Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01453

 

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01453

 

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/02127 дугаар шийдвэртэй,

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй,

Д.Гт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Г эгчид нь 15,000,000 төгрөг хэрэг болоод байна гэхэд нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. Хугацаандаа мөнгөө өгөөгүй.

1.2. Д.Г нь Б.Эгийн “Бид ББСБ ХХК-аас авсан 15,000,000 төгрөгийн зээлийг, зээлийн хүүгийн хамт төлөхөөр болсон боловч зээлийн хүүг төлж, үндсэн зээлийг төлөөгүй тул хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.3. Хариуцагч нь “Бид ББСБ ХХК-ийн зээлийн хүүд 4,736,000 төгрөгийг, үндсэн зээлээс 3,765,000 төгрөгийг төлсөн тул 11,235,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Д.Г нь хорооллын “К”-т өөрийн гоо сайхны барааны лангууг нэхэмжлэгч Б.Эд түрээслэх хугацаанд нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг зээлсэн.

2.2. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчид 8,501,000 төгрөгийг эргэн төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрт 2019, 2020 онд эд зүйлс өгсөн тул төлөх төлбөргүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Гээс 6,499,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс 4,736,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,934 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөг зээлж, уг зээлээс 8,501,000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн. Зээл авснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчид 8,382,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өгсөн.

Уг төлбөрөөс 6,499,000 төгрөгийн бараанаас зээлийн төлбөрийг суутгаж 15,000,000 төгрөг төлөгдсөн бөгөөд хариуцагчийн тэмдэглэлийн дэвтэрт хийсэн үзлэг болон гэрч З.Нацаг-Юмын “...Зээлээр гэж бичүүлээд авчихдаг байсан. Ирээд эгч нь тэдэн бугуйвч тэдэн ширхэг юм авъя гээд бичүүлээд явдаг байсан. Тэр үед Д.Г эгчид мөнгө өгөх ёстой байсан учраас бартер хийж байна гэж ойлгосон. Ер нь л ойр ойрхон ирдэг байсан. Д.Г эгч лангуун дээр байдаггүй учраас би өгснөө бичээд явдаг байсан. Би н.Ганаа эгчид чинь хэлсэн байгаа гээд аваад явдаг байсан гэв...” гэх мэдүүлгээр хангалттай нотлогддог.

Гэтэл шүүх үзлэг болон гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн нотлох баримтаар өгсөн 3 ширхэг дэвтрийг хариуцагч хөтлөөгүй. Харин хамтран ажилладаг З.Нацаг-Юм хөтөлсөн гэх боловч ямар хугацаанаас эхлэн хөтөлсөн эсэх нь ойлгомжгүй байдаг. Б.Эд бараа бүтээгдэхүүн өгсөн гэж тайлбарладаг бөгөөд шүүх дэвтэрт үзлэг хийхэд Б.Эд тухайн бараа бүтээгдэхүүнийг өгсөн эсэх нь тогтоогдоогүй. Гэрч З.Нацаг-Юм “Д.Гийн лангуунд ажилладаг ажилтан” гэж өөрийгөө танилцуулсан боловч З.Нацаг-Юм, Д.Г нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, цалин хөлс олгосон эсэх нь тодорхойгүй тул гэрчийн мэдүүлэг гэж үзэх боломжгүй, нотлох баримтын шинжийг агуулдаггүй. Б.Э нь Д.Гээс дансаар шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин бэлнээр мөнгө болон бараа бүтээгдэхүүн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Э нь Д.Гт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шижүүлсэнийг тэдгээрийн тайлбартай харьцуулан дүгнэж анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

4. Тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй тул хариуцагч Д.Гээс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 8,501,000 төгрөгийг Б.Эд төлснийг зээлийн гэрээний үүрэг болох 15,000,000 төгрөгөөс хасч тооцсон нь зөв болжээ. 

 

5. Хариуцагч Д.Г нь зээлийн гэрээний үлдэгдэлийг бараа бүтээгдэхүүнээр төлсөн гэх тайлбараа нотлохоор гэрчээр З.Нацаг-Юмыг асуулгаж, нотлох баримтаар 3 ширхэг дэвтэр гаргаж өгсөн байх бөгөөд уг 3 ширхэг дэвтэрт шүүхээс үзлэг хийж хөтөлсөн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.  

 

5.1. Гэрч З.Нацаг-Юмын өгсөн мэдүүлэгт: “2018 оны 11, 12 сараас худалдагчаар ажиллаж эхэлсэн. 2019 оны 04 дүгээр сар хүртэл [ажилласан] ... 7 сар хүртэл завтай байвал [ажиллаад] өгөөч гэсэн. ... Б.Э ... зээлээр гэж бичүүлээд [бараа] авчихдаг байсан. ...10 бугуйвч авлаа гэж бодоход тэдэн сарын тэдэнд ирээд тэдэн бугуйвч авлаа гээд бичдэг. ... Ер нь л ойр ойрхон ирдэг байсан. ... нэг ирэхдээ нилээн их юм авч явдаг. ... дандаа зээлээр авдаг байсан. Надад бол мөнгө өгч байгаагүй. Би ганц ширхэг бугуйвч байсан ч бичиж өгдөг байсан. ... Мөнгөтэй бол мөнгөтэй, мөнгөгүй бол мөнгөгүй гэдэг байсан. ... Гарын үсэг зураарай гэдэг байсан. ... Д.Г эгч Эрка эгчийгээ ирэхээр нь авъя гэсэн зүйлийг өгч байгаарай гэж хэлсэн. ...” гэх боловч хэзээ, ямар үнэтэй бараа бүтээгдэхүүнийг Д.Эд хүлээлгэж өгсөн талаарх нөхцөл байдлыг тодорхой мэдүүлээгүй байна.

 

5.2. Түүнчлэн 3 ширхэг дэвтэрт хийсэн тэмдэглэлээс дүгнэвэл Б.Эд бараа өгсөн гэх бичвэрүүд нь огноогүй, үнийн дүн нь тодорхойгүй, “10.17-нд” гэж 3 удаа бичигдсэн, өдрийн дараалал алдагдсан зэрэг байдлаас дүгнэвэл нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй, дэвтрүүд дэх зарим бичвэрийг гэрч З.Нацаг-Юм үйлдээгүй байна.

 

5.3. Гэрчийн мэдүүлэг болон 3 ширхэг дэвтэрт үйлдсэн бичвэрүүдийг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Б.Эд зээлийн гэрээний үүрэгт тооцуулахаар 6,415,500 төгрөгийг бараа бүтээгдэхүүнээр төлсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай байх тул дээрх баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь хуульд нийцжээ.

 

5.4. Иймд Б.Эд бараагаар тооцож 8,382,000 төгрөгийг төлсөн гэх хариуцагч Д.Гийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/02127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА