Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  14  210/МА2023/01192

 

 

Т.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01288 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.*******д холбогдох

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талууд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, уг мөнгийг 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкин дахь хариуцагчийн *******8 тоот дансанд шилжүүлсэн.

Дээрх гэрээний дагуу хариуцагч С.******* нь зээлийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч төлөөгүй.

Т.******* нь 2013-2022 онд ээж С.*******гийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байсан ба С.*******гийн охин Б.*******тэй нэг хотод ойролцоо байснаас бус хамт амьдарч байгаагүй. Иймд хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Т.******* нь 2018 оны намар миний охин Б.*******тэй танилцаж улмаар тус оны 02 дугаар сарын сүүлээр Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцуулах зорилготой авч явсан ба 4 жилийн хугацаанд охинтой маань хамт байр түрээслэн амьдарсан.

Энэ хугацаанд миний охин гэрийн бүх ажлыг хийж, хажуугаар нь суралцаж, ажиллаж байсан. Би охиндоо сургалтын болон амьжиргааны мөнгийг нэмэр болох үүднээс шилжүүлж ирсэн бөгөөд уг мөнгийг миний охин, Т.******* хоёул хэрэглэдэг байсан.

2.2. 2021 оны зун миний санхүүгийн байдал муудаж тэдэнд мөнгө шилжүүлэх боломжгүй болсон гэдгээ хэлэхэд Т.******* надад 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед энэ мөнгийг намайг мөнгөгүй болохоор тусалж бэлэглэж байна хэмээн ойлгож хүлээн авсан. Гэтэл одоо миний охиноос салсандаа өсөрхөн намайг мөнгө залилсан мэтээр цагдаад өгч байсан бөгөөд тэр нь үндэслэлгүй нь нотлогдсон болохоор арга буюу шүүхэд хандаж надаас нэхэж байгаа нь хүн ёсонд нийцэхгүй, надад зээлсэн мэтээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байгааг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар хариуцагч С.*******гаас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.******* 5,000,000 төгрөгийг С.*******гийн данс руу анх ямар зорилгоор шилжүүлсэн, зээлийн хэлцэл байгуулагдах санал анх хэн нь гаргасан, саналыг хэрхэн хүлээн зөвшөөрсөн бэ гэдгийг тодруулан хэлэлцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нэхэмжлэгчид зөвхөн ашигтай баримтуудыг үнэлсэнд гомдолтой байна.

Т.******* болон С.******* нарын хооронд ямар ч зээлийн гэрээ байгуулах хүсэлт байгаагүйгээс гадна мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулганы утга хүртэл зээлүүлэв, зээл гэсэн үг байхгүй байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй.

4.2. Өмнө нь нэхэмжлэгчээс нэг удаа мөнгө зээлж байсан нь тогтмол зээлийн харилцаатай байсан гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх 5,000,000 төгрөг шилжүүлж түүнийгээ зээлсэн хэмээн нэхэмжилж байгааг үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.3. Нэхэмжлэгч Т.******* өмнө нь С.*******гийн охин Б.*******тэй хамтран амьдардаг холбоо хамаарал бүхий байсан бөгөөд хариуцагч С.******* нь охин болон Т.*******т хэрэглээний зардлыг өгдөг байсан. Т.*******, Б.******* нарын харилцаа холбоотой байсныг нотлох баримт болох зураг, төрсний лавлагаа хавтаст хэрэгт авагдсан атал анхан шатны шүүх энэ тухай хянан үзэлгүй хэргийн баримт нотолгоог орхигдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь 453163306 тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,000,000 төгрөгийг Төрийн банкин дахь хариуцагчийн *******8 тоот дансанд шилжүүлсэн ба уг үйл баримтын талаар зохигч маргаагүй. (хэргийн 3 дахь тал)

 

4. Хариуцагч нь мөнгийг нэхэмжлэгч түүнд тусалж бэлэглэсэн, зээл гэж өгөөгүй, мөн хариуцагчийн шилжүүлсэн амьжиргааны мөнгийг охин Б.******* болон Т.******* нар Бүгд Найрамдах Солонгос Улсад хамт амьдрахдаа хэрэглэдэг байсан гэх үндэслэлээр маргасан. Уг татгалзалд холбогдуулан 2018.06.24 Солонгос улс Т.*******, С.*******гийн охин Б.*******ийн хамт, 2019.07.29 УБ хот Мөнгөнморьт амралтын газар С.******* миний бие болон *******ын хамт гэх тайлбар бүхий 2 фото зураг, Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагааг тус тус шүүхэд гаргажээ. (хэргийн 59-61 дэх тал)

Дээрх баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн охин Б.*******тэй харилцаа холбоотой болох нь нотлогдоогүйн зэрэгцээ ийм харилцаа байсан эсэх нь маргаж буй 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид бэлэглэсэн гэх асуудалд нотолгооны ач холбогдолгүй юм. Хариуцагчийн гаргасан шүүх баримтуудыг хянан үзэлгүй хэргийн баримт нотолгоог орхигдуулсан гэх гомдол үндэслэлгүй.

Иймээс нэхэмжлэгч 5,000,000 төгрөг бэлэглэсэн гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.

 

5. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Мөн талууд гэрээгээр хугацаа тохироогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл төлөхийг шаардах эрхтэйг шүүх зөв дүгнэжээ.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА