Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00205

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 4 дүгээр баг, “Ар хөшөөт” гэх газар оршин суух Дүвжир овогтой Лхагвадайгийн Санжжавын /РД:ЙЕ57011814/ хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгон, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Санжжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Санжжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Санжжав миний бие нь 1978-1992  оны дуустал Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийн нэрийг Санжзав гэж буруу бичсэн тул миний хөдөлмөрийн дэвтэр биш болоод байна. Иймд Лхавгадайн Санжзав гэсэн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн миний хөдөлмөрийн дэвтэр болохыг тогтоож, миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө  үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Санжжав нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Л.Санжжавд 1972 онд Лхавгадайн Санжзав гэсэн нэртэйгээр хөдөлмөрийн дэвтэр олгогдсон байна.

Хүсэлт гаргагч нь “...1972 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Санжзав гэж тухайн үеийн боловсон хүчин буруу бичсэн...” гэж тайлбарласан нь мөн дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Лхагвадайгийн Санжжав мөн болох нь түүний цахим үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Мөн Л.Санжжав нь 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд  малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай архивын лавлагааны хуулбар, Л.Санжжавын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Ламганжав овогтой Сэдбазарын Жамъян нь “...Би 1959 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын  “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Л.Санжжав Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан...” гэж, мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Иймд 1972 онд Лхавгадайн Санжзав гэсэн нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч Лхавгадайн Санжжав мөн болохыг, мөн тэрээр 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Л.Санжжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар хүсэлт гаргагч Дүвжир овогтой Лхагвадайгийн Санжжавыг  1972 онд Лхавгадайн Санжзав нэртэйгээр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дүвжир овогтой Лхагвадайгийн Санжжавыг 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Л.Санжжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

            

ДАРГАЛАГЧ                                       Б.САРАНТУЯА