Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

             Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: ******* сумын *******ны дарга *******т холбогдох тус сумын *******ноос 2016 оны 10 дугаар сарын 18-нд гаргасан нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан 06 дугаар тогтоолын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ******* намайг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад бүртгэж, нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргахыг даалгах болон тус сумын *******ны дарга, гишүүдэд хуулийн хариуцлага тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох орон нутгийн сонгуульд би ******* сумын 442 буюу Гэгээт багт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин өрсөлдсөн. 10 дугаар сарын 19-ний өдөр өглөө 6 цагт сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн. Би 7 цаг 10 минутад сонгуулийн байранд саналаа өгөхөөр орж ирсэн. Тухайн сонгуулийн байрны ахлах зохион байгуулагч Алтангэрэл гэдэг хүн таныг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан тоот манай сонгуулийн зохион байгуулагч надад ирсэн гэж хэлсэн. Энэ намайг хассан тогтоол нь хаана байна гэхэд тогтоол нь байхгүй манай дээр тогтоол нь ирээгүй тоот ирсэн гэсэн. Тогтоолыг нь би үзмээр байна гэхэд тогтоол нь байхгүй та сонгуулийн хорооноос аваарай гэсэн ингээд сонгууль явдгаараа явсан миний авсан саналыг сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10 дахь хэсэгт заасан зүйл заалтыг зөрчиж нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулсан гээд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой, аймгийн Засаг даргын захирамжтай, сумын иргэдийн төлөөлөгчөөс баталж өгсөн төлөвлөгөөтэй төлөвлөгөөт ажил байсан. Шүүхээс намайг гэм буруутайд тооцоогүй байхад гэм буруутайд тооцож Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн. Намайг хадлан зохион байгуулсан гэдэг үндэслэлээр хассан. Тухайн үед ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй байсан.   Сонгуулийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ гэсэн байгаа. Энэ хүмүүс энэ заалтаа зөрчөөд Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн энэ заалтаа зөрчөөд намайг хууль бусаар ямар ч эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт гаргаад миний эрхийг хязгаарласан. Захиргааны ерөнхий хууль 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд хэрэгжээд эхэлсэн байгаа. Ямар нэгэн захиргааны акт үйлдэхдээ урьдчилан мэдэгддэг тэр хүний оролцоог хангадаг. Анхан шатны мэдлэггүй ямар ч шаардлага хангаагүй эрх зүйн үйлчлэлгүй акт гаргасан. Энэ нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн захиргааны акт гаргах тохиолдолд тэдэнд урьдчилан мэдэгдэж оролцоог хангах гэсэн энэ зүйл заалтыг зөрчсөн. Энэ гаргасан захиргааны акт нь бол ямар нэгэн тогтоол шийдвэр гаргахдаа захиргааны акттай санал нийлэхгүй байгаа бол дараагийн шатны байгууллагад гомдол санал гаргах эрх нь Захиргааны ерөнхий хууль дээр тодорхой зааж өгсөн байдаг. Энэ тогтоолд дурьдаагүй эрх зүйн ямар ч үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт нь илт хууль бус болох гээд зүйл заалт байгаа. 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гээд тод заагаад өгсөн байхад ийм зүйлүүдээр миний эрхэнд халдсан юм. Монгол Ардын Нам бол намайг тогтоолоор хассаны дараа Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хадлан зохион байгуулан Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэсэн гомдол гаргасан. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх намайг төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан нь сонгуулийн ямар нэгэн зүйл байгаагүй гэдгийг давхар нотолж өгсөн байгаа. Гол тэнд миний төлөө саналаа өгсөн маш олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчгүй байгаа. Энэ төлөөлөлийг цааш нь хэрэгжүүлэх миний авсан саналыг баталгаажуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. Мөн хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. Сонгуулийн тухай хуульд заасан бүрэн эрхийг 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсгээр холбогдох байгууллагаар шийдвэрийг нь гаргуулж өгнө үү. Захиргааны ерөнхий хууль дээр нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхээр хуулинд заасан байгаа. Захиргааны хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт  Захиргааны байгууллага нь байнгын бус нэг удаагийн шинжтэй асуудлыг зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд түүнийг татан буугдсан тохиолдолд байгуулсан, татан буулгасан эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаварыг нь хариуцана гээд захиргааны хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Үүний дагуу хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй гэж байгаа. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг зөрчсөн бол төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаагаар орж ирэхгүй байхаар ажлаас халах үндэслэл болно гээд заасан байна. Тэр хүн сонгуулийн хороо татан буугдсан ч гэсэн төрийн алба хашаад явж байна. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь шүүхээс тогтоогдож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ гэж байгаа. Ийм зүйл байсаар байтал сонгуулийн хороо зөв шийдвэр гаргасан гэж байна. Монгол Улсад гэм буруутайг тогтоодог ганцхан байгууллага бол шүүх би тэгж ойлгодог. *******ны хууль бус үйлдэлд миний нэхэмжлэлд дурдсан Сонгуулийн тухай хуулийн заалтуудаар хариуцлага тооцож өгнө үү, миний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү, Захиргааны хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэжээ.       

             Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* сумын *******ны даргаар 2016 оны 02 дугаар сарын 15-аас томилогдон ажиллаж байна. Манай сонгуулийн хороо *******, Д.Лхагвасүрэн нарын явуулсан үйл ажиллагаатай холбогдуулан Монгол Ардын Намаас ирүүлсэн годлыг сонгуулийн хорооны хурлаар авч хэлэлцээд *******, Д.Лхагвасүрэн нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 159.2-ийг үндэслэн нэр дэвшигчийн жагсаалтаас хассан тогтоол гаргасан. Үүнийг шийдвэрлэхдээ 2016 оны 09 дүгээр сарын 06-нд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-ийг үндэслэн мэдэгдэл хүргүүлсэн боловч Баянтоорой тосгонд морины уралдаан хадлангийн ажиллагаа зохион байгуулж архидалт болсон гэсэн баримт нотолгоонуудыг үндэслэсэн гэжээ.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайваг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын ******* буруутай гэдэг нь эцэслэж тогтоогдоогүй байна. 2016 оны Улсын их хурлын болон, аймаг нийслэлийн сонгуулиар ийм зүйл гарсан нь шат шатны шүүхээр тогтоогдсон байгаа. 2016 оны сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороо сонгуулийн хуулийг хэрхэн яаж зөрчсөн нь 2016 оны сонгуулиар гарч ирсэн. Сумын сонгуулийн хороо буруу жишиг тогтоогоод байгаа асуудал байхгүй. Сумын сонгуулийн хороо хуулийн дагуу арга хэмжээ авсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ буруу жишиг гэдэг асуудал 2016 оны сонгуулиас улбаатай юм гэж хэлэх гэсэн юм.

              Иймд нэхэмжлэгч талын гаргаад байгаа гомдлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгуулийн хуулиар сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс хууль тогтоомж зөрчсөн асуудлыг холбогдох баримтыг цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Энэ хэргийн материалд ч гэсэн энэ зүйлтэй холбоотой баримт, зурган баримт хэргийн материалд авагдсан байгаа. ******* хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд энэ шийдвэрийг гаргасан гэж хэлмээр байгаа. Хэрэв сонгуулийн хорооны шийдвэр *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй бол холбогдох байгууллага, шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Цагдаагийн байгууллага мөн шалгасан байдаг. Цагдаагийн байгууллагын шалгасан байдлыг зохих шатны шүүхүүд шийдвэрлэсэн шийдвэрүүд байна. Шүүх энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх юм шүүхийн шийдвэрийг харая гэж бодож байна гэжээ.

               Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* Говь-Алтай аймгийн ******* сумын Гэгээн багийн харьяат 2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон.  

ҮНДЭСЛЭХ нь:

               Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн Говь-Алтай аймгийн ******* сумын *******ны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын Тогтохын Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад бүртгэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүсөн тогтоолыг холбогдох байгууллагаар нь гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* сумын *******ны дарга гишүүдэд хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

              Цээл сумын ******* 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 06 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалтыг үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох 2016 оны ээлжит сонгуульд ******* сумын Ардчилсан намаас Гэгээт багийн 442 дугаар хэсэгт нэр дэвшигч ******* нь Сонгуулийн тухай хууль зөрчиж нийтийг хамарсан баяр наадам, уралдаан зохион байгуулсан тул нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан байна.

              Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж зааснаар энэ хуульд заасан үндэслэл болох захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүгч шийдвэрлэхээр зохицуулсан байна.  

              Гэтэл Говь-Алтай аймгийн ******* сумын ******* тус сумын Гэгээт багийн 442 дугаар хэсэгт нэр дэвшигч *******ыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахдаа  Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-д заасныг зөрчсөн гэж үзсэн боловч энэ талаарх зөрчлийг тогтоосон шүүхийн шийтгэвэр гараагүй байхад хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасныг үндэслэн *******ыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан нь үндэслэлгүй байна.

               Учир нь: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор заасан, иймд *******ноос тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахдаа шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэвэрт үндэслэхээр байхад ******* сумын сонгуулийн хороо хуралдаж зөрчил гаргасан гэж үзэж шийдвэрлэсэн байгаа нь 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 05 дугаар сонгуулийн хорооны тэмдэглэл, 06 дугаар тогтоол, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.    

               Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өглөө 7 цаг 10 минутад сонгуулийн байранд санал өгөхөөр очиход ...нэрсийн жагсаалтаас хассан тогтоол гаргасаныг мэдсэн” гэсэн тайлбараас үзэхэд захиргааны үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмыг баримтлаагүй байна.

               Иймд ******* сумын *******ны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 06 дугаар тогтоолын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

                Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Монгол ардын намын хорооны дэд дарга В.Сүррагчаа ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд хадланд явах нэрээр төрийн албан хаагчдыг цулуулан хөдөө явж, зохион байгуулалттайгаар архидуулан, зарим хүмүүст бэлэг эд зүйл тараасан нь сонгогчдын саналыг татах зорилготой Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.1.4, 70.15.10, 70.5.15, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан гэж гомдол гаргасаныг Цагдаагийн байгууллага шалгаж, захиргааны зөрчлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дүгээр шүүгчийн захирамжаар гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргасаныг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 05 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

              Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтад бүртгэж, нэр дэвшигчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоолыг холбогдох байгууллагаар нь гаргахыг даалгах шаардлагын тухайд:

              Шүүхээс ******* сумын *******ны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар *******ыг сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэл хүчинтэй төдийгүй нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад бүртгэх нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэхээр байна.

              Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Гэгээт буюу 3 дугаар багаас ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох мандатын тоо 3 бөгөөд нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоогоор ******* 92 буюу 57,14 хувийн саналаар жагсаалтын 3 дугаарт байгаа нь Сонгуулийн Ерөнхий хорооны дэргэдэх мэдээллийн технологийн төвөөс ирүүлсэн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нийт нэр дэвшигчдийн санал авсан нэгдсэн дүн буюу санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнгээр нотлогдож байх тул Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11-д “шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлэх”, хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ” гэж зааснаар хариуцагч ******* сумын *******нд *******ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

              Сумын сонгуулийн хорооны дарга *******, нарийн бичгийн дарга Б.Дагиймаа болон гишүүд Р.Дүгэржав, Н.Туяа, Э.Цэцэгмаа, Д.Дэнсмаа, Л.Оюунзул нарт хариуцлага тооцуулах шаардлагын тухайд:

              Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллгааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол сэргээн тогтоох, захиргааны актыг хүчингүй болгох, хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг гаргуулах, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, илт бус болохыг тогтоох зэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ. *******ны дарга, гишүүдэд хариуцлага тооцох эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагын хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.        

               Хариуцагч болох Говь-Алтай аймгийн ******* сумын сонгуулийн хороог 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр Говь-Алтай аймгийн *******ны тогтоолоор татан буулгаж, аймгийн *******г 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 23 дугаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор татан буулгасан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хариуцагч болох сумын сонгуулийн хороог татан буулгаснаар хариуцлагаас зайлс хийх, үйл ажиллагаа нь дуусгавар болсон гэж үзэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж зааснаар сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд татан буулгасан этгээд буюу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна. Өөрөөр хэлбэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн сонгуулийн хороог байгуулах, аймгийн сонгуулийн хороо тухайн сумын сонгуулийн хороог байгуулж Сонгуулийн тухай хуульд заасан эрх, үүргийг нь хэрэгжүүлэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг урдирлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1.11, 159 дүгээр зүйлийн 159.2, 161 дүгээр зүйлийн 161.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын *******ны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг хариуцагч ******* сумын *******нд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар ******* сумын *******ны дарга *******, нарийн бичгийн дарга Б.Дагиймаа, гишүүд Р.Дүгэржав, Н.Туяа, Э.Цэцэгмаа, Д.Дэнсмаа, Л.Оюунзул нарт хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ******* сумын *******г татан буулгасан аймгийн *******, аймгийн *******г татан буулгасан Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эрх зүйн үр дагаврыг хариуцахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЗОЛБАДРАХ