Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 124/2017/0001/з |
Дугаар | 001/ХТ2018/0189 |
Огноо | 2018-04-25 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/0189
Л.Г-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай”
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0076 дугаар магадлалтай,
Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц-О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Л.Г ийг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд томилохыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгажээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0076 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “47 дугаар зүйлийн 47.1.6” гэснийг хасч, “илт хууль бус болохыг тогтоож” гэснийг “хүчингүй болгож”, “томилохыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад” даалгасугай” гэснийг “томилсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 211/МА2018/0076 тоот магадлалд дараах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Г нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд нь эрхэлж байсан албан тушаал болох Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
4. Анхан шатны шүүх хурал 2 удаа хийгдсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч Л.Г , түүний өмгөөлөгч Б.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаагүй. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давсан, хууль зөрчсөн, нэг талыг барьсан магадлал гаргасан гэж үзэж байна. Тус шүүх нь давж заалдах гомдлыг хянан үзээд магадлалын 3-4 дүгээр нүүр хуудсанд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдаж төрийн албан хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд албан хаагч нараас шалгаруулан авах эрхийг эрх бүхий албан тушаалтанд олгосон өөрөөр хэлбэл аймгийн Халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж нийт албан хаагчдын орон тоог бууруулсан энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан орон тоондоо тохируулж төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж авах эрх хэмжээтэй байна.
5. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус Захиргааны актын шинжүүдийг маргаан бүхий захиргааны акт агуулаагүй, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй. Тиймээс анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулсан хууль бус Захиргааны акт гэж үзсэн нь буруу байна гэж дүгнэсэн байдаг.
6. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэлт хийсэн мөртлөө нэхэмжлэлийн шаардлагаас давж уг актыг хүчингүй болгох боломжтой гэж дүгнээд Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 26 дугаар зүйлийн 26.2, 26.1-д заасан үндэслэлийг судлах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг шүүх ямар нотлох баримтанд үндэслэн хийсэн нь тодорхой бус байна. Л.Г-ийн хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгохдоо бидний зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 24.4-д заасан холбогдох нөхцөл байдлыг нарийвчлан судалж тогтоосон. Энэ нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбарт хүргүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Үүнийг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болно.
7. Маргаан бүхий ажлын байр нь төрийн захиргааны ангилал зэрэглэлийн албан тушаал бөгөөд ажлын байрны зорилго, тавигдах ерөнхий болон тусгай шаардлага нь Л.Г-ийн урьд эрхэлж байсан хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байрнаас тэс өөр мэргэжил ур чадвар шаардсан албан тушаал. Ажлын байрны тодорхойлолтоор нийгмийн ажлын, судлаач мэргэжлийн болон социологич мэргэжилтэй хүн байхаар журамлагдсан. Иймд энэ байгууллагад 10 гаруй жил ажилласан ажлын дадлага туршлага ур чадвартай, судлаач мэргэжилтэй Ц.Б-г сонгон шалгаруулж томилсон.
8. Л.Г-ийн урьд нь ажиллаж байсан ажлын байр зарлагдаж байгаагүй орон нутагт төрийн жинхэнэ албан тушаалд анх орох мэргэшлийн шалгалтанд орж байгаагүй. 2014 онд Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байгаад Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орсон гэж өөрөө хэлдэг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн нөөцөд бүртгэгдсэн тогтоол, шалгалтын хуудас зэрэг нотлох баримт байхгүй мөртлөө орон нутагт ажлын байр нь зарлагдаж шалгалт өгч тэнцсэн мэргэжилтнүүд тангараг өргөх үеэр хамт тангараг өргөж тангаргийн хуудсыг хууль бусаар авсан байдаг. Үүнийг хамт ажилладаг мэргэжилтнүүд нотолдог. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар тухайн орон нутагт орших төрийн захиргааны сул ажлын байранд нэр дэвших эрхтэй. Энэ журмын хүрээнд Л.Г нь Чингэлтэй дүүргийн хэмжээнд нөөцөөс нэр дэвших эрхтэй. Анхан шатны шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар төрлийн шалгалт өгсөн хэдэн оноо авсан бэ гэж асуухад би хэдэн оноо авснаа мэдэхгүй, араас чинь бичиг явуулан гэж хэлсэн гэж хэлдэг. Гэтэл тус хэлтэст Л.Г-ийн шалгалт өгсөн эсэх талаар ирсэн бичиг нотлох баримт байдаггүй. Энэ байдлыг анхан шатны 2 удаагийн шүүх хурал нотлохыг хүсээгүй хуурамчаар тангараг өргөсөн тангаргийн хуудсыг нотлох баримт болгосон нь хууль бус үйлдэл юм.
9. Сонсох ажиллагаа явуулаагүй гэж шүүх үзсэн. Сонсох ажиллагаа явуулсан Л.Г-т 2016 оны 10 дугаар сарын 19-нд орон тоо цөөрсөн, мэргэжил ур чадварын хувьд энэ албан тушаалд тэнцэхгүй гэдэг хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр 45 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 27.3-д заасан мэдэгдэлтэй утга ижил гэж ойлгож болно. Энэ 45 хоногийн хугацаанд Л.Г-тэй Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 27.4.3-д заасны дагуу 3-4 удаа биечлэн уулзаж санал бодол солилцож нөхцөл байдлыг ойлгуулж хэлж байсан. Энэ ажлыг хийхэд чиний мэргэжил таарахгүй, төрийн жинхэнэ албан тушаалтан биш гэж хамт ажиллаж байгаа хүмүүс нь ярьж байсан Л.Г -ийг хувийн хэрэгт байгаа баримтууд бүрдэл дутуу байна. Шалгалтанд орсон шалгалтын хуудас, нөөцөд бүртгэгдсэн нөөцийн жагсаалт, нөөцөөс нэр дэвшүүлсэн төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол зэргээ авч ирэх зэргийг зөвлөж тодруулахаар үүрэг чиглэл өгсөн ч биелүүлээгүй. Энэ байдлаар биечлэн уулзаж санал солилцож ажлын байрны талаар ярилцаж байсан нь сонсох ажиллагаа явуулж байсан нэг хэлбэр юм.
10. Дээрх нөхцөл байдлыг шинжлэн судалж төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.3-д заасан эрх хэмжээний хүрээнд Б/70 тоот тушаалыг гаргасан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хүчин зүйл, хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэхгүйгээр хууль зөрчиж нэг талыг барьсан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Л.Г-т тэтгэлэг олгох тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг үндэслэн Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн Л.Г т 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн байна.
12. Нэхэмжлэгч Л.Г нь “Миний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын нэр нь “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн” болж өөрчлөгдсөн...миний орон тоо цомхотголд ороогүй. Намайг жирэмсэн байхад Хөдөлмөрийн тухай хууль зөрчин, илт үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөн...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот “Тэтгэлэг олгох тухай” тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчаас “Л.Г нь ...Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот тушаал нь Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн тушаал биш, бүтцийн өөрчлөлтөөр байгууллага нь татан буугдаад ажлаас чөлөөлөгдсөн байсан тул тэтгэлэг олгох тухай тушаал болно” гэж тус тус маргажээ.
13. Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилтнуудыг чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/28 дугаар тушаал, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нягтлан бодогч М.Я-ын гаргасан “Л.Г-ийн 2016.07-аас 2016.10 сар хүртэлх хугацааны цалингийн тооцоо” зэргээс үзэхэд нэхэмжлэгч Л.Г нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар бүтэц, орон тоо нь батлагдсан Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үргэлжлүүлэн ажиллаж цалин хөлс авч байсан, энэ талаар талууд маргаагүй байна.
14. Нэхэмжлэгч Л.Г 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байранд ажиллаж байхдаа аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний дэлгэрэнгүй судалгааг гаргаж, нөхцөл байдлын үнэлгээ хийх, нэгтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт хөдөлгөөн хийх, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамрагдах орон нутгийн иргэдэд мэргэжлийн түвшинд эрхэлсэн ажилтай холбоотой төрийн бодлого шийдвэрийг сурталчлах, мэдээлэх, хэрэгжүүлэх, тайлагнах ажил үүргийг гүйцэтгэж байжээ. Шинээр өөрчлөн байгуулагдсан Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны зорилго нь өрхийн мэдээллийн сангийн баазад суурилсан мэдээллүүдийг цуглуулах, ангилах, шинжилгээ судалгаа хийх, үнэлэх, дүгнэлт гаргаж, үр дүнг тооцох, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрүүдэд зуучлан хэрэгжүүлж, үр нөлөөг тооцож ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэгтэй адил чиг үүргийг гүйцэтгэхээр байна.
15. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”-аар заасан атал Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга орон тоо, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд Л.Г-ийг томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
16. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулсан, хууль бус захиргааны акт гэж үзсэн нь буруу байна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул тус хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т нийцсэн байна.
17. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан, хэрэгт ОЮ....... регистрийн дугаар бүхий 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ч-ийн А-ын /эцэг Э.Ч, эх Л-ийн Г/ авагдсан байх тул ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болон мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байхад хуулийн дээрх зохицуулалтыг хариуцагч зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.
18. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0076 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН