Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0036

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Ж.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х холбогдох эрүүгийн 1825008080021 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймаг Яруу суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, карааны оосорлогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Ж.Х

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Х нь 2018 оны 11 сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутагт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд дансаа шалгах явцдаа гүйлгээ хийснээ мэдэлгүй орхиж гарсан 1.533.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2018 оны 11 сарын 14-ний өдөр виза картны үлдэгдлээ шалгах гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очсон. Тэгтэл та мөнгөө авна уу гээд мөнгө гараад ирэхээр нь авчихсан. Гэртээ хариад тоолж үзэхэд 1.553.000 төгрөг байсан. Би тэр мөнгийг үрээд дуусгасан. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Цаашид би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Гаргасан энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Би иргэний үүргээ биелүүлсэн бол ийм үйлдэл гаргахгүй байх байсан ба шан харамж авах байсан байна лээ. Үүнийг сүүлд ухаарч мэдсэн. Одоо маш их ухаарч, ойлгож байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 11 сарын 14-ний өдөр Хаан банкны бэлэн мөнгөний машинаас дансны үлдэгдлээ шалгуулах гээд хүн гуйж байгаад дансаа шалгуулсан. Дансны үлдэгдэл шалгаж өгсөн хүн таны дансанд 1.533.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр манай ажлын цалин бууж надад бэлнээр 240.000 төгрөг өгсөн. Тэгээд би мөнгөө хийх гээд бэлэн мөнгөний машин дээр очоод дансны үлдэгдлээ шалгуулсан чинь 1.800 төгрөг байна гэж хэлсэн гэсэн /хх 15 ху/, ...надад учирсан 1.533.000 төгрөгийн хохирлоос өнөөдөр бүх хохирлыг минь барагдуулсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгүүд / хх 16 ху/,

 

-Гэрч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 11  сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн Хаан банкны төв салбарын бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэж орсон. Мөнгөө авчихаад гарах гэхэд нэг өвөө ахдаа дансны үлдэгдэл шалгаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би виза картыг нь авч дансны үлдэгдлийг нь шалгаж өгч дэлгэцээр харуулсан. Тэгээд картыг авч тэр өвөөд буцаан өгч гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 12 ху/,

            -Хохирлын мөнгө хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17-19 ху/

-Ж.Хийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 52-54 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ зэрэг болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Х нь 2018 оны 11 сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутагт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд дансаа шалгах явцдаа гүйлгээ хийснээ мэдэлгүй орхиж гарсан 1.533.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Цаашид би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Гаргасан энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Би иргэний үүргээ биелүүлсэн бол ийм үйлдэл гаргахгүй байх байсан ба шан харамж авах байсан байна лээ. Үүнийг сүүлд ухаарч мэдсэн. Одоо маш их ухаарч, ойлгож байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Бгийн “...Би 2018 оны 11 сарын 14-ний өдөр Хаан банкны бэлэн мөнгөний машинаас дансны үлдэгдлээ шалгуулах гээд хүн гуйж байгаад дансаа шалгуулсан. Дансны үлдэгдэл шалгаж өгсөн хүн таны дансанд 1 533 000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр манай ажлын цалин бууж надад бэлнээр 240 000 төгрөг өгсөн. Тэгээд би мөнгөө хийх гээд бэлэн мөнгөний машин дээр очоод дансны үлдэгдлээ шалгуулсан чинь 1 800 төгрөг байна” гэсэн /хх 15 ху/ мэдүүлэг, мөн гэрч Б.Шинэцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх 21 ху/, хохирол төлсөн баримт /хх 17-19 ху/, ял шийтгэлийн шалгах хуудас /хх 24 ху/ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Хид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Хийн үйлдлийн улмаас бодит хохирол 1.533.000 төгрөгөөр тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх бөгөөд хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх ялын санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА