Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01793

 

 

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01793

 

 

"А"ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/03524 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: "А"ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК, В-д тус тус холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 409,542,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч В-, хариуцагчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Б” ХХК-тай 18/04 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Астра Вилла хотхоны С блок, 12 давхар барилгын дотор сантехник, салхивч, цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

Гэрээнд заасан ажлыг ажил гүйцэтгэхэд гүйцэтгэгчээс гаргах материалын үнэтэй нийлээд нийт 388,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд ажлын хөлсөд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Олд сити таур барилгын 6 дугаар давхрын 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээний 3.2.1, 3.2.2.-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Олд сити таур барилгын 6 дугаар давхрын 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Б” ХХК-ийн захирал В- болон "А"ХХК-ийн захирал Д- нар дундаа хамтран өмчлөлөөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан ба “Б” ХХК-ийн захирал В- 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч, тухайн талбайг барьцаанд тавих, бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, эд хөрөнгийн бүртгэлийн газарт мэдүүлэг гарган шилжүүлэх зэрэг эрх олгосон итгэмжлэлийг Д-д хийж өгсөн.

1.2. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18/09 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Астра Вилла хотхоны С блок 12 давхар барилгад дотор засал, дээвэр, тагтны өрлөг, шавар, фасад, эмульс, сантехникийн тоноглол, радиатор, гадна тохижилт, гадна дулааны шугам, худаг, гадна бохирын шугам, худаг, гадна цахилгааны шугам, гадна цэвэр усны шугам, худаг зэрэг багц ажлыг нийт 863,776,200 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон ба үүнээс ажлын хөлс 656,103,000 төгрөгт Астра Вилла хотхоны С блокоосоо орон сууцууд өгөхөөр тохиролцсон. Мөн уг гэрээний 5.2, 6.8 дахь заалтын дагуу хавсралтаар баталсан материалаас бусад материалыг захиалагч “Б” ХХК хариуцан гаргаж өгөхөөр тохиролцсон ч гаргаж өгөх материалаа гаргаж өгөхгүй, түүнчлэн барилгын бусад ажил нь хийгдээгүйтэй холбоотойгоор манай компани ажлаа гүйцэтгэх боломжгүй болж барилгын ажлууд хойшлогдож байсан.

1.3. Гэрээний хэрэгжилтийн явцад "А"ХХК нь В-ы нэрийн өмнөөс “Г ББСБ” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 49,275,500 төгрөгийг төлж, мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 19,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба нийт 68,781,500 төгрөгийг В-д зээлдүүлсэн.

1.4. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар “Б” ХХК гэрээг цуцалж үйл ажиллагааг зогсоож, барилгын талбай руу оруулаагүй ба гүйцэтгэлийг баталгаажуулж өгөөгүй.

18/04 дугаартай гэрээний явцад 325,304,998 төгрөгийн материалын зардал гарсан, нийт гүйцэтгэл 390,951,355.83 төгрөг, 18/09 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэл 340,761,700 төгрөг болсон.

1.5. Иймд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18/04 ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул Баянзүрх дүүргийн 4 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 4/1 Олд сити тауэр барилгын 5 дугаар давхрын ** тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр "А"ХХК-ийг тогтоож өгнө үү.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Б” ХХК-тай байгуулсан 18/09 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 340,761,700 төгрөг, зээлсэн 68,781,000 төгрөг, нийт 409,542,700 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дугаар 18/04 тоот "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ“-ний ажил эхлэх үед захиалагчийн төлөөлөгч “Б” ХХК-ны гүйцэтгэх захирал В-, гүйцэтгэгч "А"ХХК-ийн захирал Д- нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хамтран өмчлөгчөөр гаргаж ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, захиалагч талд актаар хүлээлгэн өгсний дараа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэхэд мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон тул В- нь Д-д зохих итгэмжлэлийг хийж “Капитрон банк” ХХК-аас зээл авсан. Уг зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхэд захиран зарцуулах ёстой байсан.

2.2. Мөн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 18/09 тоот гэрээний дагуу барилгын ажлын санхүүжилт болгож манай компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг "А"ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай 3004-2019/86 тоот зээлийн гэрээний барьцаа хөрөнгөнд нэмж барьцаалж 1,000,000,000 төгрөгийн зээл гаргуулж авсан. Гэтэл "А"ХХК нь ийнхүү зээл авч эргэлтийн хөрөнгөтэй болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй.

2.3. Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, дутуу орхиод хаяад явсан. Захиалагчаас "А"ХХК-ийн удирдлагад гэрээнд заасан үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэхийг удаа дараа сануулж албан бичиг явуулж байсан боловч албан бичгээр нэг ч хариу тайлбар гаргаж өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19/113 дугаар албан бичгээр "А"ХХК-д хүргүүлж, ажлыг өөр байгууллагаар гүйцэтгүүлсэн

Манай компани 18/04 тоот гэрээний үүрэгт 192,515,007 төгрөгийн, 18/09 тоот гэрээний үүрэгт 283,766,245 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэснийг зөвшөөрч байна. Мөн зээлсэн гэх 68,781,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Иймд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1-ийн ** тоот хаяг байршилтай, 100 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 352,547,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "А"ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56,995,455 төгрөгт холбогдох хэсгийг,

хариуцагч “Б” ХХК, В- нарт холбогдох, Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1-ийн 5 давхрын ** тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204097*** дугаарт бүртгэгдсэн, 100 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч "А"ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,920,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "А"ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,303,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх маргаан үүссэнээс хойш 2 жил орчмын дараа хариуцагчаас гаргаж өгсөн мэдэгдлүүдийг үндэслэл болгож хэрэг шийдвэрлэсэн. Энэхүү мэдэгдлүүд нь хариуцагчийн дангаараа үйлдсэн, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаарх ямар ч баримтгүй, нөхөн үйлдэх боломжтой албан бичгүүд юм.

Мөн энэхүү мэдэгдлийн хугацаанд талуудын хооронд гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байсан талаарх үйл баримт, нотлох баримтууд хэрэгт авагдсан. “Б” ХХК ажил эхлэх үед ажлын хөлсөнд 5 ширхэг орон сууцыг гэрээгээр "А"ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн ч энэхүү үүргээ огт биелүүлээгүйгээс барилгын санхүүжилт удааширсан, мөн “Б” ХХК хариуцан гаргах барилгын материалаа цаг хугацаандаа гаргаж өгөөгүй байдаг бөгөөд зохигчид гэрээний хугацаа хэтэрсэн асуудлаар маргадаггүй, гэрээ цуцлагдсан нь аль талын буруу болох талаар мэтгэлцээгүй. Гэтэл шүүх мэтгэлцэж маргаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй асуудлыг, дан ганц хариуцагч талын мэдэгдлүүдийг үндэслэн, илт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

4.2. Шүүх ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, ямар хэмжээтэй хийж ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдлаа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс гэрээ дуусгавар болох үеийн байдлаар буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны байдлаар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 388,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэл нь 390,951,335 төгрөг болсон талаарх 2 хуудас ажлын гүйцэтгэлийн тооцооллын баримт, дээр нь барилгын төсөвчингөөр хийлгэсэн ажлын гүйцэтгэлийн төсөв, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч энэхүү тооцооллыг үгүйсгэсэн нэг ч бичгийн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй.

Мөн шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсаны дараа нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжийг хангах зорилгоор хариуцагчаас барилгын ажлын зураг, барилгын акт, санхүүгийн баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй байдаг.

Хариуцагч нь "А"ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэдэг боловч бусдаар гүйцэтгүүлсэн талаарх баримт гаргаж өгч чадаагүй. Нотлох баримтаар 3 иргэнтэй байгуулсан гэрээ гаргаж өгсөн ч тухайн гэрээний дагуу зардал гарсан талаар баримтгүй.

Эндээс 388,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл дууссан гэдэг дүгнэлт хийх бүрэн боломжтой байсан.

4.3. Гэрээний 3.2, 3.2.2 дахь заалтаас үзвэл "А"ХХК ажлын хөлсөндөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцож, ажил дуусахаас өмнө харилцан баталгааг хангаж 2 компанийн төлөөлөгч захирал гэсэн 2 хувь хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргана, ажил дууссаны дараа захиалагч “Б” ХХК,  түүний төлөөлөгч нь "А"ХХК-ийн хүсэлтээр тухайн хөрөнгийн хамтран өмчлөгч биш болох агуулга харагдана.

Гэтэл шүүх ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйл, итгэмжлэлийг хариуцагчид ашигтайгаар тайлбарлан үнэлсэн. Зохигчдын хэн аль нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг В-, Д- нар нь ямар үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар маргадаггүй буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгө бол "А"ХХК-ийн ажлын хөлсөндөө тооцож авч байгаа хөрөнгө гэдэгтэй маргаагүй. “Б” ХХК нь "А"ХХК буюу түүний захирал Д-д хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл өгөх байдлаар ажлын хөлсөндөө тооцон шилжүүлэх хүсэл зориг байсан нь тодорхой харагдана.

Д- нь "А"ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн баримт хэрэгт байсаар байтал шүүх зориуд Д- нь "А"ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч мөн гэсэн баримт хэрэгт байхгүй байна гэж дүгнэн бичсэн. Гэрээнд "А"ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Гантулгын нэр дээр гэрчилгээг гаргана гэж заагаагүй, тэгж заасан байсан ч зохигчийн хэн аль нь Д- "А"ХХК-тай холбоогүй, захирал нь биш, төлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй гэж маргадаггүй.

Нөгөө талаас шүүх Д- гэж хүн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэдэг баримт байсан тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгө "А"ХХК-ийн өмч мөн гэж дүгнэх гэж байсан юм уу, маш ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Гэрээндээ ажил эхлэх үед ажлын хөлсөнд тооцон өгөх үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, дээр нь ажил дуустал захиалагч талаас эрсдэлээ тооцож өөрийн төлөөний хүнийнхээ нэрийг оруулж, гүйцэтгэгч талаас гүйцэтгэгчийн захирлын хувьд Д- нарын нэр дээр бүртгүүлье гэсэн тохиролцоо байсан. Ямар үндэслэлээр иргэн В-, Д- нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа нь тодорхой, бүртгэлтэй иргэд нь энэ талаар маргаагүй байхад, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ Иргэний хуулийн бүртгэл үнэн зөв талаарх заалтыг дурдсан нь үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1-ийн 5 давхрын ** тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний гол зохицуулалт нь ажлын үр дүн байдаг. Гүйцэтгэгч 2 гэрээний ажлын гүйцэтгэлийг дуусгаагүй, дутуу, чанаргүй үлдээсэн. Барилгын ажил нь дуусдаггүй, захиалагчдын зүгээс маш их шахалт ирээд аргагүй эрхэнд гэрээгээ цуцалсан. Нэгэнт гэрээг цуцалсан учраас нэхэмжлэгч нь гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхгүй.

Харин нэхэмжлэгчийн тодорхой хэмжээнд хийсэн ажлыг үнэлээд тохирсон хөлсийг өгөхийг зөвшөөрч байгаа. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.  

 

2. Нэхэмжлэгч "А"ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1-ийн 5 давхрын ** тоот хаягт байрлах 100 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч “Б” ХХК, В-д,

409,542,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “Б” ХХК-д тус тус холбогдуулан гаргаснаас хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар "А"ХХК нь “Б” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 18/04 дугаартай гэрээ байгуулж барилгын дотор сантехник, салхивч, цахилгаан, холбоо, дохиоллын багц ажлыг 388,000,000 төгрөгийн хөлстэйгээр,

2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 18/09 дугаартай гэрээ байгуулж барилгын дотор засал, дээвэр, тагтны өрлөг, шавар, фасад, эмульс, сантехникийн тоноглол, радиатор, гадна  тохижилт, гадна дулааны шугам, худаг, гадна бохирын шугам, худаг, гадна цахилгааны шугам, гадна цэвэр усны шугам зэрэг ажлыг 863,773,700 төгрөгийн хөлстэйгээр тус тус гүйцэтгэхээр тохиролцсон, мөн 18/09 дугаартай гэрээний хэрэгжилтийн явцад “Б” ХХК нь "А"ХХК-иас мөнгөн хөрөнгө зээлж авсан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

 

3.1. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 18/09 дугаартай гэрээний хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 283,766,245 төгрөг, зээл 68,781,000 төгрөг, нийт 352,547,245 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг хэвээр үлдээнэ.

 

4. "А"ХХК нь оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 18/04 дугаартай гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон 388,000,000 төгрөгийн хөлс бүхий сантехник, салхивч, цахилгаан, холбоо, дохиоллын багц ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан.

 

4.1. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 18/04 дугаартай гэрээний 3 дугаар зүйлд захиалагч “Б” ХХК нь 388,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олд сити таур барилгын 6 дугаар давхрын 100 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөх эрхийг ажил гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, "А"ХХК нь 388,000,000 төгрөгийн хөлс бүхий ажлыг хийж гүйцэтгэж, гэрээнд заасан нөхцөлөөр захиалагчид хүлээлгэн өгсөн тохиолдолд 100 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх үүсэх байжээ.

Хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19/01, 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19/92, 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19/104, 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/107, 10 дугаар сарын 29-ний өдрийн 19/113 тоот албан бичигт үндэслэн захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 18/04 дугаартай гэрээгээр тохиролцсон ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж, гэрээнд заасан нөхцөлөөр захиалагч талд хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, харин хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчийг 192,515,007 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон ажлыг хийж бүрэн  гүйцэтгээгүй, зохих журмын дагуу хүлээлгэн өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээний хөлс шаардах эрхийн хүрээнд түүнийг  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж үзэн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч В-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг шаардлага нь өмчийн эрх зүйн харилцаанд хамаарч байгааг анхаараагүйг зөвтгөж, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсныг хасах нь зүйтэй.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ холбогдох баримтаар  нотолсон, мөн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.  

 

5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.6-д   зааснаар ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн ажлын гүйцэтгэлийн тооцооллын баримт, барилгын төсөвчний гүйцэтгэлийн төсөв, М.Гантулгын дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлт, бараа материал худалдан авсан санхүүгийн анхан шатны баримт зэрэг нь нэхэмжлэгчийг 18/04 дугаартай гэрээнд заасан 388,000,000 төгрөгийн өртөг бүхий цахилгаан, сантехник, холбоо дохиолол, салхивч, дулааны узелийн ажлуудыг гүйцэтгэж, уг ажлын үр дүнг “Б” ХХК-д хүлээлгэж өгсөн гэх үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлоогүй байна.

Түүнчлэн “Б” ХХК-ийн захирал В-, "А"ХХК-ийн захирал Д- нар маргааны бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, В-аас Д-д тухайн хөрөнгөтэй холбоотой тодорхой үйлдэл хийхэд төлөөлөх итгэмжлэл олгосон зэрэг нь "А"ХХК-ийг 100 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох, эсхүл 18/04 дугаартай гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

5.2. Нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК-аас барилгын дотор сантехник, салхивч, цахилгаан, холбоо дохиолол, дотор засал, дээвэр, тагтны өрлөг, шавар, фасад, эмульс, сантехникийн тоноглол, радиатор, гадна тохижилт, гадна дулааны шугам, худаг, гадна бохирын шугам, худаг, гадна цахилгааны шугам, гадна цэвэр усны шугам, худгийн ажлын зураг, тэдгээр ажилд зарцуулсан зардлын санхүүгийн баримтууд, илд далд ажлын акт зэргийг гаргуулах хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/24825 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын дагуу дээр дурдагдсан нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч тал хүлээнэ.

 

5.3.Харин нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 18/04 дугаартай гэрээний хүрээнд хийж гүйцэтгэсэн ажилд ногдох хөлсийг мөнгөн хэлбэрээр  шаардахад уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа  улсын тэмдэгтийн хураамжийг зөв хуваарилсан боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/03524 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “346 дугаар зүйлийн 346.1” гэснийг “100 дугаар зүйлийн 100.1” гэж өөрчилж,

2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,097,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

 

                                           ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Т.БАДРАХ