Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 Нарийн бичгийн дарга В.Орхон,

 Улсын яллагч Д.Мөнхцэцэг,

 Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Д овогт Н-н Х-д холбогдох эрүүгийн 1810026510009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 5, эгч, хүү, 2 дүүгийн хамт  оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа шагналгүй,

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Н-н Х 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Х нь Хан-Уул дүүргийн  Нисэхийн эцэст байрлах караокед 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчим хохирогч Ю.А, Д.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Ю.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр Д болон хамаатны хоёр дүүтэй хамт Нисэхийн эцэст байдаг караокед орж, 0.5 литрийн Хараа архи болон хоёр, хоёр пиво ууцгаасан. Тэгээд манай хоёр дүү маргааш өглөө эрт хөдөө буцна гээд эрт яваад өгсөн. Эхнэр бид хоёр тэнд нэг цаг орчим болоод гарах гээд хаалган дээр очиход нэг залуу гэнэт миний баруун хөмсөг, баруун чихийг дагуулан хальт цохьсон, юугаар цохьсоныг мэдэхгүй. Тэр залуу хөгширч үхэх гэж байж юу хийж яваа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр тэр залууг яаж байгаа юм бэ гэж хэлтэл манай эхнэрийг заамдаад хоёр давхарын шатны уруу өвдөгөөр нь чирээд буулгасан. Манай эхнэр бид хоёр нийт 250.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-9-13-р тал/,

Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед манай нөхөр болон хамаатны дүү эхнэртэйгээ бид нар  нийтийн караокед орж дуулангаа 0.5 литрийн Хараа архи тэр гурав хувааж уугаад, би нэг шил пиво уусан. ...нөхөр бид хоёр тэндээ үлдээд нэг цаг орчим болсон ба манай нөхөр гараад би хүрмээ хайгаад үлдсэн. Тэгээд хувцсаа өмсөөд гартал яг гардаг хаалган дээр манай нөхрийг нэг танихгүй залуу заамдчихсан, нүүрнээс нь цус гоожуулчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залууг, хүүе чи яагаад аав шигээ хүнийг цохиж байгаа юм бэ гэж хэлтэл надад, та нар шиг нийгмийн хог шаарнуудыг яасан ч яадаг юм бэ гэж хэлээд намайг заамдаад гадна шатны уруу  миний өвдөг,  тохой, ташаа хэсгээр шат нидрүүлээд чирч буулгасан. Бид хоёр дундаа 250.000 төгрөг авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-17-21-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээч эмчийн  ¹13602 тоот дүгнэлтэд: “...Ю.А-н биед баруун  хөмсөг, чихний дэлбэнд оёдол тавигдсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх-36-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээч эмчийн  ¹13601 тоот дүгнэлтэд: “...Д.Д-н биед баруун ташаа, 2 өвдөг, зүүн гарын бугалганд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх-40-р тал/

Шүүгдэгч Н.Хийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/, ял шалгах хуудас /хх-56/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.06.02-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-59-63/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Х нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны  караокед 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчим хохирогч Ю.А, Д.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлбөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд /хх-64/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Х-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Н.Х нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Хид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирогч Ю.А, Д.Д нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овогт Н-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Х-д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Х-д оногдуулсан 700.000 / долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ