Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01489

 

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01489

 

 

банкХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26ы өдрийн 102/ШШ2023/01927 дугаар шийдвэртэй,

 

            “банкХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.С, “Ж” ХХК, М.А, Ц.Л нарт холбогдох,

 

            Зээлийн гэрээг цуцалж, 840,523,668 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “банк ХК нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээг Л.С, М.А нартай байгуулан 600,000,000 төгрөгийн зээлийг 40 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй олгосон.

Зээлийн барьцаанд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Барьцааны гэрээгээр хариуцагч Ц.Лын өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, - хаягт байрлах 510,9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, - хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан.

1.2. Зээлдэгч нар зээл авснаас хойш зээлийн хүүнд 10,000,000 төгрөг төлсөн. Бид хариуцагчтай маш олон удаа уулзсан бөгөөд өгсөн үүрэг, амлалтаа биелүүлээгүй, эцэст нь шүүхээр асуудлаа шийдүүлээд хүүгээ зогсооё гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.3. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 600,000,000 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүгийн үлдэгдэл 235,009,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5,514,540 төгрөг буюу нийт 840,523,668 төгрөг байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 840,823,668 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.4. “Ж ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзаж байна.

 

2. Хариуцагч Л.С, М.А нараас гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Л.С нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээг “банк” ХК-тай байгуулан 600,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, жилийн 18,0 хувийн хүүтэй зээлсэн.

2.2. 2019 онд Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 сар хүртэл бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосноос ажил зогссон тул зээлийг  хуваарийн дагуу цаг хугацаанд төлөх боломжгүй байсан.

2.3. “банк” ХК нь Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авах эрх бүхий эрх зүйн субъект юм байна. Хэрэгт “банк” ХК-ийн тусгай зөвшөөрөл авагдаагүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна.  

Түүнчлэн банк болон банк бус санхүүгийн байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд учраас “банк” ХК-ийн тооцоолсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эсэх нь тодорхойгүй байна.

Учир нь зээлийн гэрээнд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тусгасан. Гэтэл 453 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг.

2.4. Бид үндсэн зээлийг зөвшөөрч байгаа харин хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Мөн барьцааны гэрээ бол хүчин төгөлдөр бус гэж үзэж байна

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Л.С, М.А нараас зээлийн гэрээний үүрэгт 831,634,629 төгрөг 64 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,889,039 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.С, М.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Ц.Лын өмчлөлийн Улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, - хаягт байрлах 510.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, - хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч банк ХК нь хариуцагч Ж ХХК-аас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,518,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 4,386,423 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч банк ХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь хүчингүй эсвэл түдгэлзсэн эсэх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байхад шүүхээс Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийг тайлбарлаж 3.1.1-д заасныг тайлбарлан банк ХК-ийг Монгол банкнаас зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй этгээд гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Дээрхи нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байсан бөгөөд талууд зээлийн гэрээг байгуулах үед “банк” ХК-ийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан эсэхийг нэхэмжлэгч тал нотлох ёстой байсан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Шүүх зээлийн хүүг нийт 226,120,088 төгрөг гэж тооцохдоо хариуцагч талын зээлийн гэрээний хүүгийн төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг хасч тооцоогүй байна. 

Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл гэж тайлбарласан нь нэхэмжилэгч тал нэмэгдүүлсэн шаардлагаа нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцоо нь эргэлзээтэй байна.

4.3. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар, хариуцагч Л.С нэхэмжлэлийг гардаж авснаар уг саналыг хүлээн авч гэрээг цуцалсан гэж үзэх боломжтой. Ийнхүү гэрээг цуцалснаас хойш нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээг дахин дүгнэж 57,957,328 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн хүү 3,513,494 төгрөг нэхэмжилнэ гэдэг, харин шүүхэд гаргасан тайлбартаа нэмэгдүүлсэн хүүнд 5,514,540 төгрөг гэсэн байгаа нь 2,000,000 төгрөгийн зөрүү харагдаж байгаа тул үндэслэлгүй тооцоо гаргасан гэж үзэж байна.

4.4. Дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу хариуцагч Л.Сээс гаргуулах зээлийн хүүгийн төлбөр 226,120,088 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,514,540 төгрөг, нийт 231,634,628 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “банк” ХК нь хариуцагч Л.С, “Ж” ХХК, М.А, Ц.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 840,523,668 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. “банк” ХК нь Л.С, С.А нартай 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 600,000,000 төгрөгийг, 40 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

“банк” ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгчид шилжүүлсэн, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “банк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус банкны үйл ажиллагааны чиглэлийг “мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо ...” гэжээ. Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар “банк байгуулах, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан банкны эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг хугацаагүй олгох”-оор байна. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хугацаагүй олгогдсон байх бөгөөд тухайн банкны үйл ажиллагааг зогсоосон гэх баримтгүй тул улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн банкны үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэх агуулгаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Сэд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 600,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн.

Хариуцагч нар нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 600,000,000 төгрөг зээлдэн авснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд нийт 10,579,911 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна. .

Иймд хариуцагч Л.С, С.А нар зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ 2021 оны 04 сараас эхлэн зөрчсөн, зээлдүүлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 19, мөн оны 05 дугаар сарын 11, мөн оны 08 дугаар сарын 13, мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус зөрчлийг арилгах талаар зээлдэгч нарт сануулсан, зээлдэгч зөрчлийг арилгаагүй байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээг цуцалж байхад анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан гэж дүгнэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг шүүхийн шийвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу болжээ. Түүнээс гадна гэрээг цуцлах нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах бөгөөд шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах учиргүй. Харин гэрээг цуцалж буй үндэслэл нь хуульд нийцсэн байхыг шүүх дүгнэх учиртай. Иймд гэрээг цуцалж шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтыг хасч залруулах нь зүйтэй. 

 

5. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан зээл, хүүгийн тооцооны хуудаст хариуцагч Л.С, С.А нар зээлийн гэрээний үндсэн зээлд 600,000,000 төгрөг, зээлийн хүүд 245,589,041 төгрөг төлөхөөс төлсөн 10,579,911 төгрөгийг хасч зээлийн хүүг 235,009,129 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,514,540 төгрөг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон байхаас дүгнэвэл зээлдэгч нарын төлсөн 10,579,911 төгрөгийг зээлдүүлэгч хасч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийг зээлийн гэрээний үүргээс 10,579,911 төгрөгийг хасч тооцоогүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг 5,514,540 төгрөг гэж тодорхойлж нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар төлөгдөөгүй зээлийн хүүгийн 20 хувиар тооцвол 191,145,205*20хувь буюу 38,229,041 төгрөгөөр тодорхойлогдож байгаагаас бага хэмжээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлсон байх тул хариуцагч талын гаргасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

6. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.С, С.А нараас зээлийн гэрээний үндсэн зээлд 600,000,000 төгрөг, зээлийн хүүд 235,009,129 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,514,540 төгрөг, нийт 840,523,668 төгрөгийг нэхэмжлэгч “банк” ХХК-д төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

7. банк” ХК болон Ц.Л нар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Ц.Лын өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, - хаягт байрлах 510.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, - хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийг  тус тус барьцаалжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн,  гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

9.1. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т "үндэсний мөнгөн тэмдэгт" гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлнэ гэж заасан тул төгрөгийн задгай нэгж болох “мөнгө” Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэний гүйлгээнээс хасагджээ. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн гэрээний үүргийг мөнгөөр илэрхийлсэн хэсгийг хасна.

 

9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох нэхэмжлэлээс татгалзах учиртай. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч “Ж” ХХК-аас татгалзсныг баталж шийдвэрлэсэн нь алдаатай болсныг залруулна.

 

9.3. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70,200 төгрөг төлснийг орхигдуулсныг зөвтгөв.

 

10. Дээрх үндэслээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулга, улсын тэмдэгтийн хураамжийг орхигдуулсныг залруулсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26ы өдрийн 102/ШШ2023/01927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1”, “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,”, “64 мөнгө” гэснийг хасаж,

3 дахь заалтын “Ж” ХХК-аас” гэснийг “Ж” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ” гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтад “7.1.1” гэсний дараа “7.1.2” гэж нэмж, “4,518,519” гэснийг “4,588,719” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Сээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,316,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА