Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 146/ШШ2016/00206

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцат 15-2 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 23 настай, Өндөрийнхөн овгийн Балжиннямын Булган /РД: ЙР93120421/-гийн хүсэлттэй,

“Хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Булган, нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Булган шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “...Б.Булган миний бие Б.Бухаатай 2016 оны 10 дугаар сард гэр бүл болж хүү Б.Мэргэншагайг төрүүлж өгсгөсөн. Гэвч бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Манай нөхөр Б.Бухаа нь 2016 оны 06 дугаар сарын 05-нд ослын улмаас нас барсан. 1 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон тул Б.Бухаа бид хоёрыг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Булган нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Б.Булган, талийгаач Б.Бухаа нар 2014 оноос 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан, энэ хугацаанд 1 хүүхдийн эцэг, эх болсон, нөхөр Б.Бухаа нь 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ¹0000181604 тоот нас барсны гэрчилгээ, №6252000029 тоот төрсний гэрчилгээ, Хархорин сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Т.Батхүү, П.Түмэндэмбэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Б.Булган хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                      

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар Өндөрийнхөн овгийн Балжиннямын Булган, Монгол овгийн Батхүүгийн Бухаа нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН