-тай очиж уулзан утсаар холбогдон шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Гүйцэтгэгч компанийн зүгээс “өөр давхрын ижил талбай бүхий орон сууцаар сольж өгье, хохиролгүй болгож өгнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авч шийдэж өгөөгүй, утсаар залгахад утсаа авахгүй, оффисын хаягаар очиж уулзахад хүн байхгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар Бд мэдэгдсэн, тэрээр үүссэн нөхцөл байдлын талаар бүрэн мэдэж байгаа ба бид удаа дараа холбогдсон боловч сүүлдээ утсаа авахгүй болсон. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “И” ХХК-д мэдэгдэл шуудангийн хаягаар хүргүүлсэн, гэвч одоог хүртэл хариу өгөөгүй. Мөн эрх шилжүүлэх гэрээний зүйл болох орон сууц захиалгын эрхийг хэрэгжүүлж, орон сууцанд захиалгын гэрээнд заагдсан цаг хугацаанд орох, орон сууцыг цаашид эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх нь эргэлзээтэй хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, Бд шилжүүлсэн 76,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
1.2. Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад А 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 76,500,000 төгрөгийг Бд шилжүүлсэн ба уг мөнгийг нэхэмжлэгч А нь олохын тулд тухайн үед цалингийн зээл авсан байдаг. Уг зээлийн хүү нь 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 2,980,651 төгрөг болсон. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 07 дугаар сард гаргасан ба А нь өөрөө хөдөө орон нутагт ажилладаг учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломжгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нийг томилсон, хууль зүйн зөвлөгөө авахаар өмгөөлөгч оролцуулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчид 1,000,000 төгрөг, өмгөөлөгчид 1,500,000 төгрөг төлсөн бөгөөд банкны зээлийн хүүгийн хамт нийт 5,480,651 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлага 76,500,000 төгрөгөө дээрх үнийн дүнгээр нэмэгдүүлж нийт 81,980,561 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зар дээрээс Ч.Ж гэх иргэнтэй холбогдож “И” ХХК-ийн барьж буй Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 54 айлын орон сууцны -т С тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авсан. “И” ХХК-ийн тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан хаягт Ч.Жтай миний бие хамт очиж орон сууц захиалах гэрээг шилжүүлэн авч, байрны үнэ 70,000,000 төгрөгийг бүрэн төлсөн юм. Улмаар гэрээний 5.2-т Захиалагч гүйцэтгэгчээс зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд орон сууцыг хүлээн авах хүртэл хугацаанд орон сууцыг бусдад бэлэглэх, шилжүүлэх, худалдах, барьцаалах, түрээслэх арилжих эрхгүй гэж тохиролцсон тул гүйцэтгэгч кампани болох “И” ХХК-тай холбогдон орон сууцыг зарах тухайгаа хэлж мэдэгдэн, гүйцэтгэгч зөвшөөрснөөр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр захиалсан тус байрыг нэхэмжлэгч Ааас приус 30 загварын автомашиныг 17,000,000 төгрөгт тооцож, үлдэх 59,500,000 төгрөгийг бэлэн авахаар тохиролцож “И” ХХК-ийн одоогийн оффис болох Меру товерт А гэх хүний хадам ээж, А, мөн зуучийн компанийн ажилтан н.Эрдэнэбаатар, түүний туслах эмэгтэй, мөн миний бие уулзалдсан. Ингээд би энэ хүнд зарах болсон тухайгаа хэлэхэд “та 2 гэрээгээ хоорондоо хийчихээд дараа нь Аыг гэрээ авчирч нэрээ оруулж болно” гэж зөвшөөрнөөр бид 4 Зайсан Оргил худалдааны төвийн нотариат дээр очиж эрх шилжүүлэх гэрээг төлбөрийг 100 хувь төлсөнөөр хийсэн. А гэх хүнд зарах үед тухайн байр ямар ч асуудал байгаагүй бөгөөд би угаас Аыг танихгүй, хуурч хохироох ямар ч бодол санаа агуулаагүй.
А дараа нь надтай 2022 оны 05 дугаар сард холбогдож өөр бусад хүнд давхардуулан зарсан байна гээд Н.Б гэх хүний “И” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийсэн Барилгын ажлын хөлсөнд тооцож орон сууцны захиалгын гэрээг харуулсан бөгөөд “компанитай холбогдож байгаа, чи надад төлбөргүй гэсэн бичиг бичиж өгвөл компани надад өөр адилхан байр өгнө гэнээ” гэж хэлээд 05 дугаар сард “тооцоогүй” гэсэн бичиг бичүүлж авсан. Ажил гүйцэтгэгч “И” ХХК болон захиалагч Б бидний хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний 4.6-д “Гүйцэтгэгч нь орон сууцыг зарах болон захиалга давхардуулан авахгүй байх үүрэгтэй” гэх үүргээ үүрэг гүйцэтгэгч зөрчиж Аын байрыг Н.Бд давхардуулан гэрээлснээрээ “И” ХХК нь өөрөө хариуцах учиртай. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч А эрх шилжүүлэх хэлцлээс татгалзах эрхгүй.
2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээний 4.1-д “...шилжүүлж байгаа эрх нь гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй болно. Иргэний хуульд заасан биет байдлын болон эрхийн зөрчилгүй шилжүүлж буй эрхэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэгч тал хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Бээс Ат 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эрхээ шилжүүлэхэд энэхүү гэрээ хүчин төгөлдөр, эд хөрөнгө эрхийн доголдолгүй байсан тул захиалагч буюу шилжүүлэгч би үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд Б миний бие хохирол учруулаагүй, үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна .
Энэ гэрээний хувьд бид хэн аль нь үүргээ биелүүлснээр бидний хооронд шаардах эрх дууссан, харин энэхүү эрх шилжүүлэх гэрээтэй хамтатган хэрэглэгдэх гэрээ бол “И” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ бөгөөд үүрэг гүйцэтгэгч “И” ХХК энэхүү гэрээний 4.6-д заасныг зөрчсөн тул үүрэг гүйцэтгэгчээс төлбөрийг шаардах эрхтэй. “И” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Н.Бд өөр гэрээгээр С тоот орон сууцыг давхардуулан шилжүүлэх, захиалах гэрээ хийсэнд эрх шилжүүлэгч, Б миний буруу байхгүй.
Ц.С захирал нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр надад 76,500,000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулахаар баталгааг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа хийж өгсөн. Тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргийг “И” ХХК хүлээсэн, миний хувьд ийм үүрэг байхгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Гуравдагч этгээд “И” ХХК-ийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Маргаан бүхий орон сууц нь гэр хорооллын дахин төлөвөлөлтийн төслийн хүрээнд хийгдэж байгаа барилга бөгөөд нийслэлийн төсвөөр хийгдэх инженерийн шугам, сүлжээний ажлууд хийгдээгүйгээс барилга өнөөдөр бүрэн боссон ч цэвэр, бохир, дулаан байхгүй учраас ашиглалтад оруулах ямар ч боломжгүй байна. Далд ажлууд хийгдээгүй ийм байдалтай 2 жил өнгөрч байна.
Уг маргаан бүхий орон сууц захиалгын гэрээг Ч.Ж гэдэг иргэнтэй тус компани байгуулсан. Орон сууц ашиглалтад орохгүй удааширсан учраас Ч.Ж нь орон сууц захиалгын гэрээг Бд шилжүүлсэн. Б нь тухайн үед эрх шилжүүлэх гэрээгээр биш орон сууц захиалгын гэрээг “И” ХХК-тай байгуулсан. Б нь гэрээг Ат шилжүүлсэн байна. Бид хариуцагч Бийг шаардах эрхээ шилжүүлсэн гэж ойлгож байна. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.2-т зааснаар “И” ХХК-д шаардах эрхээ өөр бусдад шилжүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн тохиолдолд дараагийн хэлцэл хүчин төгөлдөр баримтаар явна. Орон сууц ашиглалтад ороход тухайн С тоот орон сууцыг өмчлөх эрх бүхий гэрээтэй этгээдэд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Аын хариуцагч Бд холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 76,500,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 5,480,651 төгрөг, нийт 81,980,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.1. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар маргаан бүхий Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 54 айл, Өргөө ресиденис хотхон, 1 дүгээр ээлжийн Б блок, 1 дүгээр орц, 9 дүгээр давхрын С айл 40 м.кв талбайтай орон сууц өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд орон сууцыг ашиглах, захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй нь тогтоогддог. Хариуцагч Б орон сууцыг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн барилгын компани бус хэдий ч орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэгч буюу худалдагчийн хувьд худалдан авагчийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангах үүднээс үнэн бодитой мэдээлэл хүргэх үүргийг хүлээсэн. Орон сууцны захиалгын гэрээний эрхийг хэрэгжүүлэх боломжгүй нь нэгэнт тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй.
5.2. Орон сууцыг давхардуулж зарсан ба үүнтэй холбоотой А Б рүү мэдэгдэж уулзан нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн, “Ивээлт цахмаг констракшн” ХХК-тай очиж уулзсан байдаг. Энэ талаараа баталгаажуулж 2022 оны 06 сарын 20-ны өдөр “И” ХХК руу албан бичиг илгээсэн байгааг хэрэгт нотлох баримтаар өгсөн гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр байна. "Ивээлт цахмаг констракшн" ХХК гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцсон ба энэ тухай мэдэхгүй, манайд ийм давхардуулсан гэрээ байгхгүй гэж шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгсөн. Маргаан бүхий Баянгол дүүрэг, 22-р хороо Б блок 1-р орц - С блок 40 м.кв орон сууцыг давхардуулж зарсан гэдгийг нотлох “И” ХХК-ийн н.Бд дээрх тоот орон сууц н.Бгийн өмч мөн гэдгийг тодорхойлж бичиж өгсөн албан бичиг мөн гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр бид олж авсан байгаа.
5.3. Хариуцагч Б нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр "Ивээл цамхаг констракшн" ХХК-ийн захирал Д.Мандуултай Баянгол дүүргийн 22-р хороо 54 айлын Өргөө ресиденис хотхоны 1-р ээлжийн Б блок, 1 дугаар орцны -ын С айл 40 м.кв байрыг гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан дуусгавар болно гэж зааж "Орон сууц захиалах гэрээ” байгуулжээ. Ийнхүү уг гэрээнд заасан барилга угсарлтын ажил явуулах хугацаа дууссаны дараа хариуцагч Г.Өлзийжаргал нь дээрх барилгын ажил удахгүй дуусна гэж хэлээд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Атай орон сууц захиалгын гэрээний захиалагчийн гэрээ шилжүүлэх 0146 дугаартай гэрээ байгуулсан. Гэтэл шүүх уг гэрээг үндэслэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэрээр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж хэргийн үйл баримтын талаар болон хэрэгт авагдсан ноглох баримтаар тогтоогдоогүй байхад таамаглал дэвшүүлэн хууль зүйн буруу дүгнэлт хийсэн байна.
А хариуцагч Б нарын хооронд орон сууц захиалгын гэрээний захиалагчийн гэрээ шилжүүлэх 0146 дугаартай гэрээ байгуулагдсан болохоос худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй, дээрх гэрээ нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр "Ивээл цамхаг констракшн" ХХК-ны захирал Д.Мандуултай Баянгол дүүргийн 22-р хороо, 54 айлын Өргөө ресиденис хотхоны 1-р ээлжийн Б блок, 1 дугаар орцны -ын С айл 40 м.кв байрыг гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан дуусгавар болно гэж зааж "Орон сууц захиалах гэрээ байгуулсан үндсэн гэрэний хугацаа дууссан байхад 2022 оны орон сууц захиалгын гэрээний захиалагчийн 0146 дугаартай гэрээ нь өөрөө эрхийн зөрчилтэй байсан болох нь зохигч, гуравдагч этгээдийн шүүх хуралд өгсөн мэдүүлэг болон “И” ХХК-д эрх шилжүүлэх гэрээ нь бүртгэлд байхгүй зэргээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул хнхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас нэхэмжлэгч А шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 04 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Бтэй Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсан. А орон сууцыг биет байдлын болон эрхийн доголдолтой буюу улсын комисс хүлээн аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй, орон сууц захиалгын гэрээг шилжүүлж буйг мэдэж байсан. Тус орон сууц нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийгдэж буй барилга бөгөөд инженерийн эх үүсвэргүй 2 жилийн турш барилгын ажил явагдахгүй байгаа юм. Худалдан авагч нар барилга хугацаандаа ашиглалтад ороход үл итгэн, мөнгөө хурдан эргүүлэн олох гэж захиалагчийн эрхээ шилжүүлсэн. Тус барилга инженерийн шугам сүлжээнд холбогдвол туршилт хийж, дотоод заслаа хийж гүйцэтгэн, ашиглалтад орох юм. “И” ХХК-ийн зүгээс анхны захиалагч эсвэл шаардах эрх хүлээн авсан этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой. “И” ХХК тус барилгыг ирээдүйд хүлээлгэж өгөх ба компанийн зүгээс үл шалтгаалах нөхцөл байдалд байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А нь хариуцагч Бд холбогдуулан эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 76,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2022 оны 01 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, эрх шилжүүлэгч Б нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 54 айлын Өргөө ресиденс хотхоны 1-р ээлжийн Б блок 1 орц, -т, С айл, 40 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрхийг эрх хүлээн авагч Ат шилжүүлэх, эрх хүлээн авагч нь 76,500,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, эрх хүлээн авагч гэрээний үнийг бүрэн төлсөн талаар талууд маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.
5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал болох нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж буй бол уг татгалзалыг гэрээний нөгөө тал болох хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотой байх учиртай. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэлийг “орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, орон сууцыг Н.Б гэх хүнд давхардуулан худалдсан” гэж тодорхойлжээ.
5.1. “И” ХХК болон Б нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний 2.1-д барилга угсралтын ажил 2021 оны 4 дүгээр улирал буюу мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заажээ.
А болон Б нар эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан тул А нь барилга угсралтын ажил дуусаагүй гэдгийг мэдэж байсан байна. Түүнээс гадна нэхэмжлэгч нь “газар дээр нь очиж танилцаад ашиглалтад удахгүй орох юм байна гэдэг мэдээлэл аваад гэрээ байгуулсан” гэх тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарыг гэрээ байгуулсан цаг хугацаатай харьцуулан дүгнэвэл орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан тул энэ үндэслэлээр тэрээр гэрээнээс татгалзах эрхгүй юм.
5.2. Нэхэмжлэгч нь уг гэрээний зүйлийг өөр этгээд болох Н.Б гэх хүнд давхар худалдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй байна.
6. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг энэ маргаанд баримтлахгүй юм. Эрх худалдаж авсанаар талуудын хооронд үүрэг үүссэн, уг үүрэгтэй холбоотой хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлно гэж дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулав.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00958 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 568,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА