Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01841

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01841

 

 

А ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/02332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК, В-д тус тус холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Г ХХК,

Зээлийн гэрээний үүрэгт 297,119,722 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

А ББСБ ХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг А ББСБ ХК-д даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг тухай иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Ариунтунгалаг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Б ХХК, В- нь А ББСБ ХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 2,9 хувь хүүтэй 12 сарын хугацаатай барилга угсралтын зориулалтаар зээлж авсан. Уг зээлийн барьцаанд Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж 9а дугаартай барилгын *** давхарт 535.1 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч Б ХХК, В- нар нь А ББСБ ХК-д 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

1.2. Зээлдэгч Б ХХК, иргэн В- нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн ба зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй.

1.3. Иймд зээлийн гэрээний 10.2-д заасны дагуу зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас нь өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 387,739,838.36 төгрөг, үндсэн хүү 31,422,861.42 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг нийт 419,180,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

1.4 Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад зээлийн төлбөрт төлсөн 200,000,000 төгрөгийг хасч, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдлээс бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 77,039,523 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэгт нийт 297,119,722.98 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Мөн зээлдэгч Б ХХК, В- нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

1.5. Бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгө нь тухайн үед Б ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан ба хуулийн дагуу барьцаалсан.

 

2. Хариуцагч Б ХХК болон В-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зээлийн гэрээний үүрэгт нийт 297,119,722.98 төгрөг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснээс 219,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр А ББСБ ХК-д үндсэн зээлд 200,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч тал нь харин хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэхгүй, аль болох хугацаа сунжруулж, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ өсгөх шалтгаан хайж бидний эрх зүйн байдлыг дордуулж, өрийн дарамтад оруулж байна.

2.2 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00195 дугаар шийдвэрээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047*** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 9А барилга, *** давхар, 535,1 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г ХХК-д буцаан шилжүүлэхийг Б ХХК-д даалгаснаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06780 дугаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гарч, дээрх үл хөдлөх хөрөнгө Г ХХК-ийн өмчлөлд шилжиж, шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Г ХХК-ийн барьцааны зүйл чөлөөлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлээс татгалзахгүй.

 

3. Гуравдагч этгээд Г ХХК-ийн бие даасан шаардлага, татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 9А дугаар барилгын, 6-н давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 535,1 м.кв талбай бүхий өөрийн хөрөнгийг худалдан борлуулахаар Б ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулж шилжүүлэн өгсөн. Гэтэл Б ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороололд байрлах Z ресиденс орон сууцны төсөл бүрэн зогссон, Б ХХК нь захиалагч компанитайгаа байгуулсан гэрээгээ цуцалсан тул цаашид уг төсөл хэрэгжих боломжгүй болсон, мөн А ББСБ ХХК-д 500,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан болохыг мэдсэн.

3.2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00195 дугаар шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 9А барилга, *** давхар 535.1 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, хохиролд 23,571,418 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32.1 дэх хэсэгт Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан.

Иймд А ББСБ ХК, Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан ипотекийн гэрээ хүчин төгөлдөрт бусад тооцож барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг А ББСБ ХК-д даалгаж өгнө үү.

3.3. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдүүлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг дуусгавар болгож цуцалсан атлаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн зээлийн тооцооллын хувьд буруу. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК, В- нараас 297,119,723 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Инвескор ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ХХК-ийн гаргасан А ББСБ ХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12021101501 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож барьцааны хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудам, 9А дугаартай барилгын 6 давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч А ББСБ ХК-д даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК, В- нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 14-р хороо, 4-р хороолол /16066/, энэбишийн өргөн чөлөө гудамж 9а дугаартай барилгын 6 давхрын эрхийн улсын бүртгэлийн Ү2205047103 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,796,999 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 2,787,396 төгрөөс 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 2,796,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д, улсын төсвийн орлогоос 129,446 төгрөг гаргуулж Г ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. А ББСБ ХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12021101501 дугаартай "Ипотекийн гэрээ" нь Иргэний хуулийн 56, 57, 59-р зүйлүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа бөгөөд энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь барьцааны хөрөнгө болох Г ХХК-ийн нэр дээрх үл хөрөнгийг барьцаанаас чөлөөлснөөр арилах юм.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаагүй нь буруу болжээ. Тухайлбал, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хэдийгээр Б болон Г ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон боловч Y2205047103 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд оногдуулсан барьцааны хөрөнгө хэвээр үйлчилнэ" гэжээ. Үүнээс харвал шүүхээс хариуцагч Б ХХК нь барьцааны хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахдаа хүчин төгөлдөр бус худалдах, худалдан авах гэрээний дагуу олж авсан болохыг тогтоосон байна.

Г ХХК-ийн хөрөнгийг шилжүүлэн авсны хариуд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон дөрвөн орон сууц нь баригдаж, ашиглалтанд ороогүй, барилгын үйл ажиллагаа бүрэн зогссон байсан. Ийнхүү худалдагчийг төөрөгдүүлэн хөрөнгийг нь өөртөө шилжүүлж аваад зээлийн барьцаанд тавьж мөнгийг авч ашиглах, хөрөнгийг нь бусдад түрээслүүлэн ашиг олоод зогсохгүй авч ашигласан зээлээ төлж, барьцаанаас хөрөнгийг чөлөөлөхгүйгээр гуравдагч этгээдийг хохироож байгаа нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэл болжээ.

5.2. Мөн энэ худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-д заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-д заасан "өөр хэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл"-ийн шинжийг агуулж байгаа. Хэдийгээр Г ХХК-ийн хөрөнгийг гэрээний дагуу шилжүүлэн авсан боловч үүний цаана орон сууц захиалан бариулах дөрвөн гэрээ байсан.

Тэдгээрийг халхавчилж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Түүнчлэн, гэрээнд үл хөдлөх хөрөнгийн үнийг 328,170,944 төгрөг, төлбөрийг бүрэн төлж дууссан гэсэн боловч огт мөнгө төлөөгүй, хөрөнгийн бодит үнэлгээ нь 1,606,239,000 төгрөг байсан.

5.3. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд А ББСБ ХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хүчин төгөлдөр бус болно.

Түүнчлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 57, 59.1-д зааснаар хууран мэхэлж байгуулсан хэлцэл байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

5.4. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32.1-д зааснаар Г ХХК нь өөрийн хөрөнгөө хариуцагчийн хууль бус өмчлөл, эзэмшил, ашиглалтаас бүрэн шилжүүлэн авсан тул А ББСБ ХК-ийн хувьд барьцааны эрх нь дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Хэдийгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01-р сарын 17-ны өдрийн 00195 дугаар шүүхийн шийдвэрээр Г ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09-р сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалсан боловч тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоогүй тул шүүхээс уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үр дагаврыг шийдвэрлэн, барьцааны хөрөнгийг чөлөөлөх бүрэн боломжтой юм.

5.5. Нэхэмжлэгч А ББСБ ХК нь анх манай хөрөнгийг барьцаалж 500 сая төгрөгний зээл олгоод тэрхүү үндсэн зээлийн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүтэй нь цуг 800 гаруй сая төгрөг болгож авсан тул хохирохгүй. Мөн хариуцагч Б ХХК нь манай хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж зээл авч ашиглахдааТөв аймаг, Зуун мод-80 төсөл 5 давхар 3 блок барилгаа санхүүжүүлж өөрөө төлөхгүй хөрөнгөжиж байгаа. Үүгээр зогсохгүй манай хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс бусдад түрээсэлсэн.

Дээрх хөдлөшгүй баримтаар тус хоёр байгууллагад огт хохирол учраагүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Г ХХК нь өөрийн хөрөнгийг зээлийн барьцаанд эргээд алдахад хүрээд байна.

5.6. А ББСБ ХК нь анх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа хөрөнгийн эх үүсвэрийг шалгаагүй. Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 09-р сарын 29-ны өдөр шилжүүлж аваад 14 хоногийн дараа барьцаалж зээл авсан байхад А ББСБ ХК нь хөрөнгийг 1,5 тэрбумаар үнэлээд 500 сая төгрөгийн зээлийг олгосон нь ойлгомжгүй. Одоо зах зээлийн ханшаар тус үл хөдлөх эд хөрөнгө нь 2,407,950,000 төгрөгийн үнэтэй.

5.7. Анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас 297,119,723 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ 2022 оны 09-р сарын 23-ны өдрөөр цуцлагдаж, дуусгавар болсон боловч энэ хугацаанаас хойш 2023 оны 05-р сарын 01-ний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж буруу дүгнэсэн.

Хэрэв шүүх нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй гэж үзвэл Иргэний хуулийн 452.2, Зээлийн гэрээний 3.6-д зааснаар зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байна.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэлд 387,789,838 төгрөг, үндсэн хүү 31,422,861 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 419,180,199 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч үндсэн зээлээс 200,000,000 төгрөгийг 2023.02.16-ны өдөр төлснөөр 219,180,199 төгрөгийн үлдэгдэлтэй болсон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 77,039,523 төгрөгөөр ихэсгэж нэмэгдүүлсэн хүү шаардсан. Гэтэл нэмэгдүүлсэн хүү нь анх нэмэгдүүлсэн үндсэн зээлийн хүү болох 31,422,861 төгрөгийн 20 хувиас хэтэрсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулж, үндэслэлгүйгээр хэт их хүү тооцон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00195 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т зааснаар Г ХХК, Б ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд шаардлага хангасан, эрх зүйн харилцааны хувьд худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.

А ББСБ ХК нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9А дугаартай барилгын 6 давхрыг барьцаалах үед Б ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны дагуу барьцаалсан.

6.2. Нэхэмжлэгч А ББСБ ХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг тооцсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, давж заалдах гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 419,180,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 297,119,723 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2.1. Б ХХК, В- болон А ББСБ ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч А ББСБ ХК нь 500,000,000 төгрөгийг сарын 2,9 хувь хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлдэгч нартай харилцан тохиролцсон байна.

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүхийн зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, гэрээний 4.3-т зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

2.2. Зээлдэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн.

 

2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тооцохдоо хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 200,000,000 төгрөгийг хасч 297,119,723 төгрөгийг нэхэмжилжээ. Үүнийг шүүхийн шийдвэрт дүгнэхдээ нарийвчилсан тооцооллын талаар дурдаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар 200,000,000 төгрөгийн төлөлтийг хасч тооцсны дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нар нь үндсэн зээл 270,096,229.51 төгрөг, хүү 24,713,589.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,309,904.33 төгрөг, нийт 297,119,722.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан хэмжээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна /хх 175/.

 

2.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамаараад зээлдэгчээс зээлээ эргүүлэн төлж дуусгах хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.

 

2.5. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 297,119,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүйг зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

3. Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн гаргасан ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00195 дугаар шийдвэрээр Г ХХК болон Б ХХК-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр болохыг дүгнээд гэрээ цуцлагдасны үр дагаварт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9а дугаартай барилгын *** давхарт 535.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205047*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Г ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

Иймд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9а дугаартай барилгын *** давхарт 535.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байхдаа Б ХХК нь А ББСБ ХК-тай ипотекийн гэрээ байгуулсан байх тул үүргийн гүйцэтгэлийг дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.2. Г ХХК болон Б ХХК-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр болохыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл, Иргэний хуулийн 57, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Г ХХК болон Б ХХК-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалсны үр дагаварт дээрх барьцаа хөрөнгийг Г ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж, өмчлөгч өөрчлөгдсөн нь А ББСБ ХК-ийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг хөндөхгүй болно.

 

3.3. Түүнчлэн ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9а дугаартай барилгын *** давхарт 535.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

3.4. Харин анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасан хөдлөх эд хөрөнгийн барьцаанд холбогдох хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж өөрчлөлт оруулна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/02332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн ... гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.5, гэж нэмж, ... 453.2 ... гэснийг 453.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ