Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01193

 

 

 

2023 06 12  210/МА2023/01193

 

Г.*******-*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01166 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.*******-*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, 23,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч нь өөрт болон ар гэрт мөнгөний асуудал тулгарсан гэж тусламж хүсч, тодорхой хугацааны дараа эргүүлэн өгөхөөр нэхэмжлэгчээс Хас банк ХХК дахь өөрийн ******* тоот дансаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөг, Хаан банк ХХК дахь ээж А.*******ийн ******* тоот дансаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3,100,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, нийт 21,300,000 төгрөг авсан.

1.2. Нэхэмжлэгч нь анх дээрх мөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулахаар шаардсан. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчид хариу төлбөргүйгээр мөнгө өгөх үүрэг үүсээгүй.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 21,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн гэрээний дагуу 21,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь огт үндэслэлгүй бөгөөд тухайн мөнгийг хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-уудын борлуулалт, менежментийн ажлыг хариуцан ажиллавал 50,000,000 төгрөг өгнө гэснийг хариуцагч зөвшөөрч ажилласан, үндсэн цалин 1,500,000 төгрөг, мөн борлуулалтын үнийн дүнгийн 3%-ийг сард 2 удаа хувааж авахаар тохиролцсон. Компани үүсгэн байгуулагдаад 4 жил гаруй болсон ч борлуулалт, менежментэд дутагдалтай зүйл их, үйл ажиллагаа нь тогтворжоогүй байсан. Хариуцагч ажиллаж эхэлснээс хойш сошиал хуудсаар дамжуулан цөөн тоогоор борлуулагддаг байсан ******* бараа бүтээгдэхүүн тус ондоо дистрибьюшн компаниудаар дамжуулан 300 гаруй цэгт худалдаалагдаж, мөн он гараад томоохон сүлжээ дэлгүүрүүд болох Номин, Миний сүлжээ, GS25, Дүүхээ, Гацуурт гэх дэлгүүрүүдэд нийлүүлэгдэж эхэлсэн.

3.2. Анхны хөрөнгө оруулалт орж ирсний дараа Б.******* нь өмнөх амлалтыг сануулан Г.*******-*******оос 17,000,000 төгрөг авсан. Тухайн үед хариуцагч багагүй үр дүнтэй ажил зохион байгуулсан тул ярилцаж тохирсны дагуу урамшууллаа авч байна гэж ойлгосон. Би 50,000,000 төгрөгөөс 21,300,000 төгрөгийг өөрийн болон ээжийнхээ дансаар хүлээн авсан. Түүнээс хойш 2022 оны 06 дугаар сар хүртэл энэхүү компанид ажиллаж ирсэн.

Гэтэл Г.*******-******* нь 17,000,000 төгрөг, бас бус дүнгээр шилжүүлсэн 4,300,000 төгрөг, нийт 21,300,000 төгрөгийг зээлүүлсэн гэж худал гүтгэн надаас нэхэмжилж байна.

3.2. *******оогоор 2 хуулийн этгээдийн борлуулалт, маркетинг, менежмент нь хэвийн хэмжээнд хүрсэн, ажиллуулагч гэрээг цуцлах хүсэл зоригтой байна гэж үзэж тус гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрт 23,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Г.*******-*******той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөр болох 23,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Г.*******-******* нь Б.*******тэй хөлсөөр ажиллах гэрээ болон өөр төрлийн ямар ч гэрээг амаар болон бичгээр огт байгуулаагүй. Б.******* нь ******* ******* ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлсийг иргэн Г.*******-*******оос гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс 21,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******-*******од олгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г.*******-*******од холбогдох хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, 23,100,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 264,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 273,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Г.*******-******* нь ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-уудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагыг дангаар хэрэгжүүлдэг бөгөөд уг эрхийн хүрээнд тавьсан саналын дагуу Б.******* компаниудын борлуулалт маркетингийн ажлыг хариуцан ажилласан. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ бус хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Гэтэл шүүх харилцааг хөлсөөр ажиллаж гэрээний харилцаа биш гэж дүгнэсэн ба ямар төрлийн харилцаа гэж үзсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6.2. ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-иудыг борлуулалт үйл ажиллагаа тогтворжиж, 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар яригдаж байх үед Б.******* нь гүйцэтгэх захирал Г.*******-*******од хөрөнгө оруулалтаас нэг удаад 50,000,000 төгрөгийн урамшуулал авах саналаа илэрхийлсэн бөгөөд үүнийг Г.*******-******* хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулалт орж ирсний дараа 17,000,000 төгрөг, нийт 21,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэхдээ тохиролцсон 50,000,000 төгрөгийн урамшууллыг өгч байна гэж ойлгон буцаан төлөөгүй өдийг хүрсэн.

Гэтэл хуулийн этгээдийн үйл ажиллагаа тогтворжиж нэлээд хэмжээний борлуулалттай болж, гэрээгээр тохиролцсон миний ажил үүрэг дуусгавар болоход нэхэмжлэгч нь 21,300,000 төгрөгийг зээлүүлсэн гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Шүүх талуудын хооронд бий болсон харилцаанд бүх талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөвхөн мөнгөн хөрөнгө шилжсэн гэх агуулгын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үндэслэл ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна гэж дурдсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 21,300,000 төгрөг гаргуулах бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй болох нь харагдаж байна. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж хариуцагч талаас үзсэн байна.

7.2. Г.*******-******* нь тус хоёр компанийн хувьцаа эзэмшигч боловч тухайн 2 компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх удирдлага биш. Г.*******-*******, Б.******* нарын хооронд 50,000,000 төгрөгийн асуудал огт яригдаагүй. Хариуцагч нь ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-уудад тусдаа хөдөлмөрийн гэрээгээр хамтран ажилладаг. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой цалин хөлсний асуудал байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхэлсэн газраасаа шаардах эрхтэй.

7.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр буцаах нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Г.*******-******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, 23,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

3.1. Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөгийг Андаас нь гэсэн утгаар Хас банк ХХК дахь хариуцагчийн ******* тоот дансанд, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр 4,300,000 төгрөгийг *******од, ******* гэсэн утгаар Хаан банк ХХК дахь А.*******ийн ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн ба үүнийг зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлсон.

Дээрх 2 дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч нь дурдсан цаг хугацаанд ойролцоо үнийн дүн, ижил утга бүхий төлбөрүүдийг хариуцагчид шилжүүлсэн байна. (хэргийн 28-73 дахь тал)

Гэтэл анхан шатны шүүх уг төлбөрүүдийг зохигчийн шаардлага, татгалзалд хэрхэн хамааралтай, ач холбогдолтой талаар тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

3.2. Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-уудын борлуулалт, менежментийг хариуцан ажиллахаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөр 23,100,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 21,300,000 төгрөгийг уг гэрээтэй холбоотой гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан төлбөрүүд нь ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-уудад холбоотой эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээд оролцоогүй ба шүүх тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх талаар зохигчоос тодруулаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боловч шүүхээс гарах шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх этгээдийн талаар шүүх зохигчдод сануулах учиртай.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА