Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 009

 

З.Маржангүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух Ители овогт Зулайн Маржангүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга С.Айгүл/-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч З.Маржангүл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн газрын даргын Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би "Мейрим" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Би уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба шүүхээс урд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож шийдвэр гарсан. Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/32 тушаалаар намайг ажилд эргүүлэн томилсон тушаал гаргасан боловч тамга тэмдгээ 12 хоногийн дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсан. Гэвч С.Айгүл дарга намайг ажлаа аваад нэг сар ч болоогүй байхад хууль зөрчиж, үндэслэлгүй хэдэн хүний хов живээр дахин ажлаас чөлөөлж, миний ашиг сонирхлыг хөндсөн тушаал гаргасанд маш их гомдолтой байна. Манай өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч, нягтлан бодогч хүртэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд оролцож хүн бүр өөрийгөө нөхөрлөлийн гишүүн болгож, шинээр хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн миний тухай асуудлыг хэлэлцэх үед намайг уг хуралдаанд оролцуулахгүйгээр өөрсдөө хурал хийж, хурлын тэмдэглэлийг үндэслэн тушаал гаргасан нь хууль бус юм. Би нөхөрлөлийн гишүүн бөгөөд Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу Өрхийн эрүүл мэндийн даргыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх үед заавал миний саналыг харгалзах ёстой. Миний бие 5 сартай жирэмсэн. Иймд Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дүгээр сарын 02-ний өдрийн Б/34 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Тус төвийн даргаар ажиллаж байсан З.Маржангүлийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тэрээр шүүхэд хандсанаар 3 шатны шүүхээр хянагдаж, З.Маржангүлийг ажилд нь эгүүлэн тогтоосон. З.Маржангүл нь ажлаа авсны дараа аливаа асуудлыг өөрөө дур мэдэн шийдэж хэд хэдэн хүнийг нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр ажлаас чөлөөлж, тэдний оронд өөрөө дур мэдэн хүмүүсийг ажилд авсан. Тухайлбал: Тус төвийн ахлах сувилагч Х.Күлдан нь хэдийгээр 55 насанд хүрсэн ч гэсэн өндөр насны тэтгэвэрт гаргах хүсэлт гаргаагүй, ээлжийн амралттай байхад өөрөө дур мэдэн ажлаас чөлөөлж түүний оронд А.Раяг ажилд томилсон. Жирэмсний болон амаржсаны амралт авсан тус төвийн их эмч Ө.Айшуахын оронд түр томилогдон ажиллаж байсан Н.Бахытханы хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, Ө.Айшуах ажилд эргэж орох хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж, түүний оронд М.Жаннурыг ажилд томилсон. Эмчийн магадалгаагаар чөлөөтэй байсан их эмч И.Айнагүлд ямар нэгэн шалгаж тогтоосон материалгүйгээр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр тушаалаар сарын цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ асуудлыг хамт олны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаар хурлаар авч хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж дураараа аашилсан З.Маржангүлийг өөрчилж, төвийн даргаар их эмч И.Айнагүлийг томилон ажиллуулах талаар Нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд санал оруулсан. "Мейрим" ББНөхөрлөлийн бүх гишүүдийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4 дүгээр хурлаар авч хэлэлцээд З.Маржангүлийг өөрчилж, төвийн даргаар их эмч И.Айнагүлийг томилон ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар З.Маржангүлийг ажлаас чөлөөлж И.Айнагүлийг томилох шийдвэр гаргасан. З.Маржангүл хэдийгээр даргын ажлаас чөлөөлөгдсөн ч гэсэн ажилгүй болоогүй. "Мейрим" өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар тушаалаар их эмчээр томилон ажиллуулж байна. Түүний гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Маржангүлийн Эрүүл мэндийн газрын даргын Б/34 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нөхөрлөлийн гишүүдийн хуралд би оролцоогүй, энэ талаар надад хэн ч мэдэгдээгүй, санал нийлсэн хэдэн хүн хуралдаж, намайг хуралдаанд суусан мэтээр хуралдааны тэмдэглэл бичсэн. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өглөө манай ажилтнууд хоорондоо маргалдсан учраас би цагдаа дуудсан. Цагдаа манай эмнэлэгт өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд миний асуудлыг хэлэлцэх үндэслэлгүй. Би шүүхэд цагдаагийн дуудлагын тэмдэглэлийг татаж авахуулах хүсэлт гаргасан боловч шүүх миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хуурамч нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн тамгыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гардуулж өгсөн байхад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хурал хийж тамга дарсан байх боломжгүй юм. Нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд зөвхөн их эмч нар ордог болохоос шинээр орсон эмч, нягтлан бодогч, сувилагч, үйлчлэгч, манаач ордоггүй. Намайг ажилд томилсон өмнөх шүүхийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа. Шүүх нэг асуудалд яагаад хоёр өөр шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Би ажилгүй байсан хугацааны цалингаа аймгийн Эрүүл мэндийн төвөөс шаардахад С.Айгүл дарга надад энэ асуудал ямар ч хамааралгүй гэж тайлбарлаж, нотлох баримт гаргаж өгч байсан. Энэ баримтыг шүүхээс гаргуулах хүсэлт гаргахад шүүх хэрэгсэхгүй болгосон. Х.Күлдан, Н.Бахытхан нарыг ажлаас чөлөөлж, сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна гэж хариуцагч талын тайлбарыг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний гаргасан тушаал үндэслэлгүй байсан бол Х.Күлдан, Н.Бахытхан нар өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд Нөхөрлөлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй учраас З.Маржангүлийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргааныг шийдвэрлэх боломжтой байх тул дараах үндэслэлээр З.Маржангүлийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоолоор баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм-ийн 2.5, 2.6, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт-ын 5.2.3, 5.2.5 дахь заалт, Мейрим ББН-ийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн З.Маржангүлийг Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлснийг гомдол гаргагч эс зөвшөөрч шүүхэд ханджээ.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.-т зааснаар өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна. Мейрим өрхийн эрүүл мэндийн төв нь эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагааг хамтран эрхлэхээр бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр А.Бек, Н.Бахытхан, Б.Гүлзада, А.Жанаргүл, Д.Алмагүл, К.Ардах нарын 6 гишүүнтэй байгуулагдсан нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн лавлагаа, улсын бүртгэлийн 220001006 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогджээ.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.-д зааснаар өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтыг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулах ба Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэмд өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх асуудлыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар, олонхийн саналаар шийдвэрлэхээр заажээ. Иймд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байхад Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.Маржангүлийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

 

Хариуцагчийн З.Маржангүлийг ажлаас чөлөөлөх тухай нөхөрлөлийн бүх гишүүдийн шийдвэр гарсан тул түүнийг ажлаас чөлөөлж тушаал гаргасан, З.Маржангүл нь анх тус газрын даргын тушаалаар ажилд томилогдсон, ...аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх өрхийн эмнэлгийн даргыг тус газрын даргын тушаалаар томилж, чөлөөлдөг гэсэн тайлбар нь хууль тогтоомжид үндэслэгдээгүй ба нөхөрлөлийн бүх гишүүдийн шийдвэрийг үндэслэн өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрх аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хуулиар олгогдоогүй.

 

Иймээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, түүнийг ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, З.Маржангүлийг Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ители овогт Зулайн Маржангүлийг Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч З.Маржангүл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч З.Маржангүлийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

С.ӨМИРБЕК